Лхагва 2019-01-02 Дархан
Гэрлээ асаая   2020-12-30

Хуурамч мэдээлэлтэй “дайтах” FactCheck.mn сайт нээлтээ хийлээ

2020 оны босгон дээр Монголын хэвлэл мэдээллийн салбар дахь анхны бие даасан, мэргэжлийн, ашгийн төлөө бус редакц болох FactCheck.mn сайт өнөөдөр нээлтээ хийлээ.  Хуурамч мэдээллийн эсрэг шударга, үнэнд нийцсэн мэдээлэл түгээж, тэмцэхийн төлөө нэгдсэн 17 хэвлэл мэдээллийн байгууллагын нэг нь манай www.MyDarkhan.mn сайт юм.  

Тус сайтыг Монголын Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв болон Дойчи Велле академийн хамтран хэрэгжүүлж буй Fact Check Mongolia хөтөлбөрийн хүрээнд нээж буй бөгөөд хэвлэл мэдээллийн 16 редакц хөтөлбөрийн гишүүнээр хамтран ажиллана. Энэхүү хамтран ажиллагч 17 хэвлэл мэдээллийн байгууллагын нэг нь манай www.MyDarkhan.mn сайт юм.  

​​Сүүлийн жилүүдэд хуурамч мэдээлэл ихсэх болж үүнээс үүдэн мэргэжлийн сэтгүүл зүйд итгэх олон нийтийн итгэл үнэмшил буурах, мэргэжлийн сэтгүүл зүй болоод сошиал медиагийн зааг, ялгаа бүдгэрч байна. Иймд FactCheck.mn сайтын редакц болон тус хөтөлбөрт хамаарагдах редакциуд нь мэргэжлийн түвшинд баримтыг нягтлан шалгаж, энэ нь иргэдэд мэдээллийн үнэн зөвийг ялган хүлээн авах, аливаа мэдээлэлд шүүмжлэлтэй хандахад тус болохыг зорьж байна.

Сайтын нээлтийн үеэр Монголын эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн гүйцэтгэх захирал, “Fact Check Mongolia” хөтөлбөрийн зохицуулагч Ц.Тамир “Иргэдийн дунд сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл хуурамч мэдээлэл түгээж байна гэх ойлголт нийтлэг ч үнэн хэрэгтээ иргэд сошиал медиад хуурамч мэдээллийг түгээгч болж байдаг. Энгийн мэт боловч олон хүний эгдүүцлийг хүргэсэн нэгэн жишээг эргэн саная. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын үеэр нэг залуу утсаар ярингаа Путинтай гар барьж байгаа зураг цахим орчинд тархсан. Тухайн үед ямар нэг хар буруу санаагүй фотошопоор зургаа засаж янзалсан ч эргээд маш олон хүний шүүмжлэлийг хүлээсэн шүү дээ. Энэ мэтчилэн санаатай, санамсаргүй хуурамч мэдээлэл маш их байна. Хуурамч мэдээлэл сонгуулийн жилд хамгийн их болдог. Тиймээс бид цахим орчин, олон нийтэд түгсэн хуурамч мэдээллийн үнэн зөв эсэхийг нягталж шалгаж, зөвийг зөвөөр, худлыг худал гэж мэдээлж байх юм. Уншигч төдийгүй мэргэжлийн байгууллагууд ч бидний нягталсан мэдээллийг эх сурвалжийг дурдаад ашиглах боломжтой” гэлээ.

Тус сайт “Нягталсан мэдээлэл”-ийг уншигчдад хүргэхээс гадна хуурамч мэдээллийг хэрхэн нягталж шалгаж болох арга, зөвлөгөөг хүргэх юм. Мөн уншигч хуурамч гэж бодож буй эсвэл эргэлзээтэй мэдээллийг илгээн шалгуулах боломжтой.

FactCheck.mn сайтад нийтэлсэн мэдээллийн өмнө

  • Улаан тэмдэглэгээ байвал худал
  • Ногоон тэмдэглэгээ байвал үнэн
  • Шар тэмдэглэгээ байвал 100 хувь үнэн эсвэл худал биш гэсэн үг юм байна. 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Улс төрждөг хжт нэг талыг барьсан мэдээлэл тавьдаг танай сайт байнга улаан өнгөтэй байх нь дээ
    2020 оны 12 сарын 30 | Хариулах
93   1
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох