Лхагва 2019-01-02 Дархан
Гэрлээ асаая   2019-07-11

МОНГОЛ БИЧИГ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛИЙГ СЭРГЭЭХ ШИДТЭЙ

Эртний Грекийн “каллос” буюу “ГОЁ”, “графия” буюу “БИЧИГ” гэх үгнээс бүрдэх КАЛЛИГРАФ-ийг урлагийн нэгэн төрөл гэж үздэг. Энэ нь зөвхөн гоё сайхан бичих төдий бус уран нарийн санаа, өгүүлэмж гаргадгаараа онцгой урлаг.

Дархан-Уул аймгийн 18 дугаар дунд сургуулийн монгол хэл, бичгийн багш, уран бичээч Б.БУЛГАНЧИМЭГ:

Их сайхан сэдвээр ярилцах боломж олгосон таньд их баярлалаа. Аливаа улс үндэстний бичиг үсэгт, тухайн ард түмний оюун санаа, сэтгэлгээ, ухамсрын бүхий л соёл агуулагдаж байдаг гэдэг...

-  Тийм ээ. Аливаа улс үндэстэн бүр өөрийн бичиг үсэгтэй бөгөөд энэ нь тухайн ард түмний ахуй, соёл, зан заншлын илрэл байдаг. Мөн бичиг үсэг үндэстнийхээ оюун санаанд нөлөөлдөг ч гэх үзэл бий. Тухайлбал ханз үсгийн үг бүр нь дүрсээр илэрхийлэгдсэн тул сурахад их хүнд. Манай үндэсний босоо бичиг ч үсэг, дүрс ялган, олон янзаар бичдэг онцлогтой. Ийм агуу соёлоосоо холдож, энгийн бичгийг сонгосноор Монголчуудын оюун санааны хөгжил суларсан гэж зарим судлаач үздэг юм билээ. Ер нь бичиг үсгээ дээдэлдэг ард түмний хөгжил илүү өндөр гэдэг.

Монголчууд олон төрлийн бичиг үсэгтэй байсан. Одоо хэрэглэж байгаа крилл бичгийн эс тооцвол бүгд босоо бичиглэлтэй байдаг. Энэ нь мөнх тэнгэрээ дээдлэх бэлэгдэлтэй холбоотой болов уу?

Монгол бичиг бол өөрөө хүмүүн бичиг. “Хүн” бичиг юм. Цацлага, нум, гэдэс, титэм, шүд, нуруу, сүүл гээд бүгд хүний бүтцийг агуулсан байдаг бөгөөд дөрвөлжин бичиг, соёмбо үсэг, уйгаржин монгол бичиг гээд бүгд босоо бичлэгтэй, нар зөв эргэлттэй байдаг. Энэ нь Монгол хүний бие махбоди, сэтгэл зүй, физиологид зохицсон, монгол ахуйд хэрэглэхэд тохиромжтой, онцгой шинж чанар юм. Жишээ нь монгол хүн, монгол бичгээрээ мориноосоо буухгүйгээр, хүссэн үедээ хурдан бичиж болдог. Мөн үндэсний дээл хувцас, босоо монгол бичгээ хараад огшиж, омогшдоггүй Монгол хүн ховор байдаг биз дээ. Энэ нь монгол бичиг бидний бие физиологи, сэтгэл зүйд зохицон заяагдсаных болов уу. Ер нь Монгол бичиг Монголчуудын сэтгэлийг сэргээдэг увидастай шүү.   

Монгол бичиг, уран бичлэгийг сурахад юу хамгийн чухал вэ? Эхлэн сонирхогч нар юунаас эхлэх хэрэгтэй бол?

-  Ерөөсөө л зүтгэл хамгийн чухал. Авъяас 1%, зүтгэл 99% гэж үг байдаг даа. Үнэхээр таньд туйлын хүсэл эрмэлзэл байгаа бол сайн сурч чадна. Бас мэдээж сайн багш хэрэгтэй. Хөдөлмөрлөж, өөр өөрөөр бичиж үзэж байх явцдаа уран бичлэгийн аль төрлөөр бичихээ та өөрөө сонгоно. Таталган бичих, гүйлгэн бичих бас дөрвөлжингөөр эвхэх гэх мэт.

Таны хамгийн их ур ухаан, цаг хугацаа, сэтгэл зарж хийсэн бүтээл ямар бүтээл байдаг вэ?

-  Жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор болдог “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн улсын уралдаан болдог юм. Тус уралдаанд их өндөр шалгуурыг хангаж байж оролцдогоороо онцлогтой. Би 2015 онд шалгуурыг хангаж оролцох болсон. Энэ миний мөрөөдөл байв. Тэгээд багшийнхаа урланд сууж, долоо хоног бодон тунгааж байж “Мандухай” бүтээлээ туурвисан даа. Бүтээлийнхээ санааг олох гэж олон хоног шаналсан. Бодоод л яваад байв. Нэг л өдөр Монголын эрэмгийн, дайчин, шулуун, шударга домогт хатан Мандухайн чанарыг харуулсан бүтээлийн санаа орж ирсэн. Тэгээд М үсэгний гэзгээр хатны эрэмгийн дайчин байдал, шулуун шударга занг, цацарсан зураглалаар морин туурайнд үсэрсэн хөрс шороог илэрхийлэхийг зорьсон. Ерөөс урнаар бичнэ гэдэг тухайн агшинд утга, агуулгыг хэрхэн гаргах мэдрэмж юм. Яаж зохиомжлох, хаана ямар үгийг бичих, алийг нь том тавих, тамгаа хаана нь дарах гэх мэт бүгд үүнд хамаарна.

Гайхалтай юм. Жүжигчин хүн дүрээ судалдаг шиг уран бичээч бүтээлээ туурвихын тулд дүрийн судалгаа бас хийдэг байх нь?

-  Сайн судалгаатай бүтээл сайн болно. Дүрийнхээ сэтгэл зүй, үйл хэрэг, амьдралын мөн чанарыг судална. Бас өөрийгөө чагнана, мэдрэмжээ сонсоно. Уран бүтээлчид үргэлж байгаа орчноосоо, бусдаас, ер нь юм бүхнээс шинийг эрж хайж, сайхан бүтээлийн санааг бодож явдаг хүмүүс. Ерөөсөө маш удаан эрэл хайгуул хийж байж бүтээл төрдөг. Шууд л бийрээ аваад, зураас тавина гэж байхгүй. Эхний зураасыг тавитлаа бодсоор л яваад, нэг л өдөр эхэлнэ. Уран бичиг тэр агшины сэтгэл хөдлөлөөр, бийрийн үзүүр хэрхэн буухаас төрдөг. Дахин засах, ижлийг хийнэ гэсэн ойлголт байхгүй. Нэг л удаа бууна. Ингэж буусан уран бичлэгийн зураас бүр ямар нэгэн агуулгыг илэрхийлж байдаг. Зарим хүмүүс их амархан юм шиг ойлгодог. Гэтэл энэ маш удаан хугацааны хөдөлмөрийн үр дүн.

Ийнхүү хөдөлмөрлөхөд тань юу түлхэц болж байсан бол?

- Монгол бичигт үнэнхүү хайртай, дуртайгийнх л байх. Бусдыг амарч байхад бийр будагтайгаа холилдон, дахин дахин уйгагүй хөдөлмөрлөж, нэг үгийг бараг мянган удаа бичиж байж дөртэй болсон. Шигтгээгээр хийж ч үзэж байлаа. Наах уу, хөрөөдөх үү гээд янз бүр л болж байлаа /инээв/. Тэгээд ерөөсөө багштай болъёо гэж шийдсэн. Ингээд асууж сураглаж явсаар багшийгаа олсон доо. Миний багш Монголын бичиг соёлын төвийн тэргүүн Д.Ганбаатар гэж хүн бий. Одоо ч байнга холбоотой байдаг. Хүн ер нь өөрөө сонирхон, дурлаж л байвал хаяж орхиж чадахгүй, дахин дахин оролдож үзээд л байдаг юм билээ. Хүссэндээ зорьсондоо хүрнэ гэдэг ерөөсөө тэвчээр, уйгагүй оролдлогын үр дүн. Би ч бас төгс сураагүй л байна. Уран бичлэг өөрөө маш нарийн урлаг.

Та бүтээлээ хийж байх үедээ сэтгэл ханамж илүү их авдаг уу, аль эсвэл дууссаныхаа дараа хараад уу?

-  Өдөржин ажилтай байсан хэдий ч орой гэртээ ирээд өнөөхөө бичээд л сууна. Яг бичиж байхдаа бол юу ч боддоггүй. Бүгдийг мартана. Бясалгалын нэг хэлбэр гэдэг юм билээ. Бас уран бичлэг бичиж байхад нүүрний булчингаас эхлээд хөлийн хуруунууд хүртэл бүх булчин ажиллаж байдаг гэдэг. Харин хийсэн бүтээл маань эзэндээ очиж, тэр хүний хэрхэн баярлаж байгааг мэдрэх сайхан. Ер нь бусдын сэтгэлд хүрч, таашаал өгч байгааг харах л хамгийн сайхан байдаг даа.

Сүүлийн үед манайхан босоо бичгээрээ нэрээ бичүүлж, хоймортоо залах нь их болжээ. Хийморь сэргээж, ажил үйлс бүтэмжтэй байхад нөлөөлдөг ч гэдэг. Зарим гадныхан ч бас бичүүлэх хүсэлтэй байдаг юм билээ?

Босоо монгол сайхан бичгээрээ нэрээ бичүүлж, хоймортоо залах нь хийморийг сэргээж, ажил үйлсийг бүтээнэ гэх билэгдлийн сайхан агуулгаас гадна хүн өөрөө өөрөөрөө бахархаж, өөдөө тэмүүлэн, сайн сайхан амьдрахад бас нөлөөлдөг байхаа. Монголчууд маань уран бичлэгээр бичсэн бүтээлийг авах дуртай болсны зэрэгцээ сонирхон суралцах хүсэлтэй хүүхэд багачууд, томчууд ч бас их болсон нь тун талархууштай. Гадаадынхан ч бас их сонирхдог. Герман улсын Бундестагийн гишүүн нэгэн эрхэм нэрээ бичүүлж байсан. Энэ нь манай бичиг соёлыг гадаадад сурталчилах, түгээн, таниулах боломж юм. Мөн гадаадад байгаа Монголчууд маань ч их захиалж бичүүлдэг. Энэ бүхэн үндэсний бахархлаа сэргээхэд ихээхэн ач холбогдолтой гэж би боддог доо.    

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • намхай уран
    булгаадаа баяр хүргэе.мундаг шүү.цаашдын уран бүтээлд илүү их амжилт хүсье.сайхан урлаг соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлс тань дэлгэрч яваг ээ.
    2019 оны 07 сарын 12 | Хариулах
774   1
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох