Лхагва 2019-01-02 Дархан
Цонхоо нээе   2019-11-07

ТАВАН БАЙГУУЛЛАГЫН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САНГ НЭГ ДОРООС АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Хөрөнгө орлогын мэдүүлэг, худалдан авах ажиллагаа, улсын бүртгэл, уул уурхайн лиценз, сонгууль гэсэн таван категори бүхий нийт 197085 байгууллага, 489494 хувь хүн, 17026 тендер, 73189 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг, 3356 уул уурхайн лиценз, 16 визуал дата, бүх сонгуулийн мэдээллийг багтаасан www.opendatalab.mn хайлтын систем ашиглалтанд оржээ.

Тус системийг “Гэр, иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв” ТББ-аас санаачлан Авлигатай тэмцэх газар, Нээлттэй нийгэм форум зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр бүтээсэн байна.

Төрийн байгууллагуудын бүртгэл ийнхүү ил тод болж байгаа нь хариуцлагатай, сайн засаглалыг бэхжүүлэх чухал алхам бөгөөд мэдээлэл, мэдлэгтэй иргэд эрх мэдэлтнүүдээс хариуцлагыг шаардаж, эрхээ эдлэх чадвартай байдаг.

Хэн ч тус системд хандсанаар дурын компани байгууллага, хувь хүн, албан тушаалтны овог нэр, бүртгэлийн дугаарыг оруулж, үүсгэн байгуулсан аж ахуйн нэгж, эзэмшдэг хөрөнгө оруулалт, лиценз мөн авч байсан тендер зэргийнх нь талаар мэдэх боломжтой юм.  

Гэхдээ санаачлагчид тус хайлтын системийг ашиглаж, эх сурвалжаар дурдахдаа төрийн байгууллагын анхдагч эх сурвалжтай тулгаж, нягтлах нь зүйтэй хэмээн сануулж байна. Учир нь хайлтын системд мэдээллийг оруулах нь цаг хугацааны хязгаарлалттай тул мэдээллийн өөрчлөлт нь системд ороогүй мөн овог нэрийн давхцал гарах магадлалтай ажээ. Тиймээс Авлигатай тэмцэх газар, Худалдан авах ажиллагааны газар, Ашигт малтмалын газар, Улсын бүртгэлийн газар, Сонгуулийн ерөнхий хороо гэсэн таван төрийн байгууллагын анхдагч эх сурвалжуудтай заавал тулгахыг зөвлөж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

70   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох