Лхагва 2019-01-02 Дархан
Гэрлээ асаая   2019-08-08

Жоо Содоог “Эв нэгдлийн мөнгөн од” одонгоор шагналаа

  МУСТА, Өвөрмонголын алдарт морин хуурч Жоо Содоо өчигдөр Дархан-Уул аймаг дахь “Нарны хүүхдүүд” асрамжийн төвд зочилж, тус төвийн авъяаслаг хуурч хүүхдүүдтэй уулзлаа. Энэ үеэр Монголын Залуучуудын холбооноос, Жоо Содоогийн хоёр орны хооронд урлаг, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хүүхэд залуусын авъяасыг дэмжин дэлгэрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн "Эв нэгдлийн Мөнгөн од” одонгоор шагнасныг тус төвийн тэргүүн, Монгол Улсын Гавъяат багш С.Эрдэнэчулуун гардуулан өгсөн юм.

 Морин хуурч Жоо Содоо хэлэхдээ “Морин хуурынхаа хөг аялгуугаар хөглөгдөн, угсаагаа марталгүй, урагш чармайн хичээж явах нь Монгол үндэстнийхээ төдийгүй дэлхийн соёлд хувь нэмрээ оруулж буй явдал гэж би хувьдаа тунгаан боддог. Энэ сайхан хувь тавилантай учруулж, морин хуурыг зааж сургасан алдарт морин хуурч, багш Чибулаг, Чин овогт Чинбаяр, Ма Хай Жин нартаа маш их баярлаж талархаж явдаг. Өнөөдөр “Нарны хүүхдүүд” төвийн хүүхэд багачуудын морин хуураар наадахыг үзээд сэтгэл үнэхээр их хөдөллөө. Маш авъяаслаг, хөдөлмөрч хүүхдүүд юм. Тэдний ирээдүй гэрэлтэй сайхан байх ёстой. Миний бие энэ хүүхдүүдийг дэмжин ажиллаж, цаашид тоглолтыг нь Хөх хотод зохион байгуулна” хэмээн ярьж байв.

  Жоо Содоо нь БНХАУ-ын нэгдүгээр дэсийн алдарт морин хуурч, Монгол үндэстний бахархалт хүн Чибулаг багшийн гарын шавь юм. Мөн тэрбээр манай Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын уран бүтээлчидтэй хамтран, дэмжин ажилладаг бөгөөд Хөх хотод бүрэн хэмжээний тоглолтоо тавихад нь ихээхэн хүчин чармайлт гарган, амжилттай зохион байгуулж байсан.

  “Нарны хүүхдүүд” төвийнхөн түүнд морин толгойн ясаар их биеийг нь хийж, цалин цагаан мөнгөөр дөрвөн их хүчтэнийг урласан, цор ганц хуурыг дурсгал болгон хадгалууллаа. Энэхүү хөгжим нь тус төвийн гар урлалын багш Б.Нямдаваагийн бүтээл ажээ.    

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

392   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох