Лхагва 2019-01-02 Дархан
Гэрлээ асаая   2020-05-15

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДӨР

Өнөөдөр гэр бүлийн өдөр. Жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг дэлхий нийтээр 1994 оноос, Монгол Улс 2003 оноос "ГЭР БҮЛИЙН ӨДӨР" болгон тэмдэглэж ирлээ. Энэ өдөр нь гэр бүлийн талаарх ойлголт болоод гэр бүлд нөлөөлж буй нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн асуудлын талаар ярилцах, ойлгох, мэдлэгийг түгээх зорилготой.

НЭГ. ГЭР БҮЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Гэр бүлийн өдрийг тэмдэглэхдээ бид "Гэр бүл гэж яг хэн бэ?" гэдгийг бодох ёстой. Гэр бүлийг өдгөө уламжлалт болон уламжлалт бус байдлаар тодорхойлж байна.

- Уламжлалт гэр бүл нь цусаар холбогддог, "аав-ээж-хүүхэд" гэсэн бүтэцтэй.

- Уламжлалт бус гэр бүл нь зөвхөн цусаар холбогдоогүй, "аав-аав-хүүхэд", "ээж-ээж-хүүхэд", "аав-хүүхэд", "ээж-хүүхэд", "эмэгтэй-эрэгтэй хос", "эмэгтэй-эмэгтэй хос", "эрэгтэй-эрэгтэй хос" гэх зэрэг олон янзат бүтэцтэй. Үүнээс гадна "өргөтгөсөн гэр бүл" буюу хос+эмээ, өвөө+салсан хос гээд харилцааны олон хэлбэрүүд ч агуулагдаж байна.

Үүнийг ойлгож, өөрийн гэр бүлээ болон бусдын гэр бүлийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөхийг цаг үе шаардах болжээ. Гэр бүл гэдэг нь зөвхөн "эцэг-эх-хүүхэд" гэсэн бүтцээр байдаггүйг хаа, хаанаа хүлээн зөвшөөрвөл ядаж дараах үзэгдэл гарахгүй юм. Үүнд:

1. "Эцэг, эхийн хурал" биш "Асран хамгаалагчдын хурал" гэж зарлаж байх болно. Эцэг, эхгүй хүүхэд зөндөө.
2. Сургууль, цэцэрлэгт ээжүүдийн, аавуудын баяр тэмдэглэх, хүүхдүүдээр ээж, аавдаа зориулсан бэлэг хийлгэх зэргээр явцуурахаа болно. Аав, ээжийн нэг нь байхгүй, аль аль нь байхгүй хүүхэд зөндөө.
3. "Элэг бүтэн гэр бүл" гэх мэт сошиал аян өрнүүлж, "аав-ээж-хүүхэд" гэсэн бүтэцтэй гэр бүлийн зургаараа давалгаалахгүй болно. Хагацлын өмнө хэн ч буруугүй билээ.
4. Нэг дээврийн доор хамт амьдарч буй "аав-ээж-хүүхэд" бүхий гэр бүлийг л "гэр бүл" хэмээн тодорхойлдгоос болж энэ бүтцийг хэлбэрийн тулд авч үлдэхийн төлөө, нийгэмд тогтвортой гэр бүлтэй харагдахын тулд олон, олон хүн айдас, хүчирхийллийг тэсч байна. Гэр бүлийн талаарх ойлголтыг өргөтгөснөөр ийм зүйлээс бага ч болов ангижирна.
5. Ганц бие эцэг, эхийн тоо манай улсад гэлтгүй дэлхий нийтээрээ өсч байна. Иймд ийм гэр бүл, энэ гэр бүлд өсч буй хүүхдийн нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх боллоо. Харин манай улсад?

 

ХОЁР. ГЭР БҮЛ ба КОВИД-19

КОВИД-19 цар тахал нь хүн төрөлхтөнд гэр бүлийн талаар ахин эргэцүүлэх боломж олгож байна.

Бид хөл хорионд орохдоо гэр бүлтэйгээ л хамт орлоо.
Бид вирусээр өвчиллөө гэхэд ойрын эрсдэлт хүмүүс нь гэр бүлийнхэн байна.
Бид нийгмээс зай барихдаа гэр бүлээсээ зай барьсангүй. Хаалганыхаа цаана гэр бүлтэйгээ л хөл хоригдлоо. Өчигдөрхөн дэргэд байсан нэгэн маань өнөөдөр алга. Гэнэт л аюулт вирус тэднийг авч оджээ.

Үүн шиг жаргал, зовлон, инээд, нулимсны алинд ч "гэр бүл" л хамт байдгийг сануулж, цаашдаа гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэх талаар бодуулж байна.

Мөн түүнчлэн энэ цар тахал нь угийн эмзэг байдалтай гэр бүлд бүүр ч хүндээр тусч буй тул тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх, хөрөнгө оруулахын чухлыг НҮБ онцолжээ. Энэ үед:

- Орлого бага эсвэл орлогогүй гэр бүл;
- Орон гэргүй эсвэл орон гэргүй болоход ойрхон буй;
- Хамгаалах байранд амьдарч буй;
- Гэр бүлийн хүчирхийлэлд амьдарч буй;
-Бага насны хүүхэд, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай гишүүдтэй гэр бүлүүдэд үзүүлэх тусламж, дэмжлэг, анхаарал халамжийг сайжруулах ёстой гэжээ

Гэр бүлийн талаар ахин нэг эргэцүүлж, өөрийн гэр бүлдээ цаг, хайр халамжаа зарцуулж харин дээр дурдсан эмзэг байдалтай гэр бүлүүдэд тусалж, дэмжиж ГЭР БҮЛИЙН ӨДРӨӨ тэмдэглэцгээе.

ХҮНДЭТГЭСЭН: 
"УЛБАР" сошиал хуудас 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
193   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох