Лхагва 2019-01-02 Дархан
Сонгогчдын боловсролд   2020-09-04

Өмгөөлөгч Н.Ариунболд: МАРГААН ДУУСАХ БОЛООГҮЙ, ДӨНГӨЖ ЭХЭЛЖ БАЙНА

Дархан-Уул аймгийн Ардчилсан намаас Дархан-Уул аймгийн Төрийн аудитын байгууллагын шийдвэрийг хүчин төгөлдөр бус хэмээн үзэж, Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэхээр болсноо олон нийтийн сүлжээгээр мэдээлж байсан. Тэгвэл тус асуудлыг өчигдөр буюу 2020 оны есдүгээр сарын 04-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, аудитын байгууллагын шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн АН нь тухайн жилийн хандивын тайлангаа хуулийн хугацаанд гаргаж өгөөгүй тул Дархан-Уул аймгийн Төрийн аудитын байгууллагаас дүгнэлт гаргах боломжгүй гэсэн ба, үүний улмаас тус намын орон нутгийн сонгуульд оролцох эрхийг аймгийн Сонгуулийн хороо хязгаарлаад байгаа юм. Энэ талаар шүүх хурлын дараа холбогдогч талуудаас тодруулав. 

Өмгөөлөгч Н.АРИУНБОЛД:

Нотлох баримтыг шинжлэх, судлах мэтгэлцээний явцад аудитын байгууллагаас “Хугацаа хэтэрсэн тохиолдолд намуудын тайланг хүлээж авахгүй байх, дүгнэлт гаргахаас татгалзах хуулийн зохицуулалт бий юу?” гэж асуухад “Байхгүй” гэсэн. Гэвч, анхан шатны шүүх Төрийн аудитын байгууллагын шийдвэрийг хүчин төгөлдөр хэмээн үзлээ.

- Бидний зүгээс шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа.

Бичиг баримтын бүрдүүлбэр дутуу буюу хугацаа хэтрүүлсэн тохиолдолд аливаа нам, улс төрийн хүчнийг сонгуульд оролцуулахгүй гэх хуулийн санкц байхгүй. Өөрөөр хэлбэл, зургаадугаар сарын 25-аас хойш тайлангаа гаргаж өгснөөр тухайн намын тайланд дүгнэлт гаргаж өгөхгүй гэх, улмаар энэ нь сонгуульд оролцуулахгүй байх үндэслэл болно гэх хуулийн зохицуулалт байхгүй. Тиймээс, энэ асуудлыг бид захиргааны шүүхэд тайлбарлаж, мэтгэлцлээ. Төрийн аудитын байгууллагаас хугацаа хэтэрсэн гэдэг үндэслэлийг хэд хэдэн удаа хэлж, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хандивын тайланд аудит хийх, дүгнэлт гаргахыг хориглосон гэлээ. Нотлох баримтыг шинжлэх, судлах мэтгэлцээний явцад аудитын байгууллагаас “Яг хугацаа хэтэрсэн тохиолдолд танайх намуудын тайланг хүлээж авахгүй байх, дүгнэлт гаргахаас татгалзах хуулийн зохицуулалт бий юу?” гэхэд “Байхгүй” гэсэн.

Гэвч, анхан шатны шүүх Төрийн аудитын байгууллагын шийдвэрийг хүчин төгөлдөр хэмээн үзлээ. Ер нь, улс төрийн намыг хандивтаа тайлан хийлгээгүй гэх үндэслэлээр сонгуульд оролцуулахгүй байх нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн хэм хэмжээ гэж бид үзэж байгаа. Төрийн аудитын байгууллагад тайлангаа өгөх, дүгнэлт гаргуулах талаар тусгасан хуулийн үндсэн үзэл санаа нь, аливаа улс төрийн нам, гэмт хэрэг, хууль бус ул мөр бүхий мөнгө авах, түүгээр үйл ажиллагаагаа санхүүжүүлсэн байхаас сэргийлсэн зохицуулалт юм. Гэтэл Дархан-Уул аймгийн АН-аас өнгөрсөн жил хагасын хугацаанд иргэн хуулийн этгээдээс нэг ч төгрөгийн хандив аваагүй, зөвхөн өөрсдийн гишүүд дэмжигчдийн хураамж, дотоод татвараар үйл ажиллагаагаа явуулж ирсэн байдаг. Энэ нь ч сая шүүх хуралдаанд гаргаж тавьсан баримтуудаар нотлогдсон. Гэтэл гаднаас нэг ч төгрөгний хандив аваагүй байхад хандивын тайлан өг гэж шаардаад, хандивын тайлангийн дүгнэлт байхгүй учраас сонгуулийн хороо бүртгэж авахгүй гэж байгаа нь хуульд нийцэхгүй. Улмаар энэ нь Монгол Улсын Үндсэн Хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, сонгох, сонгогдох эрхэд халдаж, Үндсэн хуулийн институци болох нутгийн өөрөө удирдах байгууллагын боломжийг хязгаарласан үйл ажиллагаа юм. Тиймээс бид Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн өнөөдрийн гаргасан шийдвэрийг давж заалдаж, хяналтын шатанд дахин гомдол гаргана.

Тухайн шүүх 3-5 хүний бүрэлдэхүүнтэйгээр маргааныг шийддэг учир асуудлыг хянан үзэхдээ Үндсэн хуулийн үзэл санаа, сонгох сонгогдох эрх талаас нь хандах байх гэж итгэж байна. Маргаан дуусах болоогүй, дөнгөж эхэлж байна. Цаашилбал бид ҮХ-ийн цэцэд хандаж, Дархан-Уул аймгийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хүчингүйд тооцуулах, дахин сонгууль явуулахыг шаардах, магадгүй бидний талд шийдвэр гарвал 2021 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр аймгийн ИТХ-ын сонгууль дахин явагдах магадлал өндөр байгаа гэдгийг хуульчийн хувьд энд хариуцлагатайгаар хэлье.

Дархан-Уул аймгийн АН-ын дарга Г.ГАНТУЛГА:

Сонгуулийн хорооны үйл ажиллагааны үндсэн зарчимд иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг дээдлэн ажиллана гэж заасан байгаа. Гэтэл эдгээр байгууллагууд эсрэгээрээ иргэдийнхээ нэр дэвших, сонгох сонгогдох эрхэд нөлөөлсөн үйл ажиллагаа явуулж байна.

- Өнөөдрийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь зөвхөн нэг улс төрийн намын асуудал биш юмаа. Нийт иргэдийн сонгох, сонгогдох эрхийн асуудал. Шүүх хөнгөн, гоомой шийдлээ гэж бид үзэж байна. Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн хуулийн 25.3-т хандивын дансыг баталгаажуулах, зургаадугаар сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад гаргаж өгөх ёстой гэсэн байгаа. Гэхдээ, тухайн хугацаанаас хоцорсон тохиолдолд хэрхэх, бүр сонгуульд оролцуулахгүй байх үндэслэл болно гэх ямар ч хуулийн заалт байхгүй. Гэтэл энэхүү заалтыг хэт барьж, нийт сонгогч, сонгогдогчдынхоо эрх ашгийг зөрчиж байгаа нь харамсалтай. Төрийн аудитын байгууллага, иргэд олон нийтдээ үйлчилдэг байх учиртай. Сонгуулийн хорооны үйл ажиллагааны үндсэн зарчимд ч иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг дээдлэн ажиллана гэж заасан байгаа. Гэтэл эдгээр байгууллагууд эсрэгээрээ иргэдийнхээ нэр дэвших, сонгох сонгогдох эрхэд нөлөөлсөн үйл ажиллагаа явуулж байна. Эндээс харахад төрийн алба, төрийн алба биш болж, эрх баригчдад үйлчилж байна уу гэж харагдаж байна.

Иргэн, шинээр иргэний үнэмлэх авахаар очиход бүртгэлийн ажилтан зааж, зааварлаад, дутуу бичиг баримтаа бүрдүүлээд ирэхийг зөвлөдөг. Хугацаа хоцроод ирсэн ч бүртгэхээс татгалздаггүй. Төрийн байгууллагын үйл ажиллагаа ингэж явдаг. Төр иргэддээ ингэж л үйлчилдэг. Ялангуяа шинээр гарсан хууль тогтоомжийг иргэд, байгууллагууд тэр бүр мэдэхгүй. Мэргэжлийн зөвлөгөө хэрэгтэй. Ингэж зөвлөж ажиллах нь төрийн байгууллага, тангараг өргөсөн төрийн албан хаагчийн хууль ёсны үүрэг нь. Гэтэл аймгийн аудитын газар, түүнд ажиллаж байгаа тангараг өргөсөн төрийн албан хаагчид ингэж ажилласангүй. Иргэдийнхээ эрх ашгийг чухалчлахаасаа илүү хуулийн нэг зүйл, заалтыг хэт барьж, хохироож байна. Тэгэхдээ бүр Ардчилсан намд ялгавартайгаар хандаж байна. Шүүх хуралдааны үеэр сануулж, мэдээлсэн гэх албан бичгийг үзүүлж байсан. Гэхдээ үүнийг бидэнд илгээсэн, бид хүлээн авсан гэдэг нь нотлогдсонгүй. Бид ийм албан бичиг хүлээж аваагүй төдийгүй, мөрийн хөтөлбөрөө хянуулж байх тав хоногийн хугацаанд ч бидэнд огт сануулж мэдэгдээгүй. Сая болсон шүүх хуралдааны үеэр энэ асуудал хөндөгдөж байна. Аймгийн сонгуулийн хороо мөрийн хөтөлбөрөө дутуу өгсөн намуудыг дахин дуудаж, дутууг нь авах, засуулах гэх мэт процессын ажиллагаануудыг хийдэг. Тэгвэл энэ хугацаанд бүхэл бүтэн нэг нам сонгуульд оролцохгүй болох эрсдэл үүсээд байгааг сонгуулийн хорооны ажилтнууд мэдсээр байж яагаад хэлсэнгүй вэ? Яагаад зөвхөн цаг хугацаа ярьж, бүхнийг шийдэх гээд байна?? Би энд бас нэг ноцтой асуудал дурдъя.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны зургаадугаар сарын 02-ны өдөр гаргасан А\47 тоот тушаал буюу Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн “Нам эвслээс ирүүлсэн хандивын тайланг хянан баталгаажуулж, дүгнэлт гаргах заавар” нь өөрөө хууль бус, эрх зүйн чадамжгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайлбал, тус тушаалыг гаргахдаа үндэслэсэн Төрийн аудитын тухай хуулийн 13.4.5, 13.4.7, 15.1.10 заалтууд нь 2003 оны Төрийн аудитын тухай хууль дахь заалтууд бөгөөд тус хууль нь 2020 оны зургадугаар сарын 01-ны өдөр хүчин төгөлдөр бус болж, шинэчлэгдэн батлагдсан Төрийн аудитын тухай хууль хэрэгжиж эхэлсэн байдаг. Шинэ хуульд дээрх заалтууд байхгүй. Тэгэхээр Монгол улсын Ерөнхий аудитор Д.Занданбатын 2020 оны зургаадугаар сарын 02-ны А\47 тоот тушаал нь эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бус юм. Өөрөөр хэлбэл, анхнаасаа хууль бус үүрэг өгөгдөж, тэр дагуу ажилласан гэж үзэх үндэслэл байна.  

Дархан-Уул аймгийн Төрийн Аудитын газрын дарга Ч.ЧҮЛТЭМБАТ

Харамсалтай нь Дархан-Уул аймгийн АН хуулийн хугацаанд багтааж хандивын тайлангаа ирүүлээгүй. Тиймээс төрийн аудитын байгууллага хуулиараа дүгнэлт гаргах бололцоогүй болж байгаа.

- Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Дархан-Уул аймгийн АН-ын зүгээс төрийн аудитын байгууллагад хоёр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага өгсөн байгаа. Үүнд, нэгдүгээрт 2020 оны долдугаар сарын 10-нд Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газраас өгсөн албан бичгийг хүчингүй болгуулах, хоёрдугаарт Дархан-Уул аймгийн АН-ын хандивын тайланд дүгнэлт гаргуулахыг Дархан-Уул аймгийн төрийн аудитын газарт даалгах гэсэн. Энэ дагуу захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаж, Ардчилсан намын зүгээс өгсөн дээрх хоёр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

- Дуусгавар болсон хуулийг үндэслэж гарсан Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны зургаадугаар сарын 02-ны тушаал нь эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бус гэх асуудлыг Ардчилсан намын зүгээс ярьж байна. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

- Энэ бол тухайн асуудалд хамааралгүй зүйл. Яагаад гэвэл, аймаг нийслэл орон нутгийн ИТХ-ын хурлын тухай хуулийн 25.3.6-д тухайн нам ээлжит сонгуульд оролцохоор бол зургаадугаар сарын 25-ны дотор хандивын тайлангаа төрийн аудитын байгууллагад хүргүүлэх ёстой хэмээн заасан байдаг. Тус заалт мөн хуулийн 37.7-оор баталгааждаг. Харамсалтай нь АН-ын зүгээс энэ хугацаанд багтааж хандивын тайлангаа ирүүлээгүй. Тиймээс төрийн аудитын байгууллага хуулиараа дүгнэлт гаргах бололцоогүй болж байгаа юм"  гэв.

Дархан-Уул аймгийн Ардчилсан нам, аймгийн сонгуулийн хорооны шийдвэрийг мөн хууль бус хэмээн үзэж шүүхэд хандаад байгаа юм. Тус асуудлыг хэлэлцэх захиргааны хэргийн шүүх хурал ирэх долоо хоногт болохоор товлогджээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
245   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох