Лхагва 2019-01-02 Дархан
Хүний түүх   2020-05-15

НИЙГМИЙН ЭМЧ

Охид бол гайхамшигтай ертөнц. Гүнж адил эрхэмсэгхэн орших тэдний нүдэнд гуниг бүү хураасай!

\Зураг 1. “ГҮНЖ” төвийг үүсгэн байгуулагч Ч. Ундрах\

Эмэгтэй хүүхэд болж төрснийхөө төлөө эрх нь зөрчигдөж буй олон мянган охидын амьдралыг бодитоор өөрчлөхөөр сэтгэл зүрх, зориг шулуудан өнөөдрийг хүртэл тууштай тэмцэж буй бүсгүй бол “ГҮНЖ” төвийг үүсгэн байгуулагч Ч.Ундрах юм.

Түүнтэй уулзаж ярилцахаар би хотын төвийн нэгэн кафед цаг тохиров. Тэр аль хэдийн ирчихсэн өөртөө кафе захиалчихсан зогсож байлаа. Уг нь би түүнийг кофегоор дайлахаар урьсан юмсан. Намайг чиглэн том дүрлэгэр нүдээрээ асуусан харцаар дөхөн ирэх тэр бүсгүйг би "Ундрах уу?.." хэмээн танимхайран мэндэллээ. Бид хоёр ингэж танилцсан юм. Өөдөөс ширтэн суух турьхан, бас намуухан дуутай энэ бүсгүйтэй ярилцаж суухад хүмүүсийн дуусаж дундрашгүй сонирхолтой түүхүүдийн амьд гэрч нь гэлтэй. Тэр бол охидын эрхийг хамгаалагч. Амьдралд дөнгөж хөл тавьж буй цэцэг цэврүү шиг охидыг хүчирхэгжүүлэн төлөвшүүлэхэд чиглүүлэгч Нийгмийн ажилтан хэмээх мэргэжлийг сонгосон нь түүнийг Гүнж төвийг үүсгэн байгуулахад хөтлөсөн ажээ.

Гүнж төв нь 17 жилийн туршид тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа жирэмсэн болон хүүхэд төрүүлсэн өсвөр насны охид, мөн мэргэжил, боловсрол, орлогогүй залуу охид хөвгүүдэд сэтгэл зүйн болон амьдрах ухааны, эрүүл мэндийн, төрийн үйлчилгээний талаарх бүхий л зөвлөлгөө, мэдээллийг үнэ төлбөргүй өгдөг.

Нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх замаар тэднийг чадваржуулах, өсвөр үеийнхнийг болзошгүй бэрхшээлтэй асуудлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажлуудыг Гүнж төвийнхөн хийсэн байна. Нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэх энэхүү төв нь охидыг чадваржуулах болон гэгээрүүлэх сургалтанд хамруулахаас гадна “Хүчирхэг хөвгүүд” гэх мэт хувь хүний хөгжлийн олон сонирхолтой хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг. Мөн "Гүнжээгийн клуб"-ыг дэргэдээ ажиллуулан залуу нийгмийн ажилтнуудыг мэргэшүүлэх хөтөлбөрийг хийдэг. “Нийгмийн ажилтан нь зөвхөн сайхан сэтгэлтэй хүн бүрийн хийдэг ажил биш, зүрх сэтгэлээ зориулж сонгодог мэргэжил” хэмээн Ундрах бардамхан хэлэх дуртай.

Гүнж төвийнхөн тэднийхийг зорин ирсэн охиддоо зөвхөн тухайн нөхцөл байдлыг нь даван гарахад нь туслахаасаа илүү бие даасан хүчирхэг эмэгтэй болж нийгэмд байр сууриа олон төлөвшихөд нь туслахыг гол зорилгоо хэмээн үздэг. Хамгийн чухал нь тэдэнд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудыг үнэ төлбөргүй зохион байгуулж, өрхийн орлого багатай,  эмзэг бүлгийн, хүүхэд төрүүлсэн, 20 хүртэлх насны өсвөр насны охид, залуу эхчүүдийг “Футур” сургалтын төвд хүссэн мэргэжлийнх нь  дагуу сургаж, мэргэжил эзэмшүүлдэг.

Тэдний нэг нь гоо сайхны хувийн салоныг эрхлэн ажиллуулдаг О. (нэрийг нь товчлов) юм.

Уг салоны үйлчилгээний тухай бусдын ам дамжуулан ярьсан зөвлөлгөөнөөс би сонссон тул ихэд олзуурхан түүнийг зорин очив. Уриалгахан залуухан бүсгүй намайг инээмсэглэн мэндчилж, үйлчилгээгээ товч тодорхой танилцуулсаар угтлаа. Тэр хувийн салон ажиллуулахаас гадна солонгос гоо сайхны бүтээгдэхүүний дэлгүүрийг хавсран эрхлэдэг гэв. Ажилдаа мэриймтгий чин сэтгэлээсээ дуртай нь түүний хурдан шаламгай хөдөлгөөнөөс андашгүй. Хувийн амьдралынхаа тухай нээлттэй бас бардамхан ярих түүний ярианаас орчин үеийн охидын өөртөө итгэлтэй, өмнөө тавьсан зорилгодоо алхам алхмаар хүрч, хүч хөдөлмөр зарцуулсан энэ ажилдаа сэтгэл хангалуун байдаг нь илт мэдрэгдэж байв. Яагаад ч юм тэр охиноор бахархах, бас бяцхан атаархах сэтгэл төрж, яаж ийм амжилтанд  хүрснийг нь лавшруулан асуулаа. Тэр сурч боловсрох хориодхон насандаа хоёр хүүхдийн ээж болж, ажилгүй орлогогүй, ирээдүйн амьдралдаа сэтгэл зовнисон хүнд үеүдийг даван туулжээ. Түүний энэ амьдрал хэрвээ тэр хэвээрээ удаан үргэлжилсэн бол хоёр хүүхдийнх ирээдүйг нь юу хүлээж байсан бол? Харин тэр охидын эрхийг хамгаалах Гүнж төв дээр очсон байна. Угаас хөдөлмөрч, дайчин охин Гүнж төвийн чадваржуулах сургалтанд хамрагдан, өөрийн гэсэн мэргэжилтэй болохоор чармайн зүтгэжээ. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үгийг өөртөө дахин дахин сануулан бусдаас эртлэн ирж, хамгийн сүүлд сургалтын төвөө орхидог байв. Түүнийг төгсөхөд төвдөө үлдэн багшаар ажиллах ч санал тавив. Харин тэр өөрийн гэсэн салонаа байгуулахаар зориг шулууджээ. Зүтгэсний эцэст амжилт заавал ирдэг. Тэр одоо том охиноо хувийн сургуульд оруулсан. “Миний охин бусдаас дутахгүй цэвэрхэн гоё хувцаслаж, ангидаа сурлагаараа толгой цохидог сурагчдын нэг” хэмээн бахархан ярина.  Бас тэр машин авсан. Одоо түүний дараагийн зорилго гурван өрөө байр гэнэ. Хэдийгээр тэр одоогоор гэр хороололд амьдардаг ч охидуудаа хэзээ ч утаа тортог үнэртүүлэн муухай хувцаслуулах дургүй. Түүний тэгээс эхэлсэн бизнес хэдийнээ байнгын үйлчлүүлэгчидтэй болжээ. Өөрийн гараар босгосон сайхан ирээдүйдээ сэтгэл хангалуун энэ охинтой ярилцахад сэтгэл нэг л цэлмээд явчихав.  “Хүн хэн байснаа мартаж болохгүй. Харин юунд хүрэх гэж буйгаа байнга санаж, түүнийхээ төлөө тууштай зүтгэвэл юуг ч бүтээж чаддаг гэдгийг би хүүхдүүддээ дандаа захьдаг. Миний охид англиар ярьдаг. Тэдний ирээдүй надаас ч гоё байна гэдэгт би итгэлтэй байна” хэмээн ярих тэр охин Гүнж төвийн үүсгэн байгуулагч Ундрахaд баярлаж талархснаа дахин дахин дурдана. “Хэрвээ би энэ төвийг олж очоогүй, Ундрах эгчтэй таараагүй байсан бол амьдралдаа хөлөө олоход үнэхээр хэцүү үе байсан. Энэ төвийг эртхэн мэдсэн байсан бол энэнээс ч илүү амжилттай явах байсан” гээд инээмсэглэв.

(Зураг 2. Ундрах Гүнж төвд)

Энэ охины  төдийгүй өөр олон охидын амьдралыг Гүнж төвийнхөн орвонгоор нь өөрчилжээ. Тэднийхээр үйлчлүүлсэн охидоос одоо барилгын инженер, хувиараа бизнес эрхлэгч, эрүүл мэндийн болон нийгмийн ажилтнууд ч олноор төрөн гарсан байна. Бидний өсвөр үеийнхний өсөн дэвжих хувь хүний хөгжилд үнэ цэнтэй хувь нэмэр оруулж буй Гүнж төвийн гүйцэтгэх захирлын ажлаа сайн дурын ажилтнаас нь эхлээд өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж буй Э.Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгчээ. Эрдэнэцэцэг Ундрахыг өөрийн ментор хэмээн хүндэлнэ. Бусдад чин сэтгэлээсээ туслахыг сайн дурын ажлаас илүүтэй мэргэжлийн түвшинд салбартаа нотлож яваа нийгмийн ажилтан мэргэжлийг эзэмшсэн Эрдэнэцэцэг ТББ-ын хүнд хэрнээ хэзээд хүний төлөө байдаг энэ ажлыг нугалахад Ундрах эгч миний ар талд баттай зогсдог. Ямар ч асуудалд чин сэтгэлээсээ хандаж, сайн сонсогч, бас зөвлөгч болдог гайхалтай чанартай. Ер нь их шулуухан хүн дээ, өөрт нь таалагдахгүй юмаа шуудхан хэлчихдэг, тэр нь ч надад их амар байдаг. Худлаа дүр эсгэдэггүй хэмээн бахархан ярина .

Айлын ганц охин Ундрах багаасаа л иргэний нийгмийн ажлын нарийн ширийнийг ээжийнхээ ажилд туслах явцдаа хүссэн хүсээгүй мэдэж авчээ. Түүний ээж Ч.Чинчулуун гэх хуульч мэрэгжилтэй, иргэний нийгмийн байгууллагад насаараа зүтгэж яваа, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч дайчин эмэгтэй бий. Ээжийгээ миний үлгэр дуурайл хэмээн ярих Ундрах оюутан байхаасаа л мэргэжлийнхээ дагуу Гүнж төвөө нээсэн нь түүнийг хувь хүн болон төлөвшихөд нь ч ихээхэн нөлөөлжээ. Нэг л мэдэхэд хүнд туслачихсан гүйж явдаг охин хүний эрхийг зөрчсөн асуудлын хажуугаар зүгээр өнгөрч чадахаа больжээ. Одоо өөрийнх нь охины сургууль дээр тохиолдсон асуудалд ч, өөр бусдын эрхийг зөрчсөн үйлдэлд ч нэг л мэдэхэд хутгалдчихсан, хуримтлуулсан мэдлэг туршлагаасаа хуваалцахыг хичээж явна. “Бидний өдөр тутмын амьдралыг хүндрүүлж буй хүний эрхийг зөрчсөн үйлдлүүд нь ихэнхидээ энэ талын мэдлэг дутуугаас болдог тул хүмүүст зөв ойлголт түгээхийг үргэлж эрмэлздэг” хэмээн Ундрах даруухан хэрнээ шийдэмгийгээр хэлээд яриагаа төгсгөлөө.

(Зураг 3. Ээжийнхээ зурагны хажууд авахуулсан)

Амьдралд дөнгөж хөл тавьж буй гэнэн цайлганаараа охидод асуудлууд заримдаа өөрсдөөс нь огт шалтгаалаагүй байхад тохиолдох нь бий. Бэлгийн хүчирхийлэл, хүсээгүй жирэмслэлт... хэнд хандахаа мэдэхгүй төөрч будилан явахад нь нийгмийн ажилтнууд тэдэнд авралын гараа сунгадаг. Хувь хүний өөрөөсөө ч нуудаг асуудлуудыг нь илчлэн ярилцаж, итгэлцэл бүтээн, тэдэнд асуудлыг нь тайлбарлан таниулж, юунаас, яагаад болсныг нь тодорхойлж, задлан шинжилсний үндсэн дээр хүндхэн үеийг нь хөнгөвчлөхөд туслах янз бүрийн дэмжлэг хөтөлбөрүүдийг санал болгон асуудлыг нь хамтран шийдэлцдэг нийгмийн ажилтнууд бол хүний төлөөх халуун зүрхтнүүд ажээ. Хүчирхийлэлд автаад хэнд хандахаа мэдэхгүй мэгдэж сандарч яваа охин хүний эрхийн талаарх мэдлэг байтугай өөрийгөө ч хэрхэн хамгаалахаа мэдэхгүй байх нь энүүхэнд.

Хувь хүнд тохиолдсон энэ эмзэг асуудал нь нийгэмтэйгээ салшгүй холбоотой байдаг тул тэрхүү хүнд асуудалд хэрхэн хутгалдсан учрыг нь олох, түүнийг нь хэрхэн шийдэх гарцыг хайх, хэнтэй холбогдож, хэнээр шийдүүлж, хэрхэн туслаж болох гээд арга замыг олж, зохицуулж өгөх ажлыг нийгмийн ажилтнууд хийдэг. Аливаа асуудалд орсон хүн сэтгэл санааны хувьд тогтворгүй болж, амьдралаа зохицуулах нь бүү хэл ажил ч хийх хүсэл сонирхолгүй болох нь бий. Сэтгэлзүйч тухайн хүний сэтгэлзүйн асуудлын тайллыг олохоор ажилладаг бол харин нийгмийн ажилтан тухайн хүнд тохиолдоод буй тэрхүү асуудлыг бүтнээр нь харахыг хичээдгээрээ илүү өргөн хүрээтэй ажилладаг гэж болно.

Эмчээр төсөөлвөл, зүрхний эмч зөвхөн зүрхийг нь л эмчилдэг бол нийгмийн ажилтан тэрхүү хүний бүтэн биеийг нь бүхэлд нь зөв оношлоод, дараа нь зүрх нь юунаас болж өвдөв, өвчний шалтгаан нь юу байв, бусад эрхтнүүдэд нь нөлөөлсөн эсэх, хэр хор уршигтай байж болзошгүй, ирээдүйд ямар эрсдэл гарахыг хүртэл тооцож, өвтчтөнд зөвлөлгөө өгнө гэсэн үг. Ингээд бодохоор хувь хүний асуудлыг цогцоор нь зөвлөж, заан чиглүүлж, амьдралд нь хөтлөж явах тэднийг Нийгмийн эмч хэмээн бахархан нэрлэмээр.

(Зураг 4. Уралдаанд түрүүлсэн охидын хамт)

Хэдийнээс хүмүүс нэг нэгэндээ харамгүй тусласаар ирсэн ба орчин үед сайн санааны тусламжийн аян харьцангуй боловсронгуй болжээ. Харин бусдад туслах энэ ажлыг зөвхөн материаллаг байдлаар л харах нь элбэг ажиглагддаг. Тухайлбал, 15 настай охин жирэмсэн боллоо гэж бодоё. Хэн түүнийг жирэмсэн болгосон, эцэг эх нь охиндоо хэрхэн хандаж байсан, төрсний дараа тэр хүүхдээ хэрхэн өсгөх, дахин ийм асуудалд орвол хэрхэн даван туулах вэ гэх мэт тухайн охиныг сургах, мэдлэг өгөх, улмаар амьдрал дээр өөртөө итгэлтэй, өөрийгөө бусдын өмнө илэрхийлэх чадвартай хүчирхэг хувь хүнийг төлөвшүүлэхэд нэг удаагийн сайн дурын ажил хангалтгүй. Харин урт удаан хугацаанд бодлогын түвшинд ажиллаж, судалгаа шинжилгээ хийсний үндсэнд дээр шийдэл санал боловсруулж,  илүү дээр гаргалгааг хүртэл бодож сэтгэж үргэлж бусдын төлөө сэтгэлээ чилээн явдагтаа бүүр дасчихжээ. Заримдаа миний сул тал нь ажилдаа хэтэрхий их анхаарлаа хандуулаад хувийн амьдралаа хаячихсан яваа мэт санагддаг” хэмээн намуухан зөөлхөн ярих түүний яриа одоо ч миний чихэнд сонсогдсоор сэтгэлд нэг л дулаахан хоногшин үлдсэн билээ.

Ундрах бол харахад турьхан боловч үржил шимт хөрсөндөө үндсээ бат суулган эгц ургаж буй анхилам үнэрт цэцэг мэт бүсгүй ажээ. Бидний амьдарч буй энэ л нийгэмд ийм л хүмүүс мөр зэрэгцэн амьдарч байдаг гэж бодохоор харанхуй шөнө ч айдасгүйгээр алхмаар тийм их зориг надад гэнэтхэн төрсөн юм даа.

Сэтгүүлч М. Тунгалагтуяа

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Ээж (139.5.218.27)
    Сайхан үйлстэй бүсгүйчүүдэд ажлын амжилт хүсье, олон охидын гэрэл гэгээ, сайхан ирээдүй нь шүү
    2020 оны 05 сарын 23 | Хариулах
  • Уншигч (202.21.115.34)
    Хүний эрхийн хамгаалагчдын төлөө мөнгөнөөс илүү сэтгэлээ зориулдаг тэдний тухай сайхан бичжээ!
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
1393   2
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох