Лхагва 2019-01-02 Дархан
Цонхоо нээе   2019-09-28

МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ ГЭЖ БАЙГАА БОЛ ЯАГААД ӨГӨХГҮЙ БАЙГААГАА ҮНДЭСЛЭЛТЭЙГЭЭР МЭДЭГДЭХ ЁСТОЙ

ЮНЕСКО-оос жил бүрийн есдүгээр сарын 28-ны өдрийг “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр” болгон зарласан. Энэ нь “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, түүний 16.10-д заасан олон нийтийн мэдээлэл олж авах эрхийг хангах болон суурь эрх, эрх чөлөөг хамгаалах зорилттой онцгой хамааралтай юм.  Глоб интернэшнл төв болон Азийн сангаас хамтран “Олон улсын хэм хэмжээнд нийцсэн хуулиар дамжуулан олон нийтийн мэдээлэлтэй байх эрхийг дэмжих нь” төслийг хэрэгжүүлээд байна. Энэ хүрээнд нэр бүхий хуульчид, сэтгүүлчид хамтран Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх судалгааг хийжээ. Хуульчдын багийн гишүүн хуульч, судлаач Г.Галбаатартай мэдээлэл хайх, хүлээн авах түгээмэл эрхийн талаар ярилцлаа.

МЭДЭХ ЭРХ БУЮУ МЭДЭЭЛЭЛ ОЛЖ АВАХ ЭРХ ГЭЖ ЮУ ВЭ? ЯАГААД ЗААВАЛ ХУУЛИАР ХАМГААЛСАН БАЙДАГ ТАЛААР?

- Мэдэх эрх гэдэг нь мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх буюу үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрх юм. Энэ эрх нь дэлхийн бүх хүнд амин чухал эрх учраас Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлд мөн Монгол Улсын Үндсэн хуульд баталгаажуулсан байдаг. Мэдэх эрхээр дамжуулан тухайн хүн шийдвэр гаргах, төрөөс үйлчилгээ авах, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих боломжтой болдог.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД, АЛБАН ТУШААЛТНУУД ЗАРИМ МЭДЭЭЛЛИЙГ БАЙГУУЛЛАГЫН ДОТООД АСУУДАЛ, НУУЦ ГЭХ МЭТЭЭР ӨГӨХӨӨС ТАТГАЛЗДАГ. ИЙМ ХАРИУЛТ ӨГӨХ НЬ ХЭВИЙН ЗҮЙЛ ҮҮ?

- Төрийн нууц, эсхүл хувь хүн, байгууллагын нууцаас бусад мэдээллийг иргэд чөлөөтэй олж авах эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан ч иргэдийг мэдээллээр хангах үүрэгтэй. Хэрэв мэдээллийг өгөхгүй гэж байгаа бол яагаад өгөхгүй байгаагаа үндэслэлтэйгээр мэдэгдэх ёстой юм. "Таны хүссэн энэ мэдээлэл төрийн нууцын жагсаалтад ийм томъёоллоор орчихсон" гэж хариуг өгнө гэсэн үг. Үүнээс өөр шалтгаанаар буюу дотоод асуудал гэх мэт тайлбартайгаар мэдээлэл өгөхгүй байгаа бол тухайн байгууллага, албан тушаалтан хууль зөрчиж байна гэсэн үг. Нөгөө талаар хууль бус үндэслэл, шалтгаанаар мэдээлэл өгөхгүй байгааг, хууль бус үйл ажиллагааг халхавчилж, нуун дарагдуулж байна гэж хардахаас өөр аргагүй болж байна.

ИЙНХҮҮ НУУЦЛАХ ШААРДЛАГАД НИЙЦЭХГҮЙ ОЛОН ЗҮЙЛИЙГ НУУХ ХҮСЭЛ ТӨРД БАЙХ НЬ ЯМАР ЭРСДЭЛТЭЙ ВЭ?

- Нуух ёстой зүйл тэдэнд байгаа учраас нууцлаад байна. Иргэдээсээ нууцлах мэдээлэл их болох тусам, иргэдийн олж авах мэдээллийн тоо цөөрч, мэдээлэлгүй иргэд оновчтой шийдвэр гаргахад төвөгтэй болж эхлэнэ. Мэдээлэлтэй иргэн хүчирхэг байдаг. Мэдээлэлтэй байж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, албан тушаалтнуудыг шахаж шаардах учраас энэ эрх нь хүний үндсэн язгуур чухал эрх хэмээн НҮБ-аас тодотгосон. Ер нь төрийн байгууллагын албан тушаалтны үйл ажиллагаа дээд зэргээр ил тод байх ёстой гэсэн зарчим бий. Тиймээс мэдээллийг нууцлана гэдэг бол онцгой шалгуур, өндөр босгийг давж байж нууцлагдах ёстой. Төрийн байгууллага бол эцсийн дүндээ иргэдэд үйлчилж, тэдний аж амьдралыг сайжруулахын төлөө ажилладаг. Тиймээс зорилтот бүлгээсээ мэдээллээ нууцлах биш, харин аль болох нээлттэй ил тод ажиллах нь төр, иргэн хоёр харилцан бие биедээ итгэж, хамтарч ажиллах боломжийг бүрдүүлдэг.

МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХ ТЭР ӨНДӨР ШАЛГУУРТ ЯМАР АГУУЛГЫГ ОЙЛГОЖ БОЛОХ ВЭ? ЭНЭ ТАЛААР ОЛОН УЛСАД МӨРДДӨГ ДҮРЭМ ЖУРАМ БИЙ ЮУ?

- НҮБ-ын Хүний эрхийн хороонд нэгдсэн улс орнуудын иргэн бүр мэдээлэлтэй байх эрхтэй. Тухайн эрхийг нь ямар, ямар тохиолдолд хязгаарлаж болох талаар 19 дүгээр зүйлийн гуравдугаар хэсэгт тайлбарласан байдаг. Энэ тайлбарт дараах гурван нөхцлийг зэрэг хангасан мэдээллийг нууцлаж болох талаар агуулга бий. Нэгдүгээрт, Тухайн мэдээлэл ил байснаараа хэн нэгэн иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол нууцлаж болохоор заасан. Мөн хууль ёсны ашиг сонирхолыг нь хамгаалах зорилгоор мэдээллийг нууцалж болно хэмээн заасан. Хоёрдугаарт, тухайн мэдээлэл ил байснаар Үндэсний аюулгүй байдал, хүний эрх чөлөөнд ноцтой хохирол учруулна гэдэг нь хохирлын үнэлгээгээр тогтоогдсон нөхцөлд нууцлаж болдог. Өөрөөр хэлбэл хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах нэрийн дор бүгдийг нууцлаад байж болохгүй. Тиймээс ямар хохирол учрах талаар бодитой үнэлгээгээр тогтоосон байх шаардлагыг тавьдаг. Гуравдугаарт, үнэлгээгээр хохирол учруулах талаар дүнэлт гарсан байсан ч олон нийтийн мэдэх эрх, ашиг сонирхол түрүүнд байх ёстой. Өөрөөр хэлбэл олон нийтийн эрх ашгаас өндөрт байж гэмээнэ аливаа мэдээллийг нууцалж болно. Энэ гурван нөхцөл зэрэг хангагдсан тохиолдолд л нууцлах боломжтой.  

ИРГЭД ТЭР БҮР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДААС БИЕЧЛЭН ОЧИЖ МЭДЭЭЛЭЛ АВААД БАЙХ НЬ ХОВОР. ЦАХИМААР МЭДЭЭЛЭЛ АВАХ ХҮСЭЛТЭЙ БАЙДАГ.  ГЭТЭЛ ЗАРИМ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД, ЯЛАНГУЯА ОРОН НУТАГ ДАХЬ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЦАХИМ ТАЛБАР БҮРЭН ХЭМЖЭЭНД АЖИЛЛАДАГГҮЙ, МЭДЭЭЛЛЭЭ ДУТУУ БАЙРШУУЛАХ, ЭСХҮЛ ХУГАЦААНД НЬ БАЙРШУУЛДАГГҮЙ, ЧУХАЛ МЭДЭЭЛЛИЙГ ХУГАЦАА ТУЛСАН ҮЕД МЭДЭЭЛЭХ ГЭХ МЭТ БАЙДАЛ АЖИГЛАГДДАГ. ҮҮНИЙГ ХЯНАХ, ХАРИУЦЛАГА ТООЦОХ МЕХАНИЗМ БИЙ ЮУ?

- Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд мэдээллийг “тогтмол шинэчлэх” гэж, тухайн мэдээллийг 14 хоног тутам нэгээс доошгүй удаа шинэчлэхийг; “тухай бүр шинэчлэх” гэж тухайн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт орсон, эсхүл мэдээлэл бүхэлдээ өөрчлөгдсөн тохиолдолд уг мэдээллийг гурав хоногийн дотор шинэчлэхийг хэлнэ гэж заасан байгаа. Энэ үүргээ зөрчсөн этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

ЕР НЬ ИРГЭД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААС МЭДЭЭЛЛИЙГ АВАХ ХҮСЭЛТЭЭ ЯМАР ЯМАР ХЭЛБЭРЭЭР ӨГӨХ БОЛОМЖТОЙ ВЭ. ИРГЭДИЙН ХҮСЭЛТЭД ХУУЛИЙН ДАГУУ ХЭДЭН ХОНОГИЙН ДОТОР ХАРИУ ӨГӨХ ЁСТОЙ ВЭ?
- Мэдээллийг цахимаар, утсаар, албан бичгээр гэх мэт бүх төрлийн арга хэлбэрээр хандаж авах ба иргэдийн хүссэн мэдээллийн хариуг ажлын долоо хоногийн хугацаанд багтаан өгөх ёстой. Үнэхээр энэ хугацаанд амжихгүй бол нэг удаа долоо хоногоор сунгаж болно. Үндсэндээ ажлын 14 хоногийн дотор иргэд хүссэн мэдээллийнхээ хариуг авах боломжтой. Бичгээр мэдээлэл авах хүсэлтийг хүлээн авахдаа оршин суугаа хаягаа бичих, гарын үсгээ зурах, эргэж холбоо барих утасны дугаараа бичих ёстой гэсэн шаардлага тавьдаг. Эдгээр шаардлагыг хангаагүй бол мэдээлэл өгөхөөс татгалзах нөхцөл бий. Угтаа төрийн байгууллагаас авахыг хүссэн мэдээллийн хариуг өгөхдөө ямар зорилгоор юунд ашиглах гэх мэт мэдээлэл хүссэн зорилгыг асуух эрх байхгүй. Та мэдээлэл хүсч байгаа зорилгоо тайлбарлах ч шаардлагагүй. Тиймээс ийм зорилгоор мэдээлэл авах гэхээр өгөхгүй байх вий гэсэн эргэлзээ тээх шаардлагагүй юм.

МЭДЭЭЛЭЛ АВАХДАА ТӨЛӨХ ХӨЛСНИЙ ХУВЬД ЯМАР БАЙДАГ ВЭ. ЗАРИМ ТОХИОЛДОЛД ХЭТ ӨНДӨР ТӨЛБӨР НОГДУУЛАХ ЭРСДЭЛ БАЙХ БОЛОМЖТОЙ ЮУ?

- Төрийн байгууллагаас мэдээлэл өгөх нь төрийн үйл ажиллагааны нэг хэсэг гэж үздэг. Тэр утгаараа иргэдэд өгч байгаа мэдээллийг үнэлэх явдал байж болохгүй. Харин тэр мэдээллийг боловсруулахтай холбоотой зардлыг иргэнээс авч болно. Тухайлбал, мэдээллийг хэвлэх, хувилах гэх мэт. Энэ нь мэдээллийг үнэлж байгаа биш мэдээллийг өгөхөд гарч байгаа зардлыг таниар төлүүлэхийг хуулиар зохицуулсан байгаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

194   0
НИЙТЭЛСЭН: Б.Оюунчимэг

Санал болгох