Лхагва 2019-01-02 Дархан
Цонхоо нээе   2020-04-13

"...ГЭСЭН ЮМ БОЛ БАЙХГҮЙ" ба ОЛОН НИЙТИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ

Хэд хоног "...гэсэн юм бол байхгүй" гэх төгсгөлтэй постууд борооны дараах мөөг шиг НИЙГМИЙН СҮЛЖЭЭГЭЭР давалгааллаа. Энэхүү давалгааны түрлэг одоо л жаахан татарч байна. Постуудыг уншихад сонирхолтой, хөгжилтэй бас бусдын нэг гэдгээ мэдэрсэн мэт санагдах ч, хэрэг дээрээ бид ХАМТЫН ХҮЧИРХИЙЛЭЛ үйлдчихсэн нь харамсалтай. 

Энэ хэллэг хаанаас гарсан, ямар хэрэг явдалтай холбоотой болохыг ихэнх нь мэдэж байгаа байх. Гэхдээ дахин сануулахад, олны танил гэх нэгэн дуучин залуу телевизийн нэвтрүүлэгт орохдоо гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээ хүлээж, тэр нь шүүхээр шийдвэрлэгдэн олон нийтийн ажил хийх шийтгэл авсан тухайгаа ярьснаас үүдэлтэй. 

\Энэ нь хэдий хүний хамтын амьдрал, тэдний хувийн асуудалтай холбоотой боловч нэгэнт олон нийтийн сүлжээнд түгэж, телевизийн сувгаар гарсан учир ийнхүү бичлээ\. 

Дуучин залуу ярихдаа "...зодоод, паарнаас уясан гэсэн юм бол байхгүй" гэж хээв нэг хэлсэн. Хэрэв энэ залуугийн хажууд Ф.М.Достоевский сууж байсан бол түүнийг "Расколников шиг гэмт үйлдэл хийчихээд гэмшихгүй байна уу?" хэмээн тас хийтэл нь алгадаад авах байсан биз. 

\"Олны танил" гэх тэр дуучин залуугаас маш олон хүүхэд, залуус үлгэр дууриал авч, тэдэнд нөлөөлдөг юм билээ\ 

Гэтэл бид олноороо, гэмт үйлдэл хийчихээд жишим ч үгүй ярьж суух нэгний үгийг өлгөн авч "...гэсэн юм бол байхгүй" хэмээх хэллэг болгон, нийгмийн сүлжээгээр дүүрэн давалгаалсан. Ингэснээрээ бид бүгд нийлж байгаад хохирсон эмэгтэйг дахин хохироож, түүний сэтгэл зүйд өөрсдөө ч мэдэлгүй хүчтэй халдлага үйлдчихлээ. 

Алдарт Крис Браун дуучин Рианад гар хүрч, зодсоныхоо хариуд шүүхээр шийтгэгдэж олон нийтийн ажил хийсэн ч дуучны карьер нь унасан. Өмнөд Солонгосын "одууд" алдаа гаргасныхаа улмаас нийгмээс ирэх нөлөөллийг тэвчиж чадалгүй амиа хорлох нь олон байдаг. Арлын Японд ч уран бүтээлчид нь хар тамхины хэрэгт холбогдох л юм бол фэнүүд олон нийтийнхээ өмнө уучлал гуйж, дахин уран бүтээл хийхээ больдог. Уран бүтээлийг нь ч олон нийт сонсохоо больдог юм билээ.

Яагаад ийм харгис юм бэ гэж таньд бодогдож байна уу? Энэ харгис явдал бишээ...

Олны танил "од" байна гэдэг ирээдүй хойч үед нөлөөлж, тэдэнд үлгэр дууриал болдог учраас юу зөв, эсвэл буруу болохыг нийгэм нь шүүж, тэднээр дамжуулан анхааруулж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, хэрэв буруу зүйл хийвэл шийтгэгддэг болохыг сануулсан, ирээдүйгээ хамгаалсан хүчтэй хамгаалалт юм.

Тэгэхээр "...гэсэн юм бол байхгүй" гэх хэллэгийг хэрэглээд "бид ер нь юу л хийчихэв дээ" гэж бодох л хэрэгтэй. 

Мөн олны танил болохыг хүсэгч хэн нэгэн та "оддын" амьдралыг хүсч байгаа л бол, таны хувийн асуудал хувийнх биш болно гэдгийг байнга санаж, морал, этикийг чандлан сахих үүрэг давхар ирдэгийг мартаж болохгүй!!

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
400   0
НИЙТЭЛСЭН: Ж.ЦОГТ-ЭРДЭНЭ /Proro Propro/

Санал болгох