Лхагва 2019-01-02 Дархан
Цонхоо нээе   2020-09-14

Иргэн Ж.ДОЛГОРСҮРЭН: Өрхийн аж ахуй эрхлэгчдээ дэмжихэд өдрийн түрээсийн зах хэрэгтэй байна

MyDarkhan.mn сайт нь ИРГЭНИЙ сэтгүүл зүйг дэмждэг бөгөөд аймаг орон нутаг, иргэдийн асуудлыг олж хараад, санаа бодлоо илэрхийлсэн аливаа нийтлэл, захидал хүсэлт зэрэгт нээлттэй ханддаг билээ. Хэдхэн хоногийн өмнө иргэн Ж.Долгорсүрэн нийгмийн сүлжээнд Дархан-Уул аймгийн өрхийн аж ахуй эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлын талаар бичсэн нь бидний анхаарлыг татсан юм. Тэрбээр энэхүү хөндөн тавьсан асуудал, шийдвэрлэх арга замуудын талаарх санал хүсэлтээ Дархан-Уул удирдлагуудад хандан гаргаад байгаа юм байна. 

Би Дарханых. Манай Дарханд Сэлэнгэ, Шаамар, Орхон чиглэлээс өглөө бүр 7-8 цагт галт тэрэг ирдэг хуваарьтай юм. Тэр зүгээс өглөөний галт тэргээр иргэд сүү ногоогоо авчраад төмөр замын вокзалын арын замын дагуу сууж гадаа зарна. Хувийн жижиг аж ахуйтай тэдгээр хүмүүс өөрсдийн үйлдвэрлэсэн, тарьсан бүтээгдэхүүнээ зарахаар ийнхүү ирэхэд нь манай Дарханы гэр хорооллын иргэд ч \хөгшчүүл голдуу\ үнээгээ сааж, ногоогоо барьж зэрэгцэн ирж зардаг юм.

Дарханы иргэд өглөөгүүр вокзал явж өдрийн хэрэгцээний хүнсээ авах тул тэнд жижигхэн зах үүснэ. Би монгол орохоороо өглөөд тийшээ явж ногоо сүү авдаг байлаа. Хэрэв ээжийнд хангалттай байвал тэндээс авснаа ах эгч нар луугаа явуулдаг байв.

Хөгшчүүл, залуучууд үнээ хэлээд, санаа нь зовсон байдалтайгаар авах болов уу яах бол гэх шиг, хэрэв авахгүй бол миний хэлсэн үнээр борлуулахад бэлэн харна. Би ч дүү минь, эмээ минь, бүсгүй минь, залуу минь чи энэ юмаа ургуулах гэж зуны зусан зэрлэг зулгааж усалж зүтгэдэг. Та ганц үнээгээ маллах гэж өвс тэжээл ус саах борлуулах гээд бөөн ажил болдог, таван өндөгтэй тахиагаа хооллох, таргаа бүрэх гэж түлээ модноос авахуулаад гээд ажил ихтэй. Таны хөдөлмөрлөсөн хөлс энэ төмсний мянган төгрөг эсвэл энэ тарагны үнийн талд ч хүрэхгүй. Харин эрүүл хөрсөнд ургасан энэ таны хашааны ногоо юу? таны үнээний сүү юу? таных бол авахад асуудалгүй гээд бүх барааг нь авч чадахгүй ч, харахад мэдэгддэг сүү тараг, тарьсан ногоог нь хажуу хажуугийн хүмүүсээс нь бөөгнүүлээд авчихдаг юм.

Хөгшчүүл хүмүүс бөөн баяр болноо. “Хүн болгон ингэж хэлж ойлгодог бол мөн сайхнаа”, “Өнөөдөр азтай байна бүгдийг зарчихлаа”, “Би чиний хамаг төмсийг зарж өглөө шүү” гээд л бужигнана. Би ч машиндаа ачаад яваад өгнө. Явахдаа хөөрхий энэ хүмүүст нэг лангуу саравч бариад өгчих юмсан гэж бодсоор харьдаг байв.

Тэгтэл хоёр гурван жилийн өмнө гадаа бараа заруулахгүй гээд нөгөө хүмүүсийг хөөдөг барьдаг, барааг нь хураадаг гэсэн сураг сонсогдоод удалгүй нэг зах барьж ашиглалтанд оруулна гэлээ. Нэг шар байшин барьж ногоо, сүүний тасагтай болжээ.

Гэтэл тэр зах нь сарын түрээстэй. Баахан хүмүүс лангууг нь түрээслээд орчихлоо. Тэгсэн нөгөө хашааны ногоогоо зардаг хүмүүсийг маань хөөгөөд нөгөөдүүл нь Дарханаар нэг айлын гадаа эсвэл нөгөө түрээслэгчдэд ногоогоо хямд зардаг болчихож.

Үүнээс үүдээд би Дарханы Засаг Даргын Тамгын газрын сошиал хуудсанд өөрийн санал бодлоо бичсэн юм.

Хэдэн жилийн өмнө Дарханы иргэд төмөр замын вокзалын арын зам дээр өөрийн бүтээгдэхүүнээ зардаг байсан. Гэтэл эрүүл ахуйн шаардлага хангаагүй, ил задгай хүнсний зүйл заруулахгүй гэх үндэслэлээр “Замчин” захыг барьсан. Гэвч энэ нь сарын түрээстэй учир худалдаачид түрээсэлж, харин иргэд өөрсдийн бүтээгдэхүүнээ борлуулах, өдрийн орлогоо нэмэгдүүлэх боломжгүй болсон байна.  

Дарханы хүн амын ихэнхи нь гэр хороололд амьдардаг. Мөн Дарханыг тойрсон харьяа сумдаас өөрсдийн бүтээгдэхүүнээ зарах, өөрсдөө хэрэглээд илүү гарснаа борлуулж өрхийн амжиргаандаа нэмэрлэх боломж нөхцөл Дархан хот даяар алга аа.

Иргэд хувинтай сүү, шуудайтай ногоо, савтай өрөм, сагстай өндгөө , төмрөөр хийсэн хутга заазуур, хийсэн үйлдвэрлэсэн бүтээгдхүүнээ бариад Дархан хот даяар өнцөг булан хайж, байр байшингийн булан, зам талбай гэх мэтээр хаа сайгүй гудамжаар тарж явна. Энэ бүх иргэдээ боломж нөхцөлөөр хангах бодлого хэрэгтэй байна.

Дэлхий даяар генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн, гоё савалгаатай урт хугацаанд хадгалах химийн бодистой бүтээгдэхүүнээс татгалзаж, энэ төрлийн бүтээгдхүүнүүд хорт хавдар, өвчин үүсгэх гол шалтгаан болж байгааг нотолж, Дэлхийн эрүүл мэндийн байгуулга аль болох орон нутгийн хүнсээ хэрэглэж, дэмжиж ажиллахыг дэлхийн улс үндэстнүүдэд уриалж байна.  “Эргээд эх орны бүтээгдэхүүн” гэсэн уриалгыг гарган ажиллаж байна.

Өнөөдөр Дархан хотын иргэд болон ойролцоо сумдын ард түмэн хийж бүтээхгүй байгаа биш юм аа. Бүгд л чадлынхаа хэрээр чармайж тариачин нь тариагаа, малчин нь махаа, ногоочин нь ногоогоо, оёдолчин нь оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэн хийж байна. Гэвч зарах орлого олох орчин боломж байхгүйгээс өглөөд бирж болон бусад газрын чэнж гэх нэртэй хүмүүст нэг удаа усалсан усны мөнгөнд ч хүрэхгүй үнээр зарж байна.

Зовж зовж, зүтгэж зүтгэж хийсэн хөдөлмөр нь үнэ хүрэхгүй болохоор урам зориг нь мохож дахиж хийх урмыг нь хугалж байгаа болохоор ядуурал гэдэг юм бас нэмэгдээд байна. Хэрвээ хүн хийсэн бүтээснээ зах зээлийн үнээр зарчихвал урамшиж баярлаад илүү ихийг хийх, илүү сайжруулах, илүү чанартай хийхээр ажиллана. Энэ дээр та бүхэн иргэдээ дэмжмээр байна аа.

Өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байна гэж иргэд бухимдаж байгаа. Энэ нь өндөр үнэ хиймлээр бий болоод байна. Хувин ус зөөж , ганц өдөр хонь дагаж, хуруугаа хөдөлгөж сүү олоогүй байж хүний хийсэн хөдөлмөрийг үнэгүйдүүлж авчихаад, сарын түрээсний лангуугаар далимдуулан байнга зогсдог хүмүүс дор бүр нь өдрөөр бараа бүтээгдэхүүнээ борлуулах гэсэн иргэдийг шулж байна. Энэ нь өнөөдөр Дархан хотод өргөн хэрэглээний бараа өндөр байгаагийн бас нэг гол буруутан.

Чэнж нар бүтээж бий болгосон энгийн иргэдийг ч шулж, эргээд худалдан авч байгаа Дархан хотын иргэдийг ч шулж байна. Үндсэн өөрийн бүтээгдэхүүнээ зарах гэж буй иргэнээс зах зээлийн үнээс маш хямдхан шахаж муулж авчихаад, өндөр үнэ нэмж зардаг энэ чэнж нэртэй дамлагч нарыг цэгцлэх цаг нэгэнт болжээ.

Их хэмжээний ногоо, цагаан идээ, мах гурилын зах зээл бол өөр сэдэв. Тэд бөөний үнээр их хэмжээгээр зах зээлдээ тохируулан худалдаагаа хийдэг. Харин жижиг хувийн аж ахуйтанд өөрийн хэрэглээнээс илүү гарсанаа өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор зах зээлийн үнээр борлуулах боломж огт алга байна. Нэг бол өглөө биржийн худалдагч нарт маш бага үнээр зарах , эсвэл хүнсний дэлгүүрүүдийг гуйх, танил талаа хайх, эсвэл гудамжинд зогсож цагдаад хөөгдөх гэсэн ийм гурван зам Дархан хотын гэр хороолол болон ойролцоо сумуудын хувийн аж ахуйтай иргэдэд байна.

Дархан хотын удирдлагаас ядуурлыг бууруулах гээд янз бүрийн хөтөлбөр хэрэгжүүлж, мэргэжил эзэмшүүлэх курсүүд их хийдэг. Гэвч тэнд сурсан иргэд нь бүтээгдэхүүнээ борлуулах боломж байдаггүйгээс энэ ажил нь үр дүнгүй болж байна. Нэг хэсэг зүтгээд л урам нь хугарч, сарын түрээсийн өрөнд ороод үлдэх нь их байх юм.

Тиймээс үүнд хотын захиргаа, мэргэжилтэнгүүд анхаарч зөв зохицуулалт хийж, иргэдээ дэмжсэн бодлого бий болгомоор байна.

Ингэснээр үнийн хөөрөгдлийг зогсоох, багасгах, иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, бэлэнчлэх сэтгэлгээнээс салах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буух, эрүүл мэнд тустай эрүүл хүнс хэрэглэгчидэд хүрэх зэрэг онцгой ач холбогдолтой бөгөөд үүнийг нэн даруй орон нутгийн сонгуульд мөрийн хөтөлбөртөө тусган ажил болгох хэрэгтэй байна.

Үүнд миний санал:

1. Нэгээс хоёр худалдааны төвийг бий болгох. Гэхдээ шинээр босгох шинээр барих биш, Үйлчилээний төв, Замчин төв зэрэг худалдааны төвүүдтэй хамтран ажиллах замаар талбай гаргах, байр заал бий болгож ӨДРИЙН ТҮРЭЭС-тэй болох.

2. Өдрийн түрээсээр ажиллах байранд чанарын хяналт тавих. \Иргэдийн зарах бүтээгдэхүүнд эрүүл ахуй, шинэлэг байдал, сүүнд тослог хэмжигч гэх мэт\

3. Нэгдсэн журмаар халад, маск өмсөх. Тэр нь түрээсийн үнэд багтсан байх. Цэвэр хэрэглэл, цэвэрлэгээний хөлс  гэх мэт журмыг бий болгох.

4. Бага бараатай иргэд хашаа гудамжаараа нийлж шефийн холбоо үүсгэн бүтээгдхүүнээ нийлүүлэн түрээслэж болох.

5. Нэг түрээслэгчид гурваас илүү өдөр түрээслэхгүй байх \бусаддаа боломж олгох\

6. Түрээслэгчдийг утсаар бүртгэх ба бүртгэлтэй нэг түрээслэгчийг олон хоногоор зогссон эсэхийг шалгах.

7. Түрээслүүлэгч нь захиргаа тамгын газрын шууд хяналтанд байх, ашиг сонирхлын зөрчил шуналыг хянаж иргэдийг илүү дэмжих зарчим барих, Хэрвээ хувь компани иргэдтэй хамтарч ажиллавал шууд төрийн захиргааний хөндлөнгийн хяналт бий болгох

8. Дархан хотын телевиз радиогоор сурталчилгаа мэдээлэл сайн хийж иргэдийг амьдарч буй хотынхоо иргэд ард түмнээ дэмжиж эрүүл хүнсийг гараас гарт дамлагчгүйгээр хүргэх авахыг уриалах, зөв дэмжлэг туслалцаа үзүүлэх

9. Дархан хотын гуанз рестораны эздийг иргэдээ дэмжихийг уриалах \Чэнжгүй болчихвол угаасаа бүтээгдэхүүн хямдарч хүмүүс дуртай авна\

10.Өдрийн түрээсийн үнийг 4000-6000 төгрөгнөөс хэтрүүлэхгүй байх

11.Сайн зохицуулалтай жижиг журам гаргах батлах танилцуулах.

Гэх мэтээр мэргэжлийн хүмүүс, төр захиргааны байгууллага, иргэдтэйгээ хамтран ажиллаж энэ миний санаанаас авахыг авч хаяхыг хаяж , зохицуулалт бодлого сайн хийж Дарханаар нэг тарсан өрх орлогоо нэмэгдүүлэх гэсэн орох газаргүй зогсох талбайгүй үйлдвэрлэгч иргэдээ анхаарч ажиллана уу.

Би энэхүү саналаа Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатад бичгээр өгүүлж, ИТХ-ын дарга Г.Эрдэнэбатад е-майлаар явуулсан.

Монгол улсын “Иргэдээс төрийн байгуулга албан тушаалтанд гаргасан өргөдөл гомлыг шийдвэрлэх тухай” хуулийн 4-р зүйлд Хуулийн нэр томьёонд: “Санал” гэж Төрийн ба нутгийн удирдлагын байгууллага, албан тушаалтны үйл ажилгааг сайжруулах шинэчлэх талаар гаргасан иргэний хүсэлтийг санал гэнэ” гэж заасан байдаг. 5-р зүйлд “Монгол улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрхтэй”. 7-р зүйлд “Өргөдөл гомдолын талаар төрийн байгуулга, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ a. Иргэдээс өргөдөл гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн хангах b. Харъяалалын дагуу ирсэн өргөдөл гомдлыг заавал хүлээн авах c. Байгуулгын удирдлага тухайн жилд ирсэн иргэдээс гаргасан өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаархи дүн мэдээг жил бүр нийтэд тайлагнана. 9-р зүйлд Өргөдөл гомдол гаргах хэлбэр: Өргөдөл гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар гаргана. Өргөдөл гомдлыг цахим сүлжээгээр дамжуулан гаргаж болно. Байгууллага бүр цахим хаягтай байна. 13-р зүйлд Өргөдөл гомдлыг хянан үзэх 3. Өөрийн харъяалан шийдвэрлэвэл зохих өргөдөл гомдолд дурдсан асуудал бүрд дүн шинжилгээ хийж, холбогдох газраас магадлах, судалгаа, тодорхойлолт шаардан авах зэрэг үйл ажилгаа явуулна. 16-р зүйлд a. Өргөдөл гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгуулгын албан тушаалтан 30 хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл гомдол гаргагчид мэдэгдэнэ. b. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө. Би зүгээр нэг сошиалд бичээд өнгөрөх биш Дархан хотын иргэдийн дэмжлэг их авсан учир өнөөдрийн нөхцөлд энэ санаа хэрэгжвэл эргээд Дархан хотын иргэдэд эерэг дэмжлэг болох тул Монгол улсын хуулийн дагуу саналаа холбогдох газар өглөө.

Мөн хуулийн дагуу би болон иргэд хариугаа хүлээх болно. Өнөөдөр аймгийн захиргааны бичиг хэргийн эрхлэгч албан тушаалтан саналыг хүлээн авч маргааш засаг даргад оруулж өгнө гэж хэлсэн байна. Дархан хотын засаг дарга С.Насанбат, ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нар энэ асуудал дээр яаж хандаж, энэхүү тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх, жижиг аж ахуйтай иргэдэд ямар боломж олгох, ганцхан намар ногооны цагаар биш жилийн турш Дарханаар нэг тарсан өрхийн орлогоо нэмэгдүүлэх гэсэн, орох газар, зогсох талбайгүй үйлдвэрлэгч иргэдээ хэрхэн анхаарахыг хамтдаа хүлээх л үлдлээ.

Хариу ирсэн тохиолдолд та бүгдэд мэдэгдэнэ.

Дархан хотын иргэн Ж.ДОЛГОРСҮРЭН 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
234   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох