Лхагва 2019-01-02 Дархан
Гэрлээ асаая   2019-08-26

БИ ТАНЫГ ГЭРЭЛТЭЙ БОЛГОЖ ӨГЛӨӨ

      Хаалгаа онгойлгоод сурсан зангаараа гараа тэмтчин унтраалга дарахад гэрэл ассангүй. Хөргөгчнөөс зам татуулан, шалан дээр тунарсан ус, тог тасраад удсаныг илтгэх аж. Хэн нэгэн рүү залгаж, дуудлага өгөх гэсэн боловч түүрүүнээс хойш “амь тасрах”-аа мэдэгдэн ёнгинож байсан гар утас маань сүүлчийн амьсгалаа авах шиг үргэлжилсэн дохио өгөөд нам унтарлаа. Харанхуйд саран авхай л цонхоор даажигнан мэлтийнэ.

“Дарханы цахилгаанчин Батболд” гэсэн бичигтэй олон халааст “уймраа” улаан хантааз эгэлдэргэлж, толгойдоо жижиг гэрэл углан, гартаа халив /отвёрк/ барьсан 30 орчим энэ залууг Алтандэлгэрийн Батболд гэнэ

     Гэрэл, цахилгаангүй байх ямар хэцүү билээ. Халуун хоол ундгүй, зурагт утас ажиллахгүй. Ямар ч мэдээлэл байхгүй. Хав харанхуй. Ийм амьдрал удаан үргэлжилбэл хүмүүс яах бол?

      Дуудлагаар ирсэн цахилгаанчин, цахилгааны утсыг шалгаж, засварлах зуураа “Бага хүчдэл хүлээж авдаг залгуурт хэт олон зүйл залгаснаас шит унасан байна. Энэ их аюултай. Ханын цаана байгаа утас хайлах, зарим тохиолдолд ил харагдах хэсэгтээ гал авалцаж болзошгүй” хэмээв. Тун удалгүй гэрэл мэлтэсхийн асч, хөргөгч хүнгэнэн дуугарч, зурагт ажиллаж эхэллээ. Гэрэл цахилгаан гэгч нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй атлаа амьдралыг аз жаргалтай, өнгө гэгээтэй болгодог гайхалтай эд ажээ. Харин түүнийг эзэмших хүч цахилгаанчин мэргэжилтэй энэ залууд байв.

      “Дарханы цахилгаанчин Батболд” гэсэн бичигтэй олон халааст “уймраа” улаан хантааз эгэлдэргэлж, толгойдоо жижиг гэрэл углан, гартаа халив /отвёрк/ барьсан 30 орчим энэ залууг Алтандэлгэрийн Батболд гэнэ. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Номгоны САА-д төрж өссөн. Сурагч байхад нь түүний ах, эгч хоёр нийслэлд дээд сургуульд сурдаг байв. Ээж нь төрийн байгууллагад ажиллана. Харин аав нь жижигхэн засварын газартай. Нутгийнхандаа “Алтан гарт” хэмээн хүндлэгдсэн аавынх нь засварын газар хүнээр тасрахгүй. Гэвч ах эгч хоёрынх нь сургалтын төлбөр, Улаанбаатарт амьдрах бусад зардлыг олох аав, ээж хоёрынх нь хувьд хүндхэн даваа байгааг Батболд өдөр бүр хардаг байлаа.

      2002 оны хавар тэрбээр есдүгээр ангиа төгсчээ. Жил бүрийн хавар Монгол орны өнцөг булан бүрт А.Батболдын үе тэнгийн 90 гаруй мянган сурагчдын өмнө “цаашид яах вэ?” гэдэг хариуцлагатай үе тулгардаг. Есдүгээр анги төгсөгчдийн 80 гаруй хувь нь үргэлжлүүлэн 10 дугаар ангидаа элсч, цөөн хэд нь ерөнхий эрдэмд суралцангаа мэргэжлийн боловсрол эзэмших сонголтыг хийдэг байна.

      Хүмүүс МСҮТ /Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв/-д элсэгчдийг сурлага муу учраас орсон гэж бодох нь бий. Харин Батболд хичээлдээ сайн байлаа. Ангидаа сурлагаараа тэргүүлж, онц дүнтэй төгссөн түүнийг багш нар нь 10 дугаар ангидаа орно гэж бодож байв. Гэвч А.Батболд МСҮТ-д цахилгаанчин мэргэжлээр суралцахаар шийдсэн ажээ.

Жил бүрийн хавар Монгол орны өнцөг булан бүрт А.Батболдын үе тэнгийн 90 гаруй мянган сурагчдын өмнө “цаашид яах вэ?” гэдэг хариуцлагатай үе тулгардаг

     МСҮТ төлбөргүй сургахын зэрэгцээ байр, хоолоор хангана. Иймээс өөр зүйлд огт  санаа зовохгүйгээр зөвхөн хичээлдээ анхаарч байв. Сургууль түүнд онолын мэдлэг олгохын зэрэгцээ сурснаа хийж үзэх, турших боломжийг олгох аж. Тэрбээр “Бид хичээлийн үеэр олон янзын туршилт хийдэг. Хэрэв зөв хийвэл багшийн самбар дээр ногоон, буруу бол улаан гэрэл асна. Энэ нь чи тогонд цохиулчихлаа гэсэн үг. Тиймээс ногоон гэрлийн төлөө л хичээдэг байлаа” хэмээн дурссан.

      Ийнхүү МСҮТ-ийн 2.5 жил харавсан сум шиг өнгөрч, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бас цахилгаанчны мэргэжилтэй сургуулиа төгсчээ. Амжилттай сайн суралцсаны учир ШУТИС-д шууд элсэх эрх ч олгов. Гэвч дахин суралцахаасаа илүү мэдсэн сурснаа амьдралдаа ашиглаж, ид шидийг нь үзэхсэн гэх хүсэл түүнийг илүүтэй татаж байлаа.

     Хавар болж барилгын ажил эхлэхэд А.Батболд Улаанбаатарыг зорьж нэгэн барилгын компанид цахилгаанчнаар оржээ. Гэтэл цахилгааны монтаж угсралтыг сургуульд зааснаас арай л өөр хийгээд байв. Гурван утас явах ёстой атал ердөө хоёр утас гүйлгэж, газардуулгын нэг утсыг тэрүүхэнд нь ороогоод үлдээнэ. Харахад гурван утас. Үнэн хэрэгтээ хоёр утастай. Энэ мэт хүний нүд хуурсан юм хийж байгаад нь дургүйцэж хэд хэдэн удаа удирдлагадаа хэлсэн боловч дөнгөж сургууль төгссөн хүүгийн үгийг хэн ч тоож сонссонгүй. Ийм муухай юм хийхгүй хэмээн шийдэж ажлаа орхижээ. Хэсэг хугацааны дараа тэрбээр гэр ахуйн цахилгаан засварын чиглэлээр дагнан ажиллахаар шийдэв. Учир нь ихэнх СӨХ-үүд орон тооны цахилгаанчингүй байдгаас асуудал тулгарсан үед айлууд хаана хандахаа мэдэхгүй, эрэл сурал болдгийг анзаарсан байна. Мөн мэргэжлийн бус хүмүүсийн хийсэн буруу холболт, техникийн гэмтэл, ашиглалтын буруу үйлдэл зэргээс үүдэн ахуйн осол ихээр гарах болж, энэ нь галын шалтгааны нэгдүгээрт ч бичигдсээр байгааг өвгөн багш нь сануулж байжээ.

Хүмүүс МСҮТ /Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв/-д элсэгчдийг сурлага муу учраас орсон гэж бодох нь бий. Харин Батболд хичээлдээ сайн байлаа. Ангидаа сурлагаараа тэргүүлж, онц дүнтэй төгссөн

     А.Батболдыг МСҮТ-д угтан авч, цахилгаанчны мэргэжлийн “А” үсгийг заасан хүн бол түүний багш Б.Даваа. 70 насыг хэдийн зооглосон өвгөн багш өдгөө тэтгэвэртээ суусан хэдий ч хашаа гудам, багийнхаа айлуудаар явж цахилгааны монтаж, угсралтыг нь шалган зөвлөж, аюулгүй байдалд сайн дураараа анхаардаг гэнэ. Б.Даваа багштай хожим уулзаж ярилцахад “Манай МСҮТ чанаргүй бүтээгдэхүүнтэй байж огт болохгүй. Хамгийн чухал, хамгийн хариуцлагатай мэргэжлийнхэн эндээс гардаг. Одоо мэдье, суръяа гэсэн хүүхдүүд л ирдэг болсон. Харин эцэг эхчүүд маань хүүхдүүдээ ойлгож, сонирхлыг нь дэмжих хэрэгтэй” хэмээн хуучилж байв.

     А.Батболдын бас нэг хүндлэн хайрладаг хүн ангийн багш С.Амгалан. Тэрбээр Дархан-Уул аймгийн МСҮТ-д цахилгааны багшаар 16 дахь жилдээ ажиллаж байна. “Манай төгсөгчдийн 70 гаруй хувь нь төгсөөд шууд ажлын байранд очдог болсон. Учир нь бүх сургалт, дадлагад суурилдаг. Ажлын байран дахь дадлагыг гэрээт багууллагуудад хийж байна. Иймээс өөрийн байгууллагын ажлын талбарт дадлагажсан хүүхдийг төгсөхөд, тухайн газар ажилд авах дуртай байдаг. Цахилгаанчин гэдэг ухааны ур, гарын ур, сэтгэлийн ураар гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй, амтлагдахгүй зүйлийг оношилж, багажтайгаа харьцан засч, хүмүүст гэрэл гэгээ түгээдэг гайхалтай мэргэжил. Энэ сайхан мэргэжлийг олон хүнд өвлүүлээд тэдгээр нь цааш дараагийн хүнийг сурган, дадлагажуулж байгаа нь сайхан” хэмээн С.Амгалан багш өгүүлж байлаа.

     Тог цахилгаан гэгч хүмүүсийн амьдралыг сайхан болгохын зэрэгцээ зовлон шаналал ч учруулж мэднэ. Зөвхөн 2018 оны эхний арван сарын байдлаар улсын хэмжээнд 3040 объектын гал түймэр гарсны 583 буюу 19.2 хувь нь цахилгааны ямар нэгэн асуудлаас үүджээ. 2012 онд мэргэжлийн бус хүмүүсийн хийсэн цахилгааны холболтын улмаас бүхэл бүтэн орон сууц шатаж, оршин суугчид нь орох оронгүй болж байсан тохиолдол ч бий. Энэ мэт эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирсон жишээ олныг дурьдаж болох юм.

Мэргэжлийн цахилгаанчид хэзээ ч хүнд нүд хуурсан муу юм хийхгүй. Учир нь түүнээс үүдэн ямар аюул осол учирч болохыг сайн мэднэ

     А.Батболд “Мэргэжлийн цахилгаанчид хэзээ ч хүнд нүд хуурсан муу юм хийхгүй. Учир нь түүнээс үүдэн ямар аюул осол учирч болохыг сайн мэднэ. Багш нар маань бидэнд зөвхөн онолын мэдлэг, мэргэжлийн боловсролыг олгохын зэрэгцээ ажилдаа дурлаж, сэтгэлээсээ хандах, эмх цэгцтэй аюулгүй ажиллах гээд олон зүйлд сургаж, төлөвшүүлдэг. Тиймээс ч би болоод надтай адил бусад төгсөгчид бүгд л багшаасаа хамтран ажиллах дүү нараа авч, дадлагажуулж ажиллах дуртай” хэмээн ярив. Тэрбээр дараагийн айлд очихоор багажаа эмхэлж эхэллээ. Утас нь тасралтгүй дуугарах агаад тэр бүрд хариу өгч, цаг тохирон, бичиж тэмдэглэх нь түүний ажил мундахгүй их байдгийг илтгэнэ.

     Гарахаас нь өмнө амжиж “Дарханы цахилгаанчин Батболд”-оос “Чиний ажлаасаа авдаг хамгийн сайхан мэдрэмж юу вэ?” хэмээн асуухад, тэрбээр инээмсэглэн “Би таныг гэрэлтэй болгож өглөө. Та надад талархаж, мөнгө өгөхдөө баяртай байна. Хав харанхуйд байж байгаад гэрэл асахад хүмүүс ямар их баярладаг билээ. Дуу алдаад л, дахин дахин асааж, унтрааж үзээд л, баярласандаа нүд нь гэрэлтдэг. Үүнийг харах сайхан. Бас энэ мэдрэмжийг би өдөр бүр авдаг. Тийм ч учраас, ямар азаар би энэ мэргэжлийг сурч, эзэмшээ вэ гэж дандаа боддог” хэмээн хэлээд гарч одлоо.  

431   0
НИЙТЭЛСЭН: Б.Оюунчимэг

Санал болгох