Лхагва 2019-01-02 Дархан
FOCUS Cafe   2022-06-27

ЗОДОЛДОХ ГЭЖ БИШ БИЕЭ ХАМГААЛАХЫН ТУЛД ТАЕКВОНДОГ СУРДАГ

- Ердөө гуравхан хоног үлдчихэж. Би чадахгүй байхаа...                           
- Чаднаа, гурав хоног чинь маш их хугацаа. Бэлтгэлээ л хий!!!

Энэ бол SFC клубын хаалгаар орж ирэхэд чих дэссэн 13 орчим насны "багш" охин, 8 орчим насны жаал хөвгүүн хоёрын яриа.

Хичээллээд удаж байгаа, өндөр зэрэгтэй хүүхдүүд, шинэхэн суралцагчиддаа хамгийн багадаа өдөрт 10 орчим минут ийнхүү "багшилах" дүрэмтэй ажээ.   

Зааланд 5-15 насны, барагцаагаар 30 гаруй хүүхэд хичээллэж байв. Тэд бүгд цагаан өмсгөлтэй \кимоно\ ч бүснийх нь өнгө шар, ногоон, улаан, хар гэх мэт өөр өөр өнгөтэй юм.

“Өөр өөр өнгийн бүс ямар учиртай юм бэ?” хэмээн хажууд ус уун зогсох бяцхан хүүгээс асуухад “Хэр сайн сурч байгааг нь илэрхийлдэг юмаа эгчээ. Дасгалаа сайн сураад, шалгалтандаа тэнцвэл бүснийхээ өнгийг өөрчилөх эрхтэй болдог. Ер нь дараагийн зиндаанд хүрснийг илэрхийлдэг” хэмээх товч бөгөөд тодорхой хариултыг надад өгөв. Энэ бол SFC клубт хичээллээд жил гаруй болж байгаа найман настай Намсрай хүү.

“Чи яагаад энэ клубт хичээллэх болсон юм бэ?” хэмээн намайг яриа өдөхөд тэр “Гоё ш дээ, би клубтээ явах дуртай. Анх ороход “А” суулт л хэцүү байсан. Одоо тэр шинээр орж ирсэн гурвыг \заалны нэг хэсэгт шинээр ирсэн хүүхдүүд бололтой өмсгөлгүй, энгийн хувцастай хоёр охин, нэг хөвгүүн хичээллэж байв\ харахаар хэцүү санагдаад байх юм. Би ч бас анх орж ирэхдээ тийм байсан л даа. Багшаар шахуулаад гурван сарын дараагаас л чөлөөтэй суудаг болсон” гэв.

“Шахуулах хэцүү байсан уу? Өвдөж байсан байх даа” гэхэд “Үгүй ээ, ерөөсөө хэцүү байгаагүй. Харин ч гоё байсан. Би удахгүй хар бүсээ хамгаалах шалгалтанд орох гэж байгаа” гэв. Би гайхширан “Хөөх, хар бүсийг олон жил хичээллэсэн хамгийн мундагууд нь авдаг биз дээ?” гэж асуухад “Би хичээллээд жил гаруй болж байгаа ш дээ. Наймдугаар сард Азийн аварга шалгаруулах тэмцээнд орно. Өнгөрсөн жил улсын аваргаас мөнгөн медаль хүртсэн. Бас аймгийн аваргын хүрэл медальтай. Би одоогоор Азийн аварга болох зорилго тавьсан байгаа. Том болоод дэлхийн аварга болно гэж боддог” гэлээ.

Ийм бяцхан хүүгээс энэ чинээний өөртөө итгэх итгэл, хэрсүү яриа гарна чинээ бодоогүй би “Чи ер нь яагаад таеквондогоор хичээллэх болсон юм бэ? Зодолдож сурмаар байсан юмуу?” гэхэд “Үгүй ээ, эгчээ. Зодолдохын тулд биш биеэ хамгаалахын тулд таеквондог сурдаг юм” гэлээ. 

Найман настай Намсрай хүүд аман дундуураа татуулаад авах шиг санагдсан би зөвхөн зодолдож сурах гэж л тулааны спортоор хичээллэдэг гэх өрөөсгөл дутуу ойлголтоосоо ичээд, зөндөө зүйл асуумаар байсан ч тэгэс гээд бидний яриа өндөрлөв.

Хүүхдүүд дасгалаа хийж, дундуур нь гүйн ирж усаа уух ба багш нь ч үе үе “Усаа уусан уу?” хэмээн сануулах аж.  

Дасгал.., ус.., үүдэнд хүлээх эцэг эхчүүд.., ирж буй хүүхдүүд.., бас хувцсаа солиод явж буй хүүхдүүд..,

Сонирхолтойгоор өрнөх энэ зураглал дунд, хэн ч анхаарал хандуулаагүй байсан ч хувцсаа солиод гарахдаа хүүхдүүд заал өөдөө хүндэтгэлтэйгээр мэхийн чангаар дуугаар “Чиёо Ру” гэж хэлэх анхаарал татав.

Энэ талаар багш н.Гантулгаас асуухад “Таеквондо бол ХҮНДЭТГЭЛ юм. Нэгнийхээ бүсийг хүндэтгэнэ, хичээллэсэн хугацааг хүндэтгэнэ, насыг нь бас хүндэтгэнэ. Энэ хүндэтгэл дунд хүүхдүүд төлөвшдөг. Сая бол дэвжээндээ, багшдаа хүндэтгэлээ илэрхийлж байна. Таеквондо хүүхдүүдэд зөв хүмүүжил, төлөвшлийг өгдөг ба хатуужилтай, тэсвэр тэвчээртэй, биеэ зөв авч явдаг, бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжилтэй хүмүүс болоход сургадаг. Ер нь хүүхдүүд нүдэн дээр өөрчлөгддөг дөө. Айлын эрх танхи, сахилгагүй, хөдөлгөөнтэй янз бүрийн л хүүхдүүд орж ирдэг юм. Тууштай хичээллээд ирэхээрээ, томоожоод, биеэ авч явах байдал нь, өөрийгөө илэрхийлэх нь өөр болж, илүү нээлттэй болдог. Бага насандаа суусан дадал, суурь хүмүүжил их чухал гэдэг юм билээ. Биднийг зөвхөн өшиглөлт заадаг гэвэл өрөөсгөл. Энд хүүхдүүд хөдөлгөөн хийж, биеэ хамгаалах арга, тактикт суралцахаас гадна орчноосоо, бусдаас, найз нөхдөөсөө маш их зүйл суралцдаг” гэлээ.

“Би охид тэр бүр сонирхдоггүй байх гэсэн төсөөлөлтэй байлаа. Тэгсэн их олон байдаг юм байна” гэхэд “Та үдээс хойш 5-8 насныхныг хараарай. Бүүр олон байгаа. Сонирхож байвал тэдэнтэй ярилцаад үзээч” гээд заалны нөгөө үзүүрт дасгал хийж буй охидыг заав.

Тэд завсарлаж байгааг хараад би үг өдөж, яагаад таеквондогоор хичээллэх болсон тухайг нь асуухаар очив. Нүдээрээ инээсэн цовоо охин “Ёстой гоё ш дээ эгчээ. Эхлээд манай нэг найз намайг хоёулаа явъя гэж ятгасан юм. Даанч тэр найз маань надаас түрүүлж явж байсан хэрнээ намайг яваад эхэлсний дараа больчихсон. Би маргааш ногоон бүсээ хамгаална. Найзыгаа буцаад орж ирэхэд нь илүү өндөр зиндааны бүстэй болчихсон байх нь” хэмээн өөртөө итгэлтэй, бахархалтайгаар ярив. Цаашдаа юунд зорьж байгааг нь сонирхон асуухад “Би улаан бүстэй болоод тэмцээн уралдаануудаар ёстой “хэсэж” өгнө гэж бодож байгаа. Анх би их шалчигануур байсан юм билээ. Бас бөгтийж явдаг байснаа больсон. Ковидын үед гэртээ удаан хөдөлгөөнгүй байснаас цус багадалттай болсон байсан. Одоо харин зүгээр. Та хар л даа. Миний хацар улаан байгаа биз дээ” гээд хөөрхөн инээмсэглэв.

Чин сэтгэлээсээ хөөрөлдсөн энэ охин бол 12 настай н.Элбэгжаргал. Эрэмгий дайчин, дэггүй охины хэлсэн бас нэг үг онцгой. Элбэгжаргал тэмцээн уралдаанд орж өөрийгөө сорих зорилго тавиад байгаа ч “Тэмцээнд орж, түрүүлэх гол зорилго биш. Өөрийгөө ялан дийлж, өөрчлөгдөж байгаа маань л амжилт” гэснийг томчууддаа хүргэмээр санагдлаа.

Цасан цагаан өмсгөлөөр жигдэрч, өнгө өнгийн бүсээр ялгарах эрэлхэг, зоримог цовоо хүүхдүүдийн хүсэл эрмэлзлээр дүүрэн танхим, тэдний төлөө санаа тавин хичээх SFC клубын тамирчин багш нарын сэтгэлд мэхийн энэхүү бичил сурвалжилгаа өндөрлөе.

Клубыг үүсгэн байгуулагч Таеквондогийн Хар бүс, дөрвөн дантай ОУХМ багш Ж.Ариунбаяр “Спортын гол зорилго бол тамирчин бэлтгэх, олимп дэлхийн аварга төрүүлэх биш юм. Энэ бол ердөө л хоёр дахь зорилго. Харин эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг, зөв дасгал хөдөлгөөн, спортод дуртай, тууштай иргэн ямар ч ажил мэргэжилтэйгээс үл хамааран эрүүл байна. Ирээдүйн эрүүл монгол иргэдийг бэлтгэх нь бидний гол зорилго. Орчин цагт таргалалт дэлхийн тахал болоод байна. Үүнээс спорт л сэргийлнэ. Тиймээс бид маш олон хүүхдийг таеквондогоор хичээллүүлж, нийтийн биеийн тамир шиг хөгжүүлэхийг зорьж байна” гэснийг энд хүргэе.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Galbat badamhand (66.181.160.76)
    Jijigxen biedee bagtamgui gurger uxaalag duudee amjilt xusie
    2022 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.160.76)
    Jijigxen biedee bagtamgui uxaalag gurger duudee amjilt xusie.
    2022 оны 06 сарын 29 | Хариулах
  • Injee ErdeneOchir (66.181.160.76)
    Мундаг хүү шүү спортын амжилт хүсье. Илүү их амжилт гаргаарай
    2022 оны 06 сарын 29 | Хариулах
  • Uuganbaatar Selenge (73.36.178.125)
    Ёстой л зорилготой зоригтой хүү Намсрай дүүдээ амжилт хүсье энэ эрчээрээ байвал Азийн аварга энүүхэнд байна даа сайн аав ээжийн сайн хүү👏👍🥰🥰🥰
    2022 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.126.89.106)
    yostoi mundag bn shuu
    2022 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (64.119.16.228)
    vneheer mundag tom zorilgo tavijaa sayhan l jaahan hvv baisan ulam ih amjilt hvsie
    2022 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.188.40)
    Дүүдээ амжилт хүсье мундаг шүү 😘💖💗
    2022 оны 06 сарын 28 | Хариулах
  • Doljinsuren Naidansuren (66.181.160.30)
    Үнэхээр нэгийг бодогдуулаж хоёрыг тунгааж бодмоор ярилцаж бичжээ. Түмэн олон хүүхдүүдийн төлөө сэтгэл зүрхээ зориулаж яваа эрхэм багш мөн /дүүгийн / чин хүсэл эрмэлзэл даанч сайхан гэгээлэг юм шүү. ! Хүүг минь өдөр бүр сурган хүмүүжүүлэж амьдралд нь эрүүл бие саруул ухаан хайрлаж яваа та бүхний минь үйлс нь цагаан байг ээ!!
    2022 оны 06 сарын 28 | Хариулах
  • Ariunbayar (211.36.138.155)
    Vvnii toloo l yvj bn shu de
    2022 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.89.37)
    Ene bichsen hvn vneheer goe aguu bichjee.tandaa amjilt
    2022 оны 06 сарын 27 | Хариулах
861   10
НИЙТЭЛСЭН: MyDarkhan