Лхагва 2019-01-02 Дархан
Гэрлээ асаая   2020-03-14

ӨӨРӨӨРӨӨ АМИНЧ АМЬДРААД ДУУСАХ УУ, ЭСВЭЛ САЙХАН ИРЭЭДҮЙГ ҮЛДЭЭХ ҮҮ ГЭДЭГ СОНГОЛТ БИДНИЙ ГАРТ БИЙ

ЗАЛУУС ЯРЬЖ БАЙНА: 

 “Би эх орондоо хайртай” гэж хэлэх амархан. Ингэж хэлэх мөртөө хог хаяж, гол усаа бохирдуулах нь харамсалтай. Таны гаргаж буй үйлдэл бүр эх орноо хэр их хайрладгийг чинь харуулдаг. Эх орон, байгаль, дэлхийгээ хайрлах хайраа амьдралын хэв маягтаа шингээн, үеийн залуустаа үлгэрлэж яваа Т.ЕСҮХЭЙТӨМӨР-ийн ертөнцөөр аялцгаая.

“ӨНГӨРСӨН ДЭХ ЧИНИЙ СОНГОЛТ БҮР ӨНӨӨДРИЙН ЧАМАЙГ БҮТЭЭСЭН” ГЭХ ҮГ БАЙДАГ. ТЭГВЭЛ ӨНӨӨДРИЙН ЕСҮХЭЙГ ТОДОРХОЙЛООЧ ГЭВЭЛ?

- Зөв хүн байхыг л хичээж явна. Эд материалд нэг их шунахаа больсон. Өмнө нь их мөнгөтэй, тансаг байр, үнэтэй машинтай болно гэж мөрөөддөг байлаа. Тэр үед би том, дэлхий жижиг мэт боддог байж. Харин одоо бол эсрэгээрээ. Дэлхий асар том, би өчүүхэн юм байна гэдгээ мэдэж, эх дэлхийдээ тустай амьдралаар амьдрахыг эрмэлзэх болсон. Эх орон, эх дэлхийгээ хайрлаж, бусдыг хүндлэх, хайрлах сэтгэлээр дүүрэн байхыг хичээж байна. Үнэхээр сэтгэлээсээ, дотроосоо ингэж бодохоор зарим үйлдлийг ямар ч эргэлзээгүйгээр хийдэг болчихдог юм билээ. Заримдаа өөрийнхөө гаргаж байгаа үйлдлээ анзаараад гайхдаг. Нэг удаа хөдөө сумын баярт оролцчихоод автобусаар буцаж байлаа. Тэгтэл хүмүүс идэж уусан зүйлсийнхээ хогийг энд тэндгүй, бүр бууж салхилах үедээ ч хаа хамаагүй ил задгай хаяад байв. Тэгэхээр нь бүх хогийг нь цуглуулж уутанд хийгээд автобусны нэг буланд тавьчихсан. Эхэндээ хүмүүс гайхаж байсан ч, дахиж хогоо хамаагүй хаяагүй. Хэлж ярихаас илүү үйлдэл хийж бусдад нөлөөлөх нь зөв “мессэж” болдог юм байна гэдгийг тэгэхэд ойлгосон. Ер нь бид хог болох зүйлсийг хаа нэгтээ тээж очсон л бол, заавал буцаан авч явж, зориулалтын газарт нь хаячихдаг байх хэрэгтэй. Манайхан хэдэн хог бөөгнүүлчихсэн газар эсвэл гуу жалганд хогийн цэг шиг хаячихдаг. Гэтэл тэр хог нь салхинд хийсч, хавь орчноо, байгалийг бохирдуулж, эргээд бидний амьдралд сөргөөр нөлөөлдөг. Тэгэхээр бид юуны түрүүнд хандлага, сэтгэхүйгээ өөрчлөх хэрэгтэй.

БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАХ СЭТГЭЛД ЮУ ХАМГИЙН ИХЭЭР НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

- Миний хувьд гэр бүлийн хүмүүжил, бас байгальтай ойрхон өссөн маань нөлөөлсөн байх. Ээж маань “Чихрийн цаасаа ил битгий хая. Халаасандаа хийгээд хогийн сав таарвал хаяж бай” гэж дандаа хэлдэг байсан. Тухайн үед яршигтай санагддаг байсан ч, одоо бодоход ээж маань зөв зүйлд сургажээ гэж боддог. Бас би  хэдий Дарханд төрсөн ч, бага нас маань Сэлэнгэд өнгөрсөн. Манайх аймгийн төвөөс таван км орчим зайд зусаж, ногоо тарьдаг байлаа. Ер нь миний бага нас Орхон голын эрэг дээр өнгөрсөн дөө. Нэг удаа хавар, цөн түрж байхад голын мөсөн дээр тоглож байгаад живэх шахаж билээ. Голоос загас барьж, эрэг дээр нь гал түлж шараад, нурманд нь ногооны талбайгаас авчирсан шинэхэн төмсөө булж болгоод иддэг байв. Үнэхээр тасархай амттай. Хүмүүс “Би эх орондоо хайртай” гэж ярих дуртай. Гэхдээ таны хэрхэн эх орноо хайрлаж байгааг хийж буй үйлдлүүд чинь илэрхийлдэг. Хоосон цээжээ дэлдэх биш, ямар нэгэн үйлдэл заавал хийж байгаарай гэж хэлмээр байна.

“ВЕГАН” БУЮУ НОГООН ХООЛТОН БОЛООД УДАЖ БАЙГААГ ЧИНЬ МЭДНЭ. ЭНЭ ШИЙДВЭРИЙГ ХЭРХЭН ГАРГАСАН БЭ? САЯ ЯРЬСАН, СЭТГЭЛЭЭСЭЭ ШИЙДЧИХВЭЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АСУУДАЛГҮЙ ГЭХ АРГАЧЛАЛ ЭНД Ч БАС НӨЛӨӨЛСӨН ҮҮ?

- Энэ мөн л нөгөө “хүн болж төрсний, хүн байхын утга учир” юу билээ гэх бодлоос маань үүдэлтэй. Бодлынхоо хариуг эрж олон ч ном уншсан. Ингэж яваад Арьяабалын бясалгалын тухай сонссон юм. Судалж үзэхэд миний зам мөртэй нийцэж, удаан бодсоны эцэст авшиг авч эргэлзэлгүй дагахаар шийдсэн. Би багадаа хийдэд хэдэн сар шавилж, бурхны номын хамгийн эхний “Итгэл” хэмээх сударыг судалж байсан юм л даа. Тэнд хамаг амьтныг хайрлах тухай өгүүлдэг. Тиймээс зарим лам яагаад хөнөөгдсөн амьтны мах иддэгийг ойлгодоггүй. Энэ талаар их эргэцүүлж боддог. Тэгээд хүн болсных буян үйлдэж амьдрах, эрүүл мэндээ бодох, эх дэлхийгээ хайрлах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бага ч атугай хувь нэмэр оруулахаар шийдэж, эрүүл амьдралын хэв маягийг сонгохоор шийдсэн. Энэ нь сахиж, дагахад амар биш хэдий ч миний хувьд их чухал. Ер нь сахил сахидаг болохоор муухан ламаас дээр шүү /инээв/. Анх үлдсэн амьдралынхаа туршид мах идэхгүй байна гэдэгтээ тийм ч итгэлтэй байгаагүй ээ. Ажлын шаардлагаар хөдөө гадаа явбал яах билээ ч гэж бодож байсан. Гэхдээ энэ бол өчүүхэн бодол төдий. Ногоон хоолтон болсноор өөрийгөө хянаж сурч, архи, тамхи гэх мэт хорт зуршлуудаа ч хаяж чадсан шүү.  

АНХ НОГООН ХООЛТОН БОЛОХ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙХАД ОЙР ТОЙРНЫХОН ЧИНЬ ХЭРХЭН ХҮЛЭЭН АВЧ БАЙСАН БЭ? ХҮМҮҮСИЙН ХАНДЛАГА ЕР НЬ ЯМАР БАЙВ?

- Энэ талын ойлголт, мэдээлэлгүй хүн бол анх хэлэхэд их цочирдож, гайхдаг юм билээ. Ер нь манайхан энэ асуудалд уламжлалт ойлголтоор хандах нь элбэг. Жишээ нь Цагаан сараар айлд очиход “Монгол хүн байж мах идэхгүй гэж юу яриад байгаа юм” гэж дургүйцэх, буруутгах хандлагатай байдаг. Тэр болгонд л тайлбарлаад ярина. Гэхдээ одоо цаг үе өөр болж, юмс шинэчлэгдэж байна. Зарим хүмүүс ойлгож хүлээн авдаг болжээ. Ер нь энэ шийдвэрийн учир шалтгааныг хүмүүс ойлгож, хүндэтгэх хэрэгтэй юм. Би гэрээсээ ганцаараа ногоон хоолтой. Ээж маань намайг энэ шийдвэрийг гаргахад их дэмжсэн. Эхлээд ногоон хоолтон /амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзах/ болоод эрүүл мэндэд өөрчлөлт өгөх болов уу гэж эмээж байсан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа шинжилгээ өгөөд, хариуг нь хүлээж байхад их түгшүүртэй санагдаж байсан шүү. Учир нь хариу муу гарвал хүмүүс ногоон хоолтон болсонтой маань холбож буруутгах байх гэж эмээж байлаа. Тэгтэл цоо эрүүл гарсан.

ЕР НЬ ЯАГААД ЗААВАЛ МАХНЫХАА ХЭРЭГЛЭЭГ БАГАСГАЖ, НОГООН ХООЛТОН БОЛОХ ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ? ЭНЭ ТАЛААРХ ӨӨРИЙН БОДЛОО ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?

- Веган хоолтон болсноор та байгаль дэлхийдээ хамгийн бага хорт нөлөө, ул мөр үлдээх замыг сонгож байна гэсэн үг. Учир нь веган хүнсийг тариалж, боловсруулахад зарцуулагдах ус, эрчим хүч, газар нутгийн хэмжээ зэрэг нь амьтны гаралтай бүтээгдэхүүнүүдээс маш бага. Зарим улс орнууд ой модоо тайрч оронд нь эрчимжсэн мал үржүүлгийн аж ахуйг хөгжүүлдэг. Малаас ялгарах хий нь дэлхийн дулааралд гол нөлөөг үзүүлж байна. Манайхны зарим нь дэлхий дулаарвал сайн, монгол дулаахан болно гэж байсан. Үгүй шүү. Харин ч муу нөлөөтэй. Цэвэр ус хомсдож, хүмүүс хүнсний хомсдолд орно. Дэлхийн дулаарлаас болж манайд маш олон гол мөрөн ширгэсэн гэдэг. Саяхан нэг Япон эрдэмтний судалгааг уншиж байхад дэлхийн дулаарлаас үүдэлтэй дэлхийн мөнх цэвдгүүд хайлж байна гэж байсан. Тэр дунд манай Хөвсгөл нуур орчмын мөнх цэвдэг ч орж байна билээ. Хэрэв эдгээр мөнх цэвдэг хайлбал дэлхий маш халуун болно. Тэгэхээр бидний алхам бүрээс эх дэлхийн маань зохистой байдал хамаарна. Иймд өөрөөрөө аминч амьдраад дуусах уу, эсвэл ирээдүй үр хойчдоо сайн сайхан ирээдүйг үлдээх үү гэдэг сонголт та бидний гарт байна. Би хүмүүст “Game changers”, “Before the flood” зэрэг шинжлэх ухааны үндэслэлтэй баримтат кинонуудыг санал болгомоор байна. Эдгээр баримтад кинонд миний хэлэх гээд байгаа зүйлийг олон талаас нь шинжлэх ухаанчаар тайлбарласан байгаа.

ХҮН МАХ ИДЭХГҮЙ БАЙХ, ЯЛАНГУЯА МОНГОЛ ХҮН МАХ ИДЭХГҮЙ БОЛ ЭРҮҮЛ МЭНДЭД НЬ МУУГААР НӨЛӨӨЛДӨГ ГЭХ ЯРИА БИЙ. НОГООН ХООЛТНУУДЫН ХООЛЛОЛТЫН ТАЛААР ТОВЧ ЯРЬЖ ӨГӨӨЧ. УУРГИЙН ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН АВДАГ ЮМ БЭ?

- Сайн судалж мэдээгүй, хоол ундаа зөв зохицуулж, тохируулаагүйгээс болж биеийн байдалд нь өөрчлөлт орсон хүмүүс бий. Хоол бол эм байх ёстой. Зарим хүнд ногоон хооллолт тохирч болно, заримд нь тохирохгүй байх нь ч бий. Ер нь хүнсний ногоогоо зөв сонгож, хэрхэн зөв бас удаан хадгалах, ямар аргаар боловсруулбал шим тэжээлийг нь алдахгүй байх мөн аль насны хүн ямар ногоог түлхүү хэрэглэх вэ гэх зэрэг зөв зохистой хооллолтын талаар судлах нь чухал. Веган хоолтнууд шар буурцаг, шош вандуй, самар тэр ч бүү хэл брокколи, бууцай гэх мэт олон ногоонуудаас уургаа хангалттай авдаг. Кальцийг зөвхөн амьтны сүүнээс бус ургамлын гаралтай сүүнээс ч авч болно. Энэ мэтчилэн амьтнаас гаргаж авч болдог бүхий л зүйлийг ургамлаас гаргаж болдог. Веган хоолтнуудын хоол хүнсний сонголт их өргөн. Гэтэл хүмүүсийн дунд ногоон хоолтнуудын талаарх маш буруу ойлголтууд байдаг. Үнэндээ веган хоол хүнс нь эрүүл мэндэд ихээхэн ашиг тустай юм шүү дээ. Ногоон хоолтон болсноор зүрх, судасны өвчлөлд өртөх эрсдэлийг эрс бууруулна. Манай Монголчуудын дунд зүрх судасны өвчлөл их байдаг нь махны хэрэглээ хэт их байдагтай шууд холбоотой. Харин ногоон хоолыг сонгож хүнсэндээ хэрэглэснээр чихрийн шижин, олон төрлийн хавдар зэрэг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

НОГООН ХООЛТОН БОЛСНООР ӨӨРТ ЧИНЬ ЯМАР ЭЕРЭГ ТАЛУУД МЭДРЭГДЭЖ БАЙГАА ВЭ?

- Ногоон хоолтон болсноор бие хөнгөрч, ядрах мэдрэмж багассан. Сэтгэл санаа өөдрөг байж, асуудлыг илүү эерэг талаас нь хардаг болсон шүү. Мөн хүнд, махан биеэс гадна сүнсэн бие гэж бий. Бид махан биеэ хооллох хэрэгтэй шиг, сүнсэн бие аурагаа ч бас хооллож тэжээх ёстой байдаг. Үүнийг орхигдуулснаас болж асуудал үүсэх нь олонтаа. Тиймээс би бясалгалаар хичээллэдэг болсон. Хичнээн эрүүл хоолловч сэтгэл зөв, бодол эерэг байлгахгүй бол тэнцвэр алдагдана. Үүнд бясалгал их тустай бөгөөд бие организм, эрчим энергийг тэжээх чухал арга зам юм. Мөн дасгал хөдөлгөөн маш чухал байдаг. Би одоохондоо дугуйн дээрээ жийгээд байгаа ч удахгүй йог сурна гэж бодож байгаа.

“АМЬТНЫ АМЬ ХОРООХГҮЙ БАЙГАА” ГЭЖ БОДОХ ТӨДИЙД Л ЖАРГАЛТАЙ БОЛДОГ ГЭЖ НЭГ ВЕГАН ОХИН БИЧСЭН БАЙСАН. ЧИНИЙ ХУВЬД ЯМАР ҮЕД ИЛҮҮ АЗ ЖАРГАЛЫГ МЭДЭРДЭГ ВЭ?

- Аз жаргалыг хэмжих хэмжүүр олон шүү дээ. Миний хувьд хайртай хүмүүстэйгээ хамт байж, бяцхан охиныхоо инээж байгааг харах хамгийн том аз жаргал. Мөн амьтны амь таслаагүй хоол идэж байгаа гэх бодол, амьдралын зөв дадал, хэв маягаасаа аз жаргалыг мэдэрдэг дээ.

АМЬДРАЛЫН УТГА УЧРЫН ТУХАЙ ЯРИХААР ЗАРИМ НАЙЗ ЧИНЬ ШООЛЖ, ЗАРИМ НЬ ДЭМЖДЭГ ГЭСЭН. ЧИНИЙХЭЭР НӨХӨРЛӨЛИЙН МӨН ЧАНАР ЮУНД БАЙДАГ ВЭ?

- Бие биенээ сайн, сайхан зүйлд “уруу татдаг” нөхөрлөлийг л жинхэнэ нөхөрлөл гэх байх. Зугаацахад цуглаад, зовоход үзэгддэггүй нөхөрлөл бол хэцүү. Архины найзууд гэх яриа байдаг даа. Тийм харилцааг ямар нөхөрлөл гэхэв. Ер нь хүн найз нөхдөө зөв сонгож нөхөрлөх л хэрэгтэй байх. Нэг зорилгын төлөө, зөв зүйлд хөтөлсөн нөхөрлөл бат байдаг гэж би боддог.

ҮЕИЙНХЭЭ ЗАЛУУСТ ХАНДАЖ ЮУ ХЭЛЭХ ВЭ?

- Ном уншиж байгаарай гэж хэлмээр байна. Номноос их зүйлийг ойлгож мэдэхээс гадна сэтгэлгээ задарна. Гэхдээ манайд, хүүхэд залуусаа ном унш гэж их шаарддаг атлаа номын сангийн хүрэлцээ муу байна. Би ядаж өөрийн өссөн газартаа номын сан байгуулах юмсан гэж мөрөөддөг. Тэгээд бас АМЬДРАЛ БОЛ БЭЛЭГ шүү. Бие биенээ хайрлаж амьдарцгаая гэж үеийн залуустаа хэлмээр байна. “Ухаан дутсан газарт уур оршдог” гэж үг бий. Би ч бас хааяа хэн нэгэнд уурлаж, гомдоочихоод дараа нь их харамсдаг. Тиймээс уур бухимдлаа тэвчиж, бусдыгаа хайрлаж байя. Бүх зүйл сайн сайхан байхын үндэс нь ХАЙР шүү гэж хэлье.

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Уншигч (203.91.115.51)
    Үнэхээр зөв бодолтой хөөрхөн хүү юмаа. Амжилт хүсьё.
    2020 оны 03 сарын 14 | Хариулах
548   1
НИЙТЭЛСЭН: Б.БАТЧИМЭГ

Санал болгох