Лхагва 2019-01-02 Дархан
My Darkhan   2022-06-20

ДАРХАН, БИТЛЗ, ТВИСТ ГУРАВ НАС ЧАЦУУ

Та түрүүнд Дархан хотын чацуутнуудын тухай яръя гэсэн. Энэ тухайгаа...

- Дархантай нас чацуу нэр цуутай хүмүүс, том үйл явдлууд ч байгаа. Харин өөр хоёр онцлог тохиол бий. Энэ түүхийг би өөрийнхөө сонирхлоор хайж судалж байж олсон. Тийм учраас үүнийгээ хүмүүст хурдан дэлгэхсэн гэсэн хүсэл оргилоод байна. Энэ ер нь анх удаа болж байгаа яриа шүү.  

Жаран нэгэн оны арван сарын 17-нд Бурхантын зэлүүд хөндийд шинэ хотын суурийг тавьж байх намрын яг тэр өдөр алс тэртээх Английн Ливерпүүл хотын дөрвөн хөвүүний үүсгэсэн “Битлз” хамтлаг Дэвид Льюис театрт анхны концертоо тоглосон.

Бүр сонсох гээд яарчихлаа...

- Эхнийх нь, Дархан хот Битлз хамтлагтай чацуу. Жаран нэгэн оны арван сарын 17-нд Бурхантын зэлүүд хөндийд шинэ хотын суурийг тавьж байх намрын яг тэр өдөр алс тэртээх Английн Ливерпүүл хотын дөрвөн хөвүүний үүсгэсэн “Битлз” хамтлаг Дэвид Льюис театрт анхны концертоо тоглосон. Энэ концертонд Битлзийн дууг шүтэн бишрэгчид нь ирсэн. Ердөө л 60 хүн. Гэвч хожмоо тэрбумаар тоологддог болсон тэднийг “Битломан” гэж нэрлэдэг болсон шүү дээ. Монголд Битлзийн дуунуудыг Улаанбаатарын “Дөчин мянгатынхан” түрүүлж сонссон гэдэг. Дарханд бүр эрт сонссон. Учир нь Дарханаас олон залуус Европ явж, Герман, Польш, Унгар, Чех, Болгарт сурч ирцгээсэн. Тэд Битлзийн пянзыг хил дээр хугалуулж хураалгасан ч гэсэн нууж оруулж ирдэг байсныг би гэрчилнэ.

Хоёр дахь нь Дархан хоттой Твист бүжиг бас чацуутан. Америкийн дуучин Чабби Чекер Твист бүжгийн тухай “The Twist” дууг анх дуулсан. Дуучин 1961 оны аравдугаар сард “Let’s Twist Again” нэртэй дууг дуулсан нь Твист бүжиг дэлхий даяар түгэх шуургыг хөөрөгдсөн гэж үздэг. “...Өнгөрсөн зун бид яаж бүжиглэлээ, Яг тэрэн шигээ Твист бүжиглэе...” гэсэн үгтэй энэ дууны аянд дэлхий тэр чигээрээ Твист хийцгээсэн. Английн хатан хааны гэр бүлийнхэн хүртэл твист бүжиглэсэн.

Бас нэг сонирхолтой нь 1961 оны аравдугаар сарын 17 нд болсон нэгэн үдэшлэг дээр Америкийн Тэргүүн хатагтай Жаклин Кеннеди твист татсан... Дарханы уугчуул санаж байгаа байх. Жараад онд хуучин Дарханы Орос клубийн ард ах нарын байгуулсан бүжгийн талбай дээр хагас бүтэн сайны орой болгон бүжиг болно. Банзан шалтай тэр хөөрхөн талбайг Орос, Монголгүй адилхан “Площадка” гэнэ. Хосоороо бүжиглэдэг бүжиг ихэнхдээ хийж байснаа гэнэтхэн хурдан ая явна.

Бас нэг сонирхолтой нь 1961 оны аравдугаар сарын 17 нд болсон нэгэн үдэшлэг дээр Америкийн Тэргүүн хатагтай Жаклин Кеннеди твист татсан...

Орчин үеийн бүжиг гэж бараг гараагүй байсан үе. Хүмүүс нэг их гарч бүжиглэхгүй. Тэгтэл хоёр гуравхан залуу гарч ирнэ дээ. Твист бүжиглэнэ. Бусад нь тэр бүжгийг мэдэхгүй болохоороо бүгдээрээ тэдэн рүү очоод шаваад тойрчихно. Хөдөлгөөнийг нь харж, сониучирхаж байгаа нь тэр. Гэнэт цагдаа хүрч ирээд нөгөө бүжгийг чинь болиулна. Тэр үед Твист бүжиглэх хориотой. Тийм л цаг байлаа. тэр анх бүжиглэж байсан нөхдүүд чинь нөгөө Европ явж ирцгээсэн улс. Хорих тусам Твист Дарханд улам хурдан дэлгэрсэн. Сүүлд далаад оноос нөгөө жаахан “Площадка” чинь оволзтол Твист хийдэг болсон доо.

Дархан хот, домогт “Битлз” хамтлаг, Твист бүжигтэй үе чацуугийн түүх ийм л учиртай...

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
509   0
НИЙТЭЛСЭН: Б.Оюунчимэг