Лхагва 2019-01-02 Дархан
Цонхоо нээе   2019-10-09

“ХАЛТУУРЧДАД” ДАРЛУУЛСАН НИЙТИЙН ТЭЭВЭРТЭЭ АНХААРАЛ ХАНДУУЛАХ ЦАГ БОЛЖЭЭ

Хотын өглөө, бүрэнхийд гэрлээ гялбуулан, зорчигчоо авахаар нартай уралдан хөдлөх нийтийн тээврийн автобусны чимээнээр сэрдэг буюу...

Үүр цайж байна. Зам даган хаа нэг насанд хүрэгчид “халтуурын” такси хүлээн зогсох ч, цүнх үүрсэн хүүхдүүд бүгд нэгэн зүгт автобусны буудлыг чиглэн алхана. Дөнгөж сургуульд орсон бяцхан сурагчаас эхлээд ахлах ангийнхан ч хүүхдийн унаандаа амжиж суух гэж яарч буй нь энэ.

Өглөөний 7 цаг 00 минут болоход хэдхэн хором дутуу байна. Автобусны зураг бүхий замын тэмдэглэгээ тавьсан хэсэгт хүүхдүүд эгнэн зогсчээ. 1980 аад онд Дарханчууд яг л ингэж автобусандаа эмх цэгцтэй дараалан орж, соёлтой зорчдог байдлаараа улсдаа гайхагддаг байсан гэдэг.

Буудал дээр шар гэрлэн дохио анивчуулсан хүүхдийн унаа цагтаа ирлээ. Гэвч дүүрэн шахуу 24 суудалтай автобус хичнээн хичээгээд ч эгнэн жагссан хүүхдүүдийг багтааж чадсангүй. Тиймээс ард яваа шугамын автобусанд суухыг сануулж байв.

Алслагдсан Мангирт, Хабитат, Ширээ нуруу, Хөтөл зэрэг хорооллуудад хүүхдийн автобусны үйлчилгээ 2016 оноос эхэлж өглөө, өдөр, оройн сургууль цуглах, тарах цагуудад тогтмол явж байгаа бөгөөд энэ үйлчилгээг нийтийн тээврийн “Элит Хөгжил” ХХК дангаараа хариуцан зохион байгуулж байгаа юм.

Автобус дараагийн буудалд очих зуурт тус автобусны жолооч Б.Баатарсүрэн гуайтай хэдхэн хором хөөрөлдөв. Тэрбээр 42 жил жолоо барьж байгаа бөгөөд үүнээс сүүлийн гурван жилд нь хүүхдийн автобусны жолоочоор ажиллаж байгаа ажээ. “Тодорхой чиглэлүүдэд хуваарийн дагуу, яг цагаараа явдаг нийтийн тээвэр байх ёстой. Тэгэхгүй дан “халтуурын” такси явдаг бол хэцүү. Ядаж л өглөө эрт олдохгүй. Ах нь Ширээ нурууны чиглэлд хүүхдүүдэд үйлчилдэг. Өглөө 7.00-д гараад 4-р сургууль, 15-р сургууль, 16-р сургууль гээд хүүхдүүдээ тойроод буулгадаг. Үнэнийг хэлэхэд энэ автобус маань арай жижигдээд байна. 25 хүний суудалтай автобусандаа 100 гаргаад чихээд явж байгаа. Хүүхдүүдийн хичээл ном тасдуулалтай биш. Сүүлдээ дарга нартаа хэлж байж өглөөний ачаалал ихтэй үед Тосгонд явдаг гурван автобусныхаа нэгийг араасаа ойрхон дагуулаад гардаг болсон. Тэгээд ч заримдаа багтахгүй байна. Хүүхдүүд хоцрохоороо уйлна. Орхиод явалтай биш. Одоо хүйтрээд ирэхээр зузаан хувцастай, бүр багтахаа болино. Ингээд л явж байна. Манай бусад чиглэлүүд ч бас адилхан. Нэг нэг шугамын автобусаа дагуулаад явж байгаа. Гэхдээ хүүхдүүдээс ямар ч мөнгө авахгүй шүү дээ. Үндсэндээ шугамын автобусны үйлчилгээ нь хүүхдийн автобус, ахмадууд, зорилтот бүлгийн хүмүүсийн нийтийн тээврийн хэрэгцээг хангах суурь болж, нуруун дээрээ авч явж байна” хэмээн ахмад жолооч ярилаа. 

2013 оны арванхоёрдугаар сарын 27 буюу шинэ он гарахад хэдхэн хоног дутуу байхад “Элит Хөгжил” ХХК олон жил тасарсан нийтийн тээврийн шугамын автобусны үйлчилгээг Дархан хотод сэргээж, баярын өдрүүдэд үнэ төлбөргүйгээр үйлчилэн бэлэг барьж байв. Тэгэхэд Дарханчууд маш их санасан хэн нэгэнтэйгээ уулзсан мэт “зүгээр л” автобусаар зорчиж үзсэн тухайгаа бие биедээ сонирхуулан ярьж байсан билээ.

Тэр цагаас хойш зургаан жил өнгөрчээ. Энэ хугацаанд валютын ханш, түлш, шатахуун, шатах тослох материалын үнэ хэд дахин өссөн ч “Элит Хөгжил” ХХК үнээ нэмэлгүй, харин ч үйлчилгээгээ сайжруулан, чиглэлээ олшруулж, автобуснуудаа нэмэгдүүлэн ажилласаар байна. Зөвхөн үйл ажиллагаа эхэлсэн 2014 онд гэхэд “такси” үйлчилгээ эрхлэгчдээс 200 төгрөгөөр хямд буюу 300 төгрөгөөр үйлчлэх болсноор нийт 240 сая төгрөгийг иргэдийн халаасанд үлдээсэн гэх тооцоо байдаг.

Тус компанид байгуулагдсан цагаас нь эхлэн зургаа дахь жилдээ ажиллаж байгаа диспетчер Н.Оюунтунгалаг “Соц нийгмийн үед жимс ногооны үйлдвэрт цахилгаанчин хийж байгаад ажилгүй болж, сургуулийн гал тогоонд бас хот хоорондын тээвэрт зохицуулагч хийж байсан. Хамт олонтой, цалин мөнгөтэй сайхан байна. Анх компаний үйл ажиллагаа эхэлж байхад бид их хүнд даваануудыг туулсан. Цалинтай, цалингүй... Заримдаа түлш, шатахуунгүй болчихно. Өдөрт орсон жаахан орлогоосоо ээлжээр ажилчиддаа өгдөг байлаа. Манай хамт олон хүнд үеүүдийг хамтдаа амжилттай давсан. Анх 20 хүнтэй байсан бол одоо 60 ажилтантай болсон. Би ажилтай хүн шүү дээ гэж бодоход сэтгэлд бахтай байдаг. Иргэд ч тийм буудал дээр байна, танай автобус хэзээ ирэх вэ гээд утсаар асуух нь их. Тэгэхээр автобусандаа суух гээд хүлээдэг болсон байна. Манайхан ч яг цагаараа, ажлын өдрүүдэд зургаан минут, амралтын өдөрт 10 минутын зайтайгаар ямар ч тасалдалгүй зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Унаа саатахгүй, найдвартай байх нь хот газарт маш чухал зүйл. Гэхдээ иргэд үйлчлүүлэгчдээсээ, ялангуяа ахмадуудаасаа нэг зүйлийг чухалчлан хүсмээр байх юм. Бид аль болох бүрэн үйлчилгээ үзүүлэх гэж хичээж байхад картгүй зорчих, төхөөрөмжиндөө уншуулахгүй байх, сунгалтаа хийлгээгүй байх зэрэг зөрчил гаргах нь элбэг байна. Тэгсэн атлаа холоос ирж явахад хүлээсэнгүй гэнэ. Эсвэл дуртай газраа бууж суух гэж шаардана. Ингэж болохгүй шүү дээ. Ерөөсөө эрхээ маш сайн мэдэх атлаа үүргээ биелүүлэхдээ хойрго байна. Шугаманд яваа автобус яг л цагаараа явдаг. Аль нэг буудал дээр жаахан л саатвал дараагийн буудал дээрх хүмүүсийг хүлээлгэнэ. Бас шугамын эргэлтэд доголдол гарна. Тиймээс найдвартай, баталгаатай унаагаар хөнгөлөлттэй нөхцлөөр үйлчлүүлсээр байхыг хүсч байгаа бол үүргээ ч бас биелүүлэх хэрэгтэй” хэмээн ярив.

Үнэхээр л найдвартай, тасалдалгүй нийтийн унаатай байхад иргэд зорчигчдын ухамсар, үүргээ биелүүлдэг байдал чухал. Энэ нь тухайн үйлчилгээг үзүүлэгч компаний үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй, зорилтод бүлгийн олон мянган хүмүүст хөнгөлөлттэй нөхцлөөр үйлчлэхэд дэмжлэг болж буй нийгмийн хариуцлагын нэгэн хэлбэр юм. 

Хүн төрөлхтөн суурин соёл иргэншлийг амьдрах хамгийн таатай ахуй хэмээн хотод амьдрахыг илүүд үздэг болоод олон мянганыг үджээ. Та бид ч тийм нэгэн хотын иргэд. Тэгвэл хотын иргэн байна гэдэг нь хамтаараа амьдрана гэсэн утга юм. Таны халаасанд байгаа мөнгө нэг өдөр миний халаасанд ирж, таны бүтээсэн баялгаас би хүртэж, та харин минийхээс хүртсэнээр бид бие биенийхээ дутууг нөхөж, дундуурыг дүүргэн хамтдаа амьдарч байгаа.

Үүний нэгэн адил та биднийг ажилтай, завгүй эсвэл өглөө эртлэн босохоос төвөгшөөж байх зуурт нийтийн тээврийн том оврын автобусны үйлчилгээг үзүүлэгч “Элит Хөгжил” компанийхан үүрийн гэгээтэй уралдан босч, хайртай үрс, хөгшид өндөр настнуудыг маань хүрэх газарт нь найдвартай, аюулгүй тээвэрлэн хүргэсээр байна. Гэвч үүнийг бид тэр бүр анзаардагсан билүү???

Сүүлийн жилүүдэд эрс өссөн хувиараа “такси” үйлчилгээ эрхлэгчид, валютын ханшийн улмаас хэд дахин өссөн шатахууны үнэ, түүнийг даган нэмэгдэх инфляци, сэлбэг хэрэгслийн үнэ зэргийн нөлөөгөөр компани цаашид тогтвортой үйл ажиллагаагаа явуулахад улам хүндрэлтэй болж байгаа талаар тус компаний захирал З.Бадрал ийнхүү ярилаа.

“Зөвхөн 2017-2018 онд Дархан-Уул аймагт тээврийн хэрэгслийн тоо 5000 аар нэмэгдэж, 2019 оны есдүгээр сарын байдлаар 26000 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Үүн дээр ойр орчмын аймгуудаас орж ирж буйг нэмбэл өдөртөө хичнээн авто тээврийн хэрэгсэл Дархан хотод хөдөлгөөнд орж байгаа нь харагдана. Иймээс Дархан хот өөрсдийн нийтийн тээврийн нэгдсэн бодлоготой болох цаг болжээ. Өнгөрсөн хугацаанд зөвхөн зах зээлийн хатуу “гараар” явж, хэн дуртай нь зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж, мэргэжлийн байгууллагууд нь зохицуулалт хийж байгаа гэх боловч тодорхой үр дүнд харагдахгүй байсаар удлаа.

Үнэндээ суудлын автомашинтай бүхэн замд таарсан хүмүүсээ 500 төгрөгөөр авч, иргэд ч найдвартай эсэхийг нь үл харгалзан зорчиж, үйлчлүүлсээр олон жил боллоо шүү дээ. Гэтэл эрүүл мэндийн асуудалтай, эсвэл урьд шөнө нь нойргүй хоносон, бүрэн бус техниктэй жолооч тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явааг гаднаас нь хараад мэдэх ямар ч боломж байхгүй. Ингэж хамгийн чухал амь нас, эрүүл мэндээ хэнд даатгаж байгаагаа ч мэдэхгүй зорчиж байна. Харин манай компаний хувьд дандаа мэргэшсэн жолооч нар ажилладаг. Өглөө бүр эмчийн үзлэгт оруулж, техникийн бүрэн бүтэн байдлыг нь шалгаад, зорчигч тээврийн үйлчилгээнд гаргадаг. Тэгэхээр итгэж, найдаж болно. Тийм ч учраас төрийн халамж шаардлагатай хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан сурагчдыг найдвартай унаагаар хангах ажлыг манайд хариуцуулдаг.

Гэхдээ өнгөрсөн хугацаанд компани бүх ачааллыг өөр дээрээ үүрч явлаа. Алслагдсан багуудын иргэдээс шугам чиглэл, автобусны тоогоо нэмээчээ гэх санал хүсэлт байнга ирдэг тул бид парк шинэчлэлийг бүрэн хийж, автобусны тоогоо нэмлээ. Мөн инфляцитай уялдуулан ажилчдынхаа цалинг жил бүр тодорхой хувиар нэмж байна. Анх 450.000 төгрөгийн цалинтай байсан жолооч одоо сая гаргаж авдаг болсон. Түүнчлэн жолоочийн цалин, шатахууны зардлыг нь аймаг хариуцдаг хэдий ч хүүхдийн автобусны үйлчилгээ, сэлбэг, засвар, арчлалт хамгаалалт зэргийг манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дангаараа хийж хэрэгжүүлсээр байна. Мөн хот доторх нийтийн тээврээр зорчих доод үнийг 300 төгрөгөөр барьж, ачааллыг өөр дээрээ авч байгаагаа ч бас нийгмийн хариуцлага хэмээн ухамсарлаж ирлээ.

Гэтэл зарим хүмүүс их хэмжээний нөхөн олговор авч байгаа юм чинь хийхгүй яах юм гэсэн хандлагаар хандах нь байх юм. Үнэндээ нөхөн олговроор зардлаа бүрэн нөхөж чаддаггүй. Учир нь үндсэн тооцооллын журмаа баривал бид жилдээ хоёр тэрбум гаруй төгрөг авахаар байдаг атал нэг тэрбум орчмыг л өгч байна. Компани үндсэн зардлынхаа 80 орчим хувийг түлш шатахуун, ажилчдын цалиндаа зарцуулахын зэрэгцээ шатах тослох материал, сэлбэг хэрэгслийн зардал тогтмол гардаг. Учир нь нэг автобус өдөрт дунджаар 200 гаруй км явж байгаа болохоор элэгдэл, гэмтэл тэр хэрээр гарч, энэ бүхнийг ёстой урд хормойгоо авч хойд хормойгоороо нөхөөд л явж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний салбар нь төрийн үйлчилгээг давхар үзүүлж байгаа болохоор аливаа шийдвэрийг дангаараа гаргаж болдоггүй онцлогтой. Өөрөөр хэлбэл бизнесийн байгууллага гэдэг утгаараа нийтийн тээврийн үйлчилгээний менежментийг дангаараа хийж, өөрсдөө зах зээлээ хамгаалаад, өөрсдөө бараа бүтээгдэхүүнээ борлуулаад явах боломжгүй байдаг. Тиймээс төрийн зохицуулалт, иргэдийн дэмжлэг маш чухал хэрэгтэй байна. Магадгүй бид цэвэр бизнесийн ашиг сонирхлоор ажиллаж байсан бол аль эрт үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрчихлээ. Гэхдээ иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, аймаг орон нутагтай байгуулсан гэрээний үүргээ ухамсарлан, компани ачааллыг 100% өөр дээрээ даагаад одоохондоо явж л байна. Цаашид Дархан хотод Улаанбаатарын утаа, түгжрэл гэх мэт асуудлууд нүүрлэхгүй, цэгцтэй, түгжрэлгүй, агаарын бохирдолгүй байхад нийтийн тээвэр, энэ салбарын зохистой хөгжил маш чухал” хэмээн ярьсан юм.  

Өглөө жиндүү, цардмал зам дээр тогтсон ус зайрмагтсан байх нь тун удахгүй өвөл ирж буйг сануулна. Автобусны буудал дээр цувран зогсоо хүүхдүүд, суух унаагаа хүлээн тайван хүүрнэх хөгшдийн яг цагтаа, яг замаараа явдаг найдвартай унаа Дархан хотын зам дээр зорчих эсэх та биднээс хамаарах буюу...

Автобусны зөөлөн сандалд тухлан, зам дагуух бүхнийг ажиглангаа, зорчигчдын өөр хоорондоо намуухнаар хөөрөлдөхийг сонсон зорчих нь их хотын салгаж боломгүй нэгэн өнгө төрх билээ.   

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Badral
    Tanid bayarllaa.
    2019 оны 10 сарын 10
  • Badral
    Bid buhen bolomjit buh l huvilbaraar uulchilgeeg saijruulnaa. Bayarllaa tanid
    2019 оны 10 сарын 10
  • Bayarllaa
    2019 оны 10 сарын 10
  • Bayarllaa tanid. Manaihaar uilchluulbel ene l bidend ugch bgaa hamgiin Tom shagnal
    2019 оны 10 сарын 10
  • Bayarllaa
    2019 оны 10 сарын 10
  • гоё
    2019 оны 10 сарын 10 | Хариулах
    • Bayarllaa
      2019 оны 10 сарын 10
  • Юуны өмнө танй хамт олонд ажлын амжилт хүсьe,, та бүхэн хүүхдүүдийн төлөө буянтай ажил хийж байгаа болохоор ажил үйлс чинь үргэлж дэвжин дээшлэх болтугай,болдог бол автобус нэмээд аваад өгчихмөөр л б,на
    2019 оны 10 сарын 09 | Хариулах
    • Bayarllaa tanid. Manaihaar uilchluulbel ene l bidend ugch bgaa hamgiin Tom shagnal
      2019 оны 10 сарын 09
  • Dashka
    Хүнд нөхцөлд Дархан хотын иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээний ярвигтай, хариуцлагатай ажил эрхэлж байгаа тус компанид талархаж байна цаашдын ажилд нь амжилт хүсьe.
    2019 оны 10 сарын 09 | Хариулах
    • Bayarllaa
      2019 оны 10 сарын 09
  • Zochin.
    Suragchdiin avtobusnuudaa nemeechee.
    2019 оны 10 сарын 09 | Хариулах
    • Badral
      Bid buhen bolomjit buh l huvilbaraar uulchilgeeg saijruulnaa. Bayarllaa tanid
      2019 оны 10 сарын 09
  • Нийтийн тээврийн үйлчилгээгээ, Дархан хотын ард түмэндээ үйлчилэх ажлыг эрхэлж байгаа ЭЛИТ ХӨГЖИЛ ХХК- хамт олонд баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсьe.
    2019 оны 10 сарын 09 | Хариулах
    • Badral
      Tanid bayarllaa.
      2019 оны 10 сарын 09
539   10
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг

Санал болгох