Лхагва 2019-01-02 Дархан
Гэрлээ асаая   2019-09-10

ЦҮНХ ГОЁЛ БАС “ХАМГААЛАХ” САВ

Цэвэр мод, монгол үхрийн ширийг хослуулсан өвөрмөц цүнхний ZEKL брэндийг үүсгэн, өөрийн гэсэн цөөнгүй хэрэглэгчтэй болоод байгаа Старт-ап бизнес эрхлэгч Т.Азбаатарыг ОНЦЛОХ БИЗНЕС буландаа урилаа. Шинэ санаа, хийж бүтээх эрмэлзлээр дүүрэн түүний сонирхолтой, өвөрмөц бас хэрэглээнд яв цав тохирох ZEKL цүнхтэй танилцана уу.

Сая наашаа ирэхээсээ өмнө ямар ажил амжуулаад ирснийг нь сонирхвол?

- Өглөө цүнхнийхээ баглаа боодол буюу гаднах уутны захиалгыг өгчихөөд ирлээ.  

Баглаа боодлоо хаана хийлгэж байна? Улаанбаатарт захиалж байна уу?

- Дархандаа хийлгэж байгаа. Манай энд чанарын хувьд дутахааргүй сайн атлаа үнэ боломжийн уут, сав хийдэг хүмүүс байдаг юм шүү дээ. Улаанбаатарт заавал олон тоогоор захиалахыг шаарддаг бол манай энд тэгдэггүй. Энэ нь цөөн ширхэгээр үйлдвэрлэдэг бидний хувьд сайн санал байдаг юм. Гадаад уруу гаргахад нүүр улайхааргүй баглаа боодол хийж өгдөг.

Бүтээгдээгдэхүүний үнэлгээнд баглаа боодол их нөлөө үзүүлдэг. Гэхдээ сүүлийн үед минималист хандлага хүчтэй дэлгэрэх болсонтой холбогдуулан баглаагүй бүтээгдэхүүнийг бас санал болгодог болсон байна. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

- Би минимализмыг чанартай бүтээгдэхүүнийг сонгож, түүнийгээ удаан хэрэглэх гэдэг талаас нь ойлгодог. Тухайлбал цүнх гэхэд улирлын чанартай хэрэглэгддэг загварууд бий. Түүнийг, хэрэглэхгүй улиралдаа хэрхэн шинэ байдлаар нь хадгалах, хадгалалт даах технологи талаас нь анхаарах зэргээс нь бодно. Жишээ нь гутлыг хайрцаглаж хадгалаад удаан хэрэглэдэгтэй адил цүнхэнд ч бас тийм хадгалалт хэрэгтэй. Тиймээс баглаа боодолд энэ онцлогийг бодолцох ёстой юм. Үүнийг л минималист хандлага гэх болов уу. Ер нь тухайн хүний хэрэглээний онцлогт яв цав тохирсон, эдэлгээ даах, удаан хадгалах чанарыг баглаа боодолдоо ч анхаарах нь зөв болов уу.

ZEKL брэнд нь нарийн гар ажиллагаа ордгоороо онцлогтой. Тэгэхээр бүтээгдэхүүн үнийн хувьд ямар байгаа бол?

- Чанартай бүтээгдэхүүн хийлгэж, чанартай зүйл эдэлж хэрэглэхийг хүсч байвал үйлдвэрлэгчийн санал болгосон үнийг хүлээн зөвшөөрч байх хэрэгтэй. Үйлдвэрлэгч хамгийн бодит үнэлгээгээр хийж, таньд санал болгож байгаа учраас хаа хаанаа сэтгэл ханамжтай байхын тулд ийм зарчим барьж байвал сайн. Би ч өөрөө худалдан авалт хийхдээ энэ зарчмыг барьдаг. “Үнээ ярьчихаач...” гэдэг саналд үнэндээ дургүй. ZEKL брэндийн хувьд цэвэр мод, монгол үхрийн ширийг хослуулан, нарийн гар ажиллагаагаар цөөн тоогоор үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн. Энэ утгаараа ч зах дээр байдаг хятад улсад олон тоогоор үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнтэй харьцуулахад өндөр үнэтэй. Гэхдээ дэлхийн зах зээл дээрх яг ийм төрлийн бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад харьцангуй хямд байгаа.  

Ийм цүнх хийх санаагаа анх хэрхэн олж авсан бэ?

- Мод хослуулсан цүнхний санаа бол бас яг цоо шинэ зүйл биш юм билээ. Чех, Украйн зэрэг орнуудад хийдэг. Тэгэхдээ их өндөр үнэтэй байдгийг бүр хожим мэдсэн. Анх хийж эхлэхдээ бол энэ талаар огт мэдээгүй байсан. Нэг үйлчлүүлэгч маань чемодан шиг модон авдар хийлгэх захиалга өгсөн юм. Гол хүсч байсан зүйл нь “доторх үнэтэй эд зүйлс дээр нь сууж, эвдэлж гэмтээчихгүй байх” гэсэн. Тэр хүсэлтэнд нь тааруулж, дотроо зөөлөвчтэй модон сав хийж өгсөн юм. Захиалагчид ч маш их таалагдсан. Тэрнээс хойш иймэрхүү цүнх хийж болох юм байна гэж бодож явсаар анхны загваруудаа гаргасан. Цүнх гэдэг чинь хамгаалах сав атал дээр нь санаатай, санаандгүй сууснаас нөүтбүүк, гар утас зэрэг үнэтэй эд зүйлсээ хугалчих тохиолдол байдаг шүү дээ.

Одоогоор хичнээн нэр төрөл, загвар гаргаад байна?

- Арав орчим загвар бэлэн болж, захиалагчдийн хүсэлтээр нийлүүлээд байна. Бүгд арьс, модны хослол. Цэвэр мод, монгол үхрийн арьсаар хийж байгаа.

Хэрхэн захиалгаа авч байна?

- Сошиалаар, фэйсбүүк хуудсаараа авч байгаа. Гэхдээ одоохондоо захиалга авахгүй, шинэ загвар дээрээ илүү ажиллаж байна. Удахгүй авч эхэлнэ.

Худалдаж авсан хүмүүсийн сэтгэл ханамж ямар байх юм?

- Энэ их чухал. Захиалж хийлгэсэн хүмүүс маань сэтгэл хангалуун байгаа нь ажиглагддаг. Нэг удаа гаднах арьс зурагдаад байна гэж эргэж хэлсэн. Тиймээс сольж өгсөн. Захиалагчийн өөрийнх нь хүссэн арьс байсан юм. Мөн бүр коллекцоор нь захиалдаг гэр бүлийн хүмүүс ч бий. Ер нь тухайн захиалагчийн хэрэглээнд тохируулахыг гол болгон анхаарч ажилладаг. Бас өвөл нөүтбүүкээ хөлдөөчихгүй үүрээд явах цүнх хийж өгөөч гэх хүсэлт ирж, үүний дагуу, нэхий дотортой модон хийц бүхий үүргэвч хийж байлаа. Захиалагч их сэтгэл хангалуун нөүтбүүкдээ санаа зовохооргүй боллоо гэж байсан.

Модтой яагаад “нөхөрлөх” болсон юм бэ? Залуучууд компьютер, технолги гэх мэт өөр зүйлс сонирхох нь элбэг байдаг шүү дээ.

- Программ хангамж, гэрэл зураг гээд олон зүйл сонирхож хийж байсан. Аав маань дархан хүн. Ажилд нь дандаа тусалдаг л даа. Тэгээд хийж байгаа юмыг нь харж байхдаа модоор юм хийдэг, гэхдээ арай өвөрмөц мужаан болъёо гэж бодож, сонирхож эхэлсэн. Цоо шинэ юм хийж үзье гэж бодож, өөрийн гэсэн ялгаралтай мужаан байхыг хүссэн юм. Зөвхөн цүнх хийдэггүй л дээ. Сийлбэр гэх мэт өөр зүйлс бас хийнэ.

Одоо ямар сорилтууд тулгарч байна?

- Маркетингийн сорилтууд л байна даа. Хэрхэн бүтээгдэхүүнээ хүмүүст хүргэх, танилцуулахаа сайн ойлгохгүй байгаа. Гэхдээ өөрийнхөө зүгээс боломжоороо эрэл хайгуул хийж, туршиж үзэж л байна. Дээр нь мэдээж бүтээгдэхүүнээ илүү сайжруулах тал дээр ажиллаж байгаа.

Боломжуудын талаар яръяа. Дархан-Уул аймагт байгаа залуу хүний хувьд боломжоо юу гэж харж байна.

- Мэдээж цахим орчинд захиалга авч, борлуулалтаа хийх боломж бидэнд байна. Мөн Дарханд бол түрээс гэх мэт бусад зардлууд харьцангуй бага. Тэгэхээр эндээ үйлдвэрлээд дэлхий даяар бүтээгдэхүүнээ борлуулах боломж бидэнд бий. Цөөн тоогоор, зөвхөн гар аргаар урлаж байгаа манайх шиг бүтээгдэхүүний хувьд энэ их чухал. Жил гаруйн хугацаанд Хятад, Орос, Норвеги, Америк зэрэг улсуудад бүтээгдэхүүнээ хүргэсэн байна. 

Энэ хугацаанд хамгийн том алдаа, авсан сургамж нь юу байв?

- Нэг удаа зөвхөн нэг загвараас 20 орчим цүнх хийсэн юм. Хэрэглэгчдийнхээ санал бодлыг ч асуулгүй, өөрсдөө ч туршиж үзэлгүйгээр зүгээр л сэтгэл хөөрлөөр олон тоогоор үйлдвэрлэчихсэн. Тэгээд бүгдийг нь буцаан татсан даа. Энэ их том сургамж. Өвлийн улиралд эдэлгээ даах эсэх дээр нь огт туршилт хийгээгүй, сэтгэл хөдлөлөөр хандсан байсан. Одоо бол цүнхнүүдээ жилийн дөрвөн улиралд эдэлгээ даах чанарыг нь шалгаж байж хийдэг. Зун хийж байгаа, өвөл барих цүнхийг бол заавал хөлдөөх горимд байлгаж, туршиж байж бэлэн болгодог.   

Нэг үеэ бодвол манайхан бас үндэсний бүтээгдэхүүнүүдээ хэрэглэдэг болсон байна шүү?

- Тийм. Үүний нэг томоохон жишээ бол Улаанбаатар галт тэрэгний буудлын хажууханд байдаг “Монголд үйлдвэрлэв” дэлгүүр болов уу. Их олон жил тэнд байсан. Гэсэн ч хүмүүс анзаардаггүй л байлаа. Харин сүүлийн жилүүдэд гадна өнгө зүсээ засч, үзэмж нэмээд байна. Тэгэхээр энэ нь тухайн дэлгүүрийн борлуулалт, ашиг орлого нэмэгдэж байгаагийнх болов уу. "Жинхэнэ монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дэлгүүр мөн юм байна" гэж гадна талаасаа харагдахаар болсон байна билээ. Монголчууд монгол бүтээгдэхүүнээ авч сурч байна. Манай Дарханд ч бас үйлдвэрлэгчдийнх нь бүтээгдэхүүнүүд төв гудамжиндаа байвал зүгээр юмуу гэж бодогддог. Гадна дотноос ирсэн хүмүүс нутгийн брэндийг л авах гэдэг шүү дээ. Жуулчдыг татаж, хотын нүүр царай болох болов уу. Гэтэл одоо манайд төв гудамж банкнуудын гудамж болчихсон л байгаа.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

151   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох