Лхагва 2019-01-02 Дархан
Хүний түүх   2019-12-05

БҮТЭЭН БАЙГУУЛЖ, АСРАН ХҮМҮҮЖҮҮЛСЭН ОН ЖИЛҮҮД

“Нарны хүүхдүүд” асрамжийн төвийн тэргүүн, Монгол Улсын Гавъяат Багш С.Эрдэнэчулууны ярианаас:  “Төгсөөд гарсан, хотод амьдарч байгаа хүүхдүүд маань бие биеэ түшээд сайхан амьдарч байна. Ажил хийж байгаа нь оюутан дүү нараа хажуудаа байлгана. Оюутны байр, хоолны мөнгө гээд бүх зардлыг асрамжийн төв төлдөг болохоор амьдралд хүрсэн хүүхдүүд маань тэрнээс хөнгөлөх гэдэг болж дээ...”

1. ПИОНЕРИЙН УДИРДАГЧААС “НАРНЫ ХҮҮХДҮҮД” ХҮРТЭЛ

Монгол Улсад нэг намын систем задарч байсан ерээд онд та пионерийн ахлах удирдагч байсан. Тэр үед пионерийн байгууллагын олон чадварлаг мэргэжилтнүүд “гудамжинд” гарч билээ. Олон жил сэтгэл зүрхээ зориулж явсан ажлаа орхих амаргүй л байсан болов уу?  

- Пионерийн байгууллагын ажил маш цоглог, бадрангуй бөгөөд хүүхдүүдийн бие даах чадвар, өөрийн удирдлагыг хөгжүүлж, хувь хүний хүмүүжил, төлөвшилд анхаарсан их чухал чиг үүрэгтэй байсан юм. Тэр үед би Дархан хотын тухайн үеийн гурав, есдүгээр дунд сургуулиудад пионерийн ахлах удирдагчаар ажиллаж, улсад ажлаараа шалгаран, хэд хэдэн ажил маань тэргүүн туршлага болж байлаа. Өөрөө ч ажилдаа үнэхээрийн дуртай, нэг л дэврүүн хүн байсан даа. Тэгтэл ардчилал, зах зээлд орсноор пионерийн байгууллагыг татан буулгаж, миний мэргэжил байхгүй болов. Биднийг сургууль, хүүхдүүдээс холдуулж, баг, хороонд нийгмийн ажилтан болгосон нь ер таалагдахгүй байв. Аргагүйн эрхэнд амьдрал ахуйгаа авч явах гэж гэрээрээ боов боорцог хийж, зарж борлуулдаг боллоо. Хийснээ зах дээр лангуунд тавьж заруулна. Ингээд явж байхдаа олон хүүхэд сургууль номоо орхин, харж хайхрах хүнгүй зах дээр ажиллаж, зарим нь дэмий сэлгүүцэн, бусдад ад болж явааг хараад дэмий л сэтгэл өвдөж, гол харладаг байлаа. Яг л, пионерийн байгууллага, хүүхдүүд маань бас би өөрөө ч гудамжинд гарчихсан юм шиг санагдаад, нэг л хэцүү байв.

Тийм шүү. Зах зээлд шилжсэний дараа нэг хэсэг хараа хяналтгүй хүүхдүүд олширч, орц, траншейгээр бас вокзал, галт тэргээр их байдаг байсан...

- Пионерийн байгууллага “сургалт хүмүүжлийн нэгдэл, нягтрал” гэж их ярьдаг байсан юм. Гэтэл сургалт л гэж ярьдаг, хүмүүжлийг бүр орхиж байв. Орц траншейд амьдардаг, зах дээр тэнэдэг хүүхдүүд их болчихсон. Харахаар бүр үнэхээр өрөвдмөөр. Зарах гэж авч гарсан боов боорцгоороо заримдаа тэднийг дайлна, ярилцангаа харж ажиглана. Яагаад ийм болж, юу нөлөөлж байгааг нь ойлгох гэдэг байв. Нэг хүүхэдтэй уулзахаар хэсэг нөхдийнхөө тухай ярина. Тэгсээр байгаад бүрэн зураглалтай, олон ч “танил”тай болов. Нэг удаа зах дээр боорцгоо аваачиж өгтөл лангууны эзэн ялихгүй шалтгаанаар жигтэйхэн их уурлаж, загнаад бөөн юм боллоо. Хүмүүс шаваад л... Тэгсэн тэр дунд миний бүлгэмийн зөвлөлийн дарга байсан жижигхэн охин нэлээн том болчихсон хараад зогсож байдаг байгаа. Тэгэхэд би ёстой үнэхээр өөртөө гутарсан. Багш нь нэг тостой боорцог барьчихсан, загнуулаад л., Ямар их ичсэн гээч. Нөгөө худалдагч олон хүн хараад улам дуу нь чангарч, хашгичиж орилоод л. Ийм эвгүй байдалтай хүүхэддээ харагдсандаа гутраад, гэртээ ирээд зөндөө их уйллаа. Хэсэг уйлж байгаад жаахан тайвширч, ширээний буланд байсан сонинг хараад сууж байсан чинь “Монголын Хүүхдийн эрхийн төвийг байгууллаа” гэсэн мэдээ байв. Тэгээд шууд Улаанбаатар орж уулзахаар шийдсэн.

Явсан ажил хэр бүтэмжтэй байв?

- Салбар байгууллага байгуулахын тулд төсөл бичих шаардлагатай, бас судалгаа хэрэгтэй гэв. Би үнэндээ төсөл гэж юу болох талаар огт мэдэхгүй байлаа. Харин ямар ч байсан судалгаатай байж, энэ хүүхдүүдийн төлөө ажиллах юм байна гэдгийг ойлгож авав. Ирээд нөгөө боов боорцгоо хийхээ бүр мөсөн больж, харин илүү их цагийг хүүхдүүдтэй өнгөрүүлдэг боллоо. Дандаа хүүхдүүдтэй ажиллаж байсан болохоор хэл үгээ ч их амархан ололцоно. Тэр үед галт тэрэгний буудлаар хүүхдүүд их байсан юм. Би үе үе очиж уулзана. Тэд ч намайг сайн мэддэг “Эгчээ, аниа...” гээд л сүйд болоод хүрээд ирдэг байв. Эхэндээ боорцог хийгээд бариад очдог байсан бол сүүлдээ мөнгөгүй, чадахаа байгаад талх зүсээд аваад очдог болов. Нөгөө хэд маань хууч хөөрөөд сүйд болно. Нэг удаа траншейнд хүүхдүүд байдаг гэхээр нь дагаад очлоо. Эхлээд орох гээд, айгаад. Үнэр танар, харанхуй, үмхий хамхай гэж жигтэйхэн. Тэгээд “Цэрвэж болохгүй. Хүүхдүүд амьдраад байхад би ер нь яагаад орж болдоггүй юм” гэж өөрийгөө зоригжуулаад орсон. Сүүлдээ ч сурсан даа. Хүүхдүүд тийм нөхцөлд амьдарч байгааг хараад маш их сэтгэл эмзэглэж, хэцүү санагддаг байв. Тэднийг хэн ч хайхрахгүй. Бүр “халаасчид”, “тэнэмэлүүд” гэх зэргээр нэрлэнэ. Гэтэл тэд хүүхдүүд. Яагаад ийм байдалд хүрчихэв гэж хэн ч бодохгүй. Нэг өдөр вокзал дээр байж байтал хулгай гарчихаж. Цагдаа дагуулсан нэг хүүхэн ирээд, нөгөө хэдийг маань учир зүггүй загнаж гарлаа. Хүүхдүүд бүлтэгнээд л, өрөвдмөөр. Тэгсэн цагдаа “Халаасчингууд гараа өргө!” гэхэд бүгд ярсхийтэл гараа өргөдгийн. Тэгэхэд би ёстой их өрөвдсөн. Хүүхэд тийм цагаахан. Том хүн бол өөрийгөө “Би хулгайч” гэж хэлэхгүй дээ. Хүүхдүүд бүгд өлсгөлөн. Юу ч байхгүй. Ходоодоо дүүргэж, өөрсдийгөө тэжээхийн тулд л хулгай хийдэг. Тэрийг нь хэн ч анзаарахгүй. Тэгэх мөртөө бүгд сэжиглэнэ. Өмөөрөөд хэдэн үг хэлчихсэн чинь нөгөө хүүхэн намайг хүүхдүүдээр хулгай хийлгэж мөнгө олдог гээд, би нэг л аюултай хүн болж орхисон. Тэр нь амнаас ам дамжиж, нэг хэсэгтээ л хүмүүс намайг хүүхдүүдээр хулгай хийлгэж амьдардаг гэж ярьдаг болсон байв. Эхэндээ их гомддог байлаа. Гэвч гомдлоо гээд яах билээ. Тэгээд “Ямар ч бэрхшээл тохиолдсон хамаагүй, энэ хүүхдүүдийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана” гэж өөрөө өөртөө амласан даа.

2. ЯПОНООС “ЭНХ ТАЙВНЫ САЛХИ” САЛХИЛСАН ТАВАН ЖИЛ

Тэгэхэд та хэдэн настай байсан юм бэ?

- Дөч л дөнгөж гарч байсан байх. Бага хүү маань дунд сургуулийн сурагч байсан юм.

Салбар байгуулах ажил хэр урагштай байв?

- Нэг өдөр Улаанбаатараас дуудлага ирж “Дарханд салбар байгуулахаар боллоо, хүрээд ир” гэлээ. Тэгсэн “Хараа хяналтгүй хүүхдүүд Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд хамгийн их байна. Судалгаа бий юу” гэв. Би өөрийнхөө гараар хийсэн, /тэр үед компьютер ховор байсан/ судалгаагаа өгөхөд “Ямар нарийн сайн хийгээ вэ!” гээд маш талархалтайгаар хүлээн авав. Бараг 500 гаруй хүүхдийн судалгаатай болсон байсан юм. Тэгээд төслөө Хүүхдийн эрхийн төвийнхний туслалцаатайгаар бичиж өгөөд, удахгүй Дарханд очих Япончуудтай уулзахаар болоод буцсан.  

Японоос ямар санхүүжилт хүлээж байсан юм бэ?

- Төсөл Японы “Энх тайвны салхи” хүмүүнлэгийн байгууллагын санхүүжилтийг авахаар горилж байсан нь тэр. Хараа хяналтгүй хүүхдүүдийг хичээлийн хэрэглэл, хувцас хэрэгслээр хангах, сурах боломжийг бүрдүүлэх, нийгмийн асуудлуудыг нь шийдвэрлэхээр зорьж байсан юм. Тэгэхдээ хоёр төсөл Дарханаас өрсөлдөж байв. Удалгүй Японоос хүмүүс ирж, бид ч төслөө танилцууллаа. Манай судалгаа маш их таалагдаж, өндрөөр үнэлэв. Ийнхүү төсөл, судалгаагаа танилцуулж байх зуураа би санамсаргүйгээр аавыгаа дурсан ярьсан юм. Миний аав Халх голын байлдаанд оролцож, Гонгор баатар, Дандар баатрын дивизийн эмч байсан. 1945 онд дайн дуусахад япон олзлогдогсдын дунд гарсан бөөсөн тип өвчнийг эмчилж, тэр айхтар халдвартай өвчнөөр олон цэрэг, бас эмч нар нас барж, сүүлдээ эмчлэх эмч олдохгүй болоход аав маань нэг орос эмчтэй хоёулхнаа үлдэн ажиллаж байсан гэдэг. Энэ талаар ярихдаа “Япон хүнийг би төдийлөн сайн мэдэхгүй. Харин аав минь их олон япон хүний амийг аварсан гэнэ билээ” гэсэн юм. Тэгсэн тэр нөлөөлсөн үү, бас судалгаа ч их таалагдсан, тэгээд манай төсөл батлагдсан даа.  

Сайхан түүх байна. Төсөл батлагдсанаар ямар тусламж, дэмжлэг орж ирсэн бэ?

- Жил бүр 395 хүүхэд төсөлд хамрагдахаар болсон. Үүнд цэцэрлэгийн 125 хүүхдийн таван ангийг нээж, хувцас, хичээлийн хэрэглэл, эм тариа гээд бүх хэрэгцээтэй зүйлсээр хангав. Бид бүр яг хамгийн хэцүү нөхцөлд байсан хүүхдүүдээ хамруулсан /Үүнийг тэрбээр маш баяр хөөртэйгөөр ярьж байсан бөгөөд нүүрэнд инээмсэглэл тодорч байв/. Бас 12 дугаар сургууль буюу “Энэрэл” цогцолбор дээр албан бус сургалтын 50 хүүхдийн хоёр анги нээж, зах дээр ажилладаг, тэнэдэг, вокзалаар явдаг хүүхдүүдээ хамруулав. Нөгөө миний танилууд ингэж боловсрол эзэмшиж, бас хувцас хэрэглэл, хоол ундаар хангагдахаар болсон юм. Мөн Үйлдвэр сургалтын төвд мэргэжлийн сургалтын таван анги нээж, оёдол, нарийн боов, засал чимэглэл, сантехник, мужаан, сийлбэрийн ангиудад хүүхдүүдээ сургаж эхэлсэн. Ийм сайхан хөрөнгө оруулалт ирж, хүүхдүүдийг сургаж, хооллож, хувцаслаад зогсохгүй, хичээлд хэрэглэх материалуудаар ч хангаж байлаа. Төслийг анх гурван жилийн хугацаатай төлөвлөж байсан ч, сунгаж 1998 – 2002 онуудад буюу нийт таван жил хэрэгжиж, үүнд нийт 1975 хүүхэд хамрагдсан байдаг. Мөн зөвхөн сургалт явуулаад зогсохгүй хүүхдийн төлөөх олон ажлуудыг бид өөрсдийн санаачлагаар хийж байлаа. Тухайлбал гэмт хэрэг зөрчилд холбогдсон хүүхдүүдийг өмгөөлдөг өмгөөлөгчтэй болсон. Бас сэтгэл зүйч хүчирхийлэлд өртсөн, дарамтанд орсон хүүхдүүдэд зөвлөгөө өгч ажилладаг байв. Одоо энэ “108” –утасны анхны санаачилга тэгэхэд гарсан юм шүү дээ. Бид хүүхдийн утас, шуудан ажиллуулж, хэлж чадахгүй үгсийг нь багш, эцэг эхчүүдэд хүргэдэг байв. Тэгээд ч зогсохгүй ирсэн дуудлага, захидлуудад дүгнэлт хийж, хүүхдүүд гэмт хэрэгт орж байгаагийн учир шалтгааныг нарийвчлан ярилцаж, дүгнэдэг, санал зөвлөмж бэлддэг байлаа.

3. “НАРНЫ ХҮҮХДҮҮД”-тэй УЧИРСАН НЬ

Тань уруу залгахад “Нарны хаан хүүхэд” дуу эгшиглэж байсан. Та сонгосон уу?

- Тиймээ. Би энэ дуунд их дуртай.

“Нарны хүүхдүүд” төв хэзээ байгуулагдсан юм бэ?

- Монгол улсад хараа хяналтгүй хүүхдүүд их болсон тул Улаанбаатарт дөрөв, Дарханд нэг халамжийн төвийг 2000 онд байгуулсан юм. Тэгэхдээ анх “Өсөх нахиа” нэртэй байв. Тэр үед би Хүүхдийн эрхийн төвдөө ажиллаж, дээр ярьсан төсөл маань хэрэгжиж байсан үе. Халамжийн төвийн төсөл хоёр жил хэрэгжээд “Өсөх нахиа” төвийг орон нутагт нь хүлээлгэн өгсөн юм билээ. Гэвч орон нутгаас дорвитой анхаарал хандуулахгүй, мөн санхүүжилтгүй болсны улмаас үйл ажиллагаа нь унаж, хүүхдүүд буцаж тэнэмэл амьдралдаа орж байв. “Цаашид үйл ажиллагааг нь авч явна уу” гэх саналыг надад тавьснаар би 2002 онд очсон.

Тэгэхээр “Нарны хүүхдүүд” нэрийг та өгсөн байх нь?

- Тийм ээ. Яагаад гэхээр би япончуудтай харилцаатай, ойрхон ажиллаж байсан тул энэ ажилдаа ч бас тэдний сэтгэлийг татъя гэж энэ нэрийг өгсөн хэрэг. Бас логогоо ч гэрэлт нар /давхар агуулгаараа наран улс дахь аав ээждээ/ өөд тэмүүлсэн хүүхдийн дүрслэлээр хийсэн.

Халамжийн төвийг авахад нөхцөл байдал ямаршуухан байв?

- Тэгэхэд дан траншейнээс хүүхдүүдээ авсан байв. /Хожим асрамжийн төв болж, өнчин хүүхдүүд авдаг болсон/. Хүүхдүүд буцаж тэнэмэл амьдралд орж, орчин нөхцөл нь нэг л тухгүй байлаа. Одоо энэ манай хөвгүүдийн байр байгаа байшин л байсан юм шүү дээ. Би ажлаа аваад хамгийн эхлээд энэ нөхцлийг сайжруулах ёстой гэж бодсон. Гэвч гаднаас ирдэг санхүүжилт нь зогсчихсон, орон нутгаас ямар ч дэмжлэг байхгүй, ерөөсөө тэднийг анхаардаг байгууллага гэж байхгүй болчихсон байлаа. Эхэндээ яаж ажиллахаа мэдэхгүй байсан ч, ерөөсөө өөрийн арга барилаар явъя гэж шийдсэн. Гэвч ажлаа авсныхаа маргааш л цагдаа дуудагдсан даа.

Ямар асуудлаар тэр вэ?

- Нэг хүүхэд маань зах дээрээс хулгай хийчихсэн гээд. Ер нь дотроо ч хулгай гарах нь их, эхэндээ хэцүү байлаа. Тэгээд ерөөсөө болж буй асуудал бүрээ ний нуугүй хүүхдүүдтэйгээ ярьж, зөвлөх нь зөв гэж бодсон. Үнэндээ яахаа ч мэдэхгүй байсан хэрэг. “Та нарыг буцаагаад тэнэмэл байдал уруу оруулмааргүй байна. Багшийгаа дэмжиж, хамтдаа асуудлуудаасаа гаръяа” гээд л ярилцана. Тэгэх зуураа хүүхдүүдээ ажиглаад л байлаа. Гэтэл хүүхдүүд дунд бас толгойлдог атаман /толгойлогч/ байдгийг мэдэв. Өөрсдөө ч “Атаманаа” гэдэг. Тэгээд тэд нарыг өөрийнхөө арга барилд оруулах ёстой юм байна гэж бодсон. Ингэж байж хүүхдүүдээ зангиддаг, удирддаг, уриалдаг болов. Мөн үүнийхээ хажуугаар орчноо сайжруулахаар янз бүрийн төслүүд бичиж, олон байгууллагуудад явуулж байлаа.

Тэр үед хүүхдүүдийн хувьд хамгийн чухал хэрэгцээ юу байв?

- Байшин ерөөсөө маш муу, тухгүй байв. Өвлийн хүйтэнд дулаан их алдана. Сиймгэр, бараг хананы завсраар гадаах харагдахаар онгорхой цоорхой ихтэй, халдаггүй, битүү утаатай байдаг байв. Барьсан хүмүүстэй нь уулзаж, дахин засуулъяа гэхээр ер халгаахгүй. Тэгсэн ашгүй Америкийн Энэрэлийн байгууллагаас дулааны шугам байгуулах төслийг маань дэмжиж, санхүүжүүлэхээр болов. Энэ маш чухал ач холбогдолтой ажил болсон юм. Хүүхдүүдийн орчин нөхцөл сайжирч, усанд орох, ариун цэврийг сахих зэрэг хамгийн наад захын хэрэгцээ хангагдахын зэрэгцээ салдаггүй бөөс хуурс, хамуу зэргээсээ салж эрүүлжиж эхлэв. Ерөөсөө дулааны шугамын асуудал шийдэгдсэн нь ахуйн асуудлуудаа шийдэхээс гадна дараа дараагийн бүтээн байгуулалтын ажилд ч ихээхэн түлхэц болсон.

“Нарны хүүхдүүд” төвийн хүүхдүүдийг ардын урлагийг гаргууд эзэмшсэн гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Энэ ажил хэдийгээс эхэлсэн юм бэ?

- Орчин нөхцлөө сайжруулж, арай дөмөг болсны дараа, хүүхдүүдээ ардын урлагаар хүмүүжүүлье гэх бодол төрөх болсон юм. Учир нь хүүхдүүд хулгай зэлгийд өртөж, элдэв болох бүтэхгүй юманд орооцолдоод ер болохгүй байв. Тэгээд завгүй байлгах нь зөв юм байна шийдсэн. Эхэндээ ер нь ажил хийх их дургүй. Дургүйцээд л, юм хийлгэх гэхээр бараг л явчих гээд. Аргалж, эвээр, тоглоомын хэлбэрээр хийлгэнэ. Надад багш мэргэжил, сурсан мэдсэн маань тэгэхэд их хэрэг болсон доо. Жишээ нь хашааныхаа хогийг цэвэрлэхийн тулд “Бүгдээрээ байлдаанд орох боллоо. Талбайд тэсрэх бөмбөг нуусан байна. Арилгацгаая” гэнэ. Тэр жилийн хавар анх удаа хашаандаа хүнсний ногоо тарихаар болов. Тэгсэн манай хэд бүр дургүй. Тэгэхээр нь хэн сайн ногоо тарьж их ургац авна, тэрийгээ өөрөө зарж, мөнгөө авна гэсэн чинь хүүхдүүдийн идэвхи өөр болоод эхэлсэн. Анхныхаа ногоог бүгдийг нь хүүхдүүддээ өгч, заруулсан. Багш нар маань эхэндээ ойлгохгүй, өөрсдөө тарьчихаад гаднаас худалдаж авлаа гээд л. Гэхдээ хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрүүлэх гэсэн энэ оролдлого зөв байсныг дараа нь ойлгосон. Хүүхдүүд бөөн баяр. Нэг их мөнгө биш л дээ. Гэхдээ л өөрийн гэсэн мөнгөөрөө дуртай юмаа авна. Хөөрхөн, хөөрхөн юм авчихсан. Орой нь үзэсгэлэн гаргахад, хамгийн их хөдөлмөрлөснийх нь их, бага ажилласных нь бага байх жишээтэй. Хэрэв би тэр ногоог бүгдийг нь хурааж аваад, мөнгийг нь хямгадчихсан бол хүүхэд дараагийн удаад ажиллах сонирхолгүй болно. Тиймээс тарьсан ногоогоо бүгдийг нь хүүхдүүддээ өгч заруулсан. Үүний зэрэгцээ ардын урлагаар хичээллүүлэх гэж хөөмий, морин хуур, бүжгийн багш цагаар ажиллуулж эхлэв. Тэгсэн 2005 онд авъяаслаг таван хүүхдийн концертийг Японд тоглуулахаар боллоо. Хүүхдүүдээ явуулах гээд бэлдэж байтал гадуур бөөн яриа. “Эрдэнэчулуун тараншейны хүүхдүүдийг Японд аваачиж Монголын нэрийг гутаах гэлээ. Дарханд өчнөөн авъяастай хүүхдүүд байхад...” гээд л. Элдвээр ярьж эхлэв. Манай багш нар санаа нь зовоод л... Тэгэхэд би “Хамаагүй ээ. Ярьж л байг. Намайг юу гэх ер хамаагүй. Харин энэ үйл явдал хүүхдүүдийн маань ирээдүйдээ итгэх итгэлд маш их хэрэгтэй. Тиймээс өөрийнхөө хүүхдүүдээр тоглолтоо бүрдүүлнэ” гэсэн. Үнэндээ энэ их том хариуцлага байв. Учир нь ямар ч авъяас нь тодроогүй хүүхдүүдийг тэгээс эхлэн бэлдэж, богино хугацаанд гадаадын үзэгчдийн өмнө тайзан дээр гаргаж, бүрэн хэмжээний тоглолт хийнэ гэдэг үнэхээрийн том ажил байсан юм.

Мэдээж, тоглолт амжилттай болсон байх даа?

Тоглолт сайхан болж, үзэгчид өндрөөр үнэлсэн. Мөн хүүхдүүдийн маань урам зоригийг бадраасан үнэхээрийн сайхан үйл явдал байв. Үүнийг би одоо болтол миний хийсэн хамгийн зөв ажил гэж боддог. Бид хүүхдүүдийнхээ авъяасыг харж, шилж сонгож аваагүй. Зүгээр л, байгаадаа ардын урлагийг зааж сургасан. Гэхдээ манай хүүхдүүдэд тэсвэр тэвчээр, үүнийг сурах ёстой гэсэн бие даах чадвар байдгаараа бусад жирийн гэр бүлд өсч буй хүүхдүүдээс ялгаатай. Манай ардын урлаг үнэхээрийн гайхамшигтай. Монголын түүх, соёл, зан заншил бүгд түүнд шингэсэн байдаг бөгөөд хүүхдүүд энэ мэдлэгийг олж авахын зэрэгцээ хатуужил, тэсвэр тэвчээр, зорилгодоо тууштай байх чадвар, гоо сайхны хүмүүжлийг олж авч байдаг юм. Би ч бас өөрөө энэ бүхэнд алхам тутамдаа суралцаж явна.

4. БҮТЭЭН БАЙГУУЛЖ, АСРАН ХҮМҮҮЖҮҮЛСЭН ОН ЖИЛҮҮД

Та түрүүн бүх юмаа хүүхдүүдтэйгээ зөвлөж ярьдаг гэж байсан. Яагаад?

- Зөвлөж ярихгүй бол болохгүй шүү дээ. Өөрсдөд нь хамааралтай зүйл дээр өөрсдөөр нь шийдвэр гаргуулах хэрэгтэй. Тэгэхгүй шууд л тулгаж “хий!” гэж ер болохгүй. Жишээ нь бид энэ ардаа монгол гэр барьчихсан байгаа биз. Үүнийг барих мөнгө манайд байхгүй. Санаагаа анх хүүхдүүддээ “Манай зочид дандаа гадуур буудалд буудаг. Тэгвэл эндээ орчин үеийн шийдэлтэй монгол гэр бариад буулгаж байвал зочдод ч, бидэнд ч хэрэгтэй. Орлогоо хувцас, хичээлийн хэрэглэлийн зардалдаа нэмэрлэе” гээд “Багш нь цалингийн зээл авъя. Та нар юу гэж бодож байна?” гэхэд хүүхдүүд ч, багш нар ч “Тэгье. Өөрсдөө баръя” гэсэн. Харахад монгол гэр ч бүх юм нь орчин үеийн шийдэлтэй. Шалны халаалт, бохирын систем, сангийн асуудлыг нь шийдсэн. Тэгээд том хөвгүүд, багштайгаа нийлж наймуулаа хийж дуусгасан даа. Одоо ихэнх зардлаа олж, багахан зээл үлдээд байгаа.

Мундаг юмаа. Гэхдээ танай санхүүжилт Японоос орж ирдэг биз дээ?

- “Нарны хүүхдүүд” асрамжийн төвийг 2006 он хүртэл Японы азийн хүүхдийг ивээх сан санхүүжүүлж байсан юм. Одоо бол тийм биш. Санхүүжилттэй байх үедээ бид жил бүрийн тоглолтын орлогоороо байшин барилгаа нэмэгдүүлж, сайжруулах ажлуудаа хийдэг байлаа. 2005 онд Урлагийн сургуулиа, 2006 онд охидын байраа, дараа нь Амьдрах ухааны төвөө барьж, хамгийн сүүлд 2016 онд авто угаалгын газартай болсон. Авто угаалгын газрыг барихад дотор заслын ажлуудыг манай хүүхдүүд бүгдийг өөрсдөө хийсэн. Учир нь төсөв бага байсан тул бага зардал гаргах гэж тэр. Тиймээс цалин хөлс огт төлөвлөгөөгүй. Гэхдээ хэн хэрхэн ажилласан тухай тэмдэглэлийг өдөр тутам ягштал хөтөлж байлаа. Тэгсэн авто угаалгын нээлтийн үеэр их сонирхолтой юм боллоо. Бид нөгөө тэмдэглэлээ томоор бичээд ханандаа хадсан байсан юм. Нээлтэнд ирсэн зочдоо харанхуйд авчираад, гэнэт хөгжим эгшиглүүлж, гэрлийг нь асаахад Япончууд ёстой их гайхсан. “Бидний өгсөн жоохон мөнгөөр ийм юм хийчихнэ гэж бодоогүй. Бахархалтай байна” гээд баярлаж уйлаад л... Тэгснээ ажилласан тухай тэмдэглэлийг харчихаад, хүүхдүүдээ цалин өгнө гээд бужигнаж, тэр дороо бараг гурван сая гаруй төгрөг цуглуулчихсан байв. Бүх хүүхдүүддээ цалин өгсөн. Мэдээж өдөр бүр хичээнгүй ажилласан нь илүү авч, харин залхуурсан нь хоосон хоцорсон доо /инээв/. Энэ үйл явдал хэн илүү хөдөлмөрлөнө, тэр илүү шагнагддаг гэдгийг хүүхдүүдэд дахин харуулсан юм.

Тэгэхээр 2007 оноос хойш та бүхэн ихэнх санхүүжилтээ өөрсдөө босгодог болсон байх нь? 

- Тийм. Үндсэндээ Японд жил бүр тоглодог тоглолт маань хэд хэдэн зорилготой байдаг. Нэгд мэдээж орлогоороо жилийнхээ үндсэн зардлыг босгох, хоёрт дэмжигчдийнхээ тоог ахиулах, гуравт үндэсний урлагаа сурталчилж, японы соёл зан заншлаас суралцах. Ийм зорилготой яваад, үүргээ амжилттай биелүүлээд ирдэг. 2007 онд нэг асуудал гарснаас хойш санхүүжилтээ бид өөрсдөө олохоор зорьдог болсон. Үүнд Япончууд их талархалтай ханддаг. Жишээ нь хувцас, хичээлийн хэрэглэлийн зардлыг тэднээс авдаггүй. Өөрсдөө л олно. Оёдлын цех маань жилдээ 1000 ш кимоно оёж Буддын сүмд нийлүүлэхийн зэрэгцээ захиалгын пальто, хослол гэх мэтийг оёж байна. Тэрийг хүүхдүүдийнхээ хувцас хичээлийн хэрэглэлийн зардалд зарцуулдаг. Өмнө нь 24 цагаар ажилладаг 100 хүүхдийн халамжийн цэцэрлэгтэй байхдаа хувцасны мөнгийг нь нарийн боовны цехийнхээ орлогоосоо олдог байв. /цэцэрлэг 18 жил ажиллаад зогссон/. Олон хүүхэдтэй айл чинь засч сэлбэх юм мундахгүй. Асрамжийн төвд өдөр тутмын засвар үйлчилгээ байнга гарна. Зардал нь ч багагүй. Тиймээс урлангийн орлогоо үүнд зарцуулдаг. Ус, дулаан, цахилгаан гээд урсгал зардал өндөр. Өвөлдөө дунджаар гурван сая нэлээн илүү гарна. Үүнийг авто угаалгын газраасаа олно. Бас оюутнуудынхаа хувцасны мөнгийг олно. Заримдаа чадахгүй үе ч байна. Ер нь манайх бусад асрамжийн төвүүдээс ялгаатай нь энэ. Япончууд хүртэл “Нарны хүүхдүүд” шиг мөнгөө өөрсдөө олдог асрамжийн төв дэлхийд байхгүй гэж биднээр бахархан ярьдаг юм. Тэндэхийн асрамжийн төвүүд гэхэд маш өндөр санхүүжилттэй байдаг юм билээ. Тэгэхэд манайд улсын асрамжийн төв хоёрхон, бусад нь бүгд гадны бүрэн санхүүжилттэй байгаа. Харин “Нарны хүүхдүүд” л өөрсдөө өөрсдийнхөө санхүүг босгож байна.

Гайхалтай. Тусламж дэмжлэг хэрэгтэй энэ олон хүүхдүүдийг зөв хүмүүжилтэй өсгөж, сурган, боловсрол эзэмших нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ бас бүтээн байгуулж ирсэн таны үйлс үнэхээр бахархам юм. Хүүхдүүдийн амьдрах орчин ч сайхан байна...

- Энэ бүхэн манай том гэр бүлийн өмч юм шүү дээ. Анхны хүүхдүүдээс маань одоо нийт 51 хүүхэд төгсч, 42 нь дотоодын их дээд сургуульд, ес нь тусгай мэргэжлийн сургуульд, найм нь гадаадад америк, швейцарь, орос, япон, хятад зэрэг улсуудад сурч байна. Зарим нь ч их дээд сургуулиа төгсч, эхнээсээ ажлын байртай, амьдралтай золгож эхэллээ. Энэ жил найман шинэ оюутантай. Тэднийхээ сургалтын төлбөр, байр хоолны мөнгийг төлнө. Бас хүүхдүүдээ гэр бүл болоход ар нь болж бэр гуйна, хүргэцүүлээ хүлээн авна. Үр ач, зээ нараа угтан тосч байна. Амьдрал үргэлжилж, хүүхдүүд минь өссөөр, бид улам олуулаа улам өнөр өтгөн болсоор байна. Гэвч амьдрал л юм хойно зовлон жаргал хослон хүүхдүүдэд маань янз бүрийн бэрхшээл тохиолдох л юм. Хүчирхийлэлд өртсөн явдал гарлаа. Зарим хүүхдүүдийг маань асрамжийн төвд өссөн гэж голох, хэлэх хэлэхгүй муухайгаар хэлэх явдал гарч байна. Асрамжийн төв гэхээр л “аймшгийн газар” гээд бодчихсон хүмүүс байх юм. Үнэндээ миний хүүхдүүд ямар ч айлын хүүхдээс дутахгүй, ажилтай бол ажилтай, оёж шидэх, угааж цэвэрлэх, хоол унд, нарийн боов хийх гээд эзэгтэйн хийдэг бүхнийг сурчихсан, эрчүүд нь засвар үйлчилгээ, хар бор ажил, засал чимэглэл гээд чадахгүй юм байхгүй. Тэсвэр хатуужил, амьдралын ухаантай, яг цагаа тулбал баян тарган айлын хүүхдүүдээс төө илүү дээ гэж би бардам боддог. Хүүхдүүдийг маань голохоор үнэхээрийн гомдох юм. “Золбин” гэх муу үгэнд хачин их шаналж байна. Аав ээж нь эрт нас барсан гээд хүүхдүүд буруутай юу, эрт өнчрөх нүгэл үү??? Өнчрөл хагацал хорвоогийн жам, хүн болгоныг дайрч ирдэг хар шуурга /Түүний хоолой нь зангирч, нулимс нүдийг нь бүрхэн ирэв/. Хэнд ч тохиолдоно. Зүгээр, манай хүүхдүүдэд л эрт ирчихсэн юм. Тэглээ гээд хүүхэд буруугүй. Хорвоод хүн эцэг эхээ сонгож төрддөггүй шүү дээ.

5. БЭРХШЭЭЛ ТУУЛААГҮЙ АМЖИЛТ ГЭЖ ҮГҮЙ

2007 онд нэг асуудал болсон гэсэн. Тэр юу болсон юм бэ?

- Өө тэр их хэцүү юм болсон. Япончууд гэнэт, ямар ч тайлбаргүйгээр санхүүжилтээ зогсоочихов. Бид бүр гайхаад. Тэгсэн “Хүүхдүүдийн мөнгийг Эрдэнээ багш хувьдаа ашиглаж байна. Та нарыг ирэхээр энд тэндээс хүүхдүүд авчирч харуулдаг” гэх худал гүтгэлгийн үгтэй захиа удаа дараа очсон юм билээ. Захиа бичихээр чи ингэсэн, тэгсэн гээд. Бүүр учрыг нь олдоггүй. Багш нар ч бичээд, хүүхдүүд ч бичээд л. Тэгэхээр “Хүүхдүүдээр битгий худал юм бичүүлээд бай” гэнэ. Би эндээ цэцэрлэгийн 100, асрамжийн 40, нийт 140 хүүхэд, арван хэдэн багштай. Ганц ч мөнгөгүй. Хүүхдүүдээ хоол ундгүй болгочих гээд сандарч байлаа. Эхнээсээ цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхчүүд дайрч давшлаад “Хүүхдийн мөнгө идчихлээ..” энэ тэр гээд. Гадуур явахаар “Хүүхдийн мөнгө иддэг авгай” гэж орилж хашгираад, чулуу мулуу шидэх энүүхэнд. Тэгсэн намайг эдийн засгийн хүнд гэмт хэрэг хийсэн гээд цагдаа дуудаж, байцааж эхлэв. Аргаа бараад шинэ орчуулагч авч бүх япон аав, ээжүүддээ хандан захиа бичлээ. “Та нар бодит байдал дээр ямар байгааг ирээд үзээчээ. Би олон сар тэслээ. Өөрийнхөө байрыг ч зарлаа. Тэгээд ч хүрэхгүй байна. Арав гаруй сая төгрөгийн өртэй боллоо. Хүүхдүүдээ тараачихвал эд маань яах билээ. Буцаад гудамжинд гарах гээд байна” гээд л учирлаад байв. Хүнд үед хүлээгээд суугаад байвал хэн ч юу ч өгөхгүй юм билээ. Эхэндээ өөр санхүүжилт олчих гээд Улаанбаатараар явж, олон газруудад албан бичиг өгч, том том компаниудаас зөндөө гуйсан. Ёстой намайг хүн гэж авч хэлэлцээгүй. Тэгээд “Одоо яах билээ, миний давуу тал юу байна” гээд бодоод сууж байхдаа “Надад ердөө хүүхдүүд бас багш нар минь байна. Тиймээс энэ хүчээ ашиглах хэрэгтэй” гэж бодсон. Тэгээд зээлээр баахан оёдлын материал, бас гадаадыхны сонирхож худалдан аваад байсан нэг их гоёмсог ширээний гоёлыг Их дэлгүүрээс худалдаж аваад буцсан даа.

Оёдол хийхээр шийдсэн хэрэг үү?

- Өөрсдийнхөө хүчээр асуудлаасаа гаръя гэж бодсон юм. Гэвч баахан материалтай ирсэн ч, оёж чаддаг хүн манайд байгаагүй. Нэг л багш маань жаахан дөртэй. Тэгээд “Ямар ч байсан оё” гээд нөгөөхөө хүлээлгээд өгчихөв. Ингээд охидууд маань оёод, хөвгүүд хайчилбар хийгээд, баахан бүтээгдэхүүн үйлдвэрлэчихлээ. Гэвч дорвитой зарж борлуулж чаддаггүй.

Нөгөө асуудал юу болсон бэ? Шүүхээр шийдвэрлүүлсэн үү?

Энэ үед япон аав, ээжүүдээс санхүүжүүлэгч байгууллагад хандаж, өмгөөлөгч хүртэл авч ирэх юм болж байлаа. Гэвч япон өмгөөлөгч энэ асуудлаар Монголд ажиллах боломжгүй байв. Тэгсэн Ж.Сосорбарам гэж их алдартай өмгөөлөгч “Би ажиллая. Ямар ч үнэ хөлс авахгүй. Олон өнчин хүүхдэд тус болъё” гээд намайг өмгөөлөхөөр болж, Дарханд ирлээ. Тэр хүнд үнэхээр их баярлаж явдаг. Шүүх хуралдаан болж, миний буруугүй гэдэг тогтоогдсон. Удалгүй Япончууд ирж уучлалт гуйгаад “Эрдэнээ багшид өчүүхэн ч буруу алга. Харин ч бахархаж байна. Энэ олон сар хүүхдүүдээ тараалгүй, авч явж байж” гээд, би нэг баатар шиг болоод л, бүгд баяр хүргээд, тэгээд “Одоо яах билээ. Яаж туслах вэ?” гэхээр нь “Бид өрнөөсөө гарах хэрэгтэй байна. Гэхдээ энэ өрийг бид тавьсан учир өөрсдөө дарах ёстой. Та нараас мөнгө авахгүй ээ. Харин зөндөө их оёсон юм байгаа. Сайхан ч оёсон. Үүнийг зараад өгөөч” гэж хэлсэн. Тэгсэн бүгд алга ташаад “Бид Эрдэнээ багшид туслах ёстой. Бүх юмыг аваачиж зарна” гээд авч явахаар боллоо. Бид бүтээгдэхүүндээ “Нарны хүүхдүүд” гэсэн шошгыг тусгайлан хийж, “Асрамжийн төвийн хүүхдүүдийн бүтээл таньд аз жаргал авчирах болтугай. Урт удаан наслаарай” гэж бичээд явуулсан. Тэгсэн очингуутаа маш хурдан зарагдаж дуусаад, бүх өр маань дууссан даа.

Тэгэхээр эрсдэлд бэлэн байх үүднээс зарим зардлаа өөрсдөө олдог болохоор шийдсэн байх нь...

- Тийм ээ. Үүнээс бид маш том сургамж бас их урам авсан. Тэр үед манай хүүхдүүд ёстой уйгагүй хичээн ажиллаж байв. Намайг гутрахаар хүүхдүүд ч гутарчихдаг байсан тул, би өөртөө ингэж болохгүй, цоглог байх ёстой, ядаж л үсээ гоё янзалж байхгүй бол болохгүй гэж бодож, зоригжуулдаг, сэтгэлээр унаж байсан ч гаднаа юу ч болоогүй юм шиг явдаг байлаа. Багш нарыгаа ч бас тэгэхийг шаардана. Харин тэгж арван сар болоход манай багш нараас нэг нь ч ажлаасаа гараагүй шүү. “Үнэний төлөө хамтдаа тэмцэнэ” гээд цалингүй, цаг наргүй ажиллсан. Бүгдэд нь орон байр юу ч байгаагүй. Цалингүй. Түрээсийн мөнгөгүй болчихоод энд тэндээс хөөгдөөд л.. Тэгсэн ч хэн ч орхиж яваагүй. Хамт байсан багш нартаа маш их баярладаг. Бид баахан цувдай авна. Тэрийгээ хямд ногоогоор хачирлаад, осолгүй хүүхдүүдээ хоосон хонуулчихгүй аргалаад л байв. “Ийм юм өгч байгаад уучлаарай. Багш нь мах авч чадахгүй байна” гэхээр “Юу ярьж байгаа юм” гэнэ. Хүүхдүүд намайг ёстой ойлгодог байсан. Хааяа сэтгэлээр унахаар нэг их хөөрхөн захианууд ирнэ. “Хайртай шүү, та минь байгаа болохоор бид жаргалтай байна” гээд л хүзүүгээр тэвэрнэ. Тэгэхэд нь их эрч хүч авдаг байв. Хүүхдүүдээ орхивол эд ч унана, бас би ч өөрөө унана. Тиймээс хүчтэй, сэтгэлийн хаттай байх ёстой гэж өөрийгөө зоригжуулдаг байлаа.

6. БАГШ БАЙХЫН ТУЛД ЭХЛЭЭД ЭХИЙН СЭТГЭЛЭЭР ДҮҮРЭН БАЙХ ЁСТОЙ

Багш хүнд, хүүхэдтэй ажиллахад юу хамгийн чухал вэ?

- Сэтгэл. Хамгийн гол нь хүүхэд бүрийг өөрийнхөө хүүхэд шиг бодож чадвал, тэгээд л болно. Би багш нартаа “Ерөөсөө миний хүүхэд өөр айлд төрчихөөд ингээд явж байнаа гэж сэтгэлдээ төсөөлөөд бод. Чин сэтгэлээ гаргавал хайрлаж чадна” гэж хэлдэг. Чоно хүртэл хүний хүүхдийг өсгөөд, хайрласан түүх байдаг. Тэгэхэд хүн яагаад хүнийхээ хүүхдийг хайрлаад, хамгаалаад байж болохгүй гэж. Багш хүний гарт хүүхдийн хувь заяа, багш хүний үзэгний үзүүрт хүүхдийн амьдрал байдгийг хэзээ ч мартаж болохгүй. Ялангуяа ахлах ангид ороод ирэхээр багш нар хүүхдүүдэд ялгавартай хандах, дүн дээр шударга бус байх зэрэг асуудал гарах юм. Ингэж болохгүй ээ. Миний хүүхдүүдэд ч ийм юм тохиолдож байна. Багш таны үзэгний үзүүрт хүүхдийн хичээл зүтгэл бий. Залхуурсан ч бай тэр хүүхдийг ойлгох ёстой. Багш хүн хүүхэд бүрийнхээ амьдралыг мэддэг байх ёстой.

7. ХҮҮХДҮҮД МИНЬ НАМАЙГ ХҮМҮҮЖҮҮЛСЭН

Та өөрөө өөрийгөө хүмүүжүүлээд яваа хүн шиг санагдлаа?

- Өөрийгөө биш ээ. Харин хүүхдүүд, энэ ажил маань намайг хүмүүжүүлсэн шүү. Би хэр баргийн доромжлолыг тэвчиж өнгөрүүлж сурсан. Эхлээд ч галтай дөлтэйгөө үздэг байлаа. Гэвч сүүлдээ буруу юм байна гэдгийг мэдсэн. Зүгээр л бусдын үгийг сонсох ёстой. Би ихэвчлэн нийгмийн хамгийн хүнд хэцүү бүхнийг давж байгаа эцэг эхчүүд, хүүхдүүдтэй ажилладаг. Ийм л хүмүүст туслах гэж, энэ ажлыг хийж байгаа. Тиймээс тэднийг ойлгох ёстой. “Хөөрхий, амьдралын хүнд хэцүүгээсээ болоод бухимдаад явж байгаа” гэж бодож зөөллөж, уучилдаг. Өнчрөл, үхэл хагацал, мөнгөгүй, өртэй, хоолгүйн зовлон, өвчин, архи... Дандаа тийм асуудалтай хүмүүс байдаг. Би бүр цохиулж, зодуулж ч явсан. Гэсэн ч гомддоггүй. Багш нараа ч бас тэгж хүмүүжүүлсэн. Хүмүүс орилоод, хашгираад дайраад ороод ирдэг. Тэгэхэд нь аль болох ойлгож, тайвшруулаад, яаж ийгээд туслаад гаргана. Би тэр хүнийг уучилах ёстой. Бас өөртөө дайсангүй байх ёстой.

Сонин философи байна...

- Хүүхдүүдээсээ хүртэл хааяа гомдмоор үг сонсоно. Уйлах ч үе их гарна. Гэхдээ тийм үед тайвширч байгаад, тэр хүний талд бодоод үзэхээр уучлах сэтгэл төрдөг. Ер нь хүн хамгийн дотно гэсэндээ л хамаг муу аашаа гаргах нь бий. Тиймээс баллуурдаж бодох хэрэгтэй. Уучлах сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Яагаад гэвэл би багш хүн, ээж хүн. Ээж гэдэг их эрхэм үг юм билээ. Би өмнө өөрийнхөө дөрвөн хүүхдээр “ээж” гэж дуудуулж байхдаа ер ухаарч боддоггүй байж. Харин энэ хүүхдүүд минь намайг “ЭЭЖ ЭЭ” гэхээр үнэхээрийн агуу НЭР ХҮНД юм байна гэдгийг ухаарсан. Тиймээс, ээж учраас өөрийнхөө биеийг хүртэл хамаг чадлаараа арчилж, торддог болсон. Нас минь явж байна. Гэсэн ч би хүүхдүүддээ хамгийн гоё ээж харагдах ёстой гэж боддог.

Танай Цагаан сарын золголт их өргөн болдог байх даа?

Тэгэлгүй яахав /Аз жаргалтайгаар инээмсэглэв/. Бүх хүүхдүүд маань, ач, зээ, хүргэн бэрүүд гээд бүгд ирнэ. Одоогоор нийт 22 хүргэн бэр, 28 ач зээтэй. Өнөр өтгөн болсон. Золгох дараалал ч нэлээн урт шүү. Япончууд одоо том болж, амьдралд хүрсэн нь эргээд дүү нартаа хандив өгөх хэрэгтэй гэдэг. Би бол “Болоогүй. Хэрэггүй” гэдэг. Хүүхдүүд минь өөрсдөө, өөрсдийнхөө амьдралыг босгох гээд зүтгэж байна. Тэдэнд ямар нэг юм болоход гүйгээд очих эцэг эх, ах дүү байхгүй. Бүхнийг өөрсдийнхөө хүчээр босгох гэж хичээж байгаа. Тиймээс би “Үнэндээ хүүхдүүдээсээ авч чадахгүй нь ээ” гэж хариулдаг. Харин янз бүрийн асуудал тохиолдоход манай хүүхдүүд хэнээр ч хэлүүлэхгүй өөрсдөө нэгдсэн байдаг юм. Үхэл, зовлон жаргал юу эс тохиолдохов. Тэр үед яг л 90 хэдэн ам бүлтэй айл шиг цугларч, нэгдэж, нягтарч чаддаг. Нэг ээжээс төрөөгүй ч, нэгэн эхийн хүүхэд болж өссөн, нэг айлын хүүхдүүд юм шүү “Нарны хүүхдүүд”.

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Лхагвасүрэн.Б (202.126.89.30)
    Үгээр хэлэхийн араггүй хөдөлмөрч хүн шүү та
    2019 оны 09 сарын 12 | Хариулах
  • ard (103.57.92.156)
    Gaihamshigtai , estoi l Mongol eej bndaa , iim busguichuud olon baigaasai
    2019 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (61.22.162.161)
    Үнэхээрийн агуу сэтгэл шүү
    2019 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.161.17)
    Үнэхээр гайхамшигтай сайхан сэтгэлтэй, зорьсондоо хүрдэг, уужим эмэгтэй шүү. Хамтран ажиллаж байсан. Хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэл нь үйлсийг нь бүтэмжтэй байхад чухлаар нөлөөлдөг байх гэж боддог. Амжилт хүсье.
    2019 оны 09 сарын 10 | Хариулах
  • зочин (202.179.25.179)
    ямар агуу сэтгэл, агуу тэвчээр ухаан хайр вэ, гайхалтай эмгэтэй юмаа, амжилт хүсье
    2019 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.126.89.82)
    Mundag hun shuu gaihaltai
    2019 оны 09 сарын 09 | Хариулах
2091   6
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох