Лхагва 2019-01-02 Дархан
Fact checking   2020-04-09

КОРОНА ШИГ ХОРИГДСОН ХОЁР ХОНИНЫ ТУХАЙ БАРИМТ ҮНЭН ҮҮ?

“Хонинууд ишиг барьж иджээ” гэсэн мэдээллийг 2020 оны дөрөвдүгээр сарын долооны өдрийн 16:04 цагт “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” нэртэй фейсбүүк хуудас нийтлэв. Энэхүү мэдээллийг дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар 140 орчим хаяг, хуудас хуваалцаад байна.   

 

Дээрх мэдээллийг байршуулснаас 28 минутын дараа "Талын мэдээ-Тавин хоромд" нэртэй фейсбүүк хуудас хуваалцаж, тун удалгүй Control.mn сайт Э.Сувдаа гэсэн автортайгаар нийтэлжээ.

Утгыг товчхон сийрүүлбэл, “Өвөрхангай аймгийн урд сумдаар сүүлийн 10 жил бороо хур орохгүй байгаагаас намар, өвөл, хаврын турш мал идэш, хоолгүй болсон. Тиймээс дөнгөж төрсөн ишгийг хонинууд барьж идсэн байна. Эзэн нь бэлчээрт хоёр ямаа ишиглэсэн байхыг эргэчихээд, адуундаа яваад ирэхэд нь ийм явдал болжээ” гэсэн байв. Уг мэдээг иргэд янз бүрээр хүлээж авсан нь бичсэн сэтгэгдлүүдээс нь илт. Тухайлбал, “Малчид хонио 1000-д хүргэх гэж улайрснаас бэлчээрийн даац хэтэрч, өвс, ургамалгүй болсон нь үнэн”, “Намрын налгар цагт хадлангаа базаахгүй болохоор хаврын тарчигт мал ингэх нь аргагүй”, “Хонь амьд хулгана агнаад байхад энэ магадлалтай” гэсэн бол цөөнгүй нь “худал” хэмээн талцжээ.

Тус мэдээллийг Fact Check Mongolia сүлжээний баг нягталж шалгаснаар дараах баримтыг одоогоор олоод байна.

1. ҮЙЛ ЯВДАЛ ХААНА БОЛСОН БЭ?

Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” фейсбүүк хуудас “Өвөрхангай аймгийн урд сумдаар” гэж тодорхойлсон. Харин зураг дээр байгаа хонь, ямаан сүргийн цаана, тэртээд байгаа уулаар шинжилбэл Арвайхээр хот руу орохын наахан замд, аймгийн төвөөс зүүн урагш 10-15 орчим км-ийн зайд оршдог Ноён Хайрханы хойхно авсан зураг болохыг тогтоов. Бид Ноён уулын араар нутаглаж байгаа малчид, иргэдээс асууж тодруулахад дээрх мэдээлэл нотлогдсонгүй. Өвөрхангай аймгийн өмнө зүгт Гучин-Ус, Богд, Төгрөг, Баянгол, Сант, Бүрд, Есөнзүйл сум оршдог. Тиймээс энэхүү зураг бол үйл явдал болсон газрын зураг биш нь тодорхой. Улмаар бид мэдээллийг анх нийгмийн сүлжээнд нийтлэсэн иргэн А-г эрэн сурвалжилсаар олж, түүнээс утсаар тайлбар авлаа. Өөрийгөө “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг”-ийн ажилтан хэмээн танилцуулсан тэрбээр уг үйл явдал Өвөрхангай аймгийн Сант сумын Сариг багт болсон гэж хэллээ. Тэрээр хотоос хөдөө аавындаа ирээд хоёр хонож байхад нь ийм явдал болсон гэв. Гэтэл Сант сумын Засаг дарга С.Дамдинпүрэв энэ мэдээллийг нотлохгүй байна. Гэсэн хэдий ч бид иргэн А-гийн байгаа айл аймгийн төвөөс 70 орчим км зайтай, Сант, Баянгол сумын заагт нутаглаж байгаа болохыг олж тогтоов. Тиймээс хонь ишиг барьж идсэн мэдээлэл нотлогдох юм бол үйл явдал энд болсон байх нь...

2. ҮЙЛ ЯВДАЛ ХЭЗЭЭ БОЛОВ?

Иргэн А-ийн хэлснээр бол энэ явдал 2020 оны дөрөвдүгээр сарын 07-ны мягмар гарагт болсон гэв. Гэтэл Өвөрхангай аймгийн ХХААГ, Мал эмнэлгийн газар болон сумдын удирдлагууд, Сариг багийн зарим малчнаас тодруулахад "хонинууд ишиг барьж идсэн" талаар албаны болон баримттай мэдээлэл байхгүй, одоо хүртэл олдохгүй байна.

3. ХЭРХЭН БОЛОВ? 

Анхны мэдээлэлд, “... дөнгөж төрсөн ишгийг хонинууд барьж идсэн байна. Эзэн нь хонины бэлчээрт хоёр ямаа ишиглэсэн байхыг үзчихээд цааш адуундаа яваад ирэхэд нь хонинууд ишгэн дээр овоорчихсон үс арьсыг нь зулгааж, хөлийг нь тас мэрсэн” гэж тодорхой дүрсэлсэн.   

Харин өчигдөр /2020.04.08/ иргэн А-гаас авсан мэдээллээр бол Сант сумын Сариг багийн малчин айлын хургатай хоёр эм хонь нялх ишиг гарангуут нь “идчихээд” байгаа. Тиймээс тэднийг хашаанд тусгаарлаад хорьчихсон, эзэн нь харж байж хургыг нь хөхүүлж байгаа гэв. Эхний мэдээлэлд “хонинууд” хэмээн тодорхойгүй олон тоо нэрлэж байсан бол бидэнд өгсөн мэдээллээр “хоёр” гэсэн тоо хэлэв. Мөн “ишиг гарангуут нь идчихээд байгаа” гэсэн нь нэг бус нэлээд хэдэн үйлдлийг тодорхойлсон мэдээлэл юм. Мөн дөрөвдүгээр сарын эхээр малчид адуундаа явах ямар ч шаардлагагүй, ямар айраг цагааны цаг биш дээ гэж Өвөрхангайн Хужирт сумын адуучин Г.Бямбацогт хэллээ. Өдийд адуу идэш тэжээлээ хөөгөөд гэрээсээ нэлээд хол явдаг байна. Харин бидний нягталж буй мэдээлэлд дурьдсанаар бол, адуундаа явахад нь ишиг дөнгөж төрсөн байж. Тэгээд адуунаасаа ирэхэд нь хонинууд ишгэн дээр овоорсон байсан гэсэн зураглалаас ажиглахад адуу, хонин сүрэгтэй тун ойрхон байж. Энэ мэтээр бид зөрөөтэй мэдээллийг нэг талын эх сурвалжаас авсан учир үйл явдал хэрхэн болсон нь нотлогдохгүй байна.

4. ҮЙЛ ЯВДАЛ ЯАГААД БОЛОВ?

Иргэн А хэлэхдээ, “Тал, хээрийн бүсэд бэлчээр доройтоод олон жил болж байна. Ганцхан энд ч биш, хаваржилт хүндэрсэн хэд хэдэн аймагт хонинууд хулгана, зурам идсэн тохиолдол гарсныг малчид хэлсэн. Жил ирэх тусам малын бэлчээр доройтон, цөлжсөөр байхад нутаг орны засаг, захиргаанаас арга хэмжээ авдаггүй, малчдыг зөв зохион байгуулалтад оруулж, отор нүүдэл хийлгэх, гүний усыг ашиглан хадлангийн бүс байгуулах зэрэг тулгамдсан асуудлыг шийдэхгүй байна. Улс тариалангийн бүс нутгуудад л анхаарлаа хандуулж, тэр хэсгээр бороо оруулна хэмээгээд хамаг үүлээ эх орны хойморт “бөөгнүүлж”, бууддаг. Үүнээс болж Дундговь, Төв аймгийн баруун, Өвөрхангай тэр чигтээ, Баянхонгорын зарим газраар, Өмнөговийн хойд хэсгээр сүүлийн жилүүдэд бороо бага орсон. Үрээ хаядаг ургамлууд ургахаа больж, зарим нь үндэс ч үгүй болжээ. Хулгана, зурам ч бас өвс, ургамалгүйтэж, өлбөрч байна” гэсэн юм.

Харин бидний хэд хэдэн эх сурвалжаар баталгаажуулсан мэдээллээр энэ жил Сант сумынхан өнтэй өвөлжиж, тавтай сайхан хаваржиж байна. Дуулиан шуугиан болоод байгаа мэдээлэлд дурьдсанчлан сүүлийн арав гаруй жил бороо огт ороогүй гэдэг ташаа мэдээлэл ажээ. Өнгөрсөн жилийн зун Сант сумаар хур бороо элбэг байсан. Ган, зуд сүүлийн хэдэн жил ер болоогүй. Өвс, ус ч элбэг сайхан байгаа гэлцэж байна. Мөн аймгийн ХААГ-ийн Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Б.Цэнгэл "..мал махчин болно гэж байхгүй, бичил элементийн дутагдсанаас болсон байж мэднэ. Гэхдээ бид нүдээрээ харж, шинжилгээ хийж байж үнэхээр ийм явдал болсон уу, болсон бол юунаас болов гэдгийг тодруулна" гэв. Тиймээс хонь ишиг барьж идсэн нь үнэн бол чухам юунаас болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

5. ҮЙЛ ЯВДЛЫН ГЭРЧ ХЭН БЭ?

Бидэнд байгаа мэдээллээр, хонинууд ишиг барьж идсэн хэмээн батлаад байгаа ганцхан хүн байгаа нь иргэн А. Тэгвэл иргэн А гэж хэн бэ? Тэрбээр өөрийгөө “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг”-ийн ажилтан, газар зүйч мэргэжилтэй гэж танилцуулсан.

Гэсэн хэдий ч Өвөрхангай аймгийн урд сумдаар сүүлийн 10 орчим жил бороо хур орохгүй байгаагаас өвөлжилт, хаваржилт ихээхэн хүндрэх болсон хэмээн ташаа мэдээлэл бичиж байгаа нь газар зүйн мэргэжилтэн гэх мэдээлэлд эргэлзэхэд хүргэж байна. Улмаар өнөөдөр өглөөнөөс хойш /дөрөвдүгээр сарын есний өдрийн 13:30 цагийн байдлаар/ иргэн А-гийн утас холбогдохгүй байна.

Одоогоор нягталж шалгасан дээрх мэдээллүүдээс “Хонинууд ишиг барьж иджээ” гэсэн мэдээлэл ийнхүү нотлогдохгүй байна. Бид мэдээллийг үргэлжлүүлэн нягталж байгаа бөгөөд баттай мэдээллийг сүүлийн байдлаар дахин оруулах болно.


Дээрх мэдээллийг /2020.04.10/ нягталж дууслаа. Өвөрхангай аймгийн Сант сумын Царги багийн малчин Н.Лхагвасүрэнгийн хотонд байх хар цээжтэй, хөгшин эм хонь энэ жилээс малын хаг буюу ихэс идчих гээд болохгүй байсан гэнэ. Хаг идэж, амтыг нь авсан өнөөх хонь дөнгөж гарсан нялх ишигний салиаг нь долоож байхдаа турууг \шийр буюу хөл\ нь мэрж хэрэг тарьжээ. Энэ тухай Лхагвасүрэн гуайн эхнэр Д.Амарсайхан хүүдээ сонин болгож утсаар ярьсан байна. Үүнийг нь сонссон хүү нь “Өвөрхангайд хонинууд ишиг барьж иджээ" хэмээн нийгмийн сүлжээнд нийтэлжээ.

Ийнхүү “Хонинууд ишиг барьж иджээ” гэх мэдээллийг нягталснаар худал болохыг тогтоолоо.

МЭДЭЭЛЛИЙГ НЯГТАЛСАН: "Fact Check Mongolia" сүлжээ

MyDarkhan.mn сайтын сэтгүүлч Г.Ганцэцэг

Үндэсний өдөр тутмын "Өнөөдөр" сонины сэтгүүлч О.Бат-Ундрах

Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн сэтгүүлч Ц.Чимэддондог

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
322   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох