Лхагва 2019-01-02 Дархан
Хүний түүх   2019-08-18

ТҮҮХ ТӨГСӨӨГҮЙ...

    Ахархан цаг үедээ “томдож” явсан Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын түүх, амьдрал, тэмцэл одоо ч үргэлжилсээр. Түүнийг үгүйсгэгсэд, нулимагсдын шүлс үсчих ч түмэн олон Монголчуудын цээжинд Чойномынх гэх шүлгийн шад мөрүүд мөнхөд хадаастай. Хэлмэгдлийн зовлонг хангалттай эдэлж, тэр сүүдэр өдгөө ч амьдрал ахуйнд нь нөлөөлсөөр байгаа Чойномын Мөнхтэмүүлэн гэх охин үрийнх нь сэтгэлийн гүнд нэвтрэх амаргүй байлаа. Түүнийг чагнан, түүнийг ойлгож байгаа эсэхээ тунгаан, басхүү өөрийн сэтгэлийг чагнан, хааяа огшиж, хааяа эмээж, хааяа нулимсаа нэрэн хүүрнэснээ уншигч танаа хүргэе...

НЭГ. Яг аль шүлэг нь надад зориулж, намайг бодож бичсэн болохыг мэдэхгүй ч “Охиндоо...” гэсэн шүлэг бүрийг нь би надад зориулсан гэж би боддог.

ААВЫГАА ХЭР МЭДЭХ ВЭ? ТОД ҮЛДСЭН ДУРСАМЖ БИЙ ЮУ?

- Ер санадаггүй юм. Бодвол харж л байсан байх. Намайг хоёр нас гарантай байхад бурхан болсон юм билээ. Энд тэндээс аавынхаа зургийг цуглуулж, интернэтээс амьд дуу хоолойг нь сонсч, шүлгийг нь уншаад ийм хүн байж дээ л гэж боддог. 2014 онд Хэнтий аймгийн Дархан сум буюу аавынхаа төрсөн нутагт “Оюухай” шүлгийн наадмаар очоод, наадамд оролцогчийн хувиар биш охиных нь хувиар шүлэг уншсан. Аавынхаа нутгийн тайзан дээр, өөрийн шүлэг зохиолоос уншсанаа их том хэрэг бүтээлээ гэж бодож байгаа. Ямар ч байсан үр хүүхэд нь болж төрсөн би өөрийн дуу хоолойгоо өргөөд ирсэн.

ЭЭЖ ТАНЬ ААВЫНХ НЬ ТАЛААР ХЭРХЭН ДУРСАН ЯРЬЖ БАЙСАН БЭ?

- 1990 оноос өмнө огт юу ч ярьдаггүй байсан. Намайг хамаагүй хүн амьтанд ярьчихна гэж айдаг байсан шиг билээ. Ээж минь намайг “наагаагүй захиа” шиг гэдэг байсан. Чихээрээ оруулснаа амаараа гаргачихдаг хүүхэд байсан болохоор надад юу ч ярьдаггүй байсан байх. Хэрвээ эсэргүүний хүүхэд гээд мэдчихвэл хэцүү. Тиймээс ч сургуульд ороход минь хүртэл ааваар овоглоогүй. Ээж, ааваас хойш нэг цэргийн даргатай суусан юм. Тэр хүнээр хэсэг овоглож байгаад ээжээрээ, сүүлд нагац ахаараа хүртэл овоглож байлаа. Хааяа нэг аавын тухай асуухаар хэлдэггүй, дүйвүүлээд л өнгөрөөчихдөг байсан.

Хойд эцгийнхээ амнаас “Эсэргүүний шээс” гэхийг олон удаа сонсч байсан. Яг хэн гэдгийг нь мэдэхгүй ч зохиолч аавтай, тэр хүн он сар буруу бичээд шоронд орчихсон юм байна л гэж ойлгодог байв.

ОХИН НЬ ГЭДГЭЭ ОГТ МЭДДЭГГҮЙ БАЙСАН ХЭРЭГ ҮҮ?

- Хойд эцгийнхээ амнаас “Эсэргүүний шээс” гэхийг олон удаа сонсч байсан. Яг хэн гэдгийг нь мэдэхгүй ч зохиолч аавтай, тэр хүн он сар буруу бичээд шоронд орчихсон юм байна л гэж ойлгодог байв. Шүлэг бичдэг гэдгийг нь цагаадсаных нь дараа л мэдсэн. Улс төрийн эсэргүүн гээд ар гэрийг нь ч тайван байлгадаггүй, үргэлж хэнтэй уулзаж байна, юу хийж байна гэж тагнаж, байнгын хяналтан дор байсан үе шүү дээ. Манай ээжийн ээж Оросоос орж ирсэн Буриад хүн байсан юм. Тэр үед Буриадууд ч маш ихээр хэлмэгдсэн. Хэлмэгдлийн аюулыг сайн мэддэг болохоор “Ганц охин нь эсэргүүнтэй холбогдчихлоо” гээд их айдаг байсан юм билээ. Эмээгийн маань дүү зохиол оролддог, бичдэг хүн байж. Бас хэлмэгдэж, гэрийг нь нэгжиж, хянадаг байсан гэсэн. Энэ мэтээс болоод ээж өөрөөсөө бүх зүйлийг холдуулж, нуусан байх. Аавын нэг ч зураг манайд байдаггүй байв. Би бүүр сүүлд “Сүмтэй бударын чулуу” номыг нь гарахад л аавынхаа зургийг харж, ийм хүн юм байж дээ гэж мэдсэн.

ЦАГ САЙХАН БОЛСНООС ХОЙШ ЭЭЖ ТАНЬ ААВЫНХ НЬ ТУХАЙ ИЛҮҮ ИХИЙГ ЯРЬЖ, ДУРССАН БОЛОВ УУ. ТЭР ДУРСАМЖУУДЫН ДУНДААС ХАМГИЙН ИХ СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭСЭН ДУРСАМЖ ЮУ БАЙДАГ БОЛ?

- /Тэрбээр хэсэг чимээгүй суугаад ... хоолой нь чичирхийлэн/  Аавын тухай ярихдаа их халамжтай, цэвэрч, хоол сайхан хийдэг хүн байсан гэсэн. Харин гараад явахаараа хаашаа явсан нь мэдэгдэхгүй хэд хоногоор алга болчихдог. Нэг л өдөр ороод ирдэг байсан гэж дурсдаг байлаа. Талийгаач зураач Я.Үржнээ гуайтай аав ээж хоёр их дотно, нэг хэсэг тэднийд амьдарсан юм билээ. Нэг удаа надад хэлж байсан. Аавын тухай нэг кино байдаг даа. Тэр кинонд их буруу гаргасан гэж. “Чойном согтохоороо ер согтож байгаа нь мэдэгддэггүй, гуйвж дайвж явдаггүй, бүжиглэдэггүй, бүжиглэж байгаа хүмүүсийг хараад л тамхиа татаад л сууж байдаг” гэж хэлж байсан.

ЭЭЖИЙНХЭЭ ТАЛААРХ ДУРСАМЖААСАА ХУВААЛЦАХГУЙ ЮУ?

- Ээжийг маань Туул гэдэг. Орос хэлний багш хүн байсан юм. 1998 онд бурхан болсон доо. Оюутан байхад нь “Дөрвийн /тухайн үеийн хамгийн хямд үзэг буюу дөрвөн төгрөгний үнэтэй/ үзгээр бичлээ. Манай социалист системийн сэхээтний нэр төрийг гутаах гэлээ. Багш хүн ийм үзгээр бичих ёсгүй. Энэ эсэргүүний эхнэр сэхээтний амьдралыг уруу дорой гэж харуулах гэж байна” хэмээн донгодож байсан гэдэг. Элдэв янзаар хавчиж байж л дээ. Сүүлд ардчилал гарч, аав цагаадсаны дараа ч, ээж минь намайг ааваар овоглоход “хүүхэд нь биш” хэмээн элдвээр хэлж, доромжилж байсан. Хөөрхий давхар хэлмэгдсэн юм шүү дээ. Цаг хэцүү тэр үед ээж, аавын хайрцаг дүүрэн ном, гар бичмэлийг Хэнтийд байдаг Нармандах гэж хүнд нууцаар хадгалуулсан юм билээ. Тэгээд 1990 онд аавыг цагаадахад, гар бичмэлүүдийг нь ном болгоё гээд очиход Ш.Сүрэнжав гуай аль эрт аваад явсан байсан гэдэг. Ихэнх нь тэр гар бичмэлүүдээс бүрдсэн “Сүмтэй бударын чулуу” номыг нь хүмүүс сайн мэднэ. Бас ээж, аавыг “Төрийн соёрхол хүртэх ёстой. Ард түмэн ч хүлээн зөвшөөрдөг. Мөн ардчилсан үзэл санааг анх ард түмний цээжинд асаасан хүн” гээд хөөцөлдөж байхад, хүмүүс “Туулаа, дэмий. Одоо нэгэнт өнгөрсөн. Төрийн шагнал авлаа гэхэд юу хожих юм” гэдэг байж. Харин ээж “Үгүй ээ, түүхэнд Төрийн соёрхолт гэж үлдэх ёстой” гэж зүтгэсээр байгаад гавъяа шагналд нь хүргэж байсан юм. Тэгэхэд дараа нь “Төрийн шагналынх нь мөнгийг Туул гэдэг авгай булаацалдлаа” гээд л, хэлэх хэлэхгүй үгээр дайрч, муу л бол хойд захын хар овоохой гэдэг шиг ээжийг минь муу бүхнээр хэлсэн дээ. Аав ээж хоёрыгоо би амьд сэрүүндээ муулуулж, адлагдаж явсан ч, нас барсан хойноо олон хүнийг насан туршид нь “тэжээх” үйлтэй, буянтай улс байж дээ гэж хааяа боддог юм.

ЭЭЖ ТАНЬ ЭНЭ БҮХНИЙ ТАЛААР ЮУ ГЭЖ ЯРЬДАГ БАЙСАН БЭ?

- Ээж минь сэтгэлдээ их л шаналж байсан байх. Элдэв юм ярихгүй л дээ. Гэхдээ “Охин минь чи хазгай гишгэх ёсгүй. Яагаад гэвэл чи их “том” хүний хүүхэд шүү” гэж үргэлж захидаг байв. Би заримдаа “Зүгээр л нэг жолоочийн хүүхэд байхгүй яав даа. Ямар их үүрэг хариуцлага вэ. Яасан хэцүү юм бэ..., Хүмүүс намайг хүүхэд нь биш гээд байхад. Би өөрийнхөөрөө ч байж чадахгүй” гээд л боддог байлаа. Ээжийнхээ хүссэн шиг тийм мундаг хүн болж чадаагүй ч, бусдад мууг хийхгүй, зөв цагаан мөртэй амьдарч явна л гэж боддог доо. /Тэрбээр нэлээн хямарч байх шиг... Гар нь чичирхийлж, суудлаасаа өндийн юм уухаар босов/

ЭЭЖИД НЬ ЗОРИУЛЖ БИЧСЭН ШҮЛЭГ, ЗАХИДАЛ ГЭЖ БИЙ ЮУ?

- Ботиуд дээр нь ээжийг янз бүрээр бичсэн байна билээ. Ном зохиолыг нь шатаасан, аавын ээжид гар хүрсэн гэж захиа бичсэн гээд л. Хэн мэдэхэв, хүмүүсийн хооронд юу ч болж байсан юм. Гэхдээ ямар ч байсан ээж минь аавыг огт муулж ярьдаггүй, их сайн хүн байсан л гэж дандаа магтан ярьдаг байсан. Би бодохдоо, магадгүй аавын захиаг задалж уншдаг, хянадаг байсан болохоор, тийм байдлаас хамгаалах гэсэндээ албаар тэгж муу хэлж байсан юм болов уу гэж боддог. Тэгэхгүй бол эсэргүүнийхэн гээд зовоочихно гэж бодсон байх. Саяхан хэвлэгдсэн 7-р ботид нь Туулд гээд шүлгээр эхэлж бичиж байгаад дунд хэсэгт нь “Энэ захидлыг шүлгээр дуусгах гэсэн боловч болсонгүй” гээд, үргэлжилсэн үгээр дуусгасан захиа байдаг юм. Тэр захидалд “Их хайртай” гээд “Урьд нь хэзээ ч ингэж хайрлаж дурлаж байсангүй. Ийм сайхан хайртай учирч байсангүй” гэж бичсэн байсан.

ОДОО ИНГЭЭД ААВ, ЭЭЖ ХОЁРЫНХОО АМЬДРАЛЫГ БОДОХООР ЮУ БОДОГДОХ ЮМ?

- Хэлмэгдсэн! Нийгмийнхээ золиос болсон хүмүүс. Ээж минь ч бас давхар хэлмэгдсэн. Эхлээд эсэргүүний эхнэр гэж хэлмэгдүүлээд, дараа нь хэдий нөхөр нь цагаадсан ч гэсэн эхнэр нь биш гэж хэлмэгдүүлж, элдвээр хэлээд л... Нарийн яривал би ч бас хэлмэгдэж байгаа юм. Эсэргүүний хүүхэд гэж байгаад, цагаадаад ирэхээр нь “хүүхэд нь мөн, биш” гээд л... Аавыг цагаадсаны дараа овог нэрээ солиулах гээд эцэг тогтоолгох болоход, нэгэнт аав нь байхгүй учир шүүх эмнэлгээр орж, гавлын ясны хэлбэрээ хэмжүүлж байж хүүхэд нь гэдгээ тогтоолгосон. Тэгж байж ааваараа овоглох эрхтэй болсон доо.

ААВЫГАА ЯАЖ НАС БАРСАН ТАЛААР ТА МЭДДЭГ ҮҮ?

- Дурсамж номнуудаас нь л уншсан. Аав Дэмбэрэл зураачийнд байж байгаад бие нь муудаад эмнэлэгт нас барсан юм шиг байна билээ. Тэр хүнтэй би Дархан суманд болсон үйл ажиллагааны үеэр уулзаад асуусан. “Аав надад хайргүй байсан юм болов уу? Надад зориулсан нэг ч шүлэг байхгүй юм. Намайг төрснийг ер нь мэддэг байсан юм болов уу?” гэхэд “Маш их хайртай байсан. Гэхдээ чиний нэр дээр яаж гаргахав дээ. Олон шүлэг байгаа” гэж хэлж байсан. Шүлэг зохиол нь олон хүний гараар орсон байдаг. Тэр бүр өөрсдийнхөө үзэмжээр он сарыг нь өөрчилсөн байх магадлалтай. Тиймээс яг аль шүлэг нь надад зориулж, намайг бодож бичсэнийг мэдэхгүй ч “Охиндоо...” гэсэн шүлэг бүрийг нь би надад зориулсан гэж боддог. 

ХОЁР. Би заримдаа гацуур мод шиг санагддаг. Гацуурыг Шинэ жил болохоор далдаас гарган ирж гоёод, дэргэд нь зураг хөргөө татуулж байгаад баяр дуусмагц хураагаад мартдаг шиг...

ААВЫНХАА ХАМААТАН САДАН, ТӨРӨЛ ТӨРӨГСӨДТЭЙ ХЭР ХОЛБООТОЙ БАЙДАГ ВЭ?

- Би аавын ой, янз бүрийн үйл ажиллагаанд уривал очдог юм. Тэгээд очихоороо гацуур модны зовлонг эдэлнэ дээ. Гацуурыг хүмүүс шинэ жил болохоор далдаас гарган гоёж, хажууд нь зураг хөргөө татуулдаг шиг арга хэмжээний үеэр би баахан таних, танихгүй хүмүүстэй зургаа даруулаад, гар бариад л байна. Баяр дуусахаар гацуураа хураан, хаа нэгтээ хийгээд мартдаг даа. Яг л түүн шиг. Тэр олон хүмүүс алга болчихдог. Зураг нь ч ирдэггүй. Тэрэлжид нэг Ургийн баяр болоод. Тэгэхэд би 450 хамаатантайгаа мэдсэн. Хулан эгчтэйгээ л илүү ойр, холбоотой байдаг. Надтай их адилхан юм билээ. Эрдэмном эгч тэр хоёр саяхан манайхаар ирээд явсан. Жаахан яаруу явсан болохоор тухтай уулзаж чадаагүй. Удахгүй Улаанбаатар орж хоёр эгчтэйгээ уулзана. Хот орохоороо хааяа “Өд” сангийн Д.Ганболд ах, н.Ариунаа эгчтэй нартай уулздаг. Заримдаа зардал мөнгөгүй болохоороо тэднээс албатай юм шиг гуйгаад л авчихдаг. Үргэлж туслахгүй ч тэд аавын шинэ ном гарахаар ямар ч гэсэн нэгийг өгдөгт нь баярлаж явдаг. Би ч тэгээд ажилд нь тус дэм болоод байж чадахгүй юм даа.

ААВЫН ТАНЬ ЗОХИОЛ БҮТЭЭЛИЙН ЗОХИОГЧИЙН ЭРХ НЬ ОДОО ХЭНД БАЙДАГ ЮМ БЭ?

- “Өд” сан эзэмшдэг. Номыг нь хэвлэж гаргадаг, холбоотой бүх зүйлийг нь цуглуулж авдаг гэсэн.

ЭНД ЯМАР ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ БОЛ?

- Зохиолч яруу найрагч Ш.Сүрэнжав гуай, Н.Ням-осор, Д.Сосорбарам, Д.Ганболд зэрэг хүмүүс байдаг. Тэргүүнээр нь Д.Ганболд ах ажилладаг юм.

“ӨД” САНГИЙН ТЭРГҮҮН Д. ГАНБОЛД ТАНАЙ ХАМААТАН ЮМ УУ?

- Эхнэр нь л холын хамаатан юм шиг билээ. Хүмүүс “Аавын чинь бүтээлийг зарж борлуулж ашиг олж байна. Та нарт мөнгө өгдөг үү” гэж их асуудаг. Их үнэтэй зардаг болохоор биднийг их ашиг олдог л гэж боддог юм шиг билээ. Тийм юм байхгүй л дээ. Номноос нь дээжлэн бидэнд өгдөг. Заримдаа би зарах номгүй болчихоороо хааяа гуйгаад л авчихдаг. Нэг л удаа бүр арваад ном авсан. Гэхдээ үнэтэйгээс нь биш. Саяхан 14 боть нь гарсан. Тус бүр 40.000 буюу нийтдээ 560.000 –аар зардаг юм билээ. Захиалгаар бол нэгийг нь 30.000-р “Өд” сангаас авч болдог гэсэн.

ТА С.МОЛОР-ЭРДЭНЭ ГЭДЭГ ФИЛОСОФИЧИЙН ТАЛААР СОНССОН УУ?

- Сонссон. Аавын бүтээл, шүлэг яруу найргийг огт үнэ цэнэгүй, юу ч биш мэтээр ярьсан байсан. Үүнийг ард түмэн шүүж тунгаах биз ээ. Хэрэв юу ч биш юм бол энэ олон түмэн яагаад ийнхүү талархан уншиж, шүлэг бүтээл нь цээжинд нь байдаг юм. Миний аав бол ердөө бага сургуулийн боловсролтой хүн. Гэсэн ч орос, казак, монгол бичгээр шүлэг бүтээлээ туурвиж, орчуулга хийдэг. Англи хэлтэй, зураг зурж, баримал сийлбэрээр урладаг, хөгжмийг нотоор тоглож, ая зохиодог байсан. Энэхүү билэг авъяас, үзэл санаа нь зохиол бүтээлд нь шингэж, ард түмнийхээ сэтгэл зүрхэнд мөнхөрсөн хүн. Тиймээс би энэ хүнтэй санал нийлэхгүй байна. Энэ тал дээр “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд ахыг дуугараасай гэж хүсдэг. Аавын минь амьдрал уран бүтээлээр эрдмийн зэрэг хамгаалсан юм шүү дээ. Мөн би аавыгаа Ардын уран зохиолч байх ёстой гэж боддог. Үүнийг нь ч гэсэн хөөцөлдмөөр байна.

АРДЫН УРАН ЗОХИОЛЧ БОЛГОХ ТАЛААР ЕР НЬ ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТ ӨГЧ БАЙСАН ЮМ БОЛОВ УУ?

- Гурван удаа ерөнхийлөгчид өргөдөл өгсөн. Элбэгдорж ерөнхийлөгчийн үед хоёр удаа. Түүнээс өмнө нэг. Өргөдлийг хүлээн авлаа л гэдэг. Тэгээд л сураггүй болчихдог. Энэ тал дээр нэгэнт аавын минь зохиогчийн эрх, бүтээл туурвилуудыг эзэмшдэгийн хувьд “Өд” санг идэвхитэй ажиллаасай гэж хүсч байна.

Ш.СҮРЭНЖАВ ГУАЙН ЗАРИМ ШҮЛГИЙГ ААВЫН ТАНЬ ШҮЛГЭЭС АВСАН ГЭХ ЯРИА БИЙ. ТА ЭНЭ ТАЛААР ЯМАР БОДОЛТОЙ БАЙДАГ ВЭ?

- Надад хүмүүс зөндөө л тэгж хэлж байсан. 1990 ээд онд Ч.Куланда гээд сэтгүүлчийн нөхөр Мацуда Сан надаас ярилцлага авч байхдаа “Аавын тань зохиол бүтээлээс Ш.Сүрэнжав нэр дээрээ гаргасан байдаг юм билээ” гэж хэлж байсан. Би сайн мэдэхгүй л дээ. Хүмүүс тэгж хэлээд байдаг. Ямар нэг учир байдаг юм болов уу. Яг аваад хуулж байсныг нь мэдэх биш. Гэхдээ аавын өнгө аястай ижил шүлэгнүүд байдаг л юм.

ААВЫНХАА ШҮЛГИЙН ӨНГӨ АЯСЫГ ЯАЖ МЭДЭХ ҮҮ?

- Сонссоор байгаад чихэнд хоногшчихсон байдаг. Ер нь зохиолч болгонд өөр өөрийн гэсэн арга барил, өнгө аяс байдаг шүү дээ. Дэндэвийн Пүрэвдорж, Бэгзийн Явуухулан гуай гээд шүлэг яруу найргийг нь уншихад тэр хүний бүтээлийн онцлог, өөрийн гэсэн донж, хэв маяг мэдэгддэг. Түүн шиг. Аавын шүлгэнд нэг их гоё чамин үгс байдаггүй. Тэгсэн мөртөө урсаад л, өөр байдаг. Хаа нэгтээ хэн нэгэн уншиж байвал, зохиогчийг нь хэлээгүй байхад, эхний мөрөөс нь аавынх байна даа гээд таньдаг.

ТА БАС ШҮЛЭГ БИЧДЭГ. ТҮҮНДЭЭ ХЭР ИХ ЦАГ ЗАРЦУУЛДАГ ВЭ?  

- Шүлгийг бичье гээд сууна гэж байхгүй л дээ. Гэнэт цээжинд ороод ирдэг юм. Марталгүй буулгаж авахгүй бол заримдаа мартчих нь бий. Мөн хүүхдийн хоёр тууж бичсэн. Хүүхдүүдээ бага байхад нь үлгэр их ярьж өгдөг байв. Ярьсаар байгаад ярих юмгүй болчихоод зохион ярьж, тэр нь цуврал тууж болсон. “Гайхамшигт Аялал” цуврал нь “Сансрын аялал”, “Үлгэрийн ертөнцөөр аялсан нь” гэсэн хэсгүүдтэй. Бас нэг дурсамж бичих гээд бодоод яваа. “Би бол Чи” нэртэй шүлгийн түүврээ саяхан гаргасан. Энэ дашрамд энэхүү номыг хэвлүүлэхэд тусалж дэмжсэн “Сэтгэлийн гүнээс урсахуй” фэйсбүүк группынхэнд, Үр нахиа буюу Гоо маралдаа маш их баярлаж талархсанаа илэрхийлье. Мөн миний хайхрамжгүй алдаанаас зарим нэг шүлгийн шад мөр дутуу орж, зарим шүлгийн утга агуулга ойлгомжгүй болсон байна билээ. Хэвлүүлж өгсөн хүмүүс болон уншигчдаасаа хүлцэл өчие. Энэ миний буруу. Би чинь одоо хүний өмнөөс төрчихсөн юм шиг л... Тэд бүр номын маань нээлтийг ч хийж өгсөн. Гэхдээ одоо дахин шүлэг бичихгүй ээ. Үргэлжилсэн үгээр л бичнэ...

ЯАГААД?

- Надаас ер гоё уянга гарахгүй юм...

ШҮЛГЭЭСЭЭ БИДЭНД БОЛОН УНШИГЧДАД СОНИРХУУЛААЧ...

ТООСТ ХОРВООД ЖАРГАЛ ГЭЖ ЮУ САН БИЛЭЭ

Тоост хорвоод жаргал гэдэг юу сан билээ

Томоогүй жаал шиг гунихыг мэдэлгүй явж

Тоолшгүй мөнгөөр хаа дуртай газраа наргиж

Тоймгүй нөхдөөр хаан хэмээн өргөмжлүүлж

Толгойгоо алтан титмээр гоёхыг хэлэх үү...

 

Тоост хорвоод жаргал гэдэг юу сан билээ

Томоос том зорилго өмнөө тавин сажилж

Толгой өөд таталгүй бичгийн ширээнд өнжиж

Том бага олонд эрдэмтэн гэж хүндлэгдэн

Томъёо тодорхойлолт төдийгөөр ертөнцийг танихыг хэлэх үү

 

Тоост хорвоод жаргал гэдэг юу сан билээ

Тостой гараар баримгүй гоо цэвэрхэн төрж

Толгой хаялан инээмсэглэх төдийгөөр бүхнийг захирч

Тоомжиргүй харцаараараа эрсийг өмнөө сөгтгөж

Толгодыг гийгүүлэх саран мэт явахыг хэлэх үү

 

Тоост хорвоод жаргал гэдэг юу сан билээ

Тоглож өссөн түүндээ хайрын сэтгэл дасаад

Тоогдож үнэлэгдэх хүслээр жигүүр хийн нисч

Тоотой хэдэн насаа хажууд нь элээх гэж

Тогооны нь хүн болчихоод өрхийг нь татахыг хэлэх үү

 

Тоост хорвоод жаргал гэдэг юу сан билээ

Торомгор хөөрхөн үрээ харан харан өхөөрдөж

Тоонот гэрийнхээ унинд эсгий үнэг зүүж

Тоглож наадахдаа ганцаар шулганахыг нь сонсож

Том болохыг нь хүлээн зөгнөж суухыг хэлэх үү

Тоост хорвоод жаргал гэдэг юусан билээ”

                             Гэх мэт. Иймэрхүү л юм надаас гарах юм. Дөрвөн мөртөөр бичсэн шүлгүүд нэлээн бий.


Шалбаагны үсэрсэн дусал хуримын хувцсанд шингэж

Шинэ цагаахан даашинз хормын төдийд хуучрав

Салам согтсон хүргэн найрын ширээнд агсрахуй

Сайхан ирээдүй зөгнөсөн бэрийн сэтгэл сэвтэж

Сая зүүсэн бөгжөө хадмын өмнө тавив


Халаас хоосон хэсэг хүн гудамжаар алхална

Харин дор бүртээ бусдыгаа мөнгөтэй гэж санана

Өмнө нь очин хишиг горьдон гар тосно

Өгөх юмгүй гэхэд нь итгэж ядна

Тэгээд

Өөдгүй харамч хэмээн араас нь нулимна...

- Надад шүлгийн мөрүүд орж ирдэг.  Өөрийнхөөрөө л бичиж байна. Эвлүүлж бичсэн хэдэн мөртийг минь зарим нэг нь шүлэг, яруу найраг гэж хүлээн зөвшөөрөхгүй ч байж болно. Тэгэхдээ Мөнхтэмүүлэнгээс гарсан энэ хэдэн шад мөрийг аавынхтай минь битгий харьцуулаасай. Яагаад гэвэл би Чойном биш Мөнхтэмүүлэн. Миний л сэтгэл дотроос гарсан мөрүүд. Ийм л байдлаар хандаасай гэж хүсч байна.

ГУРАВ. Би заримдаа гацуур мод шиг санагддаг. Гацуурыг Шинэ жил болохоор далдаас гарган ирж гоёод, дэргэд нь зураг хөргөө татуулж байгаад баяр дуусмагц хураагаад мартдаг шиг...

ТА ХААНА СУРАЛЦАЖ, ЯМАР МЭРГЭЖИЛ ЭЗЭМШСЭН БЭ?

- Би их бие муутай хүүхэд байсан болохоор сувиллын сургуулиудаар их явсан. Тухайн үеийн Ойн сувиллын сургууль /уушиг муутай хүүхдүүдийг сувилдаг улсын дотуур байртай сургууль байсан/, Шарга морьтын эцэс дэх Зайсангийн хүүхдийн эмнэлэгт хэвтэж, сурч байсан. 78-р сургуульд аравдугаар ангиа төгссөн. Таван настай байхдаа нэгдүгээр ангид сурч байсан хамаатны ахыгаа хажуугаас нь харж ажигласаар байгаад уншаад сурчихсан юм. Тэрийг гэрийхэн маань гэнэт мэдэж, бөөн баяр болж, ээж нэгдүгээр ангид орсон жил “Хүүхэдтэйгээ сайн ажилласан” гэдэг шагнал авчихаад “Ичиж үхлээ. Би А үсэг ч зааж өгөөгүй шүү дээ” гэчихсэн орж ирж байсныг их тод санадаг. Дунд сургуулиа төгсөөд Солонгосын оёдлын үйлдвэрт ажиллаж байгаад “Цагаан шувуут” компаний Монгол ёс заншлын дээд сургуулиас тэтгэлэг олгож, төлбөргүй сургая гэхэд сургуультай болсондоо маш их баярлаж байв. Гэвч хэдхэн сар сургаад больсон.

ЯАГААД ТЭР ВЭ?

- Би баярлалаа гээд энд тэнд ярилцлага өгөх ёстой байсан юм билээ. Хүүхэд байсан болохоор сайн ойлгоогүй. Тэгээд л сургуульгүй болсон. Буцаад оёдлын үйлдвэртээ ажиллаж байгаад нэг өдөр Зохиолчдын хороогоор орсон юм. Тэр үед П.Бадарч гуай даргаар ажиллаж байсан санагдаж байна. Коридорт таараад “Нөхөр минь чи юу хийж байна? Сургуульд сурахгүй юмуу” гэхээр нь “Сурмаар л байна” гэсэн. Тэгсэн “Утга зохиолын Дээд сургуульд очоод шалгалт өг” гэв. Тэгээд шалгалт өгч тэнцээд, оюутан болж байлаа. Оюутан байхдаа амьдрал зохиов. Хүү маань төрж, гуравдугаар курсээ төгсөх жил дунд чөмөгний толгойн хөгжилгүй гэж оношлогдоод, байнгын асаргаанд байлгахыг гэж зөвлөсөн юм. Ингээд хүүгээ асрахаар болж сургуулиасаа гарсан даа. Өнгөрсөн жил “Дипломоо авч болно” гэсэн. Очиж амжихгүй л явна. Сургуульдаа их баярлаж явдаг. Хүүг маань ЕБС төгсөхөд ч бас суралцуулъя “Чамд тусалж чадаагүй ч хүүд чинь тусалъяа, тэтгэлэг хөөцөлдөөд өгье” гэж байсан. Гэхдээ тэр үед “Отгонтэнгэр” их сургуулиас бүтэн тэтгэлэг олгох болж, хүссэн мэргэжлээр нь суралцуулахаар болсон юм. Хүү минь сэтгэл зүйчээр суралцаж байгаа. Дэмжсэн эдгээр сургуулиудын удирдлага, багш нарт маш их баярлаж талархаж явдаг. Хүү маань энэ хүмүүсийн итгэлийг алдахгүй сайн суралцаж, сургуулийнхаа 2017 оны Шилдэг оюутан, 2018 онд Манлай оюутнаар шалгарч, амжилттай сайн суралцаж байгаад нь баяртай байдаг.

ОДОО АМЬДРАЛ ЯМАРШУУХАН БАЙНА ВЭ?

- Нуулгүй хэлэхэд хэцүүхэн л байна. Гэхдээ хүн ер нь амьдралд ямар нэгэн юмаар заавал дутах естой юм болов уу. Зарим нэг нь хөрөнгө мөнгөгүй байхад, заримд нь үр хүүхэд байдаггүй. Эсвэл ажилгүй, эрүүл мэнд нь асуудалтай ч юмуу... Харин манай гэрт бол мөнгө л алга. Үр хүүхдээр дүүрэн, инээд, аз жаргалаар дүүрэн байна. Би аав, ээжийнхээ өмнө, бусдын харцанд сайн сайхан яваа харагдах үүрэг хариуцлагыг биш харин аав гэдэг тэр хүний генийг дамжуулах, үр удмыг нь таслахгүй үргэлжлүүлэх үүргийг хүлээсэн юм болов уу гэж боддог. Зээ нар нь зурах нь зурж, шүлэг бичих нь бичиж л байна.

"Би бол Чи"  номын нээлтийн үеэр. Хүүхдүүдийн хамт

Ер нь номноос салах дургүй л дээ. Одоо ч бас номын лангуу ажиллуулж, ном түрээсэлж, бас өөрөө зав чөлөө гарах бүртээ унших дуртай. Ер нь номтой л холбоотой амьдраад байна.

ДАРХАНД ХЭЗЭЭ ИРСЭН БЭ?

- 2006 онд нөхрийнхөө хамаатнуудыг бараадаж Дарханд ирсэн. Ирснийхээ дараа хэсэг "Дархан-Номин" худалдааны төвийн үүдэнд номын лангуунд худалдагчаар ажилласан. Тэр үед амьдрал хүнд, хүмүүс хоол ундаа арай гэж залгуулдаг байсан цаг. Тийм болохоор “Би ном зарж чадах болов уу, хүмүүс авах болов уу” гээд их эргэлзэж байв. Гэсэн ч хүмүүс их сайн авч байсан. Тэгэхэд их баярлаж билээ. Бас өөрийгөө ном л сайн зарж чадах юм байна гэж бодсон. Ер нь номноос салах дургүй л дээ. Одоо ч бас номын лангуу ажиллуулж, ном түрээсэлж, бас өөрөө зав чөлөө гарах бүртээ унших дуртай. Ер нь номтой л холбоотой амьдраад байна. Сүүлийн үед хань маань хэсэг ажилгүй байснаас орлогоо эргэлтэнд оруулж чадахгүй хэрэглээд, дахин баяжуулан авч чадахгүй байсаар одоо бараг номгүй болчихоод байгаа. Дүүрэн номтой, тийм гоё газарт ажиллах юмсан гэж мөрөөддөг. Ер нь би номын дэлгүүрийн хажуугаар зүгээр өнгөрч чаддаггүй ээ. Мөнгөтэй ч, мөнгөгүй ч ороод, харж зогсох дуртай. Улаанбаатарт бол их сайхан юм билээ. Интерномд ороод буйдан дээр нь сууж байгаа нэг ном уншаад гараад ирдэг.

УЛСААС ЯМАР НЭГЭН ХАЛАМЖ ТЭТГЭМЖ АВДАГ УУ?

- Хүнсний картанд орсон. Зургаан ам бүл 72.000 төгрөгний хүнс авдаг. Сумын Засаг Дарга, багийн дарга нар биднийг их харж үзэж, тусалж дэмждэг юм. Хэлмэгдэгсдийн өдрөөр биднийг цуглуулж мэдээлэл хийгээд, хоол унд идүүлээд 10.000 төгрөг өгсөн.

Нэг удаа л нэг сая төгрөг өгснийг нь Хулан эгч бид хоёр хувааж авсан.

ЦАГААТГАЛТАЙ ХОЛБООТОЙ ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ГЭЖ БИЙ ЮУ?

- Нэг удаа л нэг сая төгрөг өгснийг нь Хулан эгч бид хоёр хувааж авсан. Одоо нэг шинэ хууль гарч дараа жилээс хэрэгжих юм билээ. Буудуулсан бол 80 сая, шоронд орсон бол 40 сая өгнө гэж байсан.

НӨХӨР ТАНЬ ОДОО ЯМАР АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ВЭ?

- Миний нөхөр их сайхан хүн бий. Бид ханилаад 20 жил болж байна. Одоогоор барилгын туслахаар ажиллаж байгаа. Тогтсон ажил байхгүй. Ажил олдсон ч цалин нь маш бага байх юм. Тэр нь даатгалаа өгөөд гар дээр 300 мянга гаруйхан төгрөг ирнэ. Үүнийгээ сард хоёр хуваагаад авахаар зургаан ам бүлтэй манайд хаанаа ч хүрдэггүй. Тэгээд дээрээс нь цалингаа цагт нь өгдөг байгууллага ч ховор байх юм.

ОДОО ЮУНД ЗОРЬЖ БАЙНА?

- Хүүхдүүдээ л сайн сургамаар байна. Тэгээд тохилог, тоглоомын талбайтай, дулаахан, тохитой орон сууцанд амьдарч, лангуугаараа дүүрэн ном өрчихөөд, юмаа бичээд л сууж байхсан гэж мөрөөддөг. Уг нь би аль 1998 онд хэлмэгдэгсдийн ар гэрт олгох байрны очерт орсон. Гэвч одоо хүртэл байхгүй. Өргөдөл өгөөд 20 жил боллоо. Ноднин очиж асуухад миний очер байна гэсэн. Тэгсэн атлаа байр олгодоггүй. Асуухаар та хотод байсан бол олдох байж гэдэг. Дархандаа шилжүүлж болохгүй юу гэхээр, эргээд яръяа гээд таг болчихлоо. Нэг утас өгсөн. Тэр рүү нь залгахаар огт авахгүй юм.

Уг нь би аль 1998 онд хэлмэгдэгсдийн ар гэрт олгох байрны очерт орсон. Гэвч одоо хүртэл байхгүй. Өргөдөл өгөөд 20 жил боллоо.

ТАНЬД ХҮМҮҮСЭЭС НОМ ИРВЭЛ ЯАХ ВЭ?

- Дуртайяа. Бөөн баяр... Зүгээр авахгүй, зараад өгч болно шүү дээ. 

 

Их яруу найрагч Чойномын Мѳнхтэмүүлэнгийнд...

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • Маангаа Даш (139.5.216.222)
    Би Тэмүүлэнтэй нэг л удаа хальт уулзсан.Их дөлгөөн бас ухаалаг бүсгүй юм билээ.Туслах юмсан гэж хий сэтгэл зовоод л салсандаа.
    2019 оны 09 сарын 20 | Хариулах
  • Содном (202.179.24.161)
    Баттулга ерөнхиилэгчид Хулангаар дамжиж ханд Энэ бол маш том боломж шүү Оюунэрдэнэ сайд бас Хэнтиих
    2019 оны 09 сарын 03 | Хариулах
  • Болор (66.181.161.14)
    Сүрьеэ өвчин нь удамшсан бна. Зайлуул яаж ажил хийхэвдээ, царайгаараа аавтайгаа адилхан юм.
    2019 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (223.38.23.223)
    Het belenchleh setgelgeetei bolchihdog shuu hubi hun uuriin amidralaa uuruu abj ybah yostoi harin ih zohiolchiin hubid tuunii zohiol buteeliig hamgaalah tal deer anhaarah heregtei
    2019 оны 08 сарын 29
  • tn sht Darhaniihan harj handdag bhaa Naraa gd niigemiin ajiltan nileen anhaardag yum shig bn lee (223.38.23.223)
    Anhaardag bhaa Naraa gd niigemiin ajiltan holbootoi bdg yum bilee
    2019 оны 08 сарын 29
  • manduhai (202.126.88.184)
    unexeep tewcheeptei xuchipxeg ymaa
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Bataa (103.229.123.160)
    Khulan gej tursun ohin ni. Margaash geed shulgiig unshaarai
    2019 оны 08 сарын 08
  • Олон нийтийн соён гэгээрэл, эрх чөлөөны төлөө өөрийн амьдрал, үр хүүхдээ орхигдуулан ард түмэндээ оюуны ийм их өвийг үлдээсэн атал төрөөс тааруухан туслалцаа үзүүлж буй нь тун тоогүй юм даааааааааааааааа (202.179.31.29)
    О. У
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • туул (58.233.98.239)
    шүлэг, 4 мөртүүд их таалагдлаа. түүвэр ном гаргаж худалдаанд гаргавал борлуулалт сайтай байх юм бна гэж бодогдлоо, заавал гаргаарай, амжилт хүсьe
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.254.120.210)
    яг үнэн
    2019 оны 04 сарын 09
  • renchinkhand (168.188.18.205)
    saihan yariatai daruuhan zov saihan hun bna. shunalgui neg l dulaahan saihan busgui bna. Ulsaas harj uzeesei
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Цолмон Mөнхцэцэг (180.149.124.3)
    Мундаг сэтгэлийн тэнхээтэй бүсгүй шүү төр засаг харж туслах хэрэгтэй дээ
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Заяа (202.9.42.82)
    Үнэхээр гоц авъяастай тийм сайхан хүнийг хэлмэгдүүлчээд одоо төр засаг нь жаахан анхаарчихад яадаг байнаа.Асар ихээр хувьдаа идэж уухаа л бодоод л байцгаах юм даа.Аавтайгаа их адилхан юм байна.Сайн сайханыг хүсье.
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (192.82.65.173)
    Helmegdsen hvnd zvgeer l huuliaraa ter ogoh estoi bair sabiig ni ogchihod l boloh um bish vv
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Г.Долгор (202.9.45.42)
    Энэ ч арай хэтэрнээ. Хэрэгтэй хэрэггүй юманд мөнгө хамаагүй зардаг л юм билээ. Улсаас олгох ёстой байрыг нь олгоочээ. Аймаг, сумын захиргааныхан анхааралдаа авах хэрэгтэй,
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Batjargal (66.181.161.39)
    NASANBAT DARGAA ENE HUND BAIR OLGOJ BOLDOGGUI YUM UU AGUU HUNII UR SAD INGEJ AMIDARCH BNA GEHEER GOL HARLAJ BNA
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Ганчимэг (202.9.43.137)
    Харин тмймээ ухаалаг мундаг эмэгтэй байна
    2019 оны 04 сарын 08
  • Buyanaa (66.181.190.154)
    tiinsht yg ingej bodoj suulaa
    2019 оны 04 сарын 08
  • Зочин (202.126.89.106)
    Д.Сосорбарам орон байрны асуудлыг нь олигтойхон хөөцөлдөөд бүр аваад өгөх хэрэгтэй шүү дээ сайн хүний нэрийг худалдаж амьдарч байгаа хүндээ
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (59.153.114.203)
    Shulgiig ni unshaad ddug ni duulaad baigaa humuus bas ter hevleliin kompani ashig olj l baigaa yum chini ene huuhded ni todorhoi huvi ugdug baih heregtei shdee
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
    • яг үнэн
      2019 оны 04 сарын 08
  • Би л байна (202.126.89.168)
    Тэр хулан сая төгрөгний талийг нь авдаг нь яаж байгаан? Эсвэл дагавар охин нь юм уу?
    2019 оны 04 сарын 06 | Хариулах
    • Bataa
      Khulan gej tursun ohin ni. Margaash geed shulgiig unshaarai
      2019 оны 04 сарын 06
  • BUYANAA, (76.19.45.43)
    .......ийм амьдралтай улсаа ДАРХАНЫ засаг дарга анхааралдаа аваад байр орон сууц болон нийгэмийн халамжийг түлхүү үзүүлж болмоорсон....ДАРХАН ХОТЫН БИНЕС эрхэлсэн улс дэмжмж тусалмаар юм ....ТӨР ЗАСАГ нь нэн даруй ДАРХАН хотод нь орон сууц олгоочээ...
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • А (103.26.195.196)
    Аав нь хэн байх нь хэнд хамаатайн хувь хүн ѳѳрѳѳ л ѳѳрийгѳѳ авч явна.
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
    • tn sht Darhaniihan harj handdag bhaa Naraa gd niigemiin ajiltan nileen anhaardag yum shig bn lee
      Anhaardag bhaa Naraa gd niigemiin ajiltan holbootoi bdg yum bilee
      2019 оны 04 сарын 05
    • Buyanaa
      tiinsht yg ingej bodoj suulaa
      2019 оны 04 сарын 05
  • цэенханд (66.181.161.127)
    Энэ дахин давтагдахгүй гоц авьяастай хүний үр удамд төр засаг зохиолчдийн хороо илүү анхаарал тавих ёстой санагдлаа
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
    • Het belenchleh setgelgeetei bolchihdog shuu hubi hun uuriin amidralaa uuruu abj ybah yostoi harin ih zohiolchiin hubid tuunii zohiol buteeliig hamgaalah tal deer anhaarah heregtei
      2019 оны 04 сарын 05
  • Ц.Хишигжаргал (66.181.160.98)
    Тѳр гэмгүй хүнийг хэлмэгдүүлсэн Үр хүүхэд хань ижил нь ямар аймшигтай сэтгэл санааний дарамтанд зовож шанлаж байсныг магтаж волохгүй Хэлмэгдсэн хүмүүсийн ар гэр үр хүүхдүүдэд сар бүр тусгай тэтгэлгийг ѳгѳх н зѳв УИХ аар хэлмэгдсэн хүмүүсийн ар гэр үр хүүхдүүдэд тэтгэмж олгох хуулыг /сар бүр:/ батлаж ѳгѳѳсэй
    2019 оны 04 сарын 05
  • Уртнасан (66.181.161.6)
    Аавтайгаа их адилхан юм. Аз жаргал хүсье!
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • Лхамжав Баярсайхан Сэлэнгэ Баруунбүрэн сум (66.181.160.68)
    Хэлмэгдэгсдийн ар гэр үр хүүхдүүдэд нь төр засаг амалсан вм бол байр савыг нь өгөх хэрэгтэйш дээ? Энэ Сосорбарам. Чойном гуйн нэрээр ганц хүний тёатар байгуулаад шүлэг найраг дууг дуулаалд чамгүй л ашиг олж байгааш дээ өөрөө өгч чадахгүй бол Ардчилсан намынхаа найз нар Элбэгдорж Батүүл нартаа хэлээд ядаж 5 ханатай гэр аваад өгчих сэтгэлийн тэнхээ байдгүй вм байхдаа?!
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • Наран (66.181.161.27)
    Энэ сайхан хүний үр удамд ганц байр өгөхөд яахав дээ, мундаг зөв оюунлаг эмэгтэй байна
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
    • Ганчимэг
      Харин тмймээ ухаалаг мундаг эмэгтэй байна
      2019 оны 04 сарын 04
  • . (202.179.26.88)
    ёоо өөрийн эрхгүй сэтгэл нэг л хачин болчихлоо...
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
    • Ц.Хишигжаргал
      Тѳр гэмгүй хүнийг хэлмэгдүүлсэн Үр хүүхэд хань ижил нь ямар аймшигтай сэтгэл санааний дарамтанд зовож шанлаж байсныг магтаж волохгүй Хэлмэгдсэн хүмүүсийн ар гэр үр хүүхдүүдэд сар бүр тусгай тэтгэлгийг ѳгѳх н зѳв УИХ аар хэлмэгдсэн хүмүүсийн ар гэр үр хүүхдүүдэд тэтгэмж олгох хуулыг /сар бүр:/ батлаж ѳгѳѳсэй
      2019 оны 04 сарын 04
15769   29
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг

Санал болгох