Лхагва 2019-01-02 Дархан
Гэрлээ асаая   2020-05-14

501-ээс дээш оноотой, зөвхөн АШУҮИС-ийн сувилагчийн оюутныг төлбөрөөс чөлөөлнө

Дөрөвдүгээр сарын 21-ний өдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ Засгийн газрын тогтоолын дагуу сувилагчийн сургуульд суралцах оюутнуудын сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэхээр болсон талаар ярьсан. Энэ талаар БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын даргын албын үүргийн түр орлон гүйцэтгэгч Г.Батнэмэх хэрхэн ярьсныг товчлон хүргэе. 

Засгийн газрын 70-р тогтоолд сувилагчийн мэргэжлээр суралцах оюутны төлбөрийг Боловсролын зээлийн сангаас төлөх тухай журам орсон байна. Энэ тогтоолын ач холбогдол юунд оршиж байна вэ?

-Өмнө нь төрийн сангуудын тухай хуульд өөрчлөлт орж, Засгийн газрын 87-р тогтоол гарсан. Үүгээр Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг сайжруулах чиглэл өгөгдсөн. Иймд энэ хүрээнд 70-р тогтоолыг боловсруулж, баталсан.  

70-р тогтоолын ач холбогдол юунд оршиж байна вэ гэвэл, нэгт тэргүүлэх буюу эрэлттэй мэргэжлүүдийн жагсаалтыг шинэчлэн баталлаа. Мөн өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зөвхөн бакалаврын сургалтад нь Боловсролын зээлийн сангаас санхүүжилт олгодог байсан. Харин энэ тогтоолоор магистр, докторын сургалтыг нь нэмж оруулсан. Мөн цэргийн алба хаасан оюутанд оюутны хөгжлийн зээл олгох, цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч оюутанд сургалтын төлбөрийн санхүүжилт олгох зэрэг журмууд баталгаажин нэмэгдсэн.

Мэдээж хамгийн онцлууштай нь асуултад дурдсанаар, сувилагчийн мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг Боловсролын зээлийн сангаас санхүүжүүлэхээр болсон явдал. Гэхдээ тодорхой нөхцөлтэйгөөр. Нэгт, төрийн өмчийн сургуульд бакалаврын хөтөлбөрт элсэгч байна. Хоёрт ЭЕШ-ын 501-ээс дээш оноотой байна. Сурч байгаад хоёр дахь жилдээ голч оноо нь 2.5 болсон бол төлбөрийн 70 хувь, 3.0-аас дээш бол 100 хувь даана гэхчлэн.

Оюутнуудад босго оноо тогтоох юм байна. Харин зөвхөн төрийн өмчит сургууль гэж заасан нь анхаарал татлаа?

-Тийм. Манай улсад сувилагч бэлтгэдэг төрийн өмчит ганцхан их, дээд сургууль байгаа нь АШУҮИС. Зөвхөн Улаанбаатарт гэлтгүй орон нутгуудаар салбар сургуулиудтай шүү дээ. Хувийн өмчийн сургуульд суралцагчдыг хамруулахгүй. Зөвхөн АШУҮИС-ийн оюутнууд гэж ойлгож болно.

Энэ журмыг тогтоолд оруулж өгөх болсон шалтгаан нь юу юм бол?

-2019 онд БСШУСЯ-нд Эрүүл мэндийн яамнаас хүсэлт ирсэн байдаг. Манай улс эмч нарыг хангалттай бэлтгэж байгаа ч сувилагчийн мэргэжил дутагдалтай байна гэж. Үүний дагуу тогтоолдоо хавсран батлууллаа.

Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Тогтоол гарчихсан учраас хэрэгжээд эхэлчихсэн гэж ойлгож болно. Намар оюутны элсэлт авч эхлэх үед ажил хэрэг болно.

Үүнтэй холбогдуулж нэмж хэлэх зүйл байна уу?

-Бид төлбөрийг нь санхүүжүүлэхээр болсон оюутнуудтайгаа гэрээ байгуулж ажиллана. Тодорхой хариуцлага хүлээлгэх нөхцлөөр. Гэрээний загварыг сайдын тушаалаар батлуулах тул одоогоор яг ямар заалтууд оруулах нь тодорхой биш байна. Жишээ нь, төгсөөд эх орондоо тэдэн жил мэргэжлээрээ ажиллах ёстой гэхчлэн заалт байна. Сургалтын төлбөрийг нь төрөөс бүрэн дааж байгаа тул тодорхой нөхцөл тавьж, гэрээ байгуулж ажиллах болно.

ЖИЧ: 

2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Засгийн газрын 70 дугаарт тогтоол гарч, үүгээр Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор зарим нэмэлт заалтууд тусгагдсан.

Нийт 15 дүрэм бүхий уг тогтоолын 4.1.9 дэх хэсэгт,

Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр дээд боловсролын дипломын болон бакалаврын хөтөлбөрт элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтын 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрийг 100 хувь, суралцагч 2.5-3.0 хүртэл голч оноотой суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийн 70 хувийг, 3.0 болон түүнээс дээш голчтой суралцсан тохиолдолд 100 хувьгэж заажээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
220   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох