Лхагва 2019-01-02 Дархан
Гэрлээ асаая   2019-11-20

ЖИНХЭНЭ ЯРИА ӨРНӨСӨН ГАЗАРТ...

Нийтлэлийн баатруудаа, уншигчидтайгаа “амьдаараа” уулзах боломжийг бүрдүүлсэн MyDarkhan.mn сайтын “REAL LIVES” үйл ажиллагаа ЖИНХЭНЭ ЯРИА ӨРНӨХ ГАЗАР агуулгын дор өнгөрөгч арваннэгдүгээр сарын 15-ны баасан гарагт “Буудай” зочид буудлын ресторанд боллоо.

 

Тус үйл ажиллагаанд хүндэт зочноор оролцож өөрсдийн түүхээ хуваалцсан илтгэгч нарын түүх, тэдний залууст хэлэхийг хүссэн санаа бүхэн бүхэлдээ, хичээж, зорьж, тэмцэж, зогсолтгүй тууштай байж чадвал амжилтанд хүрдэг гэдгийг хэлж байсан юм.

Эхний зочин Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын отгон охин Ч.Мөнхтэмүүлэн. Хаалттай нийгмийн хатуу ширүүн бүхнийг сөрж, гяндангийн харанхуй өрөөнд шүдэнзний хайрцган дээр хүртэл туурвин тэмцэж явсан их найрагчийн бүтээл, харамсалтай нь амьд ахуйд нь хэвлэгдэж түмний хүртээл болоогүй. Гэсэн ч өдгөө түүнийг шүтэн биширдэггүй, шүлэг бүтээлийг нь сонсоогүй монголчууд цөөхөн. Оюуны их өвийг нь залгамжилсан охин нь та бидний дунд Дархан хотноо аж төрж амьдарч байна. Хэлмэгдлийн хар шуургыг сөрж яваа тэдний түүх хэдий гашуун ч зорьж, тэмцэж чадвал хүлээн зөвшөөрөгдөж, хүндлэл хүлээх өдөр ирдгийг бидэнд хэлдэг.

"REAL LIVES" эвентэд Ч.Мөнхтэмүүлэн эгч маань аавынхаа болон өөрийн шүлэг бүтээлээс уншиж, санаа бодлоо хуваалцахын зэрэгцээ хүрэлцэн ирсэн залуусын асуултанд хариулсан юм. Асуултууд сонирхолтой, бас маш олон байсан. Энэ үеэр тэрбээр нэгэн нууцыг задалсан нь, аавыг нь хэлмэгдүүлсэн цаг үеэс хойш “Эсэргүүний охин” хэрхэн амьдарч байсан талаарх ном бичиж байгаагаа хэлсэн юм.

Дараагийн зочин “Дархан эрх” хууль зүйн фирмийн гүйцэтгэх захирал, хуульч, өмгөөлөгч Б.Содболд байлаа. Тэрбээр “усанд ордоггүй” Дарханчуудыг өмгөөлж УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай шүүхдэлцэж, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн 8.4 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргасан аймгийн ИТХ-ын тогтоол эрх зүйн үндэслэлгүй байна хэмээн ИТХ-ыг мэтгэлцээнд дуудаж, мөн таггүй траншей иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна хэмээн мэдэгдэж олон нийтийн өмнөөс дуугарч байсан. Тэр ч бас болохгүй зүйлийг байх ёстой мэт “нүдээ аниад” өнгөрүүлэх нь буруу гэдгийг хэлж байв.

Уулзалтын үеэр уншигчдаас түүнд маш олон асуултууд ирсэн юм. Тэдгээрийн дотроос “Та нэгэн цагт ойр дотно, найз нөхөд явсан хүмүүсээ сөрж байна. Энэ нь та нарын дунд гарсан ямар нэгэн маргаанаас болсон уу?” гэх асуулт анхаарал татаж байв. Уг асуултанд Б.Содболд хариулахдаа “Энэ сэтгэл эмзэглэдэг, ярихаар уйлчих гээд байдаг хэцүү сэдэв. Найз, нөхдийн харилцаа болон ажил хэргийн харилцаагаа ялгаж салгах шаардлага гарсан. Үнэндээ найз нөхдөө сөрөх амар биш. Ажил хэргийн харилцаа гэдэг өөр зүйл. Гэсэн хэдий ч миний мэргэшсэн захиргааны эрх зүйн салбар нь тэдний ажил хэрэг, гаргасан шийдвэртэй тулахаас өөр аргагүй байдалд хүргэх юм. Найз нөхөд хэвээрээ, бас ажил хэргээ ч тусад нь байлгаж чадвал уг нь сайхан” гэж хариулсан.

Дараагийн хүндэт зочин “Элит Хөгжил” компаний захирал З.Бадрал. Тэрбээр Дархан хотод 20 гаруй жил тасарч “халтуурчдад” нэгэнт “эзлэгдсэн” нийтийн тээврийн үйлчилгээний салбарт том оврын автобусны бизнесийг зориг гарган эхлүүлж, үүнийгээ ч нэр төртэйгөөр олон түмнийхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийн төлөө ажиллаж, тэмцэж яваа. Ухаан орсон цагаасаа л тээврийн тэрэгний кабинд өссөн түүнд хамгийн ойр, хамгийн ойлгоход амар салбар нийтийн тээвэр байжээ. Гэвч алдаа оноо, уналт, шантрал түүнийг тойрсонгүй. Өмнөх зүйлээ л сайн хийж байвал болно гэж боддог байсан жирийн жолоочоос, хамт олон багийн хүчээр ямар их зүйлийг хийж бүтээж болохыг ухаарсан түүний амжилт, бизнесийн түүх бас л сонирхолтой. З.Бадрал захирлын яриа хүрэлцэн ирсэн залуусыг хамгийн ихээр догдлуулж, бас хугацаа арай л бага байлаа гэх харууслыг үлдээсэн байв. 

Сүүлийн хүндэт зочин кикбокс, муатай боксийн Дэлхийн аварга, “Шионбү” группын ерөнхийлөгч Ц.Амарбаясгалан. “Жижигхэн” хотын, жижигхэн хүү хэрхэн дэлхийн хүчтэнүүдтэй тулж, тэднийг давж дэлхийн аварга болсон замнал гайхалтай. Тэрбээр хүрэлцэн ирсэн уншигч зочидтой халуун яриа өрнүүлж, өөрийн амьдралын хамгийн хүнд хэцүү үеүүдийн тухай бас “оддын өвчин” тусч, “нисч” яваад нэг л өдөр бүдрэн унасан сургамжтай түүхээ илэн далангүй хуваалцсан юм. Тэсч, тэмцэж чадвал хэн ч ямар ч амжилтанд хүрч болдгийг тэрбээр залууст хэлж байлаа.

REAL LIVE эвентэд идэвхитэй оролцсон залуусыг Дархан хотын бүтээлч "старт-ап" -ууд өөрсдийн брэнд бүтээгдэхүүн болох модон хийц, цэвэр арьсыг хослуулсан  “ZEKL” цүнх, арьсан эдлэлийн “Согоон урлан” компани арьсан дэрний хослолоороо  урамшуулсан. Мөн залуу уран бүтээлч, реппер SUSHI \Болдбаатар\ ая дуугаа өргөсөн юм.       

Дараагийн “REAL LIVE” буюу ЖИНХЭНЭ ЯРИА ӨРНӨХ ГАЗАР-т уулзатлаа хүртэл түр баяртай.  

Тус үйл ажиллагаанаас хийсэн фото сурвалжилгыг хүлээн авна уу.

Гэрэл зургийг Х.ГАНБАТ:

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

571   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох