Лхагва 2019-01-02 Дархан
Гэрлээ асаая   2020-12-30

ТАНИЛЦ: 2020 оноос цалин, тэтгэвэр, татвар ингэж өөрчлөгдөнө

2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх шийдвэрүүдийг танилцуулж байна. Эл шийдвэрүүд нь монголчуудын амьдралд хамаарах чухал шийдвэрүүд юм. 

 

ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Засгийн газрын хуралдаанаар 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэх шийдвэр гаргасан. Төрийн албан хаагчдын дундаж цалин одоогоор 900 мянган төгрөг юм байна. Найман хувь нэмэгдсэнээр 1 сая төгрөг рүү дөхөх аж. Төрийн албанд нийт 190 мянган албан хаагч бий. Тэдний цалинг нэмэхэд зориулж 2020 оны улсын төсөвт 276 тэрбум төгрөг тусгажээ.

Мөн 2020 онд ахмад настны тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээ Засгийн газар мэдэгдээд буй. Нийтдээ 408 мянган ахмад настан байдаг аж.

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХООЛ, СУРАГЧДЫН ҮДИЙН ЦАЙ, ДОТУУР БАЙРНЫ ХООЛНЫ МӨНГӨ  НЭМЭГДЭНЭ

Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 3,475 төгрөг болголоо. Мөн 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны өдрийн зардлыг 900 төгрөг, тусгай сургуулийнх бол 2,400 төгрөг байхаар шийдвэрлэв. Үүнийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн давхардсан тоогоор 640 гаруй мянган хүүхэд хамрагдах судалгаа гарчээ.

2012 оноос хойш өнөөг хүртэл цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардал 1,650, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгийнх 2,400, дотуур байрны хүүхдийнх 2,315, 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны зардал 600 төгрөг байсан юм.

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬ ХЭРЭГЖИНЭ 

УИХ-аас Татварын хуулийг шинэчлэн баталсан бөгөөд 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ. Татварын багц хуулийг баталсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "2006 оноос хойш эдийн засаг, бизнесийн харилцаа өргөжин төрөлжиж, даяарчлагдсан нарийн төвөгтэй, техник технологийн хурдацтай өөрчлөлтийн орчинд явагдаж байна. Дэлхийн түвшний үндэстэн дамнасан корпорациуд манай улсад үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр корпорациуд улс хооронд үнэ шилжилт хийн татвараас зайлсхийх эрсдэл үүсч татварын маргаан, үл ойлголцол нэмэгдэж байгаа учраас хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон" гэдгийг мэдэгдэж байв. Мөн энэхүү шинэчлэл нь бага, дунд бизнес эрхлэгчдэд илүү таатай орчин бүрдүүлж өгснөөрөө онцлог. Тухайлбал, жилийн борлуулалтын орлого нь 50 сая хүртэлх төгрөг бол жилд нэг удаа тайлан гаргаж, нийт борлуулалтын 1 хувиар татвар төлөх юм.

Э.Ариун

Эх сурвалж: NEWS.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

160   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох