Лхагва 2019-01-02 Дархан
Цонхоо нээе   2019-04-02

НОТОЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ УУЧЛАЛТ ГУЙХ ЁСТОЙ

Дархан-Уул аймгийн иргэн, хуульч, өмгөөлөгч Б.Содболд “УИХ-ын Гишүүн Д.Хаянхярваа нь “Улаан бал” нэвтрүүлэгт оролцохдоо иргэд, сонгогчдынхоо нэр төрд үндэслэлгүйгээр халдсан” хэмээн үзэж, нэр төр сэргээлгэхээр шүүхэд ханджээ.

АСУУДЛЫГ ТАВЬЖ, НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ ШАЛТГААН ЮУ БАЙВ?

- Цаг гаруйн хугацаанд үргэлжилсэн тус нэвтрүүлгийн үеэр Д.Хаянхярваа гишүүн Монголчуудыг усанд ордог болгомоор байна гээд, бүр нэр дурьдан “Дархан-Уул аймгийн Засаг Даргад энэ асуудлыг тавьж байгаа” хэмээн ярихад нь үнэндээ гайхаж балмагдсан. Яг тэр хэсгийг бүр дахин дахин үзсэн. УИХ-ын гишүүн, өндөр албан тушаал хашиж байгаа хүн, ямар ч судалгаа, тооцоогүй, ядаж тойрог дээрээ хичнээн халуун усны газар ажиллаж, тэр нь хэр хүртээмтэй байгаа талаар ч дурьдалгүй шууд л “Усанд ордоггүй. Ялангуяа гэр хорооллынхон, хөдөөнийхөн бол хэцүү” гэхэд нь /бантаад яриагаа дүйвүүлэх гэж дүү нарынхаа тухай ярьсан л даа/ товчхондоо ой гутсан. Ерөөсөө нэвтрүүлгийг үзээд, бичсэн сэтгэгдлүүдийг уншихад л зөвхөн хэн нэгнийг биш Дарханчуудыг, Дарханы иргэдийг тэр чигээр нь гутаасан нь тодорхой байгаа юм. Доорх сэтгэгдлүүд нь маш эвгүй. Дарханчуудруу дайрсан, та нар усанд ордоггүй юм байна. Хамуутай, өвчтэй гэх мэт. Мөн нэвтрүүлгийн үеэр арьс өнгөний өвчнүүдийн талаар ярьсан. Тэгэхэд нь сэтгүүлч “Дарханд наад асуудал чинь хүнд биз?” гэхэд “Тийм” гэж байсан. Тэгэхээр энэ агуулгаараа бид зөвхөн усанд ордоггүй биш, бас янз бүрийн өвчтэй болж таарах гээд байгаа юм. Хэрэв тийм бол үүнийгээ нотлох хэрэгтэй. Намайг, биднийг УИХ-д төлөөлж байгаа гишүүн маань ийнхүү орон даяар яриад сууж байгаа нь маш харамсалтай.

НЭХЭМЖЛЭЛЭЭ АЛБАН ЁСООР ХЭЗЭЭ ӨГӨВ?

- Нэвтрүүлэг өнгөрөгч арванхоёрдугаар сарын 23-нд гарсан. Түүнээс 14 хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 07-нд би шүүхэд нэхэмжлэл өгсөн. Ердөө энэ хоёр долоо хоногийн хугацаанд лав тавь гаруй мянган хүнд хүрч, сэтгэгдлүүд нь нэмэгдсэн байдаг. Одоо ч Youtube-д ороод үзэхэд байж байгаа.

ТА НИЙТ ДАРХАНЧУУДЫГ ТӨЛӨӨЛӨН ӨӨРИЙН НЭРЭЭР ГОМДОЛ ГАРГАЖ БАЙГАА ЮМ БАЙНА. ХУУЛЬ ЗҮЙН ХУВЬД ИЙМ БОЛОМЖ НЬ ЯМАР БАЙДАГ ЮМ БОЛ?

- УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нь 2016 оны УИХ-ын сонгуульд 45-р тойрог буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын 1,2,3, Малчин баг, Орхон, Шарын гол сумдын нийт 6320 гаруй саналаар сонгогдсон юм билээ. Эдгээр нь дан гэр хороолол. Мөн би өөрөө Дархан-Уул аймгийн Дархан сумын Нэгдүгээр багт харъяалагддаг. Тэгэхээр намайг ч бас төлөөлж байгаа юм. Би багаасаа л Дарханы Тосгонд амьдарч, дөрөвдүгээр сургуульд сурч байсан хүн. Гэхдээ Д.Хаянхярваа гишүүний хэлээд байгаа шиг усанд ордоггүй, бохир заваан байснаасаа өвчин тусч байсан удаагүй. Усанд орно гэдэг гэр хороололд эсвэл байранд амьдрахаас үл шалтгаалах сэтгэлгээний асуудал. Тэр тусмаа УИХ-ын гишүүн нэвтрүүлэгт ороод орон даяар яриад байх зүйл ч биш. Төрийн өндөр албан тушаалд гурван удаа сонгогдсон, Дарханы Засаг Даргаар хоёр удаа ажилласан, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд дан өндөр албан тушаал хашиж байгаа хүн тойрогтоо хамааралтай хүмүүсийн талаар ийн ярихдаа нотлох юмтай л байсан байлгүй. Хэрэв нотолж чадахгүй бол уучлалт гуйх ёстой. Би өмгөөлөгчөөр тав дахь жилдээ ажиллаж байна. Хүний эрхийг хамгаалах салбарт ажилладгийн хувьд эл асуудлыг хууль зүйн үүднээс судалж үзээд, шүүхэд гомдол гаргах нь зөв гэж үзсэн. Ерөөсөө их хариуцлагагүй, хамаагүй ярьдаг хүн байна билээ. Өөр бас зүйл ч бий.

НУУЦ БИШ БОЛ?

- Нэвтрүүлэг гарсаны дараа буюу арванхоёрдугаар сарын 30-нд Дарханы Хуульчдын нэгдсэн шинэ жилийн арга хэмжээ болсон юм. Тус арга хэмжээн дээр Дархан-Уул аймгийг УИХ-д төлөөлж буй гурван гишүүн бүгд урилгаар оролцож, үг хэлж, шагнал гардуулсан. Тэгэхэд ердөө долоохон хоногийн өмнө нийтээр нь усанд ордоггүй хэмээн ярьж байсан гишүүн маань тайзан дээрээс “Хууль хяналтын байгууллага, орон нутаг захиргааны байгууллагатайгаа нягт хамтын ажиллагаатай байх ёстой” гээд хээв нэг хэлж байсан. Уг нь эрх зүйт төрт улсад засаглалын гурван эрх мэдэл тусдаа байж, бие биенээ хянах ёстой. Гэтэл УИХ-ын эрхэм гишүүн нэгдэж, хамтарч ажилла гээд зоргоороо хэлж байдаг. Хянах, хянуулах ёстой хоёр байгууллагыг нийлээд, хамтраад ажилла гэж байгааг сонсоод хуульч хүний хувьд тун их эгдүүцсэн. Эгдүүцсэн гэхээсээ энэ мэт хууль ёсонд нийцэхгүй зүйлийг амныхаа зоргоор ярьж байгаа энэ хүнд, хамаагүй ярьж болдоггүй юм гэдгийг ямар нэгэн байдлаар ойлгуулах ёстой юм байна гэх итгэл үнэмшил маань бат болсон.

Гишүүн өөрөө “Содболд усанд ордоггүй” гээд хэлчихсэн л бол нэр төр гутаасан болно гэж үзээд байх шиг байна билээ. Тодорхой хэлбэл, ямар нэгэн байдлаар бодитой бус мэдээллийг бусдад түгээсэн, түүнийгээ нотолж чадаагүй бол аливаа хэлбэрээр нэр төр гутаагдсан гэж үздэг.

ТА НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХААСАА ӨМНӨ ХЭН НЭГЭНТЭЙ ЗӨВЛӨЛДСӨН ҮҮ?

- Хэн нэгнээс асуух шаардлага байхгүй. Энэ миний үндсэн хийдэг ажил. Би шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бусдыг төлөөлж оролцдог мэргэжилтэй. Мөн энэ нь миний хувьд ч зарим тохиолдолд хүндээр туссан. Жишээ нь найз нөхөд тоглоом шоглоомоор “Чи усанд орсон биз дээ” гэх юмуу “Усандаа ороорой” гэдэг болсон. Наргиан хэдий ч эвгүй. Ийм зүйл ганцхан надад ч тохиолдоогүй байх. Зүгээр тэр фэйсбүүк дэх сэтгэгдлүүдийг уншихад л “шар үс босмоор”. Тэгэхээр тодорхой хэмжээгээр Содболд гэж хүний субъектив эрхийг хөндөж байгаа биз. Гишүүн өөрөө “Содболд усанд ордоггүй” гээд хэлчихсэн л бол нэр төр гутаасан болно гэж үзээд байх шиг байна билээ. Нэр төр, ажил хэргийн нэр хүнд зэрэг нь иргэний хуульд тодорхой заалттай. Тодорхой хэлбэл, ямар нэгэн байдлаар бодитой бус мэдээллийг бусдад түгээсэн, түүнийгээ нотолж чадаагүй бол аливаа хэлбэрээр нэр төр гутаагдсан гэж үздэг. Мөн би Дархан-уул аймгийн, гэр хорооллын иргэн, тэр тусмаа 45-р тойргийн сонгогч хүн. Тиймээс би тэдгээр иргэдийн нэг эд эсийн хувьд  миний нэр төр ч бас гутаагдсан.

ШҮҮХ НЭХЭМЖЛЭЛИЙГ ХҮЛЭЭН АВСАН. ТЭГЭХЭЭР ГИШҮҮН ХАРИУ ТАЙЛБАР ИРҮҮЛСЭН БАЙХ. ТАЙЛБАРТ ЮУ ГЭСЭН БАЙГАА ВЭ?

- “Би Содболд гэж хүнийг нэр дурьдаж хэлээгүй. Дүү нар дээрээ жишээ авч ярьсан. Мөн төрийн үйлчилгээг ард түмэнд хүргэх ёстой гэдэг утгаар, сонгогч иргэдтэйгээ уулзаж байхад халуун усны асуудал хөндөгддөг. Тэр агуулгаар ярьсан. Энэ бол миний УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж хэлж ярьсан үг. Цаашдаа ч ярина” гэсэн агуулгатай тайлбар ирсэн байна билээ. Өөр ямар нэгэн баримт, хавсаргасан материал байгаагүй. Ердөө нэг хуудас цаас байгаа.

НЭХЭМЖЛЭЛ ГАРГАСНААС ХОЙШ ТАНЬТАЙ ЯМАР НЭГ БАЙДЛААР ТУСГАЙЛАН УУЛЗАЖ ЯРЬСАН ЮМ БИЙ ЮУ?

- Яг өөрөө бол хандаагүй. Гэхдээ тэр намд харъяалагддаг болон тодорхой албан тушаал хашдаг зарим хүмүүс утсаар ярьж, уулзсан. Энэ асуудлаа “больчихооч” гэх мэтээр. Ер нь нэг ийм “Даргыг яаж байгаа юм бэ..” гэх дарга шүтлэгтэй нийгмийн бүлэг бий болчихож. Яахав, тэр хүний л дарга юм биз. Би бол сонгогч. Миний төлөөлөл болж тэр хүн УИХ-д гишүүнээр сууж байгаа. За, миний дарга байсан ч, хэрэв буруу юм хийсэн бол хариуцлагаа хүлээх ёстой биз дээ. Нэрийг нь дурьдаад яахав. Иймэрхүү нөлөөллүүд бол байгаа.

Мөн ямар ч мөнгө төгрөг нэхэмжлэх асуудал байхгүй. Зөвхөн буруугаа хүлээхийг хүсч, мэдэгдэл гаргахыг хүлээж байна.

ЗАРИМ ШҮҮХИЙН ПРАКТИКТ ХЭН НЭГЭН ХОХИРООГҮЙ БУЮУ ХОХИРОЛ ТОДОРХОЙ БУС БАЙВАЛ ТУХАЙН ГОМДЛЫГ АВЧ ХЭЛЭЛЦЭХГҮЙ ГЭЭД БАЙДАГ. ТЭГЭХ МАГАДЛАЛ БИЙ ЮУ?

- Шүүх нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргадаг. Миний харж байгаагаар, хоёр ба түүнээс дээш хүнд буюу бусдад түгээсэн мэдээлэл бодитой байх ёстой. Мэдээллээ нотлох ёстой. Нийтийн эрх ашгийн өмнөөс, иргэний нийгмийн байгууллагууд зөвхөн захиргааны хэрэг дээр өмгөөлөл хийх боломж байдаг. Харин энэ тохиолдол нь иргэний хэрэг учир нэхэмжлэлийг би өөрийн нэр дээр гаргаж байгаа юм. Тэгэхээр энэ их шинэлэг. Зөвхөн Содболд нэр төрөө сэргээлгэж, мөнгө нэхээд байгаа биш, харин нэг хүнээр төлөөлж, Дарханы нийт иргэдийн нэр төр сэргээгдэнэ. Агуулгын хувьд стратегийн өмгөөллийн нэг хэлбэр. Уг нь багийн нийт иргэдтэй уулзаад явъяа гэж бодож байсан. Гэхдээ улс төржүүлж, буруу өнцгөөс харчих вий гэх болгоомжлол байсан учир, зөвхөн өөрийнхөө нэрээр нэхэмжлэл гаргасан. Мөн ямар ч мөнгө төгрөг нэхэмжлэх асуудал байхгүй. Зөвхөн буруугаа хүлээхийг хүсч, мэдэгдэл гаргахыг хүлээж байна. Гомдлыг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэнд их олзуурхаж байгаа. Хууль тогтоомжийг үг үсэгчлэн дагахаас, өөр түвшинд, өргөн өнцгөөс харж хүний нэр төр гутаагдсан байж болохоор байна хэмээн ийнхүү иргэний хэрэг үүсгэлээ. Хэрэв намайг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзсэн бол гомдлыг хүлээн авахгүй. Энэ нь шүүх засаглал маань өөр түвшинд очсоны илрэл юм болов уу хэмээн талархан харж байна.

СТРАТЕГИЙН ШИНЖТЭЙ, ОЛОН НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ХУУЛЬЧ ДУУГАРЧ БАЙНА ГЭДЭГ САЙН ЖИШИГ. ТЭР ТУСМАА ОРОН НУТАГТ. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ОРОН НУТГИЙНХАА ИРГЭДИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ ТОДОРХОЙ ХҮЧИН ЧАРМАЙЛТ ГАРГАЖ БАЙНА ГЭЖ ХАРЖ БАЙНА Л ДАА...

- Аливаа мэргэжлийн үйл ажиллагаанд нийгмийн хариуцлага гэж байдаг. Тэгэхээр миний хувьд хуульч мэргэжлийг эзэмшээд, хүний эрхийг хамгаалах салбарт тодорхой хугацаагаар ажиллаж байгаагийн хувьд энэ нь иргэн Б.Содболдийн өөрийнх нь хувийн ашиг сонирхол биш, харин мэргэжлийнхээ чадварыг ашиглаад нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна гэж ойлгож байгаа. Урьд өмнө иймэрхүү байдлаар нэхэмжлэл гаргаж байсан тохиолдол байхгүй юм билээ. Магадгүй, намын үзэл баримтлалыг дэмждэггүйгээс гэх ч юмуу, эсвэл гишүүнийг шүүхэд өгч өөрийнхөө нэр хүндийг дээшлүүлэх гэж байна гэх зэрэг сөрөг хандлагууд гарч болох юм. Тиймээс албан ёсоор хэлье. Би ямар ч намын гишүүн бус. Мөн ганц энэ асуудал дээр ч дуугарч байгаа юм биш. Өмнө нь ч олон нийтийн эрх ашиг хөндөгдсөн асуудалд хуульчийн хувиар саналаа хэлж, эсэргүүцэл илэрхийлж байсан. Тухайлбал өнгөрсөн хаврын УИХ-ын чуулганаар Захиргааны Ерөнхий хуулиас Засгийн Газрын шийдвэр буюу Засгийн газрын шийдвэрт үндэслэж гарсан бусад шийдвэрүүдийг захиргааны хяналтнаас гаргана гэх асуудлыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж оруулахад эсэргүүцэж, орон нутгийн түвшинд ч бид эсэргүүцлээ илэрхийлэх хэрэгтэй байгааг ярьж байлаа. Улаанбаатарт хуульчид, өмгөөлөгчид нэгдэж, төслийг битгий дэмжээчээ гэдэг асуудлыг тавьж байхад манайд таг чиг л байсан. Ер нь энэ мэт асуудал дээр орон нутаг унтрамтгай, ерөөсөө юу ч болоод байгааг мэдэхгүй, нам байдаг нь харамсалтай. Бид уг нь бодлогын чанартай ямар ч асуудалд хэлэлцүүлэг хийж, орон нутагтаа нэгдсэн шийдвэрт хүрч, УИХ-д кноп дардаг гурван гишүүнээрээ дамжуулан эрх ашгаа илэрхийлэх бүрэн боломжтой. Харамсалтай нь дэндүү хойрго байна. Тиймээс цаашид ч мэргэжилдээ эзэн болоод, хэлэх үгээ хэлээд явна гэж боддог. Өмгөөлөл хийж байгаа залуус маань ч энэ тал дээр хамтран ажиллах болов уу. Өмгөөлөл гэдэг ямар нэгэн улс төр, төрийн албанд харъяалагддаггүй, цэвэр мэргэжлийн ажил. Тиймээс бидэнд дуугарах боломж бий. Мөн дуугарах асуудал ч маш их байна. Энэ чиглэлээр ажиллах ТББ байгуулан, стратегийн өмгөөллийг албан ёсоор хийхээр төлөвлөж байгаа. Бидний хүсдэг эрх зүйт төрийг байгуулахад энэ үйл ажиллагаа тун чухал. Үнэндээ энэ хоёр сарын хугацаанд өөрөөс чинь өөр, энэ нь нийтийн эрхийн төлөө юм байна гэж хараад ирэх хүн байсангүй. Харин эсрэгээрээ даргыг битгий ингэ, гомдлоо аваачээ гэх нь олон байлаа.

2019 оны Гуравдугаар сарын 05

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Haluun usnii gazar bhgui ged usand ordogui gesen vg bish ydaj l manai mongol usaar gachigddag oron bish hvn bvr ariun tsewertei anhaardag nolson ve
    2019 оны 04 сарын 05
  • zochin
    sumduudad haluun usnii gazar hangaltgui. ene ni huduu oron nutagt ilt haragddg
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
    • Haluun usnii gazar bhgui ged usand ordogui gesen vg bish ydaj l manai mongol usaar gachigddag oron bish hvn bvr ariun tsewertei anhaardag nolson ve
      2019 оны 04 сарын 04
1131   2
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг

Санал болгох