Лхагва 2019-01-02 Дархан
Цонхоо нээе   2019-10-16

Сонгууль дөхөх бүрт АН-ыг хагалан бутаргах ийм үйл ажиллагаа болж байсан гэлээ

Өнөөдөр Дархан-Уул аймгийн Ардчилсан намаас өөрийн байрандаа хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус хурлаар, намын шинэчлэл нэрээр иргэдийг цуглуулж, уулзалт хийн, намын дарга С.Эрдэнийг огцруулна хэмээж буй хүмүүс нь Ардчилсан намд ямар ч хамааралгүй, дүрмийн дагуу хасагдсан хүмүүс бөгөөд эдгээр хүмүүс нь сонгууль дөхөх бүрт тус намыг хагалан бутаргах зорилгоор удаа дараа ийм үйл ажиллагааг явуулдаг хэмээн ярилаа.  

Тус хэвлэлийн хуралд оролцогчид хэрхэн ярьсныг бүрэн эхээр нь хүргэе.  

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хорооны дарга Г.Гантулга:

Саяхан Дархан-Уул аймагт Шинэчлэлийн хөдөлгөөн гэх хүмүүс ирж “Намын дарга С.Эрдэнийг огцруулахаар гарын үсэг зурж эхэллээ” гэх утга бүхий мэдээллийг нийгмийн сүлжээгээр тараасан байна. Үүнд бид хариу тайлбар өгч зорилгоор энэхүү хурлыг хийж байна.

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. 2017 оноос эхлэн бид намын үндсэн дүрмээ шинэчлэн баталж, дүрмийнхээ дагуу бүх шатны намын удирдлагууд бүх гишүүдээсээ сонгогдож гарсан.

Дээр дурьдсан хүмүүсийн тараасан “Дархан-Уул аймгийн Ардчилсан нам, намын дарга С.Эрдэнийг огцруулахаар гарын үсэг зурж эхэллээ” гэсэн нь ор үндэсгүй хуурамч мэдээлэл юм.  Сонгууль дөхөхөөр Ардчилсан намын нэрийг барьсан хэсэг бүлэг хүмүүс хөдөлгөөнд орж, улс төрийн зорилгоор энэхүү мэдэгдлийг хийж нийгмийн сүлжээгээр цацаж байна.

Тэнд байсан хүмүүсийг харахад манай намын төлөөлөл бараг байхгүй. Тэгсэн атлаа гишүүдэд намын хуралтай гэсэн зар тарааж, улмаар автобус таксины мөнгө өгнө гэж 100 гаруй хүн цуглуулаад, үүнийгээ Дархан-Уул аймгийн Ардчилсан нам хуралдаж намын дарга удирдлагуудаа солихоор боллоо гэх хууль бус, хуурамч мэдээллийг цацсанд бид харамсаж байна.

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хорооны дэд дарга Д.Дарханбаяр:

Сонгууль дөхөхөөр аль ч газар "Шинэчлэлийн хөдөлгөөн" нэртэй хэсэг бүлэг хүмүүс бий болдог. Тухайлбал манай намын хувьд хуучин Ардчилсан намын угшилтай байсан хэсэг хүмүүс “Шинэчлэлийн хөдөлгөөн” нэртэйгээр иргэд сонгогчдыг төөрөгдүүлж, улс төрийн тохиролцоо хийж, өөрсдийгөө алба тушаалд томилуулах үйл ажиллагааг явуулж ирсэн. Энэ нь 2012 оноос эхтэй.

Жишээ нь: "Шинэчлэлийн хөдөлгөөн" гээд байгаа Г.Баянмөнх тэргүүтэй хүмүүс нь 2012-2016 онд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Тухайн үед МАН аймгийн ИТХ-д олонхи болж засаг барьсан. Олонх болсон нам өөрийн бодлогоо хэрэгжүүлээд, өөрсдийн хүмүүсээ албан тушаалд томилдог. Гэтэл тэр үед Засаг даргын орлогчоор АН-аас Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон Г.Баянмөнхийг томилсон нь  МАН-д саналаа өгч, хариуд нь аймгийн Засаг Даргын орлогчоор ажилласан гэж үзэх үндэслэлтэй. Энэ нь эдгээр хүмүүсийн хувьд АН-ыг дэмждэг мянга мянган гишүүдийн эрх ашгаас илүү өөрийнх нь хувийн эрх ашгийг дээгүүр бөгөөд өөрийгөө албан тушаалд томилуулах зорилготой үйл ажиллагааг явуулж байгааг харуулж байна.

Тэгэхээр тэд уламжлалт арга барилаараа ажлаа эхэлж байна. Одоо удахгүй 2020 оны сонгууль болно. Дахиад л шинэчлэлийн хөдөлгөөн гээд энэ хүмүүс орилоод эхэлчихлээ. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүс Дархан-Уул аймагт сонгуулиар АН-ыг ялагдуулж, хариуд нь МАН-аас албан тушаал авах зорилготой. Түүнээс АН-ын гишүүдийн төлөө, ардчилсан намын бодлого мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулдаггүй юм. Үүнийг иргэд, сонгогчид маань ялгаасай. Сошиалаар яваад байгаа буруу зүйлд битгий автаасай гэж энэхүү тайлбарыг хийж байна.

Сүүлийн үед МАНАН гэх хэллэг бий болсон. Энэ нь МАН, АН хамтарч засаг бариад, улс төрийн тохиролцоо хийхийг хэлээд байгаа. Тэгвэл ийм явдал Дархан-Уул аймагт байхгүй. Харин юунаас болж ийм нэршил бий болоод байна гэхээр түрүүний ярьсан АН-ыг хагалан бутаргах зорилготой хүмүүс үүнийг бий болгосон.

Тэд өнөөдөр АН-ыг төлөөлөх эрхгүй, АН-ыг гишүүнчлэлгүй хүмүүс юм шүү гэдгийг анхааруулж хэлье.

Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны дарга Б.Мягмардаш:

Ардчилсан нам нь үзэл баримтлалаа дээд шүүхэд бүртгүүлсэн анхны нам. Манай намын шинэчлэл хийгдээд дууссан. Энэхүү шинэчлэлийг эсэргүүцэж, янз бүрийн хувийн эрх ашгийнхаа төлөө тоглож байсан хүмүүс, хасагдсан, гарсан. Гэтэл энэ хүмүүс энэ жүжгийг зохион байгуулж байна.

Дархан-Уул аймагт АН-ыг төлөөлөх эрх бүхий хүмүүс бол энэ Дархан-Уул аймгийн АН-ын дарга Г.Гантулга, Дархан сумын намын хорооны дарга Б.Эрдэнэбилэг, Орхон сумын намын хорооны дарга Д.Эрдэнэцогт, Хонгор сумын намын хорооны дарга Б.Ганпүрэв, Шарын гол сумын намын хорооны дарга Н.Сундуйжав нар юм. Эдгээр хүмүүс нь дүрмийн дагуу сунгаа болж, гишүүдээсээ сонгогдсон хүмүүс.

Мөн Монгол Улсад Ардчилсан Намыг албан ёсоор төлөөлөх эрх бүхий хүн бол С.Эрдэнэ. Түүнийг дүрмийн бусаар огцруулах боломж байхгүй. Зөвхөн сонгуулийн үр дүнгээр ялагдсан тохиолдолд болон өвчний улмаас эсвэл өөрийн хүсэлтээр өргөдөл гаргасан тохиолдолд огцрох дүрэмтэй. Өнгөрсөн 30 жилийн алдаа оноогоо дүгнэж, цоорхойгоо бөглөж, бүх гишүүдээрээр хэлэлцэн байж батлаад, Монгол Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн дүрэм. Тиймээс хэн дуртай, хэсэг бүлэг хүн гарын үсэг зураад, огцруулдаг юм байхгүй.

Албан ёсоор би энэ дүрмийг тайлбарлах эрхтэй.  Дарханд нэлээн олон хоног байлаа. Нэг ч гарын үсэг зуруулж байгаа юм алга. Худлаа ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдье.

ДАРАА НЬ СЭТГҮҮЛЧДЭЭС ТАВЬСАН АСУУЛТАНД ХАРИУЛЛАА.

Гарын үсэг зуруулаад байгаа хүмүүс ямар учиртай хүмүүс вэ? Яагаад намаасаа хасагдсан гээд байгаа юм?

- Дарханд гарын үсэг зуруулсан явдал ерөөсөө байхгүй. Энэ бол худал ташаа мэдээлэл. Намын дүрэм зөрчвөл хасагддаг. Жишээ нь Батзандан, Баярцогт гэх мэт хүмүүс намыг дүрмийг зөрчөөд хасагдсан. Үүнтэй адил манай намын хувьд УИХ-ын гишүүн ч бай, жирийн гишүүн ч бай, дүрэм зөрчсөн л бол намаасаа, намын бүртгэлээс хасагдах заалттай. Баянмөнх гэх мэт хүмүүс нь намын дүрэм зөрчиж, намаас хасагдсан хүмүүс.  

Албан ёсоор гарын үсэг цуглуулж байгаа юм байхгүй юм байна. Тэгвэл асуудал ийм байна гээд биечлэн ирж уулзаад санал хүсэлт тавьж байсан юм бий юу?

- Байхгүй. Энэ хүмүүс нь 2012 оноос хойш МАН-тай үгсэн хуйвалдаж, АН-н намын хорооноос гаргасан шийдвэрийг удаа дараа зөрчсөний улмаас намын шийтгэл оногдуулсан хүмүүс. Жишээ нь тэр Баянмөнх нь намын шийтгэлтэй, намын бүртгэлд байхгүй, хасагдсан хүн. Энэ хүн намын шинэчлэлийн талаар ерөөсөө ярьдаггүй. Ганц л юм ярьдаг нь намыг шинэчлэх нэрийн доор намыг хагалах ажлыг олон удаагийн сонгуулиар хийж байгаа. Тэд яадаг вэ гэхээр сонгууль дөхөхөөр АН-ыг хагарсан мэт харагдуулж, МАН-аас тодорхой хэмжээний дэмжлэг авч албан тушаалд очдог ийм л хүмүүс. 2012 оны сонгуулийн дараа албан тушаалд очсон. 2016 оны сонгуулиар намынхаа бодлогын эсрэг Наранбаатар гэж хүнийг авчирч, дэмжээрэй гэж ухуулга хийж, намын эсрэг ажилласан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдыг дэмжээрэй гээд бас явсан. Тэгэхээр МАНАН гэж яриад байдаг. Эд өөрсдөө МАНАН. Аль 2008 оноос хойш МАН-ын Засаг барьж байгаа Хаянхярваа, Насанбат нартай үгсэн хуйвалдаж, нам хагалах ажлыг л хийдэг. МАН-аас өгсөн элдэв санхүү мөнгөний дэмжлэгийг намын гишүүдийн тархийг угаах зорилгоор тараах, МАНаас нэр дэвшигчдыг дэмжих ажлыг удаа дараа зохион байгуулсан. Үүндээ ч намын шийтгэл хүлээсэн хүмүүс юм. Энэ хүмүүс нам төлөөлөх ямар ч эрхгүй. Манай нам бол нээлттэй, ямар ч хүн ирсэн үзэл бодол, үйл ажиллагааныхаа талаар санал солилцоход бүрэн нээлттэй байдаг. Эдгээр хүмүүс нэг ч удаа нам дээр ирж байгаагүй. Тэгсэн хэрнээ намыг шинэчлэнэ гэж байнга ярьж явдаг. Энэ удаагийн тэдний үйлдэл нь зүгээр л нам хагарсан мэт үйлдлийг үзүүлэх гэсэн улс төрийн башир арга.    

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

280   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох