Лхагва 2019-01-02 Дархан
Хүний түүх   2020-03-25

БУСДЫГ ТЭНХРҮҮЛЭГЧ НЬ ӨӨРӨӨ ТЭНХЭРДЭГ

"Бэлэглэе" фэйсбүүк группыг Дарханд мэдэхгүй хүн цөөн биз ээ. Ялангуяа ээжүүд, эмэгтэйчүүд бол бүр сайн мэднэ. Маш олон удаагийн тусламж, дэмжлэгийг зорилтот бүлгийхэнд хүргэж, зохион байгуулж чадсан 50.000 гаруй гишүүнтэй тус группын админ "Аз жаргал" буюу Б.АНХБАЯР-тай ярилцлаа. Тэрбээр "Хүмүүсийг эерэг, сайн сайхан зүйлд уриалж, нэгтгэж чаддаг нь нийгмийн сүлжээний маш том хүч юм билээ" хэмээн инээмсэглэн өгүүлж байв.

1. “АЗ ЖАРГАЛ”-ын групп – “БЭЛЭГЛЭЕ”

БОДОЛ САНААГАА ХУВААЛЦАХААР УРИЛГЫГ ХҮЛЭЭН АВЧ, ХҮРЭЛЦЭН ИРСЭНД МАШ ИХ БАЯРЛАЛАА. ЮУНЫ ТАЛААР ЯРИЛЦАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛ ГАЙХАВ УУ?

- Үнэнийг хэлэхэд сайн ойлгосонгүй ээ. Эгэл жирийн эмэгтэй надтай MyDarkhan.mn сайт яагаад ярилцъя гэсэн юм бол гэж бодоод, гайхаад л байна \инээв\.  

ХАРИН ТЭР ТУСМАА, БИДНИЙ ДУНД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ЭГЭЛ ЖИРИЙН ЭМЭГТЭЙН БОДОЖ САНАЖ ЯВДАГ ЗҮЙЛСИЙГ ХУВААЛЦВАЛ СОНИРХОЛТОЙ БАЙХ БОЛОВ УУ ГЭЭД. СОШИАЛ ДАВАЛГАА ХЭТ ИХ БОЛСОН ӨНӨӨ ҮЕД ХҮМҮҮС ГРУПП, БЛОГ, ПЕЙЖ ХӨТЛӨХ НЬ ИХ БОЛСОН. ТА БОЛ ТИЙМ ХҮМҮҮСИЙН НЭГ. ЖИРИЙН ЗАЛУУ ЭЭЖИЙН ЦАГ ГАРГАН ХИЙДЭГ ЭНЭ АЖЛЫН АРД ЮУ БАЙГАА БОЛ ГЭЖ СОНИРХОЛ ТАТААД. ЕР НЬ ЯАГААД СОШИАЛД ГРУПП ХӨТЛӨХӨӨР ШИЙДСЭН ЮМ БЭ?

- Их энгийн л дээ. Хоёр жаахан хүүхэдтэй, гэртээ хүүхдүүдээ хардаг ээж байлаа. Тэгээд новшоо цэвэрлэнэ, илүү дутуу юмаа ялгана, ангилна. Багадсан хувцсаа дүүдээ өгнө, үеэлүүдтэйгээ зарим нэг уйдсан хувцсаа сольж өмсдөг байв.

Тэгж байгаад гэнэт нэг өдөр ер нь яагаад зөвхөн эгч дүү, хамаатан садандаа гэж, биднээс ч илүү хэрэгцээтэй, хэцүү амьдралтай, эсвэл магадгүй биднээс ч илүү тансаг боломжийн амьдралтай хүмүүс бий. Тэд нарт ч бас өөрт хэрэггүй ч бусдад хэрэг болчихоор эд зүйлс байгаа. Тэрийгээ, бас л над шиг яах билээ гээд байж байгаа ч юм билүү гэж бодоод “Бэлэглэе” группээ нээсэн.

Би ер нь ямар нэг юмыг бодсон л бол эхлүүлчихдэг зантай. Болох болов уу, яах бол гэж нэг их эргэлзэж тээнэгэлзээд байдаггүй хүн л дээ. Групп дөнгөж эхэлсний дараа бол тасралтгүй “бэлэглэе” гэдэг пост ордог байсан ш дээ. Их гоё. Хүмүүс бие биедээ бэлэглээд л... Маш хурдтай өргөжиж, гишүүд нэмэгдэж байв. Аажимдаа би бүрэн хянаж чадахаа больж, зарим хүндрэлүүд гарч эхэлсэн. 

БҮХ ПОСТУУДАА ХЯНАДАГ УУ?

- Тийм. Шүүдэг. Зөвхөн крилл үсгээр бичсэн пост оруулна гээд анхааруулчихсан байгаа. Өөрийнхөө зав зайгаар байнга хянаж байна. Бусдад бэлэглэх, солилцохоос гадна 20.000 төгрөгт багтсан үнээр шинэ, хуучин эд зүйлсээ бие биетэйгээ солилцож, худалдаж бас болно. Түүгээрээ хүн гэртээ хэрэгцээтэй саван вок, сүү тарагаа авахад нь нэмэртэй. Заримдаа “Өнөөдөр нөхрийн маань төрсөн өдөр. Бэлэг авч өгөх гэсэн юм. Би үүнийг боломжтой байх үедээ авсан. Зараад нөхөртөө бэлэг авах гэсэн юм” гэсэн пост орж ирдэг. Тийм эгзэгтэй, хэрэгцээ тулсан үед нь нэгэндээ тусалчихдаг, халуун дулаан уур амьсгалтай байвал гоё гэж бодоод зарим нэг ийм постуудыг авдаг.

2. СОШИАЛ ба БИДНИЙ АМЬДРАЛ

СОШИАЛ ОДОО БИДНИЙ АМЬДРАЛЫН БАРАГ ТҮГЭЭМЭЛ ХЭРЭГЛЭЭ БОЛЧИХЖЭЭ. ЧИ ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛЫГ НЬ ХЭРХЭН ХАРЖ БАЙГАА ВЭ?

- Би группд орж байгаа постуудыг бүгдийг нь хянадаг. Хянахгүй бол хамгийн наад зах нь группын уур амьсгал эвдэгдэнэ.

Янз бүрийн зар сурталчилгаа, хэрүүл уруул, энэ хүүхэн манай нөхрийг тэглээ ингэлээ гэх мэт үнэн худал нь мэдэгдэхгүй хов жив, хүний нэр төрд халдсан мэдээллүүд маш ихээр орж ирдэг. Тэр жүжигчин тэгж байр бэлэглэх гэж байна гэх мэт юмнууд ч байна. Тиймээс хянахаас өөр аргагүй. Ингэж цаг гаргаж, нэг бүрчлэн шүүж байгаагийн гол учир нь ердөө группынхээ уур амьсгал, гишүүдийнхээ тав тухыг хамгаалж байгаа юм.

Ер нь бол манай группд байгаа хүмүүсийн 70-80 хувь нь эндээс хэрэгцээтэй зүйлээ олж авсан байдаг. Тэгэхээр заримдаа нэг л их олон хүүхэдтэй айлын ээж санагддаг юмаа \инээв\. Гэнэт л, тэндээс нэг ийм юм авсан чинь ийм болчлоо. “За энэний учрыг олж өгнө байгаа, админаа” гээд л ороод ирнэ шүү дээ.

БАС ТИЙМ ЮМ БАЙХ УУ? ЭНЭ ЧИНЬ УГ НЬ ХООРОНДОО ТОХИРОЛЦООД СОЛИЛЦОО ХИЙЧИХЛЭЭ ГЭСЭН ҮГ БИЗ ДЭЭ?

- Тийм. Бас нэг хүн ингээд зээл авсан чинь мөнгөө өгдөггүй ээ гэнэ.

ТИЙМ ҮЕД ЯАХ УУ?

- Хүлээцтэй хандахаас өөр аргагүй. “За, та нөгөө хүнийхээ хаягийг, хоорондоо харилцсан чатаа скрийншот хийгээд явуулаарай” гэнэ. Тэгээд мөнгөө өгөхгүй байгаа хүн рүү нь, эсвэл асуудалтай юмаа зарчихсан хүн рүү нь явуулна. “За, энийг шийдэж өгөхгүй бол болохгүй шүү. Тэгэхгүй бол энэ группд та байхад хэцүү болох нь” гэх мэтээр харилцаж, ямар нэгэн байдлаар анхааруулж, арга хэмжээ авна. Тэгэсгээд учраа олцгоочихсон л  байдаг. Ер нь иймэрхүү юм их гарнаа.

ЦАГДАА ЭНЭ ТЭРДЭЭ ТУЛЖ БАЙСАН ЮМ БИЙ ЮУ?

- Цагдаадаа тулсан нь бол одоогоор байхгүй ээ. Зүгээр нэлээн их ажиллаж, удаан хугацаа зарцуулж байж учрыг нь олсон тохиолдол бол бий.

НУУЦ БИШ БОЛ ЮУ БОЛСОН ЮМ БЭ?

- Нэг нууц хаягнаас 100 зураг 15.000 аар угаана гээд, нэлээн олон хүнээс мөнгө авчихсан байсан. Постонд нь би итгээд оруулчихсан юм. Нэг их гоё зурагнууд тавьчихсан, крилл үсгийн фондоор “Сайн уу, өдрийн мэнд, хөөрхнүүддээ. Амьдрал зураг дээр л дурсамж болон үлдэнэ. Гэртээ сууж байгаа ээжүүддээ 100 зургийг нь 15.000-аар угааж өгье” гэсэн байхаар нь баярлаад, ээжүүдэд хэрэгтэй юм байна гээд оруулчихсан чинь буруудсан. Тэгээд одоо пост хийхийг хүссэн хаягуудыг их анхааралтай ажиглаж, судалдаг болсон. Ер нь их туршлагажиж байна даа. Өдөр тутамдаа л янз бүрийн юм сурч байна. Тэр хүнд хулхидуулсан хүмүүс нийлээд групп чат нээж, хоорондоо нэлээн удаан харилцаж, мэдээллээ солилцож байж бүх мөнгөө буцаан авсан. Зарим нэг нь үйлчилгээгээ бүтэн авч, зургуудаа угаалгасан байсан. Ер нь янз бүрийн л асуудал гарна. Тэрийг тухай бүрд нь хамтдаа шийдээд л явдаг. Тэгэхдээ манай групп их гоё шүү. Хэн ч хэнийг танихгүй мөртөө, хэн ч хэнтэй хамаатан садан, ямар нэгэн танилын холбоогүй атлаа нэгдэж чаддаг нь үнэхээр сайхан.

3. АЗ ЖАРГАЛ vs АНХБАЯР

ӨӨРӨӨ ДАРХАНЫХ УУ?

- Тийм. ЕБС-ын 15 дугаар сургуулийг төгсөөд Улаанбаатарт ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургуулийг нягтлан бодогчоор төгссөн. Одоо “Nano Internationl ХХК- д худалдааны төлөөлөгчөөр ажилладаг. Ер нь харилцааны ажил л даа. Өдөр тутамдаа маш олон төрлийн хүмүүстэй уулзаж, харилцаж, итгэлцэж байдаг ажил.

ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ БАС ГРУППЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГААРАА ӨДӨР ТУТАМДАА ЯНЗ БҮРИЙН ХҮМҮҮСТЭЙ ХАРИЛЦАЖ БАЙНА. ЭНЭ НЬ МАГАДГҮЙ ТОО БҮРТГЭЛ, САНХҮҮ ГЭХ МЭТ ШИРЭЭНИЙ АРД АЖИЛЛАДАГ ХҮМҮҮСИЙГ БОДВОЛ ИХ ӨӨР БАЙХ. ХАРИЛЦААНЫ АЖИЛ ХИЙХИЙН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛ ЮУ ВЭ?

- Олон хүнтэй харилцдаг ажил хийхэд маш их юмыг амжуулах шаардлага гардаг л даа. Ер нь тэгээд аливаад хүлээцтэй хандаж сурч байна. Ажил мэргэжлийн талаасаа ч тэр, хувийн сонирхлоороо амжуулдаг группын үйл ажиллагаагаараа ч тэр. Авууштай нь танилын хүрээ маань их тэлж байна. Эерэг тал олон. Бас мэдээж сөрөг зүйл ч олон байгаа. Жишээ нь надад хувийн цаг хугацаа гэж байхгүй мэт байдаг. Хүмүүс ардаа амьдралтай, гэр бүлтэй, бүтэн сайн өдөр бол миний гэр бүлдээ зориулах өдөр гэдгийг ойлгодоггүй. Ойлгохыг ч хүсдэггүй юм шиг билээ. Гэхдээ ямар ч байсан нэг их юманд эмзэглэхээ байчихжээ. Нас явж байгаа болоод тэр юм болов уу. Бас сайн, муу их олон юмны ард гарлаа. Янз янзын үг ч их сонссон. Хүмүүсийн арга эвийг олох тал дээр хүссэн хүсээгүй суралцаж байна.

Дэлгэцний цаанаас таних танихгүй олон хүн нээлттэй, нээлттэй бус хаягнаас янз бүрийн байдлаар бичнэ. Тэр дунд сайн нь ч байна, муу нь ч байна. Эцсийн дүнд ямар нэгэн юмыг хүлээж авахдаа сэтгэл хөдлөлөөр хандахаа больчихдог юм байна. Ер нь сэтгэлийн хаттай болоод байх шиг байна шүү \инээв\

ГРУПП ХӨТЛӨХ БОЛСНООР НИЙГМИЙН СҮЛЖЭЭНЭЭС ИРЖ БУЙ ДАРАМТЫГ ДАВЖ, ХЯНАЖ СУРЧ БАЙГАА ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОЛОО?

- Тийм ээ, эхэндээ бол ийм байгаагүй ээ. Омголон, сэхүүн. Хүний үг сонсдоггүй, даадаггүй, “Би, би ...” гэж их ярьдаг, боддог байлаа. Одоо бол би яахав, та юу хүсч байна, таны үзэл бодол ямар байна, эхлээд таны бодол санааг сонсьё гэдэг болж өөрчлөгдсөн.

НИЙГМИЙН СҮЛЖЭЭНЭЭС ИРСЭН ХАМГИЙН ИХ ЭМЗЭГЛҮҮЛСЭН ҮГ, ЭСВЭЛ ЧАТ ЮУ БАЙВ?

- Би чинь 50 гаруй мянган гишүүнтэй группын админ. Бас “Аз жаргалын хуудас” гээд 60-аад мянган фолловтой пейж хаяг байгаа. Ямар ч бүүст энэ тэр хэрэглээгүй өөрийнхөөрөө идэвхижүүлээд л ийм болсон. Сошиал дээр намайг дагадаг тэр олон хүмүүст юу л гэлээ гэж миний уйтгар гуниг, зовлон, миний амьдралын хар бараан сонин байв гэж. Тиймээс аль болох гоё сайхнаа постолж, аль болох эерэг байхыг хичээдэг. Гэхдээ хүний л амьдрал болсон хойно янз бүрийн асуудал байна. Тэгээд аль болох эерэг, гоё сайхнаа бусадтай хуваалцах гэж хичээж байдгийг маань бусад хүмүүс, өвдөж зовдоггүй, элэг бүтэн, тэнгэрийн амьдралаар амьдарч байгаа мэт ойлгодог шиг билээ.  Үүнд жаахан эмзэглэдэг л дээ. “Төмөр хатагтай”  гэж боддог юм болов уу ч гэж хааяа боддог. Мэдээж, сайнаар хэлж, магтаж, чин сэтгэлийн үг хэлж байгаа хүмүүс ч бий. Гэхдээ маш цөөхөн. Больж өгвөл сэтгэл рүү минь давшсан. Янз бүрийн нууц хаягнаас муу муухай үг хэлсэн нь их байдаг. Тэгээд яахав. Бусдын нэгэн адил энгийн л амьдралаар амьдарч яваа хоёр хүүхдийн ээж, амьдралын төлөө зүтгэж яваа эгэл жирийн эмэгтэй. Чатаар янз янзын юм их ирнэ ээ. Яахав тэгээд түрүүн хэлсэнчлэн, өмнө нь шууд хүлээж аваад л, бухимдаж стресстдэг байсан бол одоо тэгэхээ больсон.

“ЧИМЭЭГҮЙ ГАЗАР ОЧООД УЙЛААД...” ГЭЭД НЭГ ПОСТ ОРУУЛСАН БАЙСАН?

- Тэгсэн \инээв\. Анх хүмүүст өөрийнхөө муу талыг харуулахгүй, би хүч муутай, сул дорой байвал миний группын гишүүд ч гэсэн тийм байна гээд их хичээдэг байсан. Тэгээд өөрчлөгдөж байна л даа. Би ч гэсэн хүн, адилхан нийгмийн харилцаанд орж, миний сэтгэл ямар нэгэн байдлаар унаж, босч, миний амьдралд янз бүрийн зүйлс тохиолдож, гомдож, цөхөрч, тэрийг даван туулж байгаа гэдгээ, бас адилхан эмэгтэй хүн гэдгээ ойлгуулах гэж, ер нь өдөр тутамдаа өөрийгөө нууж баг зүүхээ болье гэж бодоод тэр постыг оруулсан юм. Гэхдээ манай эмэгтэйчүүд их хүчирхэг шүү дээ. “Зөвхөн эмэгтэй хүн л шөнөжин уйлсан ч, өглөө нь юу ч болоогүй мэт нүүрээ будаад ажилдаа гарч чаддаг” гэх үг бий. Стрессээ гадагшлуулдаггүй эмэгтэйчүүд бидний дунд их. Тэгж дотроо бухимдалтай удаан явах нь бие болоод эрүүл мэндэд их муу юм билээ. Тиймээс ямар нэгэн байдлаар стрессээ заавал гадагшлуулж байгаарай гэдгийг сануулах гэж тэр постыг бичсэн юм.

ГРУПП НЭЭХЭЭСЭЭ ӨМНӨ СОШИАЛД ХЭР ИХ ЦАГ ЗАРЦУУЛДАГ БАЙСАН БЭ?

- Ерөөсөө ордоггүй байсан ш дээ. Тийм байсан хүн утаснаасаа салахаа байгаад, байнга л нөгөөхөө “маажаад” байхаар гэр бүлийнхэн маань дургүйцэж эхэлсэн. Арга ч үгүй юм. Гэр бүлдээ зориулах цаг маань хомсдож, эрүүл мэндэд нөлөөлж эхэлсэн. Надад группээ зарах уу гэдэг санал олон орж ирж байсан л даа. Одоо яг ийм сонгуулийн үеэр бол бүр их орж ирдэг. Бас группын ковер дээр сурталчилгаа, хаяг, рекламаа тавъя гэдэг саналууд ч ирнэ. Энэ бүхэн нөхөрт маань таалагдаггүй. Өөрийгөө ядраагаад гээд дургүйцэх нь их. Гэхдээ аажимдаа ойлгож эхэлсэн л дээ. Ер нь тэгээд их олон зүйлийг давж, туулж энэ хүрчээ. Ээж маань бас дургүйцэж байсан. Нэг удаа “Энэрэл” цогцолбор сургуулийн зорилтод бүлгийн хүүхдүүдэд хүмүүсээс өгсөн бэлгийг хүргэж өгөөд буцаж явахдаа тэрийгээ мэдээлэл болгон группдээ оруулсныг ээж харчихаад уурласан.

ЯАГААД ТЭР ВЭ? ЭЭЖ ТАНЬ ЮУНД ДУРГҮЙЦСЭН ЮМ БОЛ? 

- Өөрийнхөө хүүхдийг хатгаа авчихсан, халуураад тарианд орчихсон байхад орхиж гараад өөр хүүхдүүд гээд явж байна гээд. Арга ч үгүй биз дээ. Ээжийнхээ дургүйцэж байгааг ойлгодог. Гэхдээ, бусдыг тэнхрүүлэгч өөрөө тэнхэрдэг гэж үг байдаг. Энэ үгийг үнэн гэж итгэж, бодож явдаг...

4. Бусдыг тэнхрүүлэгч нь ӨӨРӨӨ ТЭНХЭРДЭГ

НЭЭРЭЭ ТИЙМ. ТАНАЙ ГРУППЭЭС  ЖИНГИЙН ДУТАГДАЛТАЙ НЭГ НЯРАЙД ТУСАЛЖ БАЙСНЫГ САНАЖ БАЙНА?

- Тиймээ. “Тэжээлийн дутагдалтай, 900-хан грамм төрсөн нярай сэхээнд байна. Энэ хүүхдэд туслах боломж байна уу?” гээд Халамжаас надруу холбогдсон юм. Ээж нь архины хамааралтай, хүүхдээ орхиод гараад зугтаачихсан байсан. Тэгээд би группдээ “Энэ хүүхдэд бүгдээрээ тусалъя. Миний ард та нар маань л байна. Хүүд сүү, тэжээл, памперс, өлгий авмаар байна. Бас Улаанбаатар руу дутуу нярайн сувилалд явуулах хэрэгтэй” гээд, яг л дотор сэтгэл зүйгээрээ, гадаа танихгүй хүмүүсийн дунд гуйлга гуйж байгаа юм шиг л пост бичсэн.

Тэгэхэд бүр хаа байгаа Дорноговиос, Говь-Алтайгаас хүртэл хүмүүс чат бичиж, тусалъя гэж байсан. Манай групп чинь “таван тивийн хүүхдүүд” гэдэг шиг монгол орны 21 аймгаас хүмүүс байдаг юм. Тэгсэн энд тэндээс тав тавдахгүй, арав аравдахгүй хүмүүс мөнгө хийж байв. Энэ миний урам зоригийг маш их бадраасан шүү. Ерөөсөө сошиалын эерэг тал энэ л юм билээ.

Хүмүүсийг эерэг, сайн сайхан зүйлд уриалж, нэгтгэж чаддаг маш том хүч. Тэгээд энэ бүхнийг хийгээд, ийм олон зүйлийг амжуулж чадаад байгаадаа хааяа өөртөө баярлах сэтгэл төрдөг. Хичнээн их ачаалал авч, өдөр шөнөгүй ажиллаж, ядарч, бүр үс маань халцарчихсан байсан ч хэцүү байна гэж огт бодож байгаагүй. Өдөр нь үндсэн ажлаа хийнэ, орой нь ирсэн бүх постуудыг шүүнэ бас группын гишүүдээ идэвхижүүлэх пост бичиж оруулна. Тэгээд байнга дэлгэц ширтээд байхаар нүд хорсоно, ядрана. Гэхдээ би энэндээ хэзээ ч, хэнд ч ялархдаггүй. Өөрөө би дуртай, эндээсээ кайф авч чаддаг.

АНЗААРЧ БАЙХАД ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХДҮҮД РҮҮ ХАНДСАН АЖИЛ НЬ ДИЙЛЭНХ БОЛОЛТОЙ ЮМ?

- Тийм. Харвачихсан, эхнэр нь хаяад явсан нэг ахад тусалж, тэргэнцэртэй болгож байсан. Бөгсөө чирээд, хоёр гараараа явдаг ах байсан. Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасгаас холбогдоход манай группынхэн нийлж тэр ахад тэргэнцэр, хувцас, гар утас аваачиж өгч байв. Түүнээс бусад нь ер нь ихэвчлэн ээжүүд, эмэгтэйчүүдэд тусалсан. Миний бодлоор нийгмийн сүлжээнд аюултай, эрсдэлтэй тал олон ч зөв ашиглаж чадвал маш том хүч шүү. Жишээ нь, бид жилийн өмнө нэг төрөлхийн нүдний болрын цайралттай хүүхдэд тусалсан юм. Тэр хүүхдийн хамаатных нь эгч манай группд “Төрөлхийн болорын цайралттай хүүхэд хагалгаанд орох гэсэн боловч маш их мөнгө хэрэг болоод байна. Туслаач” гэсэн. Ээж нь хөгжлийн бэрхшээлтэй, оюутан, ганц бие ээж байв. Группдээ зарлаад, тэр хүүхдийн эмчилгээнд мөнгө цуглуулж байгааг Улаанбаатарын “Орбита” нүдний эмнэлгийнхэн хараад надтай холбогдсон. Өмнө нь тэр хүүхдийг “Орбита”-д үзүүлж, төлбөр мөнгөө ярилцаад буцсан байсан юм билээ. Тэгсэн тус эмнэлгээс “Ээж нь ийм гэж мэдсэнгүй. Манайх хагалгааг нь үнэ төлбөргүй хийж өгье” гэсэн. Сошиал ийм л “хил хязгааргүй” ач холбогдолтой юм билээ. Одоо тэр хүүхэд том болсон. Нүдний шил зүүж, хараа нь сайжирч, цэцэрлэгт явж байгаа. Ээж нь сургуулиа төгсөөд ажил хийж байгаа.

НИЙТ ХИЧНЭЭН ХАНДИВ, ТУСЛАМЖИЙН АЖИЛ ХИЙСЭН БЭ?

- Нарийн тоолж үзээгүй юм байна шүү. Хүүхдүүдийн тоо бол 100 давсан байхаа. 15-р багийн 17 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд гэрээр нь очиж бэлэг өгсөн. Дэлгэрцэцэг эгчийн 7 хүүхдийг бичиг баримттай болгож хоёрыг нь Энэрэл цогцолбор сургуульд, дотуур байранд оруулсан гэх мэтээр тоолбол олон болох байх шүү. Гэхдээ энэ бүхнийг би ганцаараа хийгээгүй шүү дээ. Их олон хүний тусламж, дэмжлэгээр хийсэн ажлууд. Угаасаа ганцаараа хийнэ гэж огт байхгүй. Барахгүй. Энд тэндээс маш олон сайхан сэтгэлтэй хүмүүс гарч ирдэг. Яруу найрагч Р.Чойном агсны охин Мөнхтэмүүлэн эгч манай Дарханд амьдардаг юм билээ. Тэр хүнд бид бас эд материал, мөнгөн тусламж үзүүлсэн. “Дарханы цахилгаанчин Батболд” шинэ угаалгын машин бэлэглэж, хүмүүс хүүхдүүдэд нь шинэ жилийн бэлэг өгч байв. Тэр үед Шарын голоос хүмүүс шинэ, хуучин хувцас хунараа боогоод, скочдоод дээр нь “Азжаргалд” гээд миний утасны дугаарыг бичээд, дайврын мөнгийг нь төлөөд явуулсан байсан.

Ийм зүйлийг, ийм нэгдлийг тийм амархан бий болгохгүй байхаа. Гэхдээ би үүндээ онгирч, бардамнаж байгаа юм биш шүү. Олны хүчээр, сайхан сэтгэлт хүмүүсийн хүчээр энэ бүхэн биелэлээ олдог. Харин би өөрөө эндээс маш сайхан кайфыг мэдэрдэг. “За, баярлалаа. Ёстой их баярлалаа” гэдэг үгийг сонсох сайхан.

ТУСЛАМЖ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭН ХҮМҮҮСТЭЙГЭЭ ЭРГЭЭД ХЭР ХОЛБООТОЙ БАЙДАГ ВЭ?

- Бүгдтэй нь ФБ найз. Байнга бие биенээ харж байдаг. Ярьдаг, чатладаг. Одоо ер нь бүгдийнх нь тухайн үед байсан нөхцөл сайжирчихсан. Их сайхан явж байгаа. Хамгийн хэцүү нь гэртээ байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд л яг хэвээрээ байна. Үүнд  сэтгэл эмзэглэх юм. Үнэндээ тусалъя гээд ч миний, бидний хүч хүрэхгүй нь их. Гадагшаа маш өдөр төлбөртэй хагалгаанд орох, эсвэл зарим нь бүр ямар ч арга хэмжээ авах найдваргүй болсон байдаг. Ер нь бол нийгмийн сүүдэртэй хэсэг юм даа. Ийм хүмүүс байгааг эргэн тойрныхон, гэрийнхнээс нь өөр хэн ч мэдэхгүй.

Тэднийг энэ хорвоо дэлхий дээр бидэнтэй зэрэгцээд манай Дарханд, манай Микрт, манай Батальонд, манай Шинэ хороололд байгааг хэн ч мэдэхгүй. Үе мөч нь тийм..., толгойны хэлбэр нь тийм..., ийм эмзэг хүүхдүүд олон бий. Тэр хүүхдүүдийн ар гэр, аав ээжүүд ямар их сэтгэлийн зовлон шаналалтай, юуг туулж байгааг ч мэдэхгүй.

Өнөөдөр өөрийнхөө биеийн хэлбэр галбирыг, ээж аавынхаа авч өгсөн утсыг голсон залуус, хүүхдүүд зөндөө. Гэтэл нийгмийн сүүдэртэй хэсэгт ямар зовлонтой хүмүүс амьдарч байгааг, өөрийгөө ямар аз жаргалтай, элэг бүтэн, эрүүл саруул, ойр дотныхоо хүмүүсийнхээ элбэрэл хайранд байгаагаа ч анзаарахгүй байна. Тэд энэ бүхнийгээ мэдээсэй.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮД, ТЭДНИЙ ЕРТӨНЦ ЖИРИЙН ХҮМҮҮСИЙН ХУВЬД ХААЛТТАЙ БАЙХ ЮМ?

- Хөгжлийн бэрхшээлтэй, хүнд нөхцөлд амьдарч хүмүүс, хүүхдүүдтэй уулзаад ирсний дараа нэг хэсэгтээ л сэтгэл хөндүүрлэдэг. Тэгэхдээ би өөрөө албатай юм шиг хайж, зорьж, араас нь утасдаж, аль гудамж бэ, баруун эргэлээ, зүүн эргэлээ, тийм хашаа байна, танайх хаана юм бэ, гудамжиндаа гараад ирээрэй гээд очиж, тэр айлын амьдрал руу хэдэн минут орчихоод.., орой нь ирээд өөрөө маш их шаналдаг. Тэнд тийм хүүхэд, тийм хэцүү байна гээд л... Ийм зүйлийг тэр бүр хүнд яриад байж болохгүй. Хэдэн өдөр нүдэнд харагдаад, бодогдоод, хэсэгтээ л хүнд. Заримдаа боломжтой, чадалтай бол, энэ хүүхдүүдийг авчираад, хооллож ундлаад, усанд оруулж, эмчид үзүүлээд, ярилцаж, нийгмийн амьдралд оруулж, сургуульд ортол нь асрах юмсан гэж боддог. Ер нь тэгээд янз бүрийн юмыг сөрөөд, олон л ажлын ард гарлаа. Ийм ажлын ард юу болж байдгийг хүмүүс мэддэггүй. Магадгүй, мэдэхийг, ойлгохыг ч хүсдэггүй байх. Тусламж дэмжлэг хэрэгтэй зүйл дээр гараа сунгахгүй атлаа, бусдыг муулах болохоороо гэнэт гарч ирээд, аар саархан жижиг зүйл дээр ялаа шиг шавж, нууц хаягнаас хэмэлж, янз янзын юм бичдэг хүмүүс ч их бий. “Наад Азжаргал чинь....” гээд л бичдэг. Гэхдээ яахав, муугаасаа сайн нь олон нь сайхан юм даа.

ХҮМҮҮСИЙГ ХАЙСААР ОЧИХОД ХЭРХЭН ХҮЛЭЭЖ АВДАГ ВЭ?

- Их гайхдаг. “Хаанаас гэсэн бэ?” гэж асууна. “Бэлэглье” группээс гэхээр гайхаад, гайхаад, гайхсаар байгаад л, баярлалаа гээд үддэг. Зарим нь араас утасдаад “Танай групп руу орох гэсэн юм. Яаж бичих билээ?” гээд асууна. Өнгөрсөн Шинэ жилээр Дархан захын гэр ахуйн наймдугаар павилоны Гүндээ эгч 100.000 төгрөг өгөөд “Хүүхдүүдэд бэлэг авч өгөөрэй” гэсэн юм. Түүгээр нь бэлэг аваад, батальонд өвөө эмээтэйгээ амьдардаг тархины саажилттай охин дээр очсон.

Гуравхан настай тэр охин их олон хоног бодогдсон. Би эхлээд эмээ рүү нь ярьсан юм. Тэгсэн хотруу явж байна гээд өвөөгийнх нь утсыг өгөв. Нэг дүүгээ өвлийн өвгөн болгоод, бас группын нэг дүү охины хамт гурвуулаа хүүхэд баярлуулна гээд хөөр баяртай, хайсаар байгаад очив. Гэвч тэр айлд ороод л шоконд орсон. Монгол гэрт үүдээр оронгуут залуухан, сайхан инээмсэглэсэн бүсгүйн зурагны өмнө зул асаасан байв. Анагаахын оюутан байсан бололтой цагаан халаадтай тэр эмэгтэй Улаанбаатараас ирж байхдаа аваарт ороод амиа алдсан юм билээ. Гуравхан настай бяцхан охин нь аавгүй. Толгой нь маш том. Яг л харь гаригийн хүнтэй кинон дээр гардаг шиг. Багадаа арай бага байсан ч охин өсөх тусам толгой нь улам томроод байгаа гэсэн. Шингэхээн хэдэн үстэй. Эмнэлэг охиныг ямар ч эмчилгээ байхгүй гээд хайхрахаа больсон бөгөөд хоолоо зөвхөн соруулаар маш бага багаар иддэг гэв. Охин унтаж байсан ч, зориуртай байгаа бололтой яраглахад өвөө нь маш их хайрлаж, энхрийлэн үнсч байв \нүдэнд нь нулимс цийлэгнэв\.

Бид бэлгийг хажууд нь тавиад гарахад өвөө нь баярлалаа гээд үдсэн. Удалгүй эмээ нь утасдаад “Танай групп руу яаж орох вэ?” гээд асууж байсан.

ОХИНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ХААНААС АВСАН БЭ?

- “Зузаахай” төвийн н.Алтанчимэг эгчээс авсан. Түрүүнд ярьсан болорын цайралттай хүүгийн ээжээр дамжуулж Алтанчимэг эгчтэй танилцсан юм. “Зузаахай” төв хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэргээн засах эмчилгээ үйлчилгээг олон жил хийж байгаа юм билээ. Тэндэхийн хүүхдүүдэд бэлэг өгөөд явж байхдаа “Стон”-той гээд доошоо хүндэрч чаддаггүй, бүдүүн гэдэсний асуудалтай, бэлгэвчинд өтгөнөө гаргадаг нэг хүүхэд байсан. Тэр хүүхдэд бид бас бэлгэвч, тос гэх мэт өдөр тутам байнга хэрэглэдэг зүйлсийг цуглуулж өгч байлаа.

НУУЦ БИШ БОЛ МӨРӨӨДЛӨӨ БИДЭНТЭЙ ХУВААЛЦААЧ?

- Бусдад туслах хүсэлтэй хүмүүс олон бий. Тэр хүмүүсийг нэгтгэж чадвал маш том хүч. Бас тусламж дэмжлэг хэрэгтэй хүмүүс ч маш олон байна. Манай нэг ах надад “Чи, Дархан болон Дарханы ойролцоох газруудад хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд туслах зорилготой нэг сан нээчих” гэж байнга хэлдэг. Би биелүүлэхийн төлөө явж үзээгүй л дээ. Нэг л зүрхлэхгүй байна. Яг үнэндээ хаанаас нь эхэлж, яг яахаа мэдэхгүй, ер нь л ганцаардаад байгаа. Намайг түлхээд, урам өгөөд, гараас бариад хамт алхах хүн байвал тийм зүйлд зориод алхмаар л санагддаг. Одоохондоо зүгээр л бодол төдий юм даа. Нэг тийм жижигхэн хоёр давхар байшинд. Сэтгэл зүйчтэй, эмчтэй, халуун дулаан уур амьсгалтай, сайхан газрыг бий болгох юмсан гэж мөрөөддөг. Ганц нэг найздаа ярьж байсан ч дэмжих хүн гараагүй ээ. Манай тэр ах надад “Чи жижиг жижиг юм хийгээд л явах юм. Илүү олон хүнд томоохон тус дэмжлэг болъё гэж бодож байгаа бол илүү томоор сэтгэж ажилла” гэж байсан. Тэгэхдээ, би энэ ажлуудыг хийж байхдаа тэгж их зовж, шаналж, би ингэмээр байна яах вэ, тэгмээр байна яах вэ, тэрийг яаж амжуулах вэ гэж ер түүртээгүй ээ. Аяндаа л бүх юм болчихсон байдаг. Тиймээс ер нь хүсэх юм бол, яг зорих юм бол бусдад тусална гэдэг заавал том зориг гаргах, эсвэл их цаг зав зарцуулж байж хийдэг зүйл биш юм байна гэдгийг ойлгох болсон. Хүнд ер нь сэтгэл байвал юуг ч амжуулж чаддаг юм биш үү.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • MyDarkhan (103.80.210.205)
    Баярлалаа. Таньд амжилт хүсье.
    2020 оны 03 сарын 25
  • Азжаргал (202.126.89.173)
    Баярлалаа сайхан ярилцлага болжээ Бусдыг сонсож ярилцана гэдэг бас бусдын доторхыг уудалж гаргана гэдэг бахархмаар сайхан бас хүн бүрийн хийгээд байх ажил бишээ Танай сайтын хамт олонд ажилын өндөр амжилт хүсье
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
    • MyDarkhan
      Баярлалаа. Таньд амжилт хүсье.
      2020 оны 03 сарын 25
1297   2
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг

Санал болгох