Лхагва 2019-01-02 Дархан
Гэрлээ асаая   2019-10-14

Б.Мягмардаш: МУУ ХЭЛЭХ ЯАХАВ, "ЖИНХЭНЭ" ХУРИМЫН ОРДНОО БОСГОЖ АВАХ НЬ ЧУХАЛ БАЙНА

"Дархандаа сайхан амьдарцгаая" ТББ-ын Тэргүүн Б.МЯГМАРДАШ: Намайг хүмүүс хялалзаад л, үрэн таран хийгээд, эвдээд сүйтгээд хаячихсан хүн нь би юм шиг болсон. Нөгөө муу “Дашууд...” гээд л. Сүүлдээ сүйдсэн хуримын ордноо худалдаж авсан биш буруутан болж байна. Гэхдээ яахав, бид босгоно. Бүр илүү сайхан болгоно. Байрлал нь сайн юм гээд, хүн худалдаж авъя гэсэн л дээ. Бүр нэлээн ч том тоо хэлсэн. Тэгэхдээ өгөхгүй. Зарахгүй. Энэ газар гэрлэх ёслолын ордон хэвээрээ байх ёстой.

  

СОЦИАЛИЗМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ҮЕД БИЙ БОЛСОН ДАРХАН ХОТЫН ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДНЫГ ТУХАЙН ҮЕИЙН ХҮМҮҮС, ЗАЛУУСЫН САНААЧЛАГААР ХӨДӨЛГӨӨН ӨРНӨЖ, ХАНДИВ ЦУГЛУУЛАН БАРЬЖ БАЙСАН ГЭЖ ЯРИХ ЮМ БИЛЭЭ?

- Улаанбаатарт Гэрлэх ёслолын өргөө 1983 онд ашиглалтанд орсны дараа 1985 онд манай энэ Хуримын ордон ашиглалтанд орсон юм. Дарханд газар газраас залуус ирж, ажиллаж амьдрахаар тэмүүлж байсан цаг. Тиймээс ч өөрсдөө тийнхүү санаачилсан байх. Гэхдээ энэ газарт анх артель буюу оёдлын газар байсан юм. Дараа нь талхан цех байж байгаад 1970аад оны дундуур их гал гарч шатаад, олон жил балгас байдалтай байсныг нь 1985 онд залуус хөдөлгөөн өрнүүлж субботник буюу их цэвэрлэгээгээр засварлаж байсан юм. Тэгэхэд байгууллага бүрийн ажилчин залуус цалингаасаа хандивлан, өөрсдөө ч хийхийг нь хийж, залуусын хүчээр босгосон түүхтэй. Сэтгэл, зүтгэлээрээ босгосон ордон өргөөндөө гэрлэлтээ батлуулж, хуримаа хийдэг хамгийн баяр цэнгэлтэй хамгийн сайхан ордон байсан даа.

ЗАХ ЗЭЭЛД ШИЛЖСЭНЭЭР ХУВЬЧЛАГДАЖ, ТЭГЭЭД СУРАГ НЬ ТАСАРСАН?

- 2001 онд аймгийн Иргэдийн хуралд төлөөлөгч байсан гэр бүл судлаач гэгддэг Л.Нарантуяа гэх хүн хувьчилж авсан юм билээ. Тэгээд 2006 он хүртэл баар цэнгээний газраар ажиллуулж байгаад дараа нь харийн сүмд зарсан байдаг. Тэр нь 2008 он хүртэл сүмийн үйл ажиллагаа явуулж байгаад, “эзэнгүй мэт” орхисноос дулааны шугам, инженерийн байгууламж нь тэр чигтээ хөлдөж хагараад, тэгээд хаячихсан байсан. Би хажуугаар нь гарах болгондоо энэ сайхан газрыг ийм болгосонд харамсаад л явдаг байлаа.

ТЭГЭЭД ТА ХЭДИЙД МЭДЭЖ, ХУДАЛДАЖ АВСАН ЮМ БЭ?

- Яг үнэндээ ард түмний дунд энэ барилгыг босгочих хүн байдаггүй юм байх даа гэх хүлээлт их байсан. Одоо ч байсаар байгаа. Тиймээс бид хөөцөлдсөөр, хүмүүсийг нь олж, санал тавьснаар 2016 онд худалдаж авсан юм. Барилгаа авчихаад, аймагтайгаа нийлээд өөд нь татчихъя гээд хамтран ажиллах санал тавьсан. Ингэхдээ 50 хувийг нь аймгийн мэдэлд шилжүүлээд, хамтарч засварлая гэхэд тухайн үеийн аймгийн иргэдийн тэргүүлэгчдийн хурал зөвшөөрч, төсөвт инженерийн байгууламжийн засварын ажилд хэдэн төгрөг суулгасан байв. Гэвч сонгууль болж, дараагийн засаг гарч, шинэ иргэдийн хурал нь \одоо эрх барьж байгаа\ өмнөх шийдвэрийг хүчингүй болгосон доо. 

ЯАГААД ТЭР ВЭ? АЙМАГ ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ӨРГӨӨ ХЭРЭГТЭЙ БАЙНА ГЭЭД 40 ГАРУЙ САЯ ТӨГРӨГӨӨР ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫГ ЗАСВАРЛАЖ, ТОХИЖУУЛСАН ШҮҮ ДЭЭ?

- Тооцоогүй их хэмжээний мөнгө тавьсан байна гэсэн утгатай тайлбар өгсөн байна билээ. Үүнийг би улс төрийн агуулгаар хүлээж авлаа гэж ойлгож байгаа. Магадгүй худалдаж аваач гэсэн бол авчих байсан байх. Гэхдээ өмнө болсон шиг юм болох эрсдлээс сэргийлж бид дахин бүрэн өгөхгүй, 50 хувийг Дарханчуудын мэдэлд байлгахаар тооцож, “Дархан нутаг хөгжлийн төлөөх сан” ТББ-ийн мэдэлд байхаар бодож байсан юм. Мөн Дарханчууддаа хувьцаа олгох ажлыг ч эхлүүлсэн.

НЭЭРЭЭ ТИЙМ. ХАНДИВ ЦУГЛУУЛЖ БАЙНА, ХУВЬЦАА ОЛГОНО ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ЯВЖ БАЙСАН...

- Бид тухайн үед өөд нь татъяа гээд ард иргэдээсээ хандив гуйсан юм шүү дээ. Тэгэхдээ нэг ч төгрөг ирээгүй. Мэдэхгүй. Ирсэн ч байж магадгүй. Бидэнд лав тэд ирлээ гэж мэдэгдээгүй. Аминдаа Ардчилсан намынхан хийх гээд байна гэж улс төржүүлэх, хардлага сэрдлэгээс сэргийлж Дархандаа нэр хүндтэй эмэгтэйчүүдээр удирдуулж хандивыг хураан авах ажлыг хийлгүүлсэн. Цөөн хэдэн юм орсон байж магадгүй. Гэхдээ бидэнд лав тэд орлоо гэсэн тооцоо, мэдээлэл ирүүлээгүй байгаа.

ТА ТҮРҮҮН УЛС ТӨРИЙН АГУУЛГААР ХҮЛЭЭЖ АВСАН БАЙХ ГЭЖ ХЭЛЛЭЭ. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮН ХҮМҮҮС ХУУЧИН ХУРИМЫН ОРДНЫГ АЙМАГТАА БУЮУ ТӨРДӨӨ ӨГӨХ ГЭЭД БАЙГАА НЬ АРДЧИЛСАН НАМЫН НЭР ХҮНДИЙГ ӨСГӨНӨ ГЭЖ ҮЗСЭН ГЭХ ГЭЭД БАЙНА УУ?

- Тийм. МАН-ын гишүүн хүн МАН-ыг засаг барьж байх үед хувьчилж аваад, үрж зараад, харийн сүм болгочихсон байсныг ардчилсан намын ах дүү хоёр буцааж авчраад, 50 хувийг нь аймагтаа бэлэглэнэ гэхээр тэдэнд том цохилт болох гээд байгаа байх. Өөрөөр хэлбэл эд устгаж, бид бүтээдэг болчих гээд. Бас тэр засварт зарцуулах хөрөнгө мөнгийг нь биднийг идчихнэ гэж бодсон юм болов уу хэн мэдэхэв. Төсөвт суулгасан мөнгийг аймаг тендерээ зарлаад, хяналтаа тавиад л явдаг биз дээ уг нь.

ТЭГВЭЛ ОДОО ӨӨРСДИЙНХӨӨ ХӨРӨНГӨӨР БҮХ ЗАСВАРАА ХИЙЖ, ТОХИЖУУЛАХААР БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА. ТИЙМ ҮҮ?

- Балгас болсон хуучин хуримын ордноо худалдаж авсан биш бид хоёр буруутан болоод байгаа... \инээв\. Намайг чинь хүмүүс хялалзаад л, үрэн таран хийгээд, эвдээд сүйтгээд хаячихсан юм шиг л болсон. Нөгөө муу “Дашууд...” гээд л. Байрлал нь сайн гээд, хүн худалдаж авъя гэсэн л дээ. Бүр нэлээн том тоо хэлсэн. Тэгэхдээ бид өгөхгүй. Зарахгүй. Энэ газар гэрлэх ёслолын ордон хэвээрээ байх ёстой. Дүү Н.Мөнхдаш маань “Хоёулаа хэрвээ энийг зарчих юм бол бүүр ёстой хамгийн муу хүмүүс болох юм байна. Одоо зассангүй гээд байгаа юм чинь, зараад өөр хүнд өгөөд, нөгөөдүүл нь үгүй хийчих юм бол ёстой нүгэлтэн болох юм байна. Яаж ийж байгаад засъя ахаа” гэсэн. Хөрөнгө санхүүжилтээ босгох, хэрхэн засварлах талаараа ч нэлээн удаан бодлоо. Одоо удахгүй ашиглалтанд оруулнаа.  

ЗААВАЛ ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДНЫГ ДАРХАНД БАЙЛГАХ ГЭЭД, ХЭЛ АМАНД ОРООД ЯВАХЫН УЧИР ЮУ БАЙНА?

- Гэр бүл гэдэг улсын тусгаар тогтнолын үндэс. Гэр бүл бат бэх байж улс орон бат бэх байна. Бүх хамаатан садан, ах дүү нар, гэрчүүдийн өмнө, мөн монгол улсынхаа төрийн сүлдний өмнө батламжаа гардаж, гарын үсгээ зурж, тэдний гэрлэлтийг мөн ах дүү хамаатан садан нь гэрчилж, төр нь баталгаажуулж байгаа нь маш том нэр хүнд бас үүрэг хариуцлагыг мэдрүүлдэг. Гэрлэлт гэдэг зүгээр нэг хөнгөн хуумгай хандах асуудал биш. Насан туршийн нандин холбоо бас хариуцлага гэдгийг ойлгуулдаг энэ агшин ёслол хүндэтгэл дүүрэн байх ёстой. Магадгүй хоёр талаасаа мөнгөө нийлүүлээд хуримаа хийж гэрлэлтээ батлуулах нь “БАТ биз? Дараа нь сална сарнина гэсэн яриа байхгүй биз? Тийм бол энэ олон хүмүүсийн өмнө үүнийгээ андгайл” гэсэн санаа. Өөрөөр хэлбэл том хариуцлага бий болж байгааг ойлгуулж байгаа явдал юм. Амьдрал гэдэг ерөөсөө л сэлүүргүй далай. Энд хоёр өөр ертөнцөд амьдарч байсан хүмүүс нийлж, нэгэн бүл болон эвлэж, алдаж онож, нэгэн ертөнц болохын тулд хугацаа хэрэгтэй. Тэр бүхэнд гуйвахгүй, дайвахгүй гэр бүлийг бий болгоход хуримын ёслол их чухал нөлөөтэй. Тиймээс бид шинэчлэгдсэн хуримын ордондоо андгайн самбар хийхээр төлөвлөөд байгаа. Андгай өргөж, ам алдаж, тэрэндээ эзэн болохын учрыг эндээс ойлгох ёстой юм. Манай ардын үгс айхтар шүү. “Ам алдвал барьж болохгүй, агт алдвал барьж болно” гэдэг. Хүний сайхан охин, хүүг өөрийн болгоно гэдэг бас л том хариуцлага. Хүү, охин аль нь ч эцэг эхдээ үнэт эрдэнэ. Хэн хэндээ тэр эрднээ өгч байгаа нь ч их утга учир юм. Цайллагыг бол хүмүүс боломж боломжоороо өөр өөрсдийнхөөрөө хийж л байгаа. Гэхдээ ёслол байж гэмээнэ тэр утга учрыг илүү үнэ цэнэтэй болгодог. Ер нь ингэж гэрлэсэн хосуудын хувьд салалт маш бага байдаг юм билээ. 100-д 7-8 л тохиолддог гэсэн. Жишээ нь миний дүү Мөнхдаш гэхэд энэ ордонд гэрлэх ёслолоо хийж одоо 30 гаруй жил ханилж таван сайхан хүүхэдтэй өнөр өтгөн айл болчихоод байж байна. Мөнгөн хуримаа, анх гэрлэлтээ батлуулж байсан ордондоо хийхсэн гэж боддог байсан гэсэн. Гэвч чадаагүй. Ийм мөрөөдөлтэй хүмүүс Дарханд олон байгаа шүү.  

ТЭГЭХЭЭР ОДОО 100% ХУВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ЗАСВАР, ТОХИЖИЛТОО ХИЙГЭЭД, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЮМ БАЙНА. АШГИЙН ТӨЛӨӨ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХ УУ?

- Хувийнхаа хөрөнгөөр засна. Тэгээд тодорхой хувийг нь аймагтаа буюу төрдөө өгнө. Бас Дарханы иргэдэд хувьцаа эзэмшүүлнэ. Ингэж байж олон талын хяналттай болж өмнөх алдааг давтахаас сэргийлнэ. Өөрөөр хэлбэл нээлттэй буюу хувьцаат компаний зохион байгуулалттай болох учраас иргэдийн хяналт өндөр болно. Бас ашгийн төлөө биш, зорилгынхоо төлөө ажиллана.

ХУВИЙНХАА МӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВЧИХААД, ХУВИЙНХАА ХӨРӨНГӨӨР ЗАСЧИХААД, ТЭГЭЭД АВАХГҮЙ ГЭЭД БАЙГАА ЗАСАГТАА ТОДОРХОЙ ХУВИЙГ НЬ ӨГНӨ ГЭЭД БАЙХ ЮМ. ЯАГААД? ЗААВАЛ ЯАГААД ТЭГЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ?

- Гэр бүлийн баталгаа гэдэг хавтастай цаасыг чинь хүн төрөөсөө авдаг, үнэ цэнэтэй, үнэт баримт юм. Өөрөөр хэлбэл энэ төрийн хийх ажил. Тиймээс энэ утга агуулгаар төрийн хувь заавал байх ёстой. Мөн гэр бүлийн баталгаа гэдэг баримт бичгийн ард бүхэл бүтэн амьдрал байдаг. Хүүхдүүд, тэдний хувь заяа бий. Тиймээс шинэ гэрлэж буй хосуудад энэ үнэ цэнэ, утга учрыг мэдрүүлэхийн тулд ёслолын үйл ажиллагааны нэгэн томоохон хэсэг нь төрийн үйл ажиллагаа мөн учир төрд нь өгөх гээд байгаа юм.

ЗҮГЭЭР Л ЗОЧИД БУУДАЛ Ч ЮМУУ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БОЛГОЧИХВОЛ АМАР БАС АШИГТАЙ ЮМ БИШҮҮ?

- Гэрлэх ёслолын ордон өргөө энэ 100.000 гаруй хүн амтай хотод заавал байх ёстой. Тэгэх тусмаа залуучуудын хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэл, өөрсдийнх нь хөрөнгө мөнгөөр боссон түүхэн энэ газартаа байх ёстой. Энэ тухай бодох бүртээ би одоо УИХ-ын гишүүн болчихоод байгаа Д.Хаянхярваа гэж хүнийг жигшдэг. Дарханы түүхэн дурсгалт, хүүхэд залууст зориулсан олон сайхан газрыг үгүй хийсэн дээ. Хичнээн аймгийн төсөв мөнгө муу байсан ч Гэрлэх ёслолын ордныг бас Төрөх эмнэлгийг авч үлдэх ёстой байсан юм. Тэгсэн хэрнээ адилхан иргэдийн хандиваар боссон эмэгтэйчүүдийн ордонг үлдээчихсэн. Үүнийг би улс төрийн зорилготой гэж харж байгаа. Адилхан л Дарханчуудын хандив, хөдөлмөрөөр боссон түүхэн барилгууд. Манай Дарханд хайрлаж, хадгалж, хамгаалах зөндөө газрууд байлаа. Гэтэл ямар ч сэтгэл байхгүй. Бүгдийг зоосны нүдээр харна. Хаянхярвааг “Дарханд нүгэл үйлдсэн” гээд хэлчихвэл хатуудчих болов уу. Гэхдээ л “Хүний хүн хүрэн бөөртэй” гэдэг үг санаанд ороод байдаг юм. Ард иргэд нь өөрсдөө хандив мөнгөөрөө босгоод, өөд нь татсан энэ сайхан байгууламжийг тэр чигээр нь хадгалаад байлгаж байхгүй. Улаанбаатарын гэрлэх ёслолын ордон одоо ч байж л байна шүү дээ. Энэ нь ач холбогдол өгснийх...

УИХ-ын ГИШҮҮНИЙГ ИНГЭЖ ХЭЛСНИЙГ ЧИНЬ ТЭР ЧИГЭЭР НЬ БИЧЧИХЭЖ БОЛОХ ЮМУУ?

Болно шүү. Заавал бичээрэй. Үнэн нь тэр.

СОНГУУЛЬ ДӨХСӨН ЭНЭ ҮЕД ТАНЫГ ИНГЭХЭЭР УЛС ТӨРЖИЖ БАЙНА Л ГЭХ БАЙХ ДАА.. 

- Тэгж бодох нэг нь бодож л байг. Ямар хамаатай юм. Намайг ер нь дандаа л хүмүүс муулж байдаг юм билээ. Би тэрийг нь бусдын анхаарлын төвд байна гэж боддог. Мууллаа гээд би муудаагүй. Эрүүл саруул, цовоо цолгиун л байна. Миний насан дээр ийм байх нь сайн хэрэг биз дээ. Бодит шүүмжлэлийг бол хүлээж авна. Харин танихгүй байж хов ярьсан, бусдыг муулсан хүмүүсийн үгийг би ер тоодоггүй. Тоохгүй болохоор надад наалддаггүй байх \инээв\. Ярьж л байг. Хүн муу хэлбэл тэр нь өөрсдөд нь буцаад муугаар тусдаг гэдэг дээ. Тэр яахав, гол нь хуримын ордноо босгож авах нь чухал байна. Бид чинь бас хүн байна даа. Дарханы нэг л мундаг компаниуд байгаад байдаг. Энэ хотдоо нутаг орондоо хэрэгтэй юм хийчихмээр байна шүү дээ. Дандаа нэг сонин, талцсан юм ярьж байхаа болих хэрэгтэй. Увс аймгийн нутгийн зөвлөл энэ тэр гээд бусад аймгуудын нутгийн зөвлөлүүд, хүмүүс нь жигтэйхэн идэвхитэй, эв нэгдэлтэй байх юм. Манайхан бүр байхгүй шүү.

Бид анх “Дархан нутаг” ТББ-ийг Дарханы гаралтай бизнесменүүд, амжилттай байгаа унаган хүүхдүүд нь нэгдээд Дархандаа бодитой ажил хийе гэж бодож санаачилсан юм. Тэгээд хэд хэдэн удаагийн арга хэмжээг зохион байгууллаа. Өөрсдөө ч үлгэр дуурайл болж манлайлъя гээд янз бүрийн нийгмийн, хандивийн ажлууд хийлээ. Бусад компаниудад үлгэр жишээ болох гэсэн санаа. Ер нь бүгдээрээ Дархан гэдэг туган дор нэгдэж, жилдээ нэг томоохон ажлыг хийж байя гэх сэтгэлээр байгуулсан юм. Гэтэл нөгөө компаниуд маань оролцдоггүй. Энэ бүхнийг хийгээд байгаа нь бусдад таалагдах гээд л, сонгуульд зориулаад байгаа ч юм биш. "Дархан Минж", "Сонголон Хайрхан" гэх мэт компаниуд төртэй нийлж бизнес хийгээд л, хэдэн дарга нарт өгөхийг нь өгөөд л газар аваад, байшин бариад л байдаг. Нийгэмдээ хандаж байгаа нь юу байна?

ОДООГООР ЗАСВАРЫН АЖЛЫН ЯВЦ ЯМАР БАЙГАА ВЭ?

- Ямар ч байсан инженерийн байгууламжийн засвараа дууслаа. Интерьерийн зураг төсөл бэлэн болсон. Тун удахгүй дотоод засал чимэглэлдээ орох гэж байна. Ер нь энэ ондоо багтаах л бодолтой байна. Засвар, шинэчлэлийн ажлаа дуусгаад нээлтээ хийж, 1000 хүний мөрөөдлийг биелүүлнэ. Хуримын ёслол хийгээгүй маш олон хосууд байгаа. Мөн энэ ордонд гэр бүлээ батлуулж байсан олон хос мөнгөн хурим, алтан хуримаа хийхсэн гэж бодож байгаа. Тийм хүмүүсийн хуримыг хийнэ. Бас дүү нар маань надад ачаа үүрүүлсэн. Айлын том гэдэг дандаа ачааны хүндийг үүрэх ёстой байдаг юм байна. Дүү Мөнхдаш маань надад “За, ах минь хоёулаа заавал үүнийг босгох ёстой” гэж даалгасан. Өглөө бас нэг дүү ачааны машинтай Улаанбаатараас үүрээр зургаан цагт гараад үдшийн 22 цагт орж ирлээ. Замдаа ачаа нь задарч унаад, машин тэрэг нь эвдэрсэн ч хэцүү замаар зүтгэсээр байгаад ирж. Өөр хэн миний хэлснээр, хөлс мөнгөгүй ингэж явахав дээ. Тэгэхээр хариуцлага улам нэмэгдэж байна.

Зам гэхээс энэ Улаанбаатар Дарханы замыг хийж байгаа байр байдлыг харахаас бүр уур хүрэх юм. Дархан Улаанбаатарын энэ зам чинь “амьдралын зам” юм шүү дээ. Тэгэхэд бүр арай ч дээ гэмээр байна. Хэр удахыг бүү мэд. Саяхан Монгол банкнаас нэгэн хурлын үеэр "ногооны үнэ буухгүй байна" гэж хэлж байна билээ. Аргагүй шүү дээ. Газар тариалангийнхаа бүс нутагтай холбогдохоо больчихлоо. Өмнө нь тариа буудай ачсан машин өдөрт хоёр явдаг байсан бол одоо хоногтоо арай гэж очиж байна. Тэгэхээр яах уу тээврийн зардал нэмэгдэнэ. Очсон будаа нь үнэтэй болчихно. Тэгэхээр гурилын үнэ өснө, гурил өсөхөөр талх өснө. Ингээд энэ нь иргэдийн нуруун дээр дарамт болно. Ухаантайсан бол ингэж ажиллахгүйсэн. Орон нутагтаа ч бас ажиллаж байгаа нь бүтэлгүй. Захын урд ганц нүхэн гарц хийх гээд бас зам хаагаад хамаг хөдөлгөөн, тэр хавийн хүмүүсийн бизнесийг зогсоочихсон. Яг үнэндээ энэ Дарханаа мэдэхгүй байгаагийнх. Эдэн дунд мэддэг хүн нэг ч байхгүй. Дан гаднаас ирсэн нөхдүүд. Бид жаахан байхдаа хуучин хорооллын 13-р байрны өмнөх замын доогуурх траншейгаар орж, газар доогуур гүйсээр байгаад хуучин Дарханы орос клубын урдах замын тэрүүгээр гарч ирдэг байлаа. Паркийн цаанаас ороход бас Орос клубын тэндээс гарч ирдэг. Тэр доогуур 1000-ын том үерийн шуудуу кольцо явдаг байхгүй юу. Тэр таараад ажил нь зогсчихсон гэсэн. Энийгээ ч мэдэхгүй. Хатуухан хэлэхэд дандаа гаднаас ирсэн нөхдүүд Дарханыг минь самарч байна. Ямар ч сэтгэл байхгүй. Тиймээс Дарханыхан нэгдэж, нягтрах хэрэгтэй. Дарханыхан өөрсдөө, амьдрал боломжтой байгаа нь бусадтайгаа хуваалцаж байх хэрэгтэй байна. Тэглээ гээд хотойхгүй. 

ТАНЫГ ДАРХАНЫ УДИРДЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД СЭТГЭЛ ДУНДУУР БАЙДАГ ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОЛОО. ЕР НЬ ЭНЭ ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДНЫГ БАЙХГҮЙ БОЛСНООС ХОЙШ ЁСЛОЛ ХИЙДЭГ ГАЗРУУДЫГ ХҮМҮҮС ДАНДАА ШҮҮМЖИЛЖ БАЙСАН ШҮҮ...

- Тэгэхгүй яах юм. Жишээ нь аймгийн захиргааны урд \байгалийн зүгээр\ ёслол хийдэг байсан тэр гэр буруу хойшоо харсан, бэлэггүй, настай хүмүүс их дургүй. Одоо энэ Гэр бүл хүүхэд залуучуудын газар дахь ёслолын танхимынх нь тулганд гадас \багана\ зоочихсон. Ийм бодлогогүй, сэтгэлгүй, харалган байж болохгүй ээ. Уншиж судалж байх хэрэгтэй. Магадгүй биднийг энэ хуримын ордныг засчих вий гэж өрсөж, яарч хийсэн нь л тэр байх. Энэ зориулалтын ордон муухай хэвээрээ байгаад, тэрүүгээр далимдуулж биднийг муулж байх нь тэдний дуртай сэдэв. Зорилго нь тэр. Гэр бүл хүүхэд залуучуудын газарт хийсэн тэр танхимыг нээхэд хүмүүс "хуучныгаа сэргээхгүй яасан юм" гээд сөхөөд зөндөө л бичиж байсан. Зарим нэг хүмүүс “муусайн Дашууд авсан..” гээд л байсан.

ТАНЫГ ЧИНЬ ЯНЗ БҮРЭЭР МУУ ХЭЛЭХ НЬ ИХ ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ. "РЕКЕТЧИН" ЭНЭ ТЭР ГЭЭД Л... ТА ҮНЭХЭЭР ХҮМҮҮСИЙГ ДАРАМТЛААД БАЙДАГ ЮМУУ?

- Миний жаахан ааштай, шаардлага өндөртэй байдлыг ширүүн догшин хүн гээд байгаа юм байх. Гэхдээ ажлаа мэддэг, надтай сайхан харьцдаг хүмүүстэй би сайхан л харьцана. Үл тоосон, өөрсдийгөө их юманд бодсон хүмүүстэй бас өөрсөдтэй нь адилхан л байна. Би хүний өмнө бөхөлздөггүй. Хэлэх гэсэн юмаа хэлчихдэг хүн. Тэгэхээр л харлуулах гээд нүүрэн дээр хэлэхгүй, далдуур рекетчин энэ тэр гээд байдаг бололтой. Би энийг нь их гоёор муулж байна гэж боддог \инээв\. Ер нь муу нэр их хэрэгтэй юм байна гэж бодох болсон. Танихгүй хүн байхгүй. Цуугаар сонсчихсон байдаг юм билээ. Таксины жолооч хүртэл танихгүй байж намайг яриад л явж байна. Нэг удаа таксинд суусан чинь нэг хүн намайг муулаад л байх юм. Би ч яриулаад л байлаа. Тэгээд буухдаа “Тэр Мягмардаш чинь би байна. Чи намайг танихгүй байж яагаад муулаад байгаа юм. Цуугаар хүнийг муулан магтаж болохгүй. Баярлалаа” гэж хэлээд буусан \инээв\.

ЭЦЭСТ НЬ ТАНААС НЭГ ЗҮЙЛ АСУУМААР БАЙНА. ХУРИМЫН ОРДНЫГ ДАРХАНЧУУДАД АВЧИРЧ ӨГӨХ ГЭЭД Л ЯВААД БАЙНА. ГЭТЭЛ ТАНЫГ МУУЛААД Л БАЙХ ЮМ. ТЭГЭХ ТУСАМ ИЛҮҮ САЙХАН БОЛГОНО ДОО ГЭХ ХОР ШАР ХӨДӨЛЖ БАЙХ ЮМ УУ?

- Бид зорьсон бол заавал биелүүлдэг. Бидний ганц давуу тал энэ. Тооцоо судалгаагүй, бүтэх боломжгүй юмыг би хүнд амалдаггүй. Үүнийг даваад гарна гэсэн л бол давна. Муу нэртэй “Дашууд” чадах юмаа амалж, амалсандаа заавал хүрдэг. "Жинхэнэ" хуримын ордон маань залуус хуран чуулж, хайрын үгсээ хэлдэг цэцэрлэгт хүрээлэнтэй, андгай тавьж гэрлэх ёслолоо үйлддэг төгс төгөлдөр өргөө болох цаг ойрхон болсон.

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • MyDarkhan
    ДАРХАНЫХАНД ХУВЬ ӨГНӨ ГЭЭД БАЙХ ШИГ БАЙХЫН. АШИГ ХАРСАН ХҮН ТӨРД, БАС ИРГЭДЭД ХУВЬ ӨГНӨ ГЭХ ҮҮ?
    2019 оны 10 сарын 17
  • Reketchin gedeg unen shuu...toimgui undur uneer hurimaa hiih boloh ni todorhoi.
    2019 оны 10 сарын 16 | Хариулах
    • MyDarkhan
      ДАРХАНЫХАНД ХУВЬ ӨГНӨ ГЭЭД БАЙХ ШИГ БАЙХЫН. АШИГ ХАРСАН ХҮН ТӨРД, БАС ИРГЭДЭД ХУВЬ ӨГНӨ ГЭХ ҮҮ?
      2019 оны 10 сарын 16
  • Zochin
    Alga bolgood uren taran hiisniih n talaar er duugarahgui bj bosgoh gd yavj bgaag n muulah gd yadchih yumaa. Yasan ter chigeeree alga bolchuul amrah gd baihad saihan bolchih gd shees chin goojih gd bgaamuu? Archaagui ch er bol doo.
    2019 оны 10 сарын 15
  • Зочин
    Хаха энэ сэтгүүлч нь АН-ын тэр тусмаа Дашуудын сурталчилгаа хариуцсан гар юм уу хаашаа юм, Мягмардашаа чи болон чиний хамсаатнууд Дарханы МАН-аас урвасан 10 урвагчтай нийлж Дарханы засгийг аваад юу хийсэн билээ хамгийн байршил сайтай 102 газрыг хамсаатнуудтайгаа хувааж аваад алга болцгоосон биз дээ. Чиний муу хэлээд байгаа Насанбат чинь 2 бүрэн эрхийн хугацаанд Засаг дарга хийхдээ тэр газруудыг чинь оролдоогүй хадгалж байсан юм шүү. Наанаа шударга царайлсан авилгачин дээрэмчин шүү дээ чи, хэдэн халтар төгрөгний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй зантайг чинь дэндүү сайн мэднэ дээ. Гэрлэх ёслолын ордны хувьд бол чи балгасыг нь хэдхэн төгрөгөөр авчихаад, аймагт өөрийн гар хөлөөр дамжуулж өндөр үнэтэй шахах г,эж байсан чинь илэрсэн биз дээ. Сайндаа ч биш ийм бохир юм хийхийн тулд иргэдийн хурлын тэргүүлэгчдийн дандаа өөрийн хамсаатнуудаар бүрдүүлж дуртай шийдвэрээ гаргуулж дарханд эзэн суух шахаа биз дээ. Худлаа бүлтрэхээ боль Миигаа
    2019 оны 10 сарын 15 | Хариулах
    • Zochin
      Alga bolgood uren taran hiisniih n talaar er duugarahgui bj bosgoh gd yavj bgaag n muulah gd yadchih yumaa. Yasan ter chigeeree alga bolchuul amrah gd baihad saihan bolchih gd shees chin goojih gd bgaamuu? Archaagui ch er bol doo.
      2019 оны 10 сарын 15
  • Төрж өссөн нутаг орныхоо төлөө сэтгэл гаргаж зүтгэж явдаг нэгэн сайхан хүү бол Дархан нутаг төрийн бус байгууллагын тэргүүн НМөнхдаш болон ах Мягмардаш хэдэн жилийн өмнө Алунгуа ээжийн хөшөө босогсон манай аймагт анхны түүхэн хөшөө болж одоо олноороо зургаа татуулдаг дурсгал хадгалсан он цагийн эхлэл болсоор байна хүний сайхан зүтгэлтэй өглөгийн буяандаа сайхан хүмүүс шүү дээ .сайхан үйлс сайн санаа бүх үеийн үед мөр нь цагаанаараа л байх болноо
    2019 оны 10 сарын 15 | Хариулах
  • Даваа
    Зөв зүйтэй ажил хийж байгаад амжилт хүсэе....
    2019 оны 10 сарын 15 | Хариулах
  • Олны төлөө хийсэн бүх зүйл сүүн цагаан замтай ажилд нь амжилт хүсье
    2019 оны 10 сарын 15 | Хариулах
  • Б. Нямдаваа
    Нээрэн л тэр мэдэхгүй байж муулж байсан хүмүүсийнх нь 1 би л дээ. Кк. Гэхдээ ярилцлага тань их таалагдлаа.. Бүтээн байгуулалтын ажил тань амжилт хүсье.. Чадах зүйлээрээ оролцохыг бодноо
    2019 оны 10 сарын 15 | Хариулах
  • Наран туяа гэж манай төмөр замын пизда шиг авгай энэ сайхан хуримын ордныг минь баар болгоод хэдэн дүү нар нь бүгд архичин болж,үхэцгээгээд дуусаж үйл лайгаа эдэлсэн.Одоо гэр бүл судлаач гээд тв-ээр худлаа хуцаж харагдах юм.Үхсэн нохойн оцгор
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Сайхан санагдаж байна.та бүхнийхээ ажилд амжилт хүсье.
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Ariunaa
    Saihan ordon bsan shuu ulam goe bolgooroi amjilt husie
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Амжилт хүсье чи чаднаа
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Muugi
    Vneheer hiih gej, helsendee hvreh gej zuv zvitei ajil hiij bna da. Yagaad iim ajlig uls turjvvljugeer demjeed hamtraad hiij boldoggvin bol oo. Hiisen hoino n ezen oldood buun l yum boloh vii dee. Jinhene er hvn shig er hvn dee my naiz. amjilt hvsey eee. Chi chadna daaa, chadsan hoino chin yu gej yaritsgaah n sonin bna. Mujik gej ene....
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • энэ цагтаа сайхан ордон байсан. Одоо нээрээ үнэхээр балгас болжээ. Сэргээж засна гэвэл асар их хѳрѳнгѳ мѳнгѳ шаардагдана. Шугам хоолой гээд засвар гээд тохилжилт бүх зүйл шинээр шинэ барилга босно доо. Хѳрѳнгѳ мгѳтэй хүн л хийх бх даа. Хуучин ордон орчин үеийн шидэлтэй болчвол залуу гэр бүлд сайхан ордонд сүндэрлэсэн орох ѳдѳр ирэх бх даа тэр цаг нь харин хэзээ юм болдоо гэж
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Балдангийн Цолмон
    Дарханы залуучууд гэр бүл болоход хуримын ордон их чухал гэж бодож явдаг зар м хүмүүсДашуудыг муулж кайф авдаг юм шиг хүний хийж бүтээж байгаазүйлд хуруу оролцуулахгүй байж хушуу бүү дүрээч бие биедээ урам хайрлъя
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Дарханы намын байраар сольсон гэж хүмүүс ярьдгийн билээ.Тэр ардчилсан намын байр нь алга болсон.Оронд нь Олон улс дээр өөрийнхөө байранд намын байраа байрлуулсан.Нэг үгээр хэлбэл Даоханы ардчилсан нам байргүй гэсэн үг гэж гишүүд н ь ярьдгийн бналээ.
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Аззаяа
    2000 онд хуримаа хийж байсан Сайхан л ордон бсан.Харах болгондоо харамсаж явдаг юм Үнэн бол Дашууддаа баярлалаа.
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • oyun
    mash sain bna
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Darhani irgen
    Ene unen shuu darhanii unagan huuhduud ni ev tunjingui neg negnee doosh ni hiisen nuhuduud gadnaas irsen humuus hanag oligtoi bizness yumii ni hamj avaad atgachihsan bdag.esreg nam ni ene Dashuudiig humuust mangaa meteer surtalchilj tarhiig ni ugaagaad gadnaas irsen Hayan met 20 ood jil darhanchuudiig tohuurhaj bgaa.Hudaldaanii tuv barij olon irged tendees amjirgaaga zalguulj bgaa ch haramsaltai ni tend suuj amjirgaaga zqlfuulj bgaaga medehgui ene Dashuudiiga muulaastai bh jisheenii.
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Би Дарханы унаган хүүхэд одоо Нийслэл Улаанбаатартаа сайхан ажиллаж амьдарч бнаа. Аав ээж маань тэртээ 1970 аад онд гал голомтоо бадарсаан Дархан хот гэж сайхан газар даа .Дарханчуудаа ажлын амжилт сайн сайхныг хүсэн ерөөе.
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
2750   20
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг

Санал болгох