Лхагва 2019-01-02 Дархан
Хүний түүх   2019-04-02

ЭГШИГТ ДУРЛАСАН "ЧИМЭЭ"

 

Урлагт дуртай Монголчуудаа, тэр дундаа авъяаслаг, адтай Дарханчуудаа баярлуулж, бахархал, омогшлыг нь халгиан, нэгэн хэсэгтээ л цэнхэр дэлгэцийн өмнө уяж, догдлуулж байсан, дэлхийд данстай “Авъяаслаг Монголчууд-1” шоу нэвтрүүлгийн ялагч “Эгшиглэнт чимээ” хамтлагийг үүсгэн байгуулагч, МУГБ С.Жамъяанхоролоог уншигч та бүхэнтэй уулзуулахаар “Оюуны Ирээдүй” цогцолбор сургуулийг зорилоо.

Тус сургуулийн өгсөх шат дагуух хананд наасан бяцхан цаасан дээр “Аз жаргалтай сургуулийн азтай сурагч та тавтай морил !  хэмээн бичсэн нь жинтэй утгыг илэрхийлж байх шиг. Яг л энэ хуудас цаас мэт “жижигхэн” биетэй ч, “жинтэй” амьдрал, амжилтын жишээ нь Жамъяа багш юм байна гэх бодол төрж байсныг нуух юун...

АМЖИЛТ БҮТЭЭЛ, ХИЙСЭН БҮТЭЭСНЭЭРЭЭ БАХАРХАН СУУГАА ЭНЭ ЦАГ ҮЕД ТАНЬ, ТАНЬТАЙ УУЛЗАЖ СЭТГЭЛИЙН ҮГСИЙГ НЬ СОНСОХ ЗАВШААН ТОХИОЖ БАЙГААД БИД ИХ БАЯРТАЙ БАЙНА...

- Түмэн олон Дарханчуудтайгаа хэвлэлийн хуудсаар дамжуулан уулзан, учрах завшаан тохиож буйд би ч мөн таатай, баяртай байна.

ТА ЗАВХАН НУТГИЙН ХҮН ГЭДЭГ. ЯМАРХАН УЧРАЛ ТОХИОЛООР ДАРХАН НУТАГТАЙ АЖИЛ, АМЬДРАЛАА ХОЛБОО ВЭ?

- За, тиймээ. Би Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул. Тосонцэнгэл хотод төрж өссөн. Амьдрал ахуйн эрхээр, үр хүүхдүүд өсч, оюутан болж, тэднийгээ даган энэ сайхан нутагтай, Дархан хоттой ажил амьдралаа холбосон доо. Хоёр хүү, хоёр охинтой. Хүүхдүүд маань одоо өөрсдийн амьдралаа зохиож, мэргэжил эзэмшин, Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна. Хөгшин бид хоёр л эндээ. Том хүү цахилгааны инженер мэргэжилтэй. Том охин “Эгшиглэнт чимээ” хамтлагийн ууган гишүүн. Одоо СУИС-д төгөлдөр хуурийн багшаар ажиллаж байгаа. Бага охин Японд, бага хүү СУИС-д хөгжмийн зохиолч, найруулагчаар суралцаж байна. Аль аль нь энэ хамтлагийн гишүүд. Хоёр ач, хоёр зээтэй. Хүргэн хүү хөгжмийн багш, эхнэр математикийн багш. Ингээд дөрвөн багштай гэр бүл дээ. Цаашид бас олон багштай болохыг үгүйсгэхгүй /инээв/.

ТА БАГЫН ДУУ ХӨГЖИМД АВЪЯАСТАЙ, УРЛАГИЙН СОНИРХОЛТОЙ ХҮҮХЭД БАЙВ УУ?

- Би урлагийн мэргэжлийг албан ёсоор нэлээн хойно эзэмшсэн. Бага байхын л дуу хуурт дуртай, хаана хүмүүс дуулж байна, тэнд гүйж явдаг. Хаалга үүдээр нь шагайгаад л, дагаж дуулаад л явдаг байлаа. 1960-аад онд хөгжим их ховор. Мандолин, баян хуур хөгжмөөр л багш нар тоглодог байв. Тэрийг нь сурчих гээд л, гартаа барьж үзэхсэн, дарж тоглох завшаан тохиолдоосой гээд булталзаж байдаг хүүхэд байж дээ.

 АНХ ЯМАР ХӨГЖМӨӨР ТОГЛОЖ СУРСАН БЭ?

- Гармон гээд баян хуурыг бодвол арай жижгэвтэр хөгжим. Хүнээр заалгах их хүсэлтэй байсан ч, ихэвчлэн өөрөө л нухаж суудаг байлаа. Оролдсоор байгаад янз бүрээр дуугаргаж, хөгжимдөж сурсан. Сайн дурын уран сайханч, тайзны эрхлэгч зэрэг ажлуудыг хийж яваад бүр 30 хүрээд багшийн сургуульд явж, жинхэнэ номыг нь үзсэн. Ер нь урлагт хайртай сэтгэлээрээ л түмэн олон дундаасаа сурч байж дээ.

test

Багш маань “дуутай хонх” гэдэг зүйлээр тоглодог, түүнийг нь би гайхан сонирхдог байв. Тэгээд Улаанбаатар буцахаар болоход нь би өвлөн авч үлдсэн юм. Үүнээс л хамаг юм эхэлсэн дээ.

“ЭГШИГЛЭНТ ЧИМЭЭ” ХАМТЛАГИЙНХАА ӨРГӨӨНД ТА БАГШИЙНХАА ЗУРГИЙГ ӨРГӨМЖЛӨН ЗАЛСАН ХАРАГДЛАА...

- Тийм ээ. Багш минь надад эгшиг аялгуу хаана ч байдаг. Энгийн нэгэн чимээ гэж байдаггүй гэдгийг ойлгуулсан эрхэм хүн. Монгол циркийг үндэслэгч Л.Нацаг гэж энэ агуу хүн Завхан аймгийн Тосонцэнгэл хотноо анхны ардын циркийг байгуулахаар ирэхэд би түүний шавь болох завшаан тохиосон юм. Багш маань “дуутай хонх” гэдэг зүйлээр тоглодог, түүнийг нь би гайхан сонирхдог байв. Тэгээд Улаанбаатар буцахаар болоход нь би өвлөн авч үлдсэн юм. Үүнээс л хамаг юм эхэлсэн дээ. /Инээмсэглэв/

ЭНЭ ХЭДЭН ОНЫ ҮЕ ВЭ? ТА ХЭДЭН НАСТАЙ БАЙВ?

- 1980 аад он. Дөнгөж 20 гарч явсан үе. Нэг хэсэг бүр өвчилчихсөн байсан. Юм болгоныг дуугаргаж үзээд л. Энэ дуугардаг болов уу, яаж дуугардаг бол? гээд л. Айлд ороод цай хийгээд өгөхөөр аягыг нь тогшиж үзнэ. Дүүрэн байхад няслахаар нэг өөр, дуусахаараа бас өөр дуугарна. Сонин содон зүйлс харахаараа ямар дуутай бол гээд л, яаж ийгээд цохиод, няслаад үзчих гэж хичээнэ. Гудамжинд явж байгаад содон архины шил таарвал өшиглөчихнө. Өнөөх нь өнхөрч байгаад хаа нэгтээ очоод “дон” гэнэ. Тэгэхээр нь “Аан, ийм өнгөтэй юм байна” гээд сэмээрхэн очиж авна. Тогоо шанага хангир жингэр хийлгэж, хүмүүсийн дургүйг их хүргэдэг байсан даа. /Инээв/

“ЭГШИГЛЭНТ ЧИМЭЭ” ХАМТЛАГ АНХ ХЭЗЭЭ БАЙГУУЛАГДСАН ЮМ БЭ?

- Хамтлаг 1989 онд яг энэ нэрээрээ Завхан аймгийн Тосонцэнгэл хотод байгуулагдсан юм. 1995-2000 онд Эрдэнэт хотод, 2001 оноос хойш Дархан хотод хичээллэж байна. Хамтлагийн шавь нар маань одоо 200 гарсан. Өдгөө хамгийн олон буюу дөчөөд хүүхэдтэй хичээллэж байна даа.

Бид чинь олуулаа болохоор нэг явахдаа л дунджаар 900.000-1.000.000 төгрөг зарцуулна. Харин шат ахих бүр хүмүүсийн дэмжлэг нэмэгдэж, олон байгууллага, хамт олон, хувь хүмүүс, бизнес эрхлэгчдээс хандив, тусламж ирж байсан. Тэр олон хүний итгэл, сэтгэл, дэмжлэгээр бид цааш ахиж байсан юм

“АВЪЯАСЛАГ МОНГОЛЧУУД” ШОУ НЭВТРҮҮЛЭГТ ХЭРХЭН ОРОЛЦОХ БОЛОВ? ТАНЫ САНАА БАЙСАН УУ?

- Японд суралцдаг охиныхоо төгсөлтийн баярын үйл ажиллагаанд хөгшинтэйгөө хоёулаа оролцоод ирэхэд, дугуйлангийн сурагчдын эцэг эхчүүд маань бүртгүүлчихсэн байсан. Тэгээд “Багшаа бид дур мэдээд бүртгүүлчихлээ. Та ганцаараа орсон ч болно шүү” гэв. Юу боллоо гэж 30-40 үүлээ байж, би ганцаараа орохов. Тэгээд бүх хүүхдүүдтэйгээ оролцохоор шийдсэн. Нэгдүгээр шатны шалгаруулалт Дарханд боллоо. Шалгаж байсан газрын зай маш бага. Дөчөөд хүүхэд хөгжим хэрэгсэлтэйгээ багтахгүй байв. Тиймээс телевизийнхнийг сургалтын танхимд урьж тоглолтоо үзүүлэв. Тэнцчихлээ. Дараагийн шалгаруулалт Улаанбаатарт. Хоёрдугаар шатны шалгаруулалтанд хүүхдүүдтэйгээ явахдаа энэ удаад очоод, дахиад явахгүй байх л гэж бодож байв. Гэтэл тэнцээд ирсэн. Дахиад долоодугаар сард Тэрэлжид очих болохдоо бас л “Энэ хүрлээ, одоо боллоо доо” гэж бодож байв. Гэвч дахиад дөрөвдүгээр шатанд очих боллоо. Гурав, дөрөвдүгээр шат хамгийн хүнд байсан. Учир нь цаг хугацааны хувьд тун ойрхон, бэлтгэл хийх хугацаа богино, бас хувцас хэрэглэл, санхүү мөнгө гээд хүндрэлтэй зүйлс их. Нийтдээ бид Улаанбаатарлуу 5-6 удаа явсан байдаг. Явах бүрдээ эцэг эхчүүдээсээ л санхүүгээ босгоно. Тэдэнд маань их хүнд тусч байсан. Бид чинь олуулаа болохоор нэг явахдаа л дунджаар 900.000-1.000.000 төгрөг зарцуулна. Харин шат ахих бүр хүмүүсийн дэмжлэг нэмэгдэж, олон байгууллага, хамт олон, хувь хүмүүс, бизнес эрхлэгчдээс хандив, тусламж ирж байсан. Тэр олон хүний итгэл, сэтгэл, дэмжлэгээр бид цааш ахиж байсан юм. Тэгэх тусам энэ олон түмэн дэмжээд байхад бид “Уначихаад ирлээ...” гэхгүй юмсан л хэмээн бодогдож байсан даа.

 

СҮҮЛЧИЙН ШАЛГАРУУЛАЛТЫН ӨДӨР ДАРХАНЧУУД БҮГД СЭТГЭЛ ДОГДЛОН АМЬСГАА ДАРАН ХҮЛЭЭЖ, ДҮН ХЭЛЭХ ТЭР АГШИНД БҮГД ӨӨРСДӨӨ ТҮРҮҮЛСЭН МЭТ БИЕ БИЕДЭЭ БАЯР ХҮРГЭН, ТАНИАР, ТАНЫ ШАВЬ НАРААР БАХАРХАН ОГШИЖ БАЙСАН...

- Тайзан дээрээс “Би энд байгаа бүх оролцогчоос илүү. Яагаад гэвэл, би маргаашийг гэгээнээр харж, нөгөөдрийг гэрэлтэйгээр төсөөлдөг, хиргүй тунгалаг, цэвэр ариун 35 энергийн дунд байгаа” хэмээн хэлсэн. Үнэхээр хүүхдийн ариун энерги дунд байснаараа би бардам, итгэлтэй байсан.

ЯГ ТЭР ҮЕД, ТАЙЗАН ДЭЭР БАЙХАД ТАНЬД ЮУ БОДОГДОЖ БАЙСАН БЭ?

- Би 60 дөхөж, таван 10, нэгэн 9-ыг насалсан хүн. Амьдралын энэ хугацаанд их л олон баярламаар, бахархмаар үйл явдлуудтай учирч л явсан байлгүй. Гэхдээ энэ 2015 оны сүүлийн өдрүүд шиг Монгол орон даяараа ард түмэн дэмжиж, урам хайрласан, гадаад дотоодгүй холбоо харилцааны бүхий л сувгуудаар хамгийн сайхан үгс бүрийг сонсч, үлгэрийн орны шилтгээн мэт тэр сайхан тайзнаа гарч, тэр их хүндэтгэлийг хүлээн, хөг аялгуу, хөгжмийн эгшиг дунд, хүүхдүүдийн баяр жаргалын нулимс бүхэн холилдсон, үзэгч олон түмний халуун алганд хөвсөн ийм тэгш, бүх юмс дүүрсэн мэт өндөр баяр баясгаланг амсч байсангүй. Хаана я явсан биднийг хүндэтгэн, хамт зургаа татуулж, манайхаар үйлчлүүлсэн нь нэр төрийн хэрэг хэмээн хоолны мөнгөө авахгүй, зарим нэг хүн өмнөөс маань тооцоог хийх, автобусанд суухад хүртэл бүгд хүндэтгэн баяр хүргээд л, хаана ч явсан халуун дотноор хандаж байсан нь үнэхээрийн сайхан. Энэ үед, би чинь хэдэн мод төмөр цуглуулж явсан хүн. Ийм их хүндэтгэлийг хүлээх юу хийлээ дээ гэж бодож, эргэцүүлж явлаа. “Аливаа зүйлд муу юм, муухай юм гэж байдаггүй юм байна. Гагцхүү түүнийгээ олны сэтгэлд хүрэхээр тэгш сайхан хийхэд л болдог. Хөл доор чинь санаатай болон санамсаргүйгээр байгаа зүйлсийг анзаарч, мөн чанарыг нь олж, зорьж, ажиллаж чадвал нэг л өдөр үр дүнг нь үздэг юм байна” хэмээн бодож байлаа.

ТАНЫ СЭТГЭЛЭЭС ГАРЧ БУЙ ЭНЭ САЙХАН ҮГС, ХИЙСЭН БҮТЭЭСЭН БҮХЭН ТАНЬ ЗАЛУУСТ ҮЛГЭР ДУУРАЙЛ, УРАГШЛАХ ХҮЧ БОЛОХ БАЙХ. АХМАДААС ҮГ СОНС ГЭДЭГ ...

- Үнэхээр сургаал хэлэх насанд хүрчээ. Хэн нэгэн ирж туслахыг, боломж олгохыг хүлээлгүй, дуртай зүйлрүүгээ ханцуй шамлан ор. Юу ч чаддаггүй хүн гэж байдаггүй. Өөрийн чаддаг, хийх дуртай зүйлээ төгс хийж сурахын төлөө зүтгэвэл болохгүй юм байхгүй. Шууд өөрийн гараар аливааг эхлүүл. Мөнгө бодож эхэлсэн ажил яваандаа мухардана. Харин зүрх сэтгэлээсээ урган гарсан тэр мөрөөдлийнхөө төлөө ажилла. Энэ чамайг хүссэн бүхэнд чинь хүргэнэ.

Шагналыг зүгээр нэг өгдөггүй. Аливаа шагнал том ч бай, жижиг ч бай ардаа хэр хэмжээ, хариуцлага, үүрэг даалгавартай байдаг. Та одоо юу хийх гэж байна, маргааш юу хийх вэ гэсэн хүлээлт надаас байгаа. Хөг аялгуу, хөгжим юугаа эгшиглүүлж, олон хүүхдийнхээ зүрх сэтгэлээс ундран гарсан аялгууг сонсгочих юмсан гэсэн бодол байна.

ЭЦЭСТ НЬ ОЛОН УНШИГЧ ЭНЭ АСУУЛТЫГ АСУУГААСАЙ ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛОВ УУ. НУУЦ БИШ БОЛ ТА ШАГНАЛЫН 100.000.000 ТӨГРӨГӨӨ ЮУНД ЗАРЦУУЛСАН БЭ?

- Тэгэх байх. Олон ч хүн сонирхдог. Бас сайн, муу олон яриа байдаг. Тэр бүхнийг сонсоод эхэндээ их л эмзэглэдэг байлаа. “Хүүхдүүддээ зайрмагны мөнгө л өгсөн гэнэ билээ. Эцэг эхчүүд нь мөнгөө булууцалдаад зодолдсон гэнэ” гэх мэтээр ярьж байна гэсэн. Дан цагаан яриа гэж юу байхав. Зарим нэг хар яриа байх нь зүйн хэрэг ч биз. Багш нь шагналаа аваад бүх хүүхдүүд, эцэг эхчүүдээ цуглуулаад хүүхэд бүрийнхээ нэр дээр данс нээлгэж, тус бүр нэг сая төгрөгийн хадгаламжтай болгосон. Ингээд 35 саятанг төрүүлсэн. Хүүхдүүд маань өсч, нас биед хүрэхэд энэ мөнгө улам арвижин, ирээдүйд нь үр шимээ өгнө. Бас эцэг эхчүүддээ бүгдэд нь тус бүр 100.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн тэмцээн уралдаанаас хойш ерөнхийлөгчтэй уулзах, шилдэг хүүхдийн шагнал гардах зэргээр хэд хэдэн удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ эцэг эхчүүдийнхээ хамт Улаанбаатар явахад, зардлыг бүгдийг энэ шагналаасаа зарцуулсан. Дээр нь дугуйландаа хэд хэдэн хөгжмийн зэмсэг шинээр авлаа. За тэгээд, амжилтыг маань хуваалцаж, баяр хүргэхээр хуран цугласан түмэн олонтойгоо баяраа тэмдэглэн цайллага хийсэн. Үүнд тодорхой хэмжээгээр зарцуулсан даа. Төр, түмэн олны өгсөн энэ том итгэл найдварыг даах юмсан.

Шагналыг зүгээр нэг өгдөггүй. Аливаа шагнал том ч бай, жижиг ч бай ардаа хэр хэмжээ, хариуцлага, үүрэг даалгавартай байдаг. Та одоо юу хийх гэж байна, маргааш юу хийх вэ гэсэн хүлээлт надаас байгаа. Хөг аялгуу, хөгжим юугаа эгшиглүүлж, олон хүүхдийнхээ зүрх сэтгэлээс ундран гарсан аялгууг сонсгочих юмсан гэсэн бодол байна. Удахгүй “Эгшиглэнт чимээ” хамтлагийн маань 15 жилийн ой болно. Ойдоо зориулан тоглолтоо ч хийнэ.

Дуу хуураар хөглөгдөн, эгшиг аялгуунд дурлаж явсан энгийн нэгэн “хүмүүн чимээ”-н чин сэтгэлийн үгсийг та бүхэндээ хүргэлээ. Жамъяа багш хийж бүтээх, зорьж, зогсолтгүй байхын үлгэр дуурайл “Эгшиглэнт чимээ”–гээрээ хорвоо ертөнц, хойч үеэ аргадаж явна.

2016 оны Хоёрдугаар сар. 

Гэрэл зургийг Г.Анхбаяр

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1510   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох