Лхагва 2019-01-02 Дархан
My Darkhan   2019-09-14

ДАВАЛГАА: Долоо хоногийн тойм

Өнгөрч буй долоо хоногт Дарханчуудын ажил амьдрал сайн муу мэдээллээр дүүрэн байлаа. Зарим олны дургүйцлийг төрүүлсэн үйл явдлууд одоо ч анхаарлын төвд байсаар байна.

НААҮГ-ийн ХАШААНД ХАРАНГАДСАН МОРЬД АМЬ ТАВЬЖ БАЙНА

НААҮГ-ийн хашаанд амь тавьж буй морьдын талаарх мэдээлэл олны анхаарлын төвд байж, халагласан, харууссан сэтгэгдлүүдээр дүүрэн байв. Энэ талаарх мэдээллийг орон нутгийн RGB TV телевиз бэлтгэн хүргэжээ.

Тус мэдээнд дурьдагдсан үйл явдал нь энэ сарын 09-ы өдөр болсон бөгөөд хотын ногоон байгууламжинд орсон гэх 30 гаруй тооны адууг НААҮГ-ийн ажилчид хашсан байна. Адуугаа алга болсныг мэдсэн малын эзэд эрэл сурал болсоор гурав хоногийн дараа НААҮГ-ийн хашаанд байгааг мэджээ. Очиход нь адуу тус бүрд торгууль төлөхийг шаардсан байна.  Төлбөрийг төлөх боломжгүй байсан учир үхлүүт байсан гурван адуугаа эхний ээлжинд гаргахыг хүссэн гэнэ. Гэвч НААҮГ-ийн ажилчид төлбөр төлөөгүй тохиолдолд гаргах боломжгүй хэмээх хариултыг өгчээ.

Адууны эзэн, амьд амьтдыг харсаар байж харангадуулсан НААҮГ-ийн ажилчдад болон, уяач хүн атлаа адилхан мал амьтанд хүйтэн сэтгэлээр хандсан тус байгууллагын дарга Ж.Дорждэрэмд гомдолтой байгаагаа илэрхийлж байв.  

Харин НААҮГ-ийн Ерөнхий инженер Д.Ханджаргал “Хотын төв дэх ногоон байгууламж, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг хамгаалах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд тус малыг хашсан ба Дархан-Уул аймгийн ИТХ-ын 20 дугаар тогтоол, Дархан сумын ИТХ-ын 45 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажилласан. Эхний өдөр усгүй өнжсөн. Бусад өдрүүдэд ус өгч байсан. Малын сахиул ээлжийн амралттай байгаа тул байнгын сахиултай газар хашсан” гэх тайлбарыг өгч байлаа.

Харин иргэдийн зүгээс монгол хүн, монгол малаа харсаар байгаад харангадуулж байгаад харамсан, хүн чанар, хүнлэг сэтгэл хууль тогтоомжоос дээгүүрт байгаад эгдүүцэн, сэтгэгдлээ илэрхийлсээр байна.

ТӨРИЙН БАНКНЫ АЖИЛЧИД ХАРИЛЦАГЧИДАА ХУУРАН МЭХЭЛСЭН ҮҮ?

Төрийн банкны Дархан-Уул аймаг дахь салбарын эдийн засагч 17 харилцагчаасаа доод тал нь 3.6 сая, дээд тал нь 70 сая нийт 300 гаруй сая төгрөгийг хууран мэхэлж, залилан авсан байж болзошгүй байдал тогтоогдож, шүүхийн шатанд байгаа талаар TV4 телевиз онцоллоо. Уг асуудлыг Төрийн банк “хариуцахгүй, банкны асуудал биш” хэмээн мэдэгдэж байгаа  гэнэ. Одоогоор иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулах нь тодорхойгүй байна.

ӨНДӨР НАСТАЙ ЭЦГЭЭ ЗОДОЖ, АМИЙГ НЬ ЕГҮҮТГЭСЭН ХЭРЭГ ГАРЛАА

2019 оны есдүгээр сарын 12-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт 72 настай иргэн Н гэмтлээ даахгүй нас барсан харамсалтай хэрэг гарсныг zarig.mn сайт онцолжээ. Согтуугаар төрсөн эцгээ зодож, амь насыг нь хохироосон 35 настай С-д хамаарах хэргийг аймгийн цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Түүнчлэн олон нийтийн талархлыг хүлээсэн үйл явдлууд ч өрнөлөө. 

ОЛОН УЛСЫН СҮЛЖЭЭ КОФЕ ШОП ДАРХАН ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Дэлхийн 13 оронд 1600 гаруй салбартай “Caffe Bene” олон улсын кофе шоп Комфорт цогцолборт нээлтээ хийж, тус үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Насанбат оролцсон байна. Тус кофе шопын 30 гаруй салбар Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд  ийнхүү орон нутаг дахь анхны салбар Дархан хотод нээлтээ хийлээ.

НҮХЭН ГАРЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

“Монгол алт”-ны уулзвараас “Буян” зах хүртэлх авто замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай хаалаа. Тус зам нь хөдөлгөөний эрчим ихтэй, осол гарах эрсдэл өндөр байдаг учир ийнхүү нүүхэн гарц барих ажлыг эхлүүлсэн байна. Энэ хугацаанд авто замаар зорчигчид “Монгол алт”- ны уулзвараас баруун, зүүн чиглэлд эргэж Гэгээ дэлгүүр буюу Хүнсний гурван замын уулзвараар нэвтрэх юм байна.

ХЭЛМЭГДЭГСДЛИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ХӨШӨӨ ДУРСГАЛ БОСЛОО

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр Дархан-Уул аймгийн Урчуудын эвлэлийн зураач, барималч Д.Батмөнх, их эмч Ц.Баясгалан, инженер В.Даваажав нар санаачлан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх хүндэтгэлийн хөшөөг босгожээ. Хүндэтгэлийн хөшөөг Дархан сумын ЗДТГ-ын урд Залуучуудын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан бөгөөд дахин улс төрийн хэлмэгдэлтийг гаргуулахгүй байх, залуу хойч үедээ түүхийн эмгэнэлт үйл явдлын хор уршгийг таниулан ойлгуулах ач холбогдолтой юм. Дархан-Уул аймагт одоогоор хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхэд ач гуч нийт 80 орчим хүн амьдарч байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

183   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох