Лхагва 2019-01-02 Дархан
Fact checking   2020-09-09

Цахим өргөдөлд 100,000 хүн саналаа өгвөл Цагаан ордон хэлэлцэх боломжтой - ҮНЭН, гэхдээ...

Монгол бичгийг бага ангиас заахгүй тухай Хятадын шийдвэрийг эсэргүүцэж https://petitions.whitehouse.gov/ хуудсаар дамжуулан цахим гарын үсэг цуглуулж эхэлсэн. Хэрэв 30 хоногийн дотор цахим гарын үсэг зурсан хүний тоо 100 мянгад хүрвэл уг асуудал Цагаан ордны анхааралд хүрч, асуудлыг хэлэлцэх үндэслэл болдог гэх энэ мэдээлэл үнэн эсэхийг нягтлах хүсэлт бидэнд ирсэн юм.

 Юуны түрүүнд уг сайт нь үнэхээрийн АНУ-ын Цагаан ордонтой албан ёсны хамааралтай эсэхийг нягталлаа. Домэйн хаягийг шалгавал ЖИНХЭНЭ болох нь тодорхой болов.

Тус сайт нь албан ёсны бүртгэлтэй бөгөөд IP хаяг нь дэлхийн хамгийн том сүлжээний компаниудын нэг болох "Акамай" компанид бүртгэлтэй. Түүнчлэн Цагаан ордны албан ёсны вэб сайттай хамааралтай ажээ.

 Мөн вэб сайтын хуурамч эсэх болон аюулгүй байдлыг шалгах Google-ийн хэрэгслээр шалгахад дээрх сайт нь асуудалгүй болох нь харагдаж байна.

 Тэгвэл одоо уг сайт доторх агуулга руу оръё!

"We the people" гэж юу вэ?

2011.09.22-оос АНУ-ын Цагаан ордоны албан ёсны цахим сайт болох whitehouse.gov сайтад “Petition” гэх шинэ цэс үүссэн юм.  АНУ-ын Үндсэн хуулийн эхлэл үгс болох “We the people of United States...” буюу “Нэгдсэн улсын ард түмэн бид...” гэх утга бүхий энэ цэс нь  АНУ-ын иргэд төр засагтаа дуу хоолойгоо шууд хүргэх нэг арга болох зорилготой. Энэхүү гарын үсэг цуглуулах үйл явц нь АНУ-ын үндсэн хуулиар хамгаалагдсан үндсэн эрх. Харин ийн гарын үзэг цуглуулан Цагаан ордны анхаарлыг татах боломж нь 13 хас хүрсэн л бол хэн ч байж болно хэмээн заажээ.

Үйл явц нь хэрхэн өрнөдөг вэ?

Эхний ээлжинд уг цахим өргөдөл нь 150 санал бүртгэгдсэнээр вэб сайтад нийтэд харагдах бөгөөд, хайлт хийхэд илэрц дээр гарч ирдэг болно. Үүнээс хойш 30 хоногийн дотор нийт 100,000 гарын үсэг цуглуулж чадвал Цагаан ордонд өргөдлөө танилцуулах боломж нээгдэнэ. Өөрөөр хэлбэл Цагааны ордны танилцах материалын жагсаалтанд орох юм. Дунджаар 60 хоногийн дотор хэлэлцэх горимтой. Шаардлага хангасан өргөдлийн талаарх явцын мэдээг болон албан ёсны хариуг өргөдөл гаргагчдын бүртгүүлсэн хаягаар илгээдэг.

 

Хэрхэн саналаа баталгаажуулах вэ? 

Хэрэглэгч нэр, мэйл хаягаа бүртгүүлж, бүртгүүлсэн мэйл хаягт ирсэн баталгаажуулах холбоост дарснаар санал баталгаажих тохиргоотой. 

Яагаад 100 мянган гарын үсэг вэ?

Анхлан 30 хоногийн дотор 150 гарын үсэг цуглуулах шаардлага тавьж байсан ч 5000, 25000, улмаар 2013 оноос 100000 болж шалгуур өндөрссөн. Ачааллаас шалтгаалж тоог ихэсгээд буй гэх таамаг бий ч Цагаан ордон ямар нэг албан ёсны тайлбар өгч байгаагүй аж.

"We the people" -г ашиглан үр дүнд хүрсэн тохиолдол бий юу?

Бий. 2016 онд гаргасан мэдээгээр “We the people" нь 29 сая хэрэглэгчийн 40 сая гарын үсэг бүхий 480 мянга гаруй өргөдөл хүлээн авсан. Өргөдөл бүр амжилтад хүрдэггүй ч бодлогын нөлөөллийн нэг том арга хэрэгсэл болсоор байна. Эдгээрээс амжилтад хүрсэн буюу Цагаан ордны хэлэлцсэн жишээ цөөнгүй бөгөөд гадаад улс орны асуудлыг ч хэлэлцсэн жишээ бий. Тухайлбал Орос, Украйн, Ирак, Израйл, Хятад, Тайваний асуудлаар акц өрнөж байснаас сонирхуулвал:  

  • 2014 онд “Хонконгийн ардчиллыг дэмжиж, хоёр дахь Тианмины хядлага болохоос сэргийлье” хэмээх We the people акц өрнөж 197 мянган санал цуглуулж байв.  Үүний хариуд Цагаан ордноос “Бид Хонконгийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Дэлхийн хаана ч гэлээ хамаагүй, АНУ-ын зүгээс үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсаж цуглах зэрэг үндсэн эрхээ эдлэхийг дэмжих болно.” гээд гол нь “Бид энэхүү байр сууриа Бээжинд илэрхийлсээр ирсэн бөгөөд цаашид ч тэгэх болно.” хэмээх дипломат хариуг өгсөн юм.

Гэвч 2019 онд хоёр ч удаа Хонгонгийн асуудлаар 100 мянга хол илүү дэмжигчтэй өргөдөл гаргасан ч одоог хүртэл Цагаан ордны зүгээс тоймтой хариу өгөөгүй.

Мөн 

• 2012 онд АНУ-ын Коннектикут мужийн Сэнди Хүүк бага сургуульд 20 настай залуу гал нээж, 26 хүний амь хөнөөсөн хэргийн дараа “We the people”-оор “Бууны хяналтын хуулийг чангатгах” акц 24 цагийн дотор 100 мянга илүү санал цуглуулсан. Үүний дараа ерөнхийлөгч Барак Обама энэ асуудалд анхаарахаа мэдэгдсэн. Хэдий тийм ч өнөөг хүртэл олон удаагийн хэлэлцүүлэг, хуулийн төсөл, олон нийтийн шаардлага гарсаар бууны хяналтыг чангалж хараахан чадаагүй байна.

• 2013 онд Дижитал Мянганы Зохиогчийн тухай хуулиар хэрэглэгчид гар утасныхаа түгжээг өөрсдөө тайлахыг хууль бус болгосныг эсэргүүцэн “We the people”-оор “Гар утас түгжээгүй болгохыг хуульчлах” акц өрнөсөн. Энэ нь хэрэглэгч гар утсаараа сүлжээнээс сүлжээнд нэвтэрч болох боломжийг олгохыг шаардсан агуулгатай. Монголчилбол, Юнителийн хэрэглэгчид утсаа солихгүйгээр Мобикомын хэрэглэгч болох эсвэл АНУ-д хэрэглэж байсан утсаа өөр улсад хэрэглэх боломж. Өмнө нь гар утсанд үүнийг хязгаарласан техникийн тохиргоотой байв. Энэ акц нь 30 хоногийн дотор 114 мянган санал цуглуулж, эцэст нь хуульд өөрчлөлт орсон юм.

• 2015 онд эцэг эх нь хүчээр эмчилгээ хийлгэж, хүйс тулгасны улмаас амиа хорлосон өсвөр насны трансжендэр хүүхдийн хэргийн дараа энэ уламжлалыг халахыг шаардсан We the People акцын дараа Цагаан ордноос “Бид залуус гадаад төрх, хаанаас ирсэн, ямар хүйстэй, хэнийг хайрладгаас үл хамааран байгаагаараа үнэ цэнтэй гэж үзэж байна” хэмээх мэдэгдэл гаргасан юм. Энэ хүртэл Цагаан ордон ЛГБТК+ асуудлаар ямар нэг байр суурь илэрхийлж байгаагүй юм.

• 2015 онд сэтгүүлч Bill Maher өөрийн ТВ шоундаа ерөнхийлөгч Барак Обамаг оролцуулахад туслахыг хүсэн We the People -оор санал цуглуулсан ба эцэст нь санасандаа хүрчээ. Харин Трампын засаг гарснаар We the people-ийн өргөдлийн хариуг 2018.3 сар хүртэл огт өгөөгүй төдийгүй хэсэг хугацаанд цэсийг идэвхигүй болгож байсан. Түүнчлэн Обамагийн засгийн энэ платформд Трампын засаг хойрго хандаж буй шүүмж ч тасрахгүй буй.

Ер нь хилийн чанад дахь асуудлаар “Бид анхаарч байна. Бид үндсэн эрхийг үргэлж дэмждэг. Танай эрх баригчдад энэ байр сууриа тэгж, ингэж илэрхийлж байсан. Цаашдаа ч илэрхийлэх болно” гэх утгатай хариуг өгөх нь түгээмэл аж.

Төгсгөлд нь Өвөр Монгол хийгээд хууль зүйн утгаараа БНХАУ-ын харъяаны иргэдийн асуудалд Цагаан ордны зүгээс дээрх мэт дипломат хариунаас өөрийг өгөх эсэх нь эргэлзээтэй. Хэдий тийм ч энэ платформоор дамжуулж олон тооны санал цуглуулж буй үйлдэл нь өөрөө олон улсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татах арга болдог.

Нягталсан:

Ц.Тамир (MCIR), Ч.Бат-Уянга (Эрх зүйч),  Р.Адъяасүрэн (gogo.mn), Р.Оюунцэцэг (ikon.mn) 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
78   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох