Лхагва 2019-01-02 Дархан
Цонхоо нээе   2020-04-16

"COVID-19" – ээс СЭРГИЙЛЭХЭД ХҮНИЙ ЭРХ БИДЭНД ХЭРХЭН ТУСАЛЖ ЧАДАХ ВЭ?

КОВИД-19 тахлын эсрэг засгийн газруудын авсан хариу арга хэмжээ нь сая сая хүний эрхэд нөлөө үзүүлээд байна.

Цар тахалтай холбоотой засгийн газруудын хямралыг давах хариу арга хэмжээг "Эмнести Интернэшнл" анхааралтай ажиглаж байна. Энэ бол онцгой үе, гэхдээ хүний эрхийн хууль тогтоомж одоо ч гэсэн үйлчилсээр байгаа гэдгийг мартах учиргүй. Чухамхүү энэ л бид бүхэнд хямралыг хамтдаа даван туулахад тусалж чадна.

Хүний эрх биднийг аймшигт тахлаас хамгаалахад хэрхэн тусалж болох, мөн тахлын үед засгийн газар ямар үүрэг хүлээж байгааг товч авч үзэцгээе.

1. ЭРҮҮЛ БАЙХ ЭРХ

Ихэнх улс орнууд иргэдийнхээ эрүүл мэндийн асуудалд хүндэтгэлтэй хандах, хамгаалах, хэрэгжүүлэх үүрэг бүхий дор хаяж нэг гэрээг соёрхон баталсан байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, “Хүн бүрийн бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэнд дээд түвшинд хүрсэн байх эрх"-ийг хангах, мөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, хяналтандаа байлгахад шаардлагатай арга хэмжээ авахыг баталгаажуулна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, халдвар тархах нөхцөлд урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй байлгах шаардлагатай гэсэн үг юм.

Тухайлбал, Хонг-Конгийн орлого багатай өрхүүдийн бараг 70% нь маск болон ариутгалын бодис зэрэг урьдчилан сэргийлэх хэрэгсэл худалдан авч хүчрэхгүй байгааг орон нутгийн нэгэн ТББ онцолсон байна. Тэгвэл эдгээр хэрэгслийг хэрэглэхийг зөвлөж байгаа нөхцөлд боломжийн үнэтэй, хүртээмжтэй байлгах нь төрийн үүрэг юм.

2. МЭДЭЭЛЛИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙДАЛ

Энэ бол эрүүл мэндийн эрхийн үндсэн зарчим билээ. Гэвч засгийн газрууд үүнийг үгүйсгэж байгааг бид аль хэдийн харсан.

Вирус анх бүртгэгдсэн Хятад улсын Ухань хотын эмч нар 2019 оны арванхоёрдугаар сард амьсгалын замын хам шинж тэмдэгтэй өвчтөнүүдийн талаарх санаа зовинолоо хамтран ажиллагсадтайгаа хуваалцсан байдаг. Төд удалгүй тэднийг дуугүй болгож, “цуу яриа тараасан” хэмээн нутгийн удирдлагууд буруутгав.

“Хүн бүр КОВИД-19-ын эрүүл мэндэд нь учруулж болох аюулын мөн чанар, эрсдэлийг бууруулахын тулд авах боломжит арга хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагаврын талаар сэрэмжлүүлгийг эрт өгөх, мөн авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар хялбар, хүртээмжтэй, цаг үеийн, ач холбогдол бүхий мэдээлэл авах эрхтэй.

Хэрвээ ингэж чадахгүй бол хүмүүсийн арга барагдах, уурлаж бухимдах байдал нэмэгдэж, олон нийтийн эрүүл мэндийн талаар авч буй арга хэмжээг сулруулж, бусдыг эрсдэлд оруулж, хүний эрхийг зөрчиж болзошгүй. 

Үүний зэрэгцээ, Жамму, Кашмир мужуудад эрх баригчид өвчний тохиолдол нэмэгдэж байгааг үл харгалзан интернэтийг үргэлжлүүлэн х язгаарлах тушаал гаргасан. Энэ нь вирусийн цар тахлаас өөрсдийгөө хэрхэн хамгаалах тухай амин чухал мэдээллийг хүмүүс олж авахад маш хүндрэлтэй болгож байгаа юм.

3. АЖИЛ ХӨДӨЛМӨРТЭЙ БАЙХ ЭРХ 

Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилдаг хүмүүст тахал өвчин маш их хохирол учруулаад байгаа бөгөөд тэдний эдийн засагт асар их нөлөө үзүүлж эхэлсэн. Цагаач ажилчид, албан бус салбар дахь хөдөлмөр эрхлэгч хүмүүс КОВИД-19 түүнийг хянах арга хэмжээний үр дүнд тэдний эрх, ажил хөдөлмөрт сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

Вирусийн улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа болон өвчний тэтгэмж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эцэг эхийн амралтыг оруулаад нийгмийн даатгалд хүн бүрийг хамрагдуулах нөхцөлийг засгийн газар баталгаажуулах ёстой. Эдгээр арга хэмжээ нь хүмүүст нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд тогтмол хандахад туслах чухал ач холбогдолтой юм.

Эрүүл мэндийн ажилтнууд энэхүү тахлын тэргүүн эгнээнд байгаа бөгөөд тэд өөрсдийгөө болон гэр бүлийн эрсдэлийг үл харгалзан үргэлжлүүлэн ажилласаар байгаа билээ. Тиймээс засгийн газар тэднийг ч гэсэн анхаарах ёстой. Үүнд: бүх ажилчдад тохирсон, сайн чанарын хувийн хамгаалалтын хэрэгсэл, мэдээлэл, сургалт, сэтгэл зүйн болон нийгмийн дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг орно. Бусад буюу хорих ангийн ажилтнууд эрсдэл өндөр тул мөн анхаарал хандуулах ёстой.

4. ТОДОРХОЙ БҮЛЭГ ДЭХ ХУВААРИЛАЛТ АЛДАГДАХ 

Бүх хүнд КОВИД-19 халдварлах боломжтой боловч тодорхой хэсэг бүлэг хүмүүст илүү х ү н д р э л  ү з ү ү л ж байна. Үүнд ахмад настан, архаг хууч өвчтэй,эмнэлгийн хяналтад байгаа хүмүүс багтдаг. Мөн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, хоригдож саатуулагдаж байгаа, цагаач, орогнол хүссэн хүмүүс гэх мэт эрсдэл өндөртэй бүлгийн хүмүүс халдвараас өөрсдийгөө хамгаалах, эмчилгээнд хамрагдахад хүндрэл, бэрхшээл гарч магадгүй тул засгийн газар үүнд анхаарал хандуулах ёстой.

Тухайлбал орон гэргүй хүмүүс өөрсдийгөө тусгаарлахад хэцүү байх болно, зохих ариун цэврийн байгууламжгүй хүмүүс вирусийн халдвар авах эрсдэл өндөр байдаг.

КОВИД-19- ын эсрэг хариу арга хэмжээ авахдаа улс орнууд тодорхой бүлэг олон нийтийн хэрэгцээ, шаардлагыг сайтар бодолцон анхаарал хандуулах нь зүйтэй юм.

5. ГУТААН ДОРОМЖЛОХ БОЛОН ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ БАЙДАЛ 

Хэвлэлийн эх сурвалжийн мэдээлснээр Ухань хотын иргэд Хятадад ихээр ялгаварлан гадуурхах, дарамтлах явдалтай нүүр тулгарчээ. Үүнд зочид буудлаас хөөгдөх, эсвэл гэрийн хорионд байлгах, хувийн мэдээлэл задрах зэрэг багтаж байна.

“Энэ хямрал биднийг хуваах биш нэгтгэх учиртай”

Түүнчлэн Хятадын болон Азиудын эсрэг хэмээх арьс өнгөөр ялгаварлах үзэл тархаад байсан бөгөөд тэр дундаа АНУ-ын Ерөнхийлөгч Трамп КОВИД-19-ийг "Хятадын вирус" гэж олон удаа нэрлэсэн юм. Лондонд Сингапурын нэгэн оюутан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах халдлагад өртөж зодуулсан. Арьс өнгөөр ялгаварлан, гадуурхах явдлыг юугаар ч зөвтгөх боломжгүй. Засгийн газрууд асуудалд хүлээцтэй хандахыг бүх хүнд уриалах ёстой.

Нийгмийн эрүүл мэндийн хямралын энэ цаг үед засгийн газрууд бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалахаар ажиллаж, алагчлалгүй аюулгүй нөхцөл байдал, боломжоор хангах ёстой.

Дэлхий нийтээрээ энэхүү цар тахалтай тэмцэх цорын ганц арга зам бол хил дамнасан эв нэгдэл, хамтын ажиллагаа юм. КОВИД-19 нь биднийг хуваах биш нэгтгэх учиртай.

Эх сурвалж: www.amnesty.org

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

222   1
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох