Лхагва 2019-01-02 Дархан
Гэрлээ асаая   2019-09-20

Би ингэж ажилладаг: ХҮНИЙ ЭРХИЙН ШИНЖЭЭЧ

Хүн төрөлхтөн одоогийн байдлаар 40000 гаруй мэргэжлээр бие биедээ үйлчилгээ үйлчилж байна гэдэг. Янз бүрийн чиг үүрэг бүхий мэргэжилтнүүд хэрхэн ажиллаж, юуг амжуулж, ямар зорилгод хүрэхээр зорьж буй талаар энд онцолно. 

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН АХЛАХ ШИНЖЭЭЧ  

Э.БОЛОРТУЯА 

БАЙРШИЛ:                       Дархан-Уул аймаг. Дархан сум. Дөрөвдүгээр баг

                                           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 1-р давхарт

ХАРИЛЦАХ УТАС:           70370722    99981807

ЦАХИМ ХАЯГ:                 darkhan-uul@nhrcm.gov.mn
 

ЕСӨН САР ГАРСААР АЖИЛ АЛБА ЖИГДЭРЧ БАЙНА. ТА ЭНЭ ӨДРҮҮДЭД ЮУ АМЖУУЛАВ?

- Сар дөнгөж гаргаад ШШГЕГ-ын харъяа, 435 дугаар хаалттай хорих анги, 445 дугаар нээлттэй хорих ангийн албан хаагчдад ЛГБТ хүмүүсийн хүний эрх, ялгаварлан гадуурхалт, эрхийн зөрчил болон хүртээмжтэй байдлын талаарх сургалтыг зохион байгууллаа. Мөн бусад хуулиар хүлээсэн чин үүргээ биелүүлэн ажиллаж байна.

ТУХАЙЛБАЛ ТА ЯГ ЯМАР ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАДАГ ВЭ?

- Орон нутагтаа хууль зүйн зөвлөгөө өгөх, хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийн нөхцөл байдал ямар байгаа талаарх судалгаа мэдээлэл цуглуулах, иргэдээс ирсэн гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх процесст оролцох зэрэг ажил үүргийг гүйцэтгэдэг.

ЯМАР ХҮМҮҮСТ ХУУЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГДӨГ ВЭ?

- Зөвлөгөө авахыг хүссэн бүх хүнд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөөг ямар нэгэн ялгаварлалгүйгээр өдөр бүр өгч ажилладаг. Хүмүүс ихэвчлэн зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэх, ямар байгууллагад хандах, юу бүрдүүлэх талаар асуудаг. Мөн сүүлийн үед хөдөлмөрлөх эрх, удирдах албан тушаалтны зүй бус үйлдэлтэй холбоотой асуудлаар зөвлөгөө авах нь их байна.

ӨНГӨРӨГЧ ХУГАЦААНД ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛ ГОМДОЛ ХЭД ИРЭВ? ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭСЭН ВЭ? 

- Оны эхний долоон сарын байдлаар нийт есөн гомдол ирээд байна. Ер нь гомдол ирдэггүй сар гэж байдаггүй. Эрхийн төрлөөр нь авч үзвэл эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрх, хүүхдийн эрх, халдашгүй чөлөөтэй байх эрх, хөдөлмөрлөх эрх, эд мөнгөний тусламж авах эрх, хууль бусаар баривчлагдсан гэх мэт гомдлууд ирж, шийдвэрлэгдсэн. Одоогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрлөх эрхтэй холбоотой нэг гомдол шийдвэрлэгдээгүй, холбогдох албан тушаалтанд зөвлөмж хүргүүлсэн боловч хариу ирээгүй байна.  

ЗӨРЧИГДСӨН ЭРХИЙГ СЭРГЭЭХ ТАЛААР ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? 

- ХЭҮК-ийн тухай хуульд зааснаар, тус байгууллагаас хоёр эрх зүйн акт бичиг гардаг. ХЭҮК-ийн дарга, гишүүд иргэнээс ирүүлсэн гомдлыг судалж үзээд эрхийн зөрчил мөн эсэхэд дүн шинжилгээ хийж, зөвлөмж хүргүүлэх эсвэл шаардлага хүргүүлэх шаардлагатай эсэхийг тогтооно. Ингэхдээ ХЭҮК-ийн тухай хуулинд зааснаар шүүхийн шатанд эсвэл хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд байгаа эрүү, иргэний хэрэг маргаантай холбоотой гомдол бол тус хуулийн 11.2-д зааснаар оролцохгүй. Ийм тохиолдолд зөвхөн хууль зүйн зөвлөгөө өгч ажилладаг.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХУВЬД ӨНГӨРӨГЧ ХУГАЦААНД ШИЙДВЭРЛЭГДСЭН ГОМДЛЫН ТАЛААРХ КЕЙС ЯРЬЖ БОЛОХ УУ?

- Бололгүй яахав. Хэрэв үүнтэй төстэй болоод бусад эрхийн зөрчил таньд тулгарсан бол манайд хандаж болно. Шийдвэрлэгдсэн боловсролын салбартай нэгэн гомдлын талаар хэлье. Нэгэн улсын цэцэрлэгийн туслах багш манайд хандсан юм. Тэрбээр улсад тасралтгүй таван жил ажилласнаар хуулийн дагуу зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж авах эрхтэй байсан. Гэвч ар гэрийн гачигдлын улмаас нэг сарын захиргааны чөлөөтэй авчээ. Энэ талаар эрх бүхий албан тушаалтан нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхдээ “ажлаас түр чөлөөлөв” хэмээн бичсэний улмаас тэтгэмжээ авч чадаагүй байна. Манайд хандсанаар Комиссын гишүүний шаардлага /эрх зүйн баримт бичиг/ гарч, эрхийг нь сэргээж, хуулийн дагуу зургаан сарын мөнгөн тэтгэмжээ авсан.

ХЭҮК-ИЙН ШИНЖЭЭЧ ТУХАЙН ОРОН НУТАГ ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН НӨХЦӨЛ БАЙДЛУУДАД СУДАЛГАА ХИЙЖ, ДҮГНЭЛТ ГАРГАДАГ. ОДОО ЯМАР СУДАЛГААН ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ? 

- ХЭҮК-ын даргын тушаал, удирдамжийн дагуу бид судалгаа, кейс тохиолдол цуглуулдаг. Энэхүү судалгааны дүнд тулгуурлан Аймгийн Засаг Даргад зөвлөмж эсвэл шаардлага хүргүүлж ажилладаг юм. Өнгөрсөн зуны хувьд хэд хэдэн судалгаанд ажилласан. Тухайлбал: Малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх эрхийн байдал судалгааг холбогдох байгууллагуудтай хамтран хийлээ. Энэ үеэр малчин эмэгтэйчүүдийн хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нь хүндрэлтэй байдаг бөгөөд эрх нь ихээр зөрчигддөг болох нь олон кейсээс харагдаж байлаа. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлаар кейс тохиолдол цуглуулах дүн шинжилгээ хийх судалгааны ажил өнөөдөр дуусч, тайлан мэдээллээ бичиж байна. Энэхүү судалгаагаар Дархан-Уул аймгийн хувьд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллыг сайжруулах, тэдэнд ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлээр олон хөтөлбөр эрх зүйн бичиг батлагдсан хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн зөрчил, кейс тохиолдол буурахгүй байгаа нь ажиглагдаж байна. Ялангуяа тэргэнцэртэй иргэдийн хувьд нөхөн үржихүйн эмнэлгийн үйлчилгээ, туслалцаа авах асуудал маш хүнд байдгийг олон иргэн ярьж байлаа.

АЖИЛ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭХЭД ТАНЬ ЮУ ХАМГИЙН ИХ СААД БОЛЖ БАЙНА?

- Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо дутмагаас ажиллагаа удааширах явдал гардаг. Мөн харилцаа, хандлагийн асуудал ч байна. Энэ л хамгийн их хүндрэлтэй байдаг даа.

ТАНЫ АЖЛААСАА АВДАГ СЭТГЭЛ ХАНАМЖ ЮУ ВЭ?

- Эрх нь зөрчигдсөн хүний гомдол шийдвэрлэгдэж, баярлалаа гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлээд гарахад үнэхээр их сэтгэл ханамж авдаг. Харин зарим тохиолдолд хуулийн дагуу “энэ нь боломжгүй” гэх үгийг хэлээд тусалж чадахгүй байгаадаа сэтгэл эмзэглэдэг. Ялангуяа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа гомдол ирсэн тохиолдолд чиг үүргийн хувьд бид оролцох боломжгүй байдаг юм.

ХЭН НЭГНИЙ ТАНЬД ХЭЛЖ БАЙСАН ХАМГИЙН САЙХАН ЗӨВЛӨГӨӨ ЮУ БАЙВ?

- Би “Санаа зөв бол заяа зөв” гэдэг ардын үгийг байнга бодож явдаг. Энэ үгийн үнэ цэнэ, үнэнд итгэдэг. Ажилд саад тохиосон, сэтгэл санаагаар унамаар өдрүүдэд энэ үгийг бодож, энэ үгийн урмаар өөрийгөө цэнэглэдэг дээ.  

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

179   1
НИЙТЭЛСЭН: Б.Оюунчимэг

Санал болгох