Лхагва 2019-01-02 Дархан
Хүний түүх   2019-12-21

АВТОБУСАНД СУУХААС ТӨВӨГШӨӨГӨӨД ТЭРГЭНЦРЭЭРЭЭ ДАРХАНААС УЛААНБААТАР ОРЧИХДОГ БАЙЛАА

Таньд, тэргэнцэртэй хүн ганцаараа Дарханаас Улаанбаатар хүртэл, ямар нэгэн тээврийн хэрэгсэлд огт суухгүй, хоёрхон өдөрт явж хүрсэн гэвэл ямар санагдаж байна. Надад лав эхлээд сонсоход огт үнэмшмээргүй, бүр байж боломгүй санагдсан шүү. Ингэж нэг биш бүр нэлээн хэдэн удаа явж, түүнд нь салбарын сайд нь итгэхгүй, шалгаж байсан гэнэ. “Хөгжлийн бэрхшээлтэй” гэгдэх ч хөгжих бэрхшээлгүй амьдарч яваа Б.БАТСҮХ - гуайг та бүхэнтэйгээ уулзуулж байгаадаа таатай байна.

“Хөгжлийн бэрхшээл” гэдэг бие эрхтэнд учирсан ямар нэгэн эндэл бус харин хүмүүний тархи, ухамсар дахь дутуу ухаан юм байна гэх бодол түүнтэй ярилцах зуурт төрж байлаа...

ТА АЛС ХОЛ УВС АЙМАГТ ТӨРЖ ӨССӨН ГЭДЭГ. ХЭРХЭН ДАРХАНЫ ХҮН БОЛЖ БАЙВ?

- Наймдугаар ангиа төгсөөд би Завханы ТМС-д сурч байсан юм. Барилддаг, тэмцээн уралдаанд их оролцдог, өндөр амжилт ч үзүүлдэг хүү байв. Нэг өдөр сургууль дээр байж байтал Дарханаас утсаар яръя гэж байна гэлээ. Тэр үед одоогийнх шиг гар утас байх биш. Тэгсэн “Залуучууд театрийн дарга байсан О.Жадамбаа гуай. “Манайд бөх хэрэгтэй байна. Дарханд хүрээд ирээч. Ирвэл бид ингэнэ, тэгнэ” гээд... Бөхөд их элэгтэй хүн байсан юм. Намайг тэмцээнд ороод явж байхыг хардаг байсан юм билээ. Спортын хүн биш атлаа сайн бөх болчих, ирээдүйтэй залуусыг хайгаад, Дархандаа сайн бөхтэй болчихсон гэж боддог сэтгэлтэй хүмүүсийн нэг байж дээ. Тэгж анх Дарханы хүн болсон. Ирээд МАНЗ \Оросын барилгын байгууллагын ажилчдыг нэгтгэсэн Монгол ажилчдын нэгдсэн захиргаа\-д ажиллаж, хажуугаар нь сайн ч барилдаж байлаа. Гурван жил гаруй ажиллаад цэрэгт явсан юм. Харин цэрэгт байхдаа аваарт орчихсон.

ЮУ БОЛСОН ЮМ БЭ?

- Барилгын том бетон хашаа байдаг даа. Тийм хашаа нураад, миний дээрээс дарчихсан юм. Бүтэн сайн өдөр байв. Нэг барилдаан болоод, нэлээн ч гайгүй сайн амжилт үзүүлж, шагналын хэдэн төгрөг авчихсан, бөөн хөөр баяр болсон хүн явж байлаа. Тэгсэн хажууд байсан бетон хашаа гэнэт нурж, юу болсныг ч бүрэн мэдээгүй, эмнэлэгт ухаан орсон.

ДӨНГӨЖ ЦЭРЭГТ ОЧСОН БАЙСАН ГЭХЭЭР ХОРЬ ОРЧИМ НАСТАЙ Л БАЙЖ ДЭЭ?

- 1988 он. Хорь дөнгөж гарч байсан. Тэгээд юун бөх болох. Эхэндээ, гүйцэд дарагдчихгүй яав даа гэж, үхэх л юм боддог байлаа. Гэхдээ, үхтэл үр харам гэж, муу аав, ээж хоёр минь хаа байгаа Увсаас ирээд “Хүү минь, амьд л байгаа нь болоо...” гээд байхаар, хүн өөр болох юм билээ. Ах намайг эмнэлэгт их удаан сахисан. Хүн гэдэг их хачин. Эсвэл би тийм байсан юм уу хэн мэдэхэв \инээв\. Уур л хүрээд байдаг байв. Юм хумаа авч шидлээд л... Хаанаас ч гардаг, яагаад ч тэгдэг, ямар ч зорилготой уур байсан юм. Оволзоод л байх юм билээ. Дүү нарыг огт хавьтуулахгүй. Харин ахынхаа үгэнд бол орно. Хүний сэтгэл гэж.., дүү нарыг байхад тэвчдэггүй атлаа, ахыгаа байхаар тэгж чадахгүй. Энэ оюун ухамсарт суусан хүндлэх, эмээх, захирах, захирагдах гэж их учиртай эд шүү. Би их сонин мөлхөж сурсан ш дээ...\инээв\

ЗА, ЯАЖ ТЭР ВЭ?

- Наадам болох гэж байв. Би НАХЯ-ы эмнэлэгт, өрөөндөө ганцаараа. Ах миний сахиур. Би орон дээр, ах газраар гудас хаяад унтана. Намайг сахиад хэдэн сар болчихсон, хөдөөнөөс орж ирээд хот огт үзээгүй муу ахыгаа өрөвдөөд, наадмын эхний өдрийн өглөө “Та яваад сайхан наадам үзээд ир. Надад санаа зоволтгүй. Би өөрөө бие засаад байж чадна. Харин шээсний хэдэн сав дөхүүлээд өгөөрэй” гэлээ. Миний бие цээжнээсээ доошоо мэдээгүй байсан болохоор нэг л мэдэхэд гоожуулчихдаг байсан юм. Өвчтөнүүд, сувилагчдыг дарамтлаад л “Шээмээр байна” гээд орилдог байсан бол би ер тэгж чаддаггүй, бүр шээснээ ч нуудаг. Ганцхан ахыгаа л биедээ хүргэдэг байв. Тэгсэн ах “Чи сувилагчаар ч туслуулдаггүй хүн. Яаж чамайг орхихов” гээд огт халгаадаггүй. Тэгэхээр нь, нутагтаа очоод ярих юмтай бол, миний буянд наадам үзсэн гэж бодож яв энэ тэр гээд л ятгаад байв. Тэгж, тэгж нэг юм зөвшөөрч, явахаар болоход нь “Нэг мөр наадмаа дуусгаад ирээрэй. Яараад яахав” гээд үлдлээ. Тэр өдөр их хичээсэн. Орой ирэхэд нь муу байх юм бол маргааш явахгүй гээд, орон дээрээ юу ч дусаалгүй, цэмцийгээд байж байв. Ах наадмын хуушууртай, их ч өндөр сэтгэгдэлтэй ирсэн. Маргааш нь дахиад явах гээд хорхойсоод байгаа нь илт байв. Тэгээд ахыгаа дахиад явуулчихав. Коридорт зурагт дуугарч, хүмүүс наадам үзэж, бөх ярьж байгааг сонсоод л хэвтэж байлаа. Тэгсэн гурвын даваа эхэллээ шүү. Бөхийн цол уншаад эхэлсэн чинь сэтгэл хөдлөөд тэссэнгүй. Яаж ийгээд коридорт гарахаар шийдлээ. Би тэгэхэд орноосоо буух нь байтугай, хүнээр өргүүлж түрүүлгээ хардаг байсан юм. Төмөр орныхоо толгойноос барьж байгаад, зүтгэсээр байгаад түрүүлгээ харчихав. Тэгээд юмыг яаж мэдэхэв гээд, гурван алчуур давхарлаж салтаандаа хийж, сайн гэгч нь боож аваад шууд орон дээрээсээ пид гээд газарт уначихсан. Цээжээрээ мөлхсөөр байгаад хаалгаар гараад ирсэн чинь зурагт үзэж байсан хүмүүс хараад бүгд баяр хүргэж алга ташаад, тэрүүгээр нэг юм боллоо. Тэгсэн манай асрагч харангуутаа дугуйтай ор түрж ирээд, намайг сэв хийтэл өргөөд, орон дээр хучаад хэвтүүлчихэж билээ. Тэгж анх мөлхөж болох юм байна гэж мэдсэн. Орой ахыгаа ирэхэд нь коридорт зурагт үзчихсэн хэвтэж байлаа.

ТҮҮНЭЭС ХОЙШ ЕР НЬ БОЛОХ ЮМ БАЙНА ГЭЖ БОДСОН УУ?

- Тэгэлгүй яахав. Өдөр бүр зурагт уруу мөлхөнө. Тэгсэн хэвтээд байхад өөрийн мэдрэлгүй гараад байдаг байсан шээс, мөлхдөг болсон чинь мэдээ ороод эхэлсэн...

ӨӨ, БАС. ТАНЬД ИХ САЙНААР НӨЛӨӨЛЖЭЭ. НААДАМ Ч ӨДӨӨЛТ БОЛСОН БАЙХ НЬ?

- Би тэр жил барилдана гэж байсан юм. Урьд жилийн наадмаар нь хоёр давчихсан. “Зодоглоно, даваагаа ахиулж улсын наадамд гурав эсвэл дөрөв давна” гэж бодож, бэлтгэлээ хангасан, аймагт цолгүй ч, сумын заан цолтой бөх байсан юм шүү дээ. Тэгэхээр наадам нөлөөлөхгүй яахав...

ӨНГӨРЛӨӨ ДӨӨ ГЭЖ БАЙСАН ХҮН, МЭДЭЭ ОРООД ИРЭХЭЭР ИТГЭЛ ТӨРЖ БАЙСАН БАЙХ ДАА?

- Өө, их ондоо болсон. Удалгүй эмнэлгээс гарч Дарханд гэртээ ирлээ. Ах минь ар гэртэй, амьдралтай хүн. Тэгсэн хэрнээ миний хажууд зургаан сар болчихсон байв. Ирэнгүүтээ ахдаа “Та одоо яв. Аав, ээжид намайг боссон гэж хэлээрэй. Харин эмээг нааш нь явуулчихаарай. Иртэл нь манай найзууд намайг эргээд байна. Санаа зоволтгүй” гээд буцаав. Би эмээгийн хүүхэд байсан юм. Миний эмээ ч тэнхлүүн сайхан хүн байлаа. Эмээг иртэл найзууд, манай спорт хорооныхон эргэж, тойрч, тусалдаг байв. Тэр үед тэргэнцэр ч гэж байсангүй. 200-ын цагаан ороо \төмөр ор\ түлхээд л, түрээд л, бас хөлөндөө туухай зүүгээд мөлхдөг, эрүүл байхдаа хийдэг байсан дасгалуудаа хийж, ер нь зүгээр хэвтдэггүй байв.

ХӨЛ ДЭЭРЭЭ БОСОХОД ТАНЬ ЮУ ХАМГИЙН ИХ ТҮЛХЭЦ БОЛСОН БЭ? 

- Жадамбаа гуай намайг Спортын ордонд анх авч очихдоо Олон улсын хэмжээний мастер, самбо бөхийн дэлхийн аварга, гавъяат тамирчин, дасгалжуулагч н.Пунцаг гэж хүний шавь болгосон юм. Дарханыхан андахгүй дээ. Миний багш их мундаг хүн. Станцад ажилладаг хэрнээ оройн цагаар бөхийн секц хичээллүүлж, хүүхдүүд дасгалжуулдаг байсан юм. Тэгээд ажлаа тарахаараа над уруу хүүхэд явуулчихдаг байв. Тэр үед манай энэ Нийгмийн даатгалаас Спортын ордон хүртэл юу ч байгаагүй, цэлийсэн тал байсан юм. Бөх хүүхдүүдэд намайг үүрэх юу байхав. Үүрнэ л гэнэ. Харин би үүрүүлэхгүй. Сугадаад алхая гэнэ. Алхах ч гэж дээ. Хоёр нь сугадаад, нэг нь хөлийг минь зөөж тавина. Хэсэг явж байгаад ядрахаараа үүрүүлдэг. Оройд ордон дээрээс үүрүүлээд л гарна. Багшийг харахааргүй газарт очингуутаа буугаад сугаддаг. Тэгээд л яваад байлаа. Ингэж хүчилж явсны хүчинд аажимдаа суга таягтай явж сурсан. Ер нь тэгээд л боссон шүү. Тэр хүүхдүүдийн л ач, буян юм даа. Одоо гуч гаруй жил боллоо. Таягтайгаа бараг гүйнэ шүү \инээв\. Ямар ч түүртэх юмгүй болсон. Намайг тэгж “хөлд орж”, бас спортын ордондоо туслах дасгалжуулагчаар ажиллаж байх зуур, ардчилсан хувьсгал гарч, зах зээлд шилжин нийгэм өөрчлөгдөж байлаа.

НИЙГМИЙН ӨӨРЧЛӨЛТ ТАНЫ АМЬДРАЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛСӨН БЭ?

- Тэр үед хөлгүй надад битгий хэл, эрүүл саруул хүмүүст хүртэл амьдрахад бэрх болж байсан цаг. Би туслах дасгалжуулагчаар 260 төгрөгний цалинтай ажиллаж, дээр нь тэтгэмжийн 411 төгрөг, нийлээд 600 гаруй төгрөгийн орлоготой байсан юм. Тэгсэн хууль өөрчлөгдөж тэтгэврээ ав, эсвэл цалингаа ав болов. Улсын байгууллагууд задарч, тэр дундаа соёл, спортын байгууллагуудад үйл ажиллагаа явуулахад хүнд болж, хүмүүсээ цомхотгож байв. Тэгээд арай ахиу 400 төгрөгний тэтгэвэртэйгээ үлдлээ. Үнэндээ миний амьдралын хамгийн хэцүү цаг үе. Цуг барилдаж байсан найзууд улсын цолтой болчихсон байхад би хөлгүй, бас ажилгүй. Сэтгэл нэг л тийм хүнд. Ингэж амьдраад ч яахав гэж бодох үе ч их байв. Гэсэн ч дотор “Төр, тахир дутуу гээд ажил хийлгэхгүй, тэтгэврээс өөр орлогогүй гэртээ хэвт гээд байгаа юм байна. Ядуу бай, гуйлгачин бол гээд байгаа бололтой. Эдэнд ингэж дийлдэхгүй дээ” гэх хор шар төрөөд байлаа. Тэгээд ёстой, есөн шидийн юм хийж үзсээн. Цоож түлхүүр олшрууллаа, Улаанбаатарт очиж, алт мөнгөний дарханы дамжаанд сууж, хажуугаар нь гутал хүртэл засаж сурлаа. Нэг өдөр Хонгорын САА-д тракторчиноор ажилладаг дүү маань гутлынхаа улыг салгачихаад манайд орхиод явав. Тэр үед хүмүүс “нохой гутал” их өмсдөг байсан юм. \Гар хийцийн, үстэй дулаан гутал\. Их ч үнэтэй. Дүүгийн ажил хавар эхэлж, зунжин ажиллаад намар ургацаа хураасны дараа орж ирдэг болохоор яаралгүй гутлыг нь задалж, бүх деталь хэсгүүдээр нь салган, эсгүүрийн үлгэр хийж авлаа. Бас мужааны ангид сурч байсных, өөрөө модоор колотка \гутал хийхэд ашигладаг хөлийн хэв\ зорж бэлдэв. Ингээд дүүгээ намар ирэхэд нь нөгөө гутлыг нь цоо шинэ болгочихсон. Бас хэд хэдэн гутлын материал бэлдчихээд байж байлаа. Тэрнээс хойш ер нь  захиалгаар тасраагүй дээ. 

АНХНЫ ЗАХИАЛГАА ХААНААС АВЧ БАЙВ?

- Дүүгийн гутлыг хараад ажлынхан нь, бас найзууд нь хийлгэе гээд. Эхний захиалагч тэд нар байв. Нэг их гоё биш ч дулаахан, бөх гутлууд байсан. Тэгсэн сүүлдээ захиалгаа дийлэхээ байгаад, орон сууцны 00-ын өрөө авч \тэр үед 00-ын өрөөнүүд эзэнгүй, хэн дуртай нь эзгүйчилж бохирдуулдаг байсан\ ажлын байр болгоод хүмүүс ажиллуулдаг болов. Энэ ганц хүний үйлдвэрлэл одоо ч явж байна. Бас тэр үед хийж, оролдож байсан юмс, багаж хэрэгслүүд маань бүгд бий. Хүн гуйвал түлхүүр олшруулна, алт мөнгөний дарх хийнэ. Ер нь тэгээд хүнд сурсан юм хэзээ ч илүүдэхгүй ээ.

ТА ОДОО АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨЛИЙГ ТЭРГҮҮЛДЭГ. ЭНЭ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭЗЭЭНЭЭС ОРОЛЦОЖ ЭХЭЛСЭН БЭ?

- 1992 онд Улаанбаатарт сувилалд амарч байхдаа тухайн үеийн холбооны тэргүүн н.Тогоохүүтэй танилцсан юм. Хааяа тэдний юу хийж байгааг очиж хардаг, яриаг нь сонсдог, ерөнхийдөө ажигладаг байлаа. Гэтэл нэг л бишээ. Ажлын арга барил, ярьж байгаа зүйлс нь санаанд нийцэхгүй байв. Манай н.Тогоохүү Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө сайн ажиллаж байсан л даа. Гэхдээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дандаа төрөөс авах ёстой юм шиг, эрх яриад байгаа нь л надад ер таалагдахгүй байв. Тэгээд саналаараа удирдах зөвлөлд нь орлоо. Хурал дээр “Хэдүүлээ нийлж, хуримтлалтай болъёо. Дэлгүүрт хэрэглэдэг хүнсний цаасан уут \тэр үед гялгар уут хэрэглэдэггүй, дан цаасан уут хэрэглэдэг байв\, гадаа талбай цэвэрлэдэг дэрсэн шүүр хийе” гэлээ. Тэгсэн “Бид яаж чадах юм” гээд дэмжих хүн байдаггүй.

БОЛЖ БАЙНА Ш ДЭЭ... ТЭГЭЭД ЮУ БОЛОВ?

- Ганцхан Т.Баттулга гээд залуу \одоо бурхан болсон доо\ надтай хамтрахаар болж, бид хоёр тосгоны наадмын талбайн тэндээс дэрс авчирч, шүүр хийхээр боллоо. Тэр үед хүмүүс ч их өөр байж дээ. Таягтай хоёр нөхөр баахан дэрс \чадлаараа ахиухан үүрчихье, унахгүй л бол учиртай гээд л үүрчихдэг байсан\ буу шиг үүрээд гараад ирэхээр тааралдсан захын хүн өргөөд, автобусанд суулгачихдаг байв.  

АВТОБУСААР ЗӨӨДӨГ БАЙСАН ХЭРЭГ ҮҮ?

- Тийм ээ. Ямар унаа тэрэг гэж байх биш. Өглөө эрт хоёрын бидонд хар цай хийж, нэг талх, жаахан сахартай аваад гарна. Өдөр нь сахартай талхаараа хүнс хийгээд, өдөржин тэндээ өнждөг. Орой нар шингэхийн алдад бэлдсэн дэрснүүдээ баглаж үүрээд буцдаг байлаа. Эхэндээ хийснээ манайд, тагтан дээрээ хураагаад байв. Тэгж нэлээн олон болоод ирэхээр нь Тогоохүү даргад аваачиж өгөөд “За, бид хоёр хийхийг нь хийчихлээ. Та одоо Орон сууцны конторт очиж уулзаад зарчих” гээд хүлээгэж өгөв. Тэр үед СӨХ гэж байгаагүй, орон сууцны контор гэж байсан юм. Тэгээд бид дэрсэн шүүрнүүдээ ОСК-т, цаасан уутаа тэр үеийн худалдаа бэлтгэлийн ангид өгдөг боллоо. Их ч дуртай авна. Нэг өдөр, нөгөө Хонгорын САА-д ажилладаг дүү маань “Манайд ажиллаж байгаа оюутнуудад модон хүрз хэрэгтэй байна” гэв. Бодож байгаад, тэр үед Үйлчилгээний төв, 18 дугаар худалдааны төв гэх мэт томоохон дэлгүүрүүдэд боов, боорцог үйлдвэрээсээ том модон \панеран\ хайрцагтай ирдэг байсан юм. Тэр хайрцагнуудыг цаасан уутныхаа хөлсөнд авъяа гэж бодлоо. Саналаа хэлэхэд дэлгүүрүүд ч дуртай зөвшөөрч, бараг үнэгүй өгөхөд бэлэн байв. Биднийг юм хийнэ гэхээр их дуртай. Ингээд янз бүрийн юм хийгээд, байгууллагуудад өгөөд байлаа. Тэгсэн сүүлдээ хийх хүмүүс маань нэмэгдээд бүр олуулаа болсон. Биднийг сайн ажиллаж байна гээд, тухайн үеийн хотын дарга Л.Амарсанаа манай байгууллагад 380-д гурван өрөө ажлын байр хүртэл өгсөн юм шүү дээ. Бид үнэхээр гоё ажиллаж байсан. Холбооны ажил ч жигдрээд, хамтдаа шинэ жилийн баяраа тэмдэглэдэг, хүмүүс ч идэвхитэй их өөр болж билээ.

ТЭГЭХЭЭР ТА ИХ ЭРТ АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ ЭХЭЛСЭН БАЙХ НЬ?

- Уг нь тийм. Гэхдээ 1993 онд эмээгийн минь бие муудаад Увс явсан юм. Тэнд хэсэг байж байгаад 1995 онд ирэхэд эхлүүлсэн ажил маань бүгд байхгүй болчихсон. Нөгөө цаасан уутыг нь хүн авахаа болиод, шүүр мүүр бүгд байхгүй. Бүүр дампуурчихсан, цуглуулсан хэдэн төгрөгнөөс нь ч юу ч үлдээгүй байв. Тэгээд урам хугараад, ерөөсөө болъёо, эд ер нь бүтэхгүй нь, өөрөө юмаа хийе гэж шийдсэн.  

ТЭГЭЭД ХЭЗЭЭНЭЭС БУЦАЖ ХОЛБООНЫ АЖЛЫГ АВСАН ЮМ БЭ?

- Манай Г.Алтанчимэг \нэгдсэн эмнэлэгт сувилагч байсан, одоо ХБ-тэй хүүхдүүдийн эцэг эхийн холбооны тэргүүн\ хааяа манайд ирээд “ТББ маань байхгүй болчихлоо. Сэргээж, нийлж юм хийе л дээ” гээд яриад явдаг байв. Би ч дургүй. Одоо тийшээ орохгүй, өөрийнхөө юмыг хийнэ гээд л. Тэр үед ид гутал хийж, захиалга ч ихтэй байсан юм. Нэг удаа Улаанбаатарт болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн уулзалтанд очлоо. Тэнд Х.Зинаамэдэртэй танилцав. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн тэр залуу “Бид л өөрсдийнхөө төлөө тэмцэхгүй бол, хэн ч бидний өмнөөс дуугарахгүй” гэдэг байв. Улаанбаатар орохоороо би автобусанд суухаас төвөгшөөгөөд тэргэнцэртэйгээ явчихдаг байсан юм.

ЮУ... ТЭРГЭНЦЭРТЭЙГЭЭ ЮУ? ОГТ АВТОБУСАНД СУУХГҮЙГЭЭР ГЭЖ ҮҮ???

- Тиймээ. Ганцаараа л явчихдаг байсан. Автобусанд суухаасаа ичдэг байв.

ЯАГААД ТЭР ВЭ? ЮУНААС ИЧНЭ ГЭЖ?

- Эрүүл байж байгаад тийм болчихсон хүн чинь санаа их зовно. Гадуур явахаар, хүмүүс намайг шоолоод ч байгаа юм шиг, инээгээд ч байгаа юм шиг санагдаад. Бас автобусанд сууна гэдэг бөөн төвөг. Заавал хэн нэгнээр өргүүлж орно. Бас өргүүлж буулгана. Хүн царай алдаад л... Тэгээд л ганцаараа тэргэнцэртэйгээ гараад явчихдаг байсан.

ТЭГЭЭД, ХЭР УДААН ЯВАХ УУ?

- Хоёр өдөр л явна.

220 КМ ГАЗАРТ, ГАНЦААРАА, ТЭРГЭНЦЭРТЭЙ ГЭХЭЭР МИНИЙ САНААНД ЛАВ БАГТАХГҮЙ ЮМ БАЙНА...

- Хэд хэд тэгж явсан л даа. Түрүүн ярьдаг тэр уулзалтанд очиж, Зинаамэдэртэй уулзахдаа тэргэнцрээрээ Дарханаас ирснээ санамсаргүй хэлчихсэн юм. Тэгсэн “Сайд дээр оръёо. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бас ингэж явж болдог юм гэдгийг хэлье” гээд...

Ммм, БИ ЛАВ ТАНЫГ ХЭЛЭЭГҮЙ БОЛ САНААНД ОГТ ОРОХГҮЙ ЮМ БАЙНА. ЗА ТЭГЭЭД САЙД ДЭЭР ОРОО ЮУ? ХЭРХЭН ХҮЛЭЭЖ АВАВ?

- Тэгээд нөгөөдүүлийнхээ ятгалганд ороод сайдтай уулзахаар орлоо. Тэр үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Ганди, орлогчоор нь одоогийн С.Чинзориг сайд байсан. Сайд “Тэргэнцэртэй Дарханаас Улаанбаатар хүртэл явна гэж юу байдаг юм. Чи зүгээр дэмий юм битгий яриад бай” гэв.

ТЭГЭЛГҮЙ ЯАХ ЮМ БЭ, ХЭН Ч ТЭГНЭ...

- Тэгсэн С.Чинзориг сайд “Та Сүхбаатарын талбайгаас 22-ын товчоо хүртэл яваадах. Харъяа” гэлээ.

ШАЛГАХ НЬ. ТАНЫГ ҮНЭН ЯРЬЖ УУ, ХУДАЛ ЯРЬЖ УУ ГЭЖ...

- Тийм. Тэгээд явсан. Тэд нарыг түгжрээд байж байхад нь би аль эрт очих газартаа хүрчихсэн, хүлээгээд байж байлаа. 

ХӨӨХ, ТА ТЭГВЭЛ ИХ ХУРДТАЙ БАЙХ НЬ...

- Юу ярьж байгаа юм. Тэгээд л тэр үеэс тэргэнцэрийн уралдаан энэ тэр гээд спортын тэмцээнүүд болдог болсон юм шүү дээ. Тэгсэн сайд “За, болох юм байна. Чи ганцаараа биш олон хүн хамруулаад явж чадах уу?” гэлээ. Чадна л гэсэн. Угаасаа явъя гэсэн хүмүүс ч олон байв. Тэгсэн “Энэ хооронд тэд хоног явна, тийм зардал гарна гээд гаргаад өг. Та нар замдаа Баруунхараа, Баянчандмань дээр ухуулга, сурталчилгаа, урлагийн тоглолт хийгээрэй. Дуулдаг урлагийн хүмүүс оруулаарай” гэлээ.

ЗА, БАГ БҮРДҮҮЛЭХЭЭР БОЛЖ..?

- Тэгэхдээ их учиртай. Бэрхшээлийн төрөл бүрээс оруулъя гэж шийдэв. Гэтэл надад ямар ч судалгаа байдаггүй. Хайж, сурагласаар байгаад 14 хүний бүрэлдэхүүнтэй, хоёр хараагүй, хоёр одой, хоёр хөлгүй \хиймэл хөлтэй\, тэргэнцэртэй зургаа, сонсголгүй хоёр хүнээр багаа бүрдүүлсэн. Тэргэнцэртэйгээс бусад нь явганаар. Энэ их дэм болсон шүү. Зарим нь даваа өөд гарч чадахгүй болоход хөлтэй хэд маань түрж гаргаж өгч байв. Ингээд л явсан даа. Замдаа их хөгжилтэй байлаа. Амрах газартаа амраад, урлагийн тоглолт хийж, хүмүүстэй уулзаж, яриа хөөрөө хийгээд л... Тэгсэн бид 14 хоногоор тооцож, наадам эхлэх 11-ий өдөр, туг залахаас өмнөхөн талбай дээр очихоор төлөвлөж байсан ч, долоо хоногийн өмнө 61-ын гарам хүрчихсэн.

ТООЦООЛСНООСОО ИХ ЭРТ ОЧЖЭЭ?

- Тийм. Тэгээд тэндээ тоглолт хийгээд хэд хонолоо. Товлосон өдөр болоход биднийг ёстой сүртэй тоссон шүү. 22-ын товчооноос эхлээд л хамгаалалт гарч, урд маяктай машин гуперлээд л...

БААТРУУД ШИГ ҮҮ?

- Ёстой л баатрууд шиг угтуулсан. Одоо тэднээс маань олон нь бурхан болж дээ, хөөрхий... Гэхдээ, тэр үйл явдал, түүнд оролцсон хүмүүсийн хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр манай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст “Бид гадуур гарч амьдарч болно” гэх итгэлийг маш хүчтэй өгсөн юм. Бусад хүмүүст ч бас хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдаас хараат бус амьдарч болно гэдгийг мэдрүүлсэн чухал үйл явдал болсон.

ТЭР ҮЙЛ ЯВДЛЫН ДАРАА ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДАХИН ОРОЛЦОХ БОЛСОН УУ? 

- 2006 онд энэ Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн зөвлөл гэдэг байгууллагын үйл ажиллагаа надад ирсэн юм. Тэр дундаа спортоо би давхар хариуцдаг. Манай тамирчид сүүлийн арав гаруй жилд бүх тэмцээн уралдаанд амжилттай оролцож, дандаа тэргүүлж, алт мөнгөн медалиудыг авч байна. Би өөрөө эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд суудаг болохоор тэндээс олон ч тамирчинаа олж авсан. Тэмцээн уралдаанд орж, хоорондоо уулзаж, нийгэмших тусам хөгжлийн бэрхшээлтэй хүн, бусдын адил амьдрах итгэлийг олж авдаг. Энэ их чухал шүү. 

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, МӨН ТЭДНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛДАГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД “ТӨР ДЭМЖИХГҮЙ БАЙНА” Л ГЭХ ЮМ. ТА ЭНЭ ТАЛ ДЭЭР ЯМАР БОДОЛТОЙ БАЙДАГ ВЭ? 

- Би одоо ийм болоод 30 гаруй жил болжээ. Энэ дунд олон зүйл үзлээ. Төр хардгийг нь үзлээ, төр хайрладгийг нь үзлээ, төр гаргуунд нь гаргадгийг ч үзлээ. Хүмүүс хүндэлдгийг үзлээ, хүмүүс ад үзэхийг ч үзлээ. Үүнийг жирийн хүмүүс, тэр тусмаа тэр дээр байгаа шийдвэр гаргагчид, яг над шиг, бидэн шиг биеэрээ үзэж, зовлонг нь туулаагүй болохоор бүрэн гүйцэд ойлгохгүй. “Эвий нэг ядарсан амьтан” л гэнэ. Энэ хандлага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ядарсан дээр нь нэмээд улам ядарсан болгоод байна.

ЭНЭ ЯДАРСАН ГЭДЭГ ХАНДЛАГАД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД МААНЬ ИХ ДУРГҮЙ БАЙДАГ ЮМ БИЛЭЭ...

- Би бол “Хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэг үгэнд бүр дургүй. “Хөгжлийн бэрхшээлтэй” гэхээр хөгжих чадваргүй гээд байгаа юмуу. Энэ нэршил хүртэл дээрээс маань дараад байна.

“ЯЛГААТАЙ ХЭРЭГЦЭЭТЭЙ” ГЭЖ БАС ТОДОРХОЙЛДОГ?

- Бид хөгжлийн бэрхшээлтэй, хөгжих чадваргүй хүмүүс биш. Бидэнд өөрсдөдөө тохирсон хөдөлмөр эрхлэх чадвар бий. 1996 онд Хөдөлмөрийн хуульд оруулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрлөх эрхийг хассан нэмэлт өөрчлөлтийг бид эсэргүүцэн тэмцэж, бүр жагсаал хийн, төмөр зам дээр хэвтэж байж өөрчлүүлсэн. Одоо хэрэгжиж байгаа 111 дүгээр зүйлийг тэрний дараа нэмсэн. Тэр жагсаал, тэмцлийн дунд ч ах нь байлаа. Ер нь бид өөрсдөө л эрхийнхээ төлөө тэмцэхгүй бол тэр дээр суугаа хүмүүс биднийг ойлгохгүй. Бид зүгээр халамж аваад хэвтэхийг биш, харин хөдөлмөрлөдөг, өөрөө өөрсдийнхөө амьдралыг аваад явдаг, бусдаас хамаарахгүйгээр амьдрахыг хүсч байна. Гэтэл энэ эрх бүрэн хангагдахгүй л байна.  

ТА ХАЛАМЖИЙН БОДЛОГО БУРУУ БАЙНА ГЭХ ГЭЭД БАЙНА УУ?

- Тийм. Одоо энэ хүнсний талон гээд нэг юм өгөөд байна. Хэсэг айлд судалгаа хийж үзлээ. Тэгтэл хөдөлмөрийн насны дөрвөн хүн, гурван жаахан хүүхэдтэй айлд, хүнсний талон өгөөд байх юм. Ядуу гээд... Ингэж хоол тараагаад байвал тэр хүмүүс хөдөлмөрлөх үү?

ЗОРИЛТОТ БҮЛЭГТ ГЭЭД ӨГДӨГ ЮМ БИЛЭЭ...

- Ядуу хүн гэж тусад нь ялгаад л... Яг үнэндээ, хүрэх хүндээ хүрдэг бол одоо яахав. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй биднийг хүртэл дотор нь ядуу, баян гэж ялгана. Санаачлагаараа юм хийгээд, хөдөлмөр эрхэлж амьдрах гээд явж байгаа нэгнийг “баян” гэнэ. Тэгээд нийгмийн халамжийн нэг ч юманд хамруулахгүй. Би тэтгэврийн зээл аваад, хүүхдээ Эрхүүд сургасан биш “баян” болчихсон. Уг нь өөрөө өөрийгөө болгоод, бас татвар төлөөд явж байгаа миний энэ хөдөлмөрийг төр дэмжих ёстой биз дээ. Нэг удаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сум хөгжүүлэх сангийн зээл авч үзсэн. Гэхдээ 20 сая төгрөгийн зээл хүссэн чинь надад ердөө тавхан саяыг өгсөн. Тэр мөнгөөр би бизнесээ өргөжүүлж, ажлын байр нэмэгдүүлж чадах уу? Үнэндээ миний дургүй хүрсэн шүү. Тэгээд тэрүүгээр нь охиныхоо төлбөрийг төлчихсөн. Шалгаад хүрээд ирэхээр нь, та нарын өгсөн мөнгөөр хоёр сар хүн цалинжуулаад дуусна. Би яаж үйл ажиллагаагаа сайжруулахав, ямар үйлдвэрлэл явуулах билээ гэж хэлээд сууж байлаа. Бизнесийг дорвитойхон дэмжиж, дараагийн шатанд гарахад нь бүрэн дэмжлэг болохуйц ажил хийхийн оронд хоёрын хооронд дусаагаад байхаар бид яаж өөдлөхөв. Харин ч бүр хааж боох бодлого хэрэгжүүлж байна. Хэдэн хүн ажиллуулаад байж байтал, тендер гэж нэг юм гарч ирээд захиалгагүй болгочихсон. Тэр тендерт шалгарахгүй нь тодорхой. Айхтар олон ажилчинтай, сүрхий үйлдвэр байгаа биш. Гэтэл тендерт нь ар, өврийнх нь хүмүүс орж, хужаа гутал шахаад л... Өнөөхийг нь өмсдөг хүмүүс “Хужаа гуталтай осгоно, таных гоё” гээд зах дээр аваачиж зарчихаад, надаас авдаг. Мэддэг хэд нь яахав, ирээд авна. Гэтэл мэдэхгүй нь муу гуталтай осгочих гээд, хэдхэн хоноод урагдчихаар нь одоо яах билээ гээд аргаа бараад явж байна. Энэ шахаа, тендер гэдэг юм, хөдөлмөр хийж байгаа нэгний боломжийг хаахын зэрэгцээ, хэрэглэдэг хүмүүсийг нь ч хохироож байна. Хувь хүн тэдэнтэй өрсөлдөх арга үнэндээ алга. Өмнө нь би жилдээ 300-400 гутал оёдог байсан бол одоо 100 орчмыг л хийж байгаа. Ингэхээр манай энэ төр ерөөсөө иргэдээ жижигхэн юмаар хуурчихаад, өөдлөх бүх боломжийг нь хумиад байгаа биз. Ядуу, хоолтой төдий байлгаад, сонгууль болохоор намууд нь ганц нэг өдөр гоё юм үзүүлж, зугаалуулж, сэтгэлийг нь аргацаагаад л... Ийм байгаа болохоор бэрхшээлтэй бид байтугай сайхан, сайхан хүмүүс хүртэл амьдрах итгэлээ алдаад, аль болох гадаадад гарч ажиллая гэдэг болж. Яг үнэндээ, бид биш тэр дээр байгаа дарга нар л өөрсдөө хөгжлийн бэрхшээлтэй байна.

ХӨГЖИХ БОЛОМЖИЙГ ОЛЖ ХАРАХГҮЙ, ХӨГЖИЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА БОЛОХООР НЬ ТА ТЭГЖ ХЭЛЖ БАЙНА УУ?

- Эрүүл хүмүүс, бидэнд учирч буй бэрхшээлийг даван туулаагүй учраас тэр бүр мэдэхгүй байж болох ч, харин мэдэхгүйгээ мэдэх хүсэлгүй байгаа нь буруу. Ялангуяа төрийн бодлого барьж байгаа хүмүүс. Хөгжих боломжийг олж харахгүй, бас өөрсдөө хөгжихгүй байна. Би аймгийн дарга нарын нэг хурал дээр хэлсэн юм. “Та нар өөрсдөө хөгжлийн бэрхшээлтэй байна” гэж. Тэгсэн намайг “Доромжиллоо” гэсэн. Сонсголгүй иргэнтэйгээ харилцаж чадахгүй байгаа бол тэр дарга өөрөө хөгжлийн бэрхшээлтэй. Тийм биз. Би “Та нар биднийг хөгжлийн бэрхшээлтэй гээд байгаа боловч бэрхшээлтэй иргэдтэйгээ харилцаж чадахгүй байгаа болохоор, та өөрөө хөгжлийн бэрхшээлтэй байна” гэж хэлсэн. Сүүлдээ намайг хурцаар хэлээд байгаа боловч, үнэн үг байна гэж хүлээн зөвшөөрч байна билээ. Уг нь төрийн үйлчилгээний байгууллагууд, банк санхүүгийн байгууллагуудад дохионы хэлний хэлмэрч зайлшгүй байх ёстой юм. Тэгж байж тэд бэрхшээлээсээ гарч, иргэнээ сонсдог, ойлгодог болно. Дэмжээд хамтраад хөгжинө. Бас бэрхшээлтэй иргэдийн ч эрх хангагдаж, нийгмийн үйлчилгээг тэгш авч, бусдын оролцоогүйгээр амьдарч чадна. Бэрхшээлийн төрөл, онцлог бүрд энэ адилхан. Өөрөөр хэлбэл төр халамжид өгөөд байгаа тэр их хөрөнгө мөнгөө зөв зүйлдээ зарцуулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлнэ гээд байгаа нь зорилго нь бодитойгоор биелэх юм. Ялангуяа эмнэлэг, цагдаа, аймаг, сумын захиргаа, халамж, нийгмийн даатгал, банк зэрэг байгууллагуудаар төрөл бүрийн бэрхшээлтэй хүмүүс чөлөөтэй үйлчлүүлэх боломжийг зайлшгүй бүрдүүлэх ёстой. Аливаа юмыг том зургаар нь харах чадвар манай дарга нарт дутагдаж байна.

ТА СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЖ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛЖ, НИЙГМИЙН АЛИВАА ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ, БАС БУСДЫН ЭРХИЙГ ӨӨРИЙНХТЭЙГӨӨ ХАМТ ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙНА. ТЭГЭХЭЭР ТАНЬД ҮНЭХЭЭР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ АЛГА... 

- Овоож оцойж илүү гарахгүй ч, хүнээс гуйж төвөг удаж явсангүй. Харин аль болох ах дүү нартаа, бусдад тус болох юмсан гэж хичээж ирлээ. Би одоо хүү, хоёр охинтой. Миний том ах бурхан болж, бэр эгч маань найман жаахан хүүхэдтэй үлдэхэд, долоон настай охиныг нь өөр дээрээ авсан юм. Тэр охин маань Эрхүүгийн анагаахын их сургуульд суралцаж төгсөөд одоо Өмнөговийн цэргийн ангид гэр бүлийн хамт мэргэжлээрээ ажиллаж байна. Хүү МСҮТ-д суралцаж байгаа. Би гэрлэж, хүү охин хоёртой болсон л доо. Гэхдээ амьдрал болоогүй. Эв найрамдалтай салж, ээж нь охиноо авч, хүү маань надтай үлдсэн. Осолд ороогүй бол амьдрал ямар байх байсныг хэн мэдэхэв. Гэхдээ одоо гомдоллоод байх юм алга...

ГЭРЭЛ ЗУРГИЙГ:   Ц.ГАНБАТ

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (59.153.112.51)
    Даанч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ урдуур орж бүх төсөл халамжыг нь авчихдаг нь тун тоогүй. Дээрээс улаанбаатарлуу зам тавигдахаар хот руу нэг 2 яваад үзүүлээч. Хүн итгэхээр юм ярьна шүү.
    2020 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (192.82.77.99)
    Манай Батсүх их мундаг хүндээ
    2019 оны 12 сарын 21 | Хариулах
  • Sunjee (202.72.240.4)
    Taniaraa baharhdag shuu
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • Tamir (59.153.113.24)
    Gaihaltai saihan yariltslaga boljee mundag yumaa
    2019 оны 12 сарын 19 | Хариулах
2864   4
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг

Санал болгох