Лхагва 2019-01-02 Дархан
Гэрлээ асаая   2019-08-06

“ДӨРВӨН ДЭРНИЙХЭЭ ХОЁРЫГ НЬ АВААРАЙ, БАННЫ ӨРӨӨНД ШИЛЭН АЯГА НЭМЖ ТАВИАРАА"

Нэгэн цагт балгас байсан барилга "Буудай" гэх дотно нэртэй тансаг зочид буудал болж, Дархан хотод өнгө нэмээд хэдэн оныг үджээ. Зорин очигсдын хөл тасрахгүй эл зочид буудлын анхны менежер, өдгөө гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Д.ДҮЙНХЭРЖАВ-ын нэгийг бодож, хоёрыг тунгаамаар ярианд анхаарлаа хандуулна уу.

 

Нэг.   БИ АЖИЛЧДАА БҮГДИЙГ НЬ ОВОГ НЭРЭЭР НЬ ДУУДДАГ. 

Одоо ажил олгогч нар “Сайн ажилтан олдохгүй, тогтвортой ажиллахгүй байна” гэдэг болж. Гэтэл таны анх ажилд авсан хүмүүсийн 80%-нь зургаа дахь жилдээ хамт байна гэсэн. Тэгэхээр та өөрийгөө хүн танихдаа сайн гэж үнэлдэг үү, аль эсвэл хүнийг ажиллуулахдаа сайн захирал гэж боддог уу?

- Хүн танихдаа сайн хүмүүс байдаг байх л даа. Гэхдээ нэг ийм үг байдаг. “Сайн захирал ажилчдаа хараад “Эд намайг тэжээж байгаа юм шүү” гэж боддог гэнэ. Харин тааруухан нь “Эднийг би тэжээж байна” хэмээн ойлгодог” гэж. Тэгэхээр ажилчид үгүй бол захирал өөрөө хэн ч биш. Юу ч бүтээж чадахгүй. Жишээ нь ажилчидгүй бол би өрөөнүүдээ, гадаах талбайгаа цэвэрлэж чадахгүй хогондоо дарагдана, хоолоо хийж чадахгүй зочдоо өлсгөнө. Юуг ч амжуулж чадахгүй. Ямар ч супер захирал ганцаараа бол хэн ч биш. Тэгэхээр энэ ажил өсөөд, амжилттай яваад байгаагийн ганцхан нууц нь ерөөсөө энэ ажилчид. Би ажилчдаа бүгдийг нь овог нэрээр нь дууддаг. Очирын Отгонбилэгээ, Цагаанхүүгийн Доржсүрэн гэх мэтээр. Эхэндээ их сонин санагддаг байсан юм шиг билээ. Гэхдээ одоо дасчихсан. Овог нэрийг нь бүтэн мэдэж байна гэдэг, тэр хүний амьдрал ахуй, эцэг эх, үр хүүхдийнх нь талаар мэдэж байгаа гэсэн үг. Хүний амьдралд зөндөө асуудал байдаг. “Аавийнх нь бие яаж байна?” гэх юмуу, “Хүүхэд чинь шалгалт өгч байгаа гэсэн дажгүй юу?” гэх мэтээр асууж, бие биедээ анхаарал тавих нь хамт олныг нэгтгэдэг.  Тийм болоод ч тэрүү манайхан нэг цул байж чадаад байдаг. Ер нь тэгээд бүх л юмыг энэ хийх ёстой, би хэлэх ёстой гээд байвал утгагүй шүү дээ.

Зочид буудлын менежментэд хамгийн чухал юу вэ гээд асуумаар байна л даа. Гэхдээ та онол битгий хэлээрэй. Зүгээр л энэ салбарт ажилласан туршлагаа энгийнээр илэрхийлж, үйлчилгээний байгууллагын хувьд юу хамгийн чухал болохыг хэлбэл...

- Бавуугийн Лхагвасүрэн гуайн нэг үг байдаг даа. “Дэлхийгээр тэнэж явсан ардчиллыг хэдэн хүүхэд Монголд авч ирээд талбай дээр асгачихсан юм билээ” гэж. Энэ үнэн. Аливаа зүйлийг 100%-иар хэмждэг. 100-с дээш хувь бол утгагүй. Тэгвэл монголчууд ардчиллыг 150%-иар авчихсан. Хэтрүүлчихсэнээс утгаа алдсан. Үүнийг нотлох жишээг хаанаас ч харж болно. Ерөөсөө юуг ч хийж болох, хэнийг ч гүтгэж болох мэт. Энэ хандлага үйлчилгээний байгууллагыг их хэцүү байдалд оруулж байна. Жишээ нь манайх саяхнаас биеэ үнэлэгч оруулахыг хориглосон. “Буудай”-д хүмүүс амрах гэж, алжаалаа тайлах гэж л ирдэг. Гэтэл би мөнгөө төлж байна, чи миний эрхийг хязгаарлах хэн юм гэнэ. Ийм нөхцөлд үйлчилгээний байгууллагын менежментийг ярих их хэцүү. Үйлчилж байгаад нь чанар, стандарт гээд олон талын шаардлага тавигддаг бол үйлчилгээ авч байгаад нь ч ёс зүйн шаардлага байх ёстой. Аль аль талд нь тодорхой түвшин байж, үйлчилгээний салбар зохистой явна. Тэгэхгүй нэг тал нь “үйлчлүүлэгч хаан” гэдэг зарчмаар явах юм бол үйлчилгээний байгууллага ч, энэ салбар ч хөгжихгүй.

Хоёр.  “ДӨРВӨН ДЭРНИЙХЭЭ ХОЁРЫГ НЬ АВААРАЙ. БАННЫ ӨРӨӨНД ШИЛЭН АЯГА НЭМЖ ТАВИАРАА". 

Реклам, сурталчилгаагүй үйлчилгээг явуулах хэцүү гэдэг. Гэтэл танайд рекламны самбар байдаггүй. Яагаад?

- Надаас олон хүн ингэж асуудаг. Үнэндээ би самбар, рекламанд дургүй. Янз бүрийн менежмент хийх юм байлгүй яахав. Гэхдээ үйлчлүүлэгч сэтгэл ханамж өндөртэй, сэтгэлдээ хүрсэн үйлчилгээг авсан л бол буцаад ирнэ. Энэ миний хувийн зарчим юм шүү. Тэгэхээр таны менежмент юу вэ гэж асуувал, би нэг ирсэн зочноо дахин ирүүлэх менежментийг л хийж байгаа. Маш сайхан үйлчилгээ үзүүлээд, сэтгэл хангалуун машинд нь суулгаад “Замдаа сайн яваарай” гээд үдэх. Тэр хүмүүс маань сарын дараа, долоо хоногийн дараа, бүр нэгхэн хоногийн дараа ч буцаад ирэх нь бий. “Сайн байн уу. Эгч нь, ах нь хоночихоод буцна” гээд хэлж байгааг харах сайхан.

Хэдэн хувь нь буцаж ирж байна? Судалгаа хийж үзсэн үү?

- Би таван жил зочидтойгоо ажиллаж байна. Энэ хугацаанд манай зочид 100% эргэж ирсэн. Ирж ч байгаа. Үүнийг бардам хэлнэ шүү. 99% хувь гэж эргэлзэхгүй.  “Ах нь Булганд явж байна... Одоо УБ-аас гарлаа.., Очино шүү” гэх мэтээр байнга холбогдоно. Тэр дор нь бид бүх юмыг нь бэлдчихдэг. Гадаадаас зочид ч бас байнга ирнэ. Зочин бүрийнхээ хэвшил, сонирхол, тав тухад нийцүүлэн өрөөг нь бэлдээд угтан авдаг даа. Жишээ нь манай байнгын зочин нэг Герман өвөө байдаг юм. Тэр ямар ч тохиолдолд хамгийн анх орсон тэр өрөөндөө л орохыг хүсдэг. Тиймээс түүнийг наашаа гарлаа гэнгүүт, өрөөг нь сул байлгахаар бэлдэж, зочинтой байгаа тохиолдолд илүү сайн өрөөг ижил үнээр санал болгон, тав тухыг нь алдуулахгүйгээр эелдэгээр хэлж зохицуулах зэргээр ажилладаг. 

Үйлчлүүлэгчээ халамжилж байна. Тийм үү?

Зочин ирэх болгондоо “Надад нэмээд нэг шилэн аяга өгөөч” гээд байх төвөгтэй шүү дээ. Харин өрөөндөө ороход нь л хүссэн бүхэн нь байвал таатай. Зочдын хүсэл сонирхол, зуршил, хэрэгцээ өөр өөр. “Дөрвөн дэрнийхээ хоёрыг нь аваарай. Банны өрөөнд хоёр шилэн аяга тавиараа” гэх мэтээр бэлддэг. Учир нь байнгын зочдоо би юунд дуртай, юуг таашаадаггүйг мэднэ. Яагаад банны өрөөнд нь шилэн аяга нэмж тавьж байна гэхээр шүдээ угаахдаа крантаар ус хэрэглэдэггүй учраас тэр. Ирэх болгондоо “Олон дэр байна...” гэдэг учир өрөө бүр дөрвөн дэртэй байдаг хэдий ч хоёрыг нь авчихдаг жишээний.

Тэгэхээр танай зочид хаанаас ч ирсэн яг л гэртээ ирж байгаа юм шиг байдаг байх нь...

- Тиймээ. Тэгж ажиллах нь бидний үүрэг. Манай зочид буцаж ирдэг гэж би бардам хэлээд байгаа нь ийм.

Захирлуудыг оффисын өрөөнд, ширээний ард сууж байдаг гэж хүмүүс боддог. Гэтэл та дандаа л буудлынхаа хаа нэгтээ явж байдаг...

- Инээв. Чи сайн захирал шүү гэж зарим хүмүүс хэлэх нь бий. Яагаад гэхээр “Зэрлэгээ зулгаагаад л явж байх юм” гээд мушилзана. Уг нь зүгээр л хийх л ёстой ажил. Заримдаа ямар нэгэн шалтгаанаар хүн хүч маань дутна, эсвэл зүгээр л хөдөлмөөр, биеийн хүчий ажил хиймээр болно. Мод, зүлгээ услаад байж байх сайхан мэдрэмж. Гэтэл зарим нэгэн хөндлөнгийн хүмүүс захирал юм байж зэрлэг зулгаагаад л явж байна гэж хардаг бололтой. Надад бол ялгаа байхгүй. Нэг их амаараа яриад, загнаад зандраад байхаасаа илүү зэрэгцээд нэмэр болоод байхад ажилчид ч гэсэн дуртай. Халуун байвал хүнд ажил хийж байгаа хүмүүстээ хүйтэн ундаа дөхүүлээд өгөх, тамхийг нь дөхүүлэх асуудал биш. Хүн ёсны байх л зүйл.

Би уг нь ингэж асуух гэж байсан юм. Жаахан өөр тийшээ явчихлаа л даа. Уг нь та анх “Буудай”-д ерөнхий менежерээр ирж байсан. Гэхдээ одоо захирал. Гэтэл яг л анхных шигээ менежерийнхээ л ажлыг хийгээд явж байх шиг харагдах юм.

- Манай анхны захирал тэтгэвэртээ гараад, ажлаа өгөөд явсан. Уг нь миний өөрийн ажлын менежмент ч тэр, сонирхол ч бас байдаг байх, мөн чанараараа би захирал хүн бишээ. Ерөөсөө менежер. Өөрийгөө сүрхий мундаг менежер гэж байгаа юм биш шүү. Гэхдээ мууд орохгүй. Хөрөнгө оруулагч, удирдлагууд энэ ажлыг ав гээд захирал болсон. Гэсэн ч надад менежер байхгүй.

Харин тийм, яагаад?

- Анх би захирал болох дургүй байсан л даа. Тэгээд яахав, ажлынхаа үр дүнг үзье гээд саналыг хүлээн авсан. Тэгээд “Менежертэй болъёо” гэхэд, хөрөнгө оруулагчид “Чамд менежер хэрэггүй” гэсэн. Яагаад гэхэд “Чи менежертэй болсон ч, менежерийнхээ л ажлыг хийнэ. Чиний менежер чам шиг, эсвэл чамаас дээгүүр байхгүй л бол тэр хүнийг чи хэцүү байдалд оруулнаа” гэсэн. Эргээд бодоход тэр үнэн юм билээ. Нэг хүн авчихаад, үүрэг хүлээлгэчихсэн атлаа өөрөө урдуур нь ороод байвал хэцүү. Тэгээд ч би анх менежрээр эхэлсэн болохоор тэрүү манай зочид бүгд надтай шууд харилцдаг. Тэгэхээр харилцаа их төвөгтэй болж, нөгөө миний хүсээд байдаг менежмент маань унана. Ер нь тэгээд ширээний ард сууж байснаас, ингээд өөрөө гүйж явах надад сайхан. Нэгэнт ачаа үүрсэн бол даах л ёстой. Бариандаа орж чадахгүй, ядраад байна, өргөлцөх хүн өгөөч, буулгаад асгалаа шүү, хаялаа шүү гээд байх эрх ч байхгүй. Тийм хүсэл ч алга. Ямар ч байсан хүрэх газарт нь хүргэнэ.

Гурав. “МАРИОТ”-оор БАЙНГА ҮЙЛЧЛҮҮЛДЭГ ХҮН МОНГОЛД ИРЭЭД "БУУДАЙ"-д БУУГААД, "ЯГ МАРИОТ... ДУТАХ ЮМ АЛГА" ГЭВЭЛ...  

Хүнд нэг хүрэхийг хүссэн түвшин буюу барьер гэж байдаг даа. Би энэ хавьд байгаа, алсдаа тэнд хүрэхийг хүсч байна гэх. Та энэ зочид буудалтай холбогдсоны хувьд юунд хүрэхийг хүсч байна?

- Нэг их айхтар том юм хүлээгээд хэрэггүй ээ, надаас. Би Монголын аялал жуулчлал, буудлын бизнесийн салбарт өндөр байр суурьтай баймаар байна гэх мэт. Би тийм юм ярихгүй. Яагаад гэхээр, би энэ салбарт орохдоо маш өндөр зэрэглэлийн буудлаас эхэлчихсэн юм билээ. Дэлхийн том түвшний таван одтой буудалд олон жил ажилласан. Тэгээд энэ салбартаа тууштай ажиллаж байгаа болохоор, зочид буудлын салбарт ийм юм хийнэ, тийм зүйлийг дэлгэрүүлнэ гэхээсээ илүү харин тэнд байгаа үйлчилгээг энд аваад ирэх юмсан гэж боддог. Яагаад тэр Лондонгийн Таван одтой “Мариот” буудал тийм түвшинд үйлчлээд болоод байхад, манайд болохгүй байгаа юм. Яагаад ялгаа байх ёстой юм. Адилхан л систем. Ялгаагүй дэлхий даяар явж байгаа үйлчилгээ. Гэтэл яагаад өөр түвшинд байгаад байна. Бид үйлчлүүлэгчдээ өөрчилж, сольж чаддаггүй юм гэхэд ядаж үйлчилгээний түвшинг ижил байлгамаар байна шүү дээ. “Мариот”-оор байнга үйлчлүүлдэг хүн Монголд ирж “Буудай”-д буугаад “Яг Мариот... Дутах юм алга” гэвэл, энэ гоё. Зорилго гэх юм бол энэ л байна. Ийм түвшинг барьчих юмсан л гэж бодох юм. Гэхдээ цаг хугацаа их орж байна. Бид өөрсдөө сайн үйлчилгээг үзүүлж чаддаг болох хэрэгтэй байна. Маш их хичээх, сурах юм байна. Ер нь үйлчилгээний түвшинг нэлээн сайн дээр бариад байх юмсан гэж боддог. “Тэрэлж”-ийг нэлээн гайгүй гэдэг. Би очиж амжихгүй л байна. Харин “Тэрэлж”-ийн дарга манайд ирж үйлчлүүлээд “Сайхан амарлаа” гээд явдаг. Би харцыг нь хараад үнэнээсээ хэлж байна гэж ойлгодог шүү.

Огт өөр мэргэжлийн хүн зочид буудлын салбарт орсон түүх тань бас их сонин...

- Хүнд нэг зурсан зураг байдаг байх гэж би боддог. Би энэ мэргэжилд, энэ салбарт маш их хайртай. Яахав үндсэн мэргэжил биш л дээ. Гэхдээ энэ зочлох үйлчилгээний салбарт сүүлийн 20-оод жил явчихлаа. Энд байх дуртай. Яагаад гэхээр хүнд нэг их сайхан үйлчлээд, тэр хүн нь баярлалаа гээд гарах... Энэ үнэхээр гоё. /Түүний нүүрэнд инээмсэглэл тодорч, харц нь гэрэлтэж байв/ Хүмүүст яадгийг мэдэхгүй, надад бол хамгийн сайхан мэдрэмж. “За, Баярлалаа...” гээд чин сэтгэлээсээ хэлээд одох. Нэг их сайхан, тийм дүүрэн мэдрэмж авдаг. Ер нь аливаа нэг үйлчилгээний байгууллагад ажиллахад өөрийн дур сонирхол маш их чухал юм билээ. Ажлаа хийж байхдаа би ерөөсөө ядардаггүй. Гүйгээд л, дээш доош яваад л байдаг. Шөнийн гурван цагт ч явж л байдаг. Гайхах нэг нь гайхна. Энэ юуных вэ гэхээр, ерөөсөө ажилдаа дур сонирхолтойд байгаа боловуу. Тийм биш бол яршиг, эртхэн амаръяа л... гэх байх. Нэг удаа манай тогооч “Захирлаа нэг хоол идчих, тэгэх үү” гэв “Ямар хоол байгаа билээ. Би сүүлд юу идлээ?” гэсэн чинь “Та хоёр хоног юм идсэнгүй” гэсэн. Бүтэн 48 цаг юм идээгүй, тэрийгээ ч анзаараагүй явчихсан байгаа юм. Тэгэхээр энийг дур сонирхол гэхүү, юу гэх үү... /инээв/

Та дэлхийд алдартай Лондонгийн таван одтой зочид буудал Мариот-д найман жил ажилласан. Тэнд зочид буудлын ажил хэрхэн явагддаг бол?

- Би тэнд найман жил ажиллахдаа хаалгач, ачаа зөөгч, цагаан хэрэглэлийн зөөгч, зочдын үйлчилгээнд гээд бараг бүх ажлыг нь хийж нэлээн сүүлд супервайзер болсон. Тэнд ерөөсөө хамгийн доороос нь эхлээд бүх шат дамжлагад ажиллуулж, дадлагажуулдаг юм билээ. Энэ нь их гоё. Нэг удаа Атбол гээд нэг Энэтхэг миний ахлахаар ирсэн юм. Би цагаан хэрэглэл зөөдөг байлаа. Тэгтэл Атбол “Ингэж зөөдөггүй юм” гээд /эвхсэн цагаан хэрэглэл их хүнд/, өөрийн хүзүү хэртэй тэргэн дээр ачаад явах гэж байсан цагаан хэрэгслүүдийг нэмж, бүүр толгойноос өндөр болгож ачаад “Ингэж авч явбал ажил чинь дуусахгүй. 150 өрөөний цагаан хэрэглэлийг зөөхөд чамд хэн ч туслахгүй, чи өөрөө л хийнэ” гэсэн. Бас зочдын үйлчилгээнд байхад “Лифт ашиглаад гүйгээд байвал хэзээ ч бүх зочдод хүрч амжихгүй. Найман давхарт лифт хүлээгээд байвал долоон давхрын ажлаа яах юм. Дараагийн ажил чинь хүлээгээд байна. Тиймээс аль талаар нь гүйвэл ойрхон очих вэ гэдгээ бод. Гүй... Зогсож болохгүй” гэнэ. Хэд хоногийн дараа Атбол манай департментийн хамгийн том менежерээр ирсэн байв. Тэгэхээр бүүр доод шатнаас нь ажлынхаа сайн мууг маш сайн мэдэж авдаг энэ менежмент маш зөв юм билээ. Хүмүүс нь хэрхэн ажиллаж байгааг, бас тэр ажилтан нь ямар хүн бэ гэдгийг тэгж мэддэг. Зочид буудлынхаа бүх хэсгүүдээр явж, гарын таван хуруу шигээ мэддэг болтлоо дадлага хийгээд удирдах түвшинд очиж байгаа хэрэг. Гэтэл манайд танил тал эсвэл хамаатан садангаа удирдах түвшинд зүгээр л томилчихдог. Үйлчилгээний, зочид буудлын “А” ч байхгүй, ямар ч мэдлэг туршлага байхгүй нэг нөхөр зочид буудлын захирлаар очиж, зочиддоо таагүй сэтгэгдэл төрүүлэх, ажилчиддаа зүй бус шаардлага тавих зэргээр шахдаг. Ингэж мөн чанараа ойлгохгүй, мэдэхгүй байгаагаас бүх юм хэврэг болж байгаа. Ер нь энэ системийг хэрэгжүүлж чадвал зочид буудлын үйлчилгээ нэлээн сайжрах болов уу.

Дөрөв. “ДАРХАН ЯАХ АРГАГҮЙ МОНГОЛЫН ХОЁР ДАХЬ ХОТ ЮМ БАЙНА. ИЙМ БАЙХААС ӨӨР АРГАГҮЙ” гэх СЭТГЭГДЛИЙГ ҮЛДЭЭХ Л ХЭРЭГТЭЙ. 

Дарханы зочид буудлын үйлчилгээний салбарыг та хэрхэн үнэлдэг вэ?

- Үнэндээ би чамалдаг. Аятайхан сайхан болоосой гэж хүсч байна. Дархан одоо улам тэлнэ. Бүр илүү сайхан болж хөгжинө. Юу үнэн, энэ үнэн. Шинэ зам тавигдах гэж байна. Зам дагаад хөгжил гэдэг. Ингэхээр масс нэлээн сайжирна. Би өнгөрөгч 2018 онд 1460 жуулчин хүлээн авсан байсан. Энэ жил 2500-г авна гэж төлөвлөөд байгаа. Захиалга ч байна. Монгол улс маань 2019 онд 760,000 жуулчин авна гэчихсэн байгаа. Тэгэхээр энэ өсөлтийг дагаад үйлчилгээний чанартаа анхаарахгүй бол болохгүй. Дэлхийн 200 улсын 199 нь Хятадуудыг Welcome /тавтай морил/ гэж байна. Гэтэл ганцхан манайх ганцаараа “цаашаа” гээд байж болох уу? Аялал жуулчлалыг хөгжүүлж, тэднийг татах нь уг нь манайд хэрэгтэй. Ядахнаа хоёр хөршөө татах нь чухал. Гэтэл Дарханд таван жил амьдрахдаа би Оросуудын барааг харсангүй. Хажууханд байгаа атлаа Оросууд яагаад үзэгдэхгүй байна? Энэ манай менежмент буруу байгааг харуулж байгаа юм. Гэтэл манайхан Байгаль далай гээд яваад байдаг. Тэгэхээр Оросуудын менежмент илүү байгаад байна. Бидэнд ойрхон жишээ ердөө энэ. Улаан-Үд дэх оросууд яагаад Дархан уруу орж ирэхгүй байна, Дарханаар дамжиж Улаанбаатар уруу яагаад явахгүй байна. Яагаад Хөвсгөл явахгүй байна... Бодох л асуудал.

Дарханыхан маань хоёр жил дараалан “Бууж саатах бурхантын хөндий” нэртэй аялал жуулчлалын форум зохион байгууллааа. Та очсон уу?

- Очсон. Гэхдээ дундаас нь гараад ирсэн. Яагаад гэхээр үнэндээ таалагдаагүй. Утгагүй юм яриад байсан. Дархан угаасаа жуулчдад үзүүлэх юм муутай юм билээ. Түүхэн дурсгал гэхээр юм байхгүй. Хойд хилээр орж ирээд Сайханы хөтөл, тэгээд Дарханд хаачих вэ... гэх жишээтэй. Хамгийн ойрхон нь Амарбаясгалант л байна. Өөр юм байхгүй. МУИС гэх мэтээс хүмүүс ирчихсэн байсан. Том загасны цөөрөм барина энэ тэр гээд нэг ирээдүйгүй, боломжгүй ч гэмээр юмнууд яриад байсан. Яг үнэнээ хэлэхэд надад тэр нь таалагдаагүй. Тэгээд энд цагаа үрж суухаар явъяа гэж бодсон.

Та Дарханд аялал жуулчлал хөгжих боломжгүй гэх гээд байна уу?

-  Үгүй дээ. Илүү бодитой, өөрийн онцлогт тохирсон менежмент явуулах хэрэгтэй. Жишээ нь Дархан төв зам дагуухаа хөгжүүлж чадахгүй байж, тэнд нэг нүх ухаад, баахан ус асгаж, цөөрөм энэ тэр барьж, дотор нь лусын амьтан хийж алаад яахав. Идээшихгүй шүү дээ. Том хотуудад очиход төв замаа дагаад бүх сайхан үйлчилгээнүүд, сайн бараатай дэлгүүрүүд нь төвлөрсөн. Жуулчдыг оруулаад гаргадаг хоолны газрууд нь байж байдаг биз дээ. Тэгтэл манайх яаж байна. Энд ч нэг хашаа хатгаад л, тэнд ч ундуй сундуй газар ухаад л... Тэгэхээр ийм төв гудмаа хөгжүүлж чадаагүй, зочид буудлуудаа чанаржуулж чадаагүй байж, аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэх хэцүү.

Би сая хэд хоног хөдөөгүүр яваад ирлээ л дээ. Цэцэрлэг, Улиастай хотуудад очлоо. Тэгээд хамт яваа хүмүүсийнхээ хандлагыг анзаарч байхад, тухайн хотын зочид буудал, түүний үйлчилгээгээр хөгжлийг нь тодорхойлоод байх юм. Манай Дарханд ирээд хүмүүс юу гэж ярьдаг бол?

- Үнэн, хүмүүсийн хандлага тийм байдаг. Уг нь Дарханд зочид буудлууд элбэг шүү. Жишээ нь Дархан, Эрдэнэт хоёр бараг адилхан. Гэтэл Эрдэнэтэд бараг буудал байхгүй. Мэдээж Дарханд цаашид олон сайхан барилгууд баригдах байх. Харин тэрийгээ сайхан байлгаасай л гэж бодож байна. “Манай өрсөлдөгч, манай хамаг зочин тийшээ явлаа” гэх биш, сайн үйлчилгээгээрээ өрсөлдөх хэрэгтэй. Түүнээс нэг их гоё байшин барьчихаад, орж ирэхгүй бол хохино гээд суугаад байвал хүн ирэхгүй. Үйлчилгээгээ илүү их анхаарч байвал энэ 100% болно. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг байж болохгүй. Аль аль нь сайхан байж хөгжинө. “Дархан чинь яахын аргагүй Монголын хоёр дахь том хот юм байна”, “Ийм байхаас өөр аргагүй” гэх сэтгэгдлийг л үлдээх хэрэгтэй.

Дарханыг зарим хүмүүс зах зээл муутай гээд голох хандлага байх юм...

- Үгүй шүү. Зах зээл муутай биш. Харин ч хэрэглээг нь хангаж чадахгүй байна. Жишээ нь манайх баасан гариг бүрийн өглөө эрт Номин орж “Дээж” сүүг авдаг. Коффе найруулахад хамгийн тохиромжтой сүү л дээ. Бусад үед нь авах гэхээр байхгүй. Ирээгүй, эсвэл дуусчихсан байдаг. Энэ зүгээр л жишээ. Тэгэхээр бид “Буудай”-г Улаанбаатарт байна гэж төсөөлөөд сая таван зуун мянган хүнд тоглолт хийвэл яахав? Өөр.., тийм үү. Гэтэл Дархан 100 мянган хүнтэй. Биднийг магадгүй 100 мянган хүн дээр тоглолт хийж байгаа гэж харж болох. Тэгвэл яг үнэндээ Дарханд ирж очиж, дамжин өнгөрч буй ердөө 5000 орчим хүнд л зориулсан менежментийг хийж байгаа юм. Зочид буудал гэдэг суурин байгаа хүмүүстээ тэр бүр зориулагдсан байдаггүй. Яахав шоу цэнгээний зориулалттай буудлуудад бол өөр л дөө. Нутгийн иргэд орж гараад, үйлчлүүлээд байдаг. Харин бидэнд бол тийм юм байхгүй. Зөвхөн зорин ирэх 2-3 мянган хүн дээрээ л ажиллана. Тэгэхээр бид сайн байхгүй бол болохгүй байгаа биз...   

Тав.  ОР бол ЗОЧИД БУУДЛЫН ХАМГИЙН ҮНЭТ ЗҮЙЛ 

Би яг үүнийг асуух гэж байлаа. Анх “Буудай”-г нээгдэж байхад “Жигтэйхэн үнэтэй юм байна. Хэн тэнд орохов. Тэднийх дүүрэхгүй ээ..” гэж хүмүүс ярьж байсан. Тэгж хэлж байсан хүмүүст та одоо юу хэлэх вэ?

- Ашиг бодож бизнес эхэлдэг нь байдаг л байх. Гэхдээ чанар нэг номер л гэж хэлмээр байна. Зочид буудлын хамгийн үнэт зүйл юу вэ гэхээр ор. Нааш цаашаа яваад, аяншиж ядарсан хүн сайхан матрастай орон дээр унтаад “ямар сайхан унтав аа” гээд босох. Зочилсон хүмүүст ч энэ сайхан. Тэгэхээр юуны түрүүнд чанар. Нөгөө 2000-3000 хүн дээрээ бизнесээ явуулахын тулд бид зөв байх ёстой. Шудрага байх ёстой. Маш сайн үйлчилгээтэй байх ёстой. Бас маш ой сайтай байх ёстой. Би хүний нэрийг мартаж, гомдоож болохгүй. Хүний утасны дугаарыг яалт ч үгүй утсаа хаяж гээснээс бусад тохиолдолд устгахгүй байх ёстой. Чи надтай хоёр жил яриагүй байж байгаад, залгахад би “Сайн уу? Ганаа” гээд утсаа авах сайхан байгаа биз дээ. “Өө намайг таньж байна шүү...” гээд. Тэгэхээр зочдыг хүлээн авдаг хүн ийм л байвал сайн. Нэг тийм наашаа харж инээгээд, цаашаа харж ярвайсан, хүмүүсийнхээ өгсөн захиалгыг мартаж санаад л, нэг л найдваргүй итгэлгүй болоод эхэлбэл доошоо унана. Тэгэхээр зорилго бол итгэлтэй найдвартай байх. Энэ ерөөсөө нэг номерт. Өнөөдөр хэн нэгэн, өөр хүний өмнөөс захиалга өгч байгаа. Тэр хүнд санаа зовох юм маш их. Яасан бол найдвартай тосоод авдаг болов уу, өрөө нь ямар байгаа бол, хачин юманд оруулчихаагүй байгаа даа, өглөөний цайг нь өгч байгаа болов уу гэх мэт. Тэгвэл удаан хамтраад, ойлголцоод ирэхээр “Дүйнхэр ахад өгчихсөн. Санаа зовох юм байхгүй, найдвартай” гэж итгэдэг. Энэ л харилцааг урт удаан хадгалах үндэс. Эргэж утасдаад, манай жуулчид сэтгэл хангалуун сайхан байна, баярлалаа” гэх. Энэ л сайхан. Үүнийг мартах л юм бол үйлчилгээний байгууллагад ажиллах хэрэггүй.

Зургаа. ДАРХАН НЭГ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ЮМ. ЦЭЦЭРЛЭГИЙГ УСАЛЖ, ТОРДОХГҮЙ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ УРГУУЛАХГҮЙ БОЛ ХОГ УРГАМЛААР ДҮҮРНЭ. 

Таван жилийн өмнө та бид хоёр ярилцаж байхад, Дарханыг нүсэр өндөр барилгуудтай биш, угаасаа намуухан тайван хот учир үүндээ тохирсон архитектур төлөвлөлттэй, ногоон хот байгаасай гэж ярьж байсан. Та тэр үед дөнгөж ирсэн, зочин байлаа. Тэгвэл одоо эндэхийн хүн болсон. Одоо юу гэж бодож байгаа вэ?

- Таван жил гэдэг хүний амьдралын багагүй хугацаа. Гэвч Дарханд нэг их сүртэй томоохон бүтээн байгуулалт явагдсангүй. “Минж” компанийн хэдэн байшин, “Гантиг өргөө”-ийн хэдийг эс тооцвол бүтээн байгуулалт байсангүй. Хүсээд байсан юм маань харин яг хэвээрээ. Орчин, ахуй хэвээрээ байна. Дарханы өөрийнх нь зохицолдолгоо уг нь яг тэр л дээ. Хөөрхөн байгальтай, өөрийн гэсэн онцлогтой. Би С.Насанбат даргад /аймгийн засаг дарга/ нэг удаа хэлж байсан юм. “Улаанбаатарын араас алхах их ойрхон байгаа шүү” гэж. Энэ илт мэдрэгдээд байна. Намайг таван жилийн өмнө ирэхэд байсан машинууд нэмэгдсэн, гэр хороолол тэлсэн, таван жилийн өмнө байгаагүй утаатай болсон. Үнэн биз. Тэгэхээр энийг анхааралдаа хатуу авах хэрэгтэй. Маш сайн төлөвлөлттэйгөөр байшингуудаа барих хэрэгтэй байна. “Лондон хороолол” гээд нэг төсөл яваад байгаа, мэдсэн үү. Тэр хувилбар л Дарханд тохирох юм шиг санагдаад байгаа. Улаанбаатарт бол одоо хэцүү болсон. Яах аргагүй масс хэт ихээр төвлөрч, одоо бүр яахаа мэдэхээ байгаад байна. Тэгэхээр тэр алдааг яасан ч давтаж болохгүй. Уг нь энэ хойд талд их хөрөнгө гаргаж хаус хороолол хийж байна. Гэвч дутуу дулимаг л байна. Очоод хараарай. Тог цахилгаантай, зам, бүх дэд бүтцийг нь барьж өгчихөөд байхад ийм сонин байж болохгүй ээ. Өөр өөрийн 500 м газартаа том жижиг янз бүрийн байшин босгосон бол болоо гэсэн шиг, зөнд нь орхичихож. Ямар ч хоорондын зохицолдолгоо, уялдаа байхгүй. Дээр нь дутуу хагас, зохион байгуулалт, стандарт норм тавиагүй. Тэгэхээр л ийм болчихоод байгаа юм. Энэ мэт зүйлд аймгийн удирдлагууд анхаарах хэрэгтэй. Зохион байгуулалтыг нь сайн хийгээд өгөх юм бол Дархан гоё хот шүү. Монгол улсын 21 аймаг 330 сумаас нэг номерт орох сайхан газар. Суурин газарт хөрс гэдэг юм маш чухал. Тэгвэл эндэхийн хөрс янзын гоё. Ургамал ургах бүх нѳхцѳл бүрдсэн. Дэд бүтэц, эрчим хүч, ус байна. Агаар цэвэрхэн, газар нутаг байна, байршил сайн, нийслэлтэй ойрхон. Бүх дээд сургууль, эмнэлэг, боловсролын газар байна...

Гэвч энд юу дутагдаж байна гэж та харж байна?

- Ерөөсөө сайн “цэцэрлэгч” л хэрэгтэй байна. Би энүүхэн энэ хашаан дотроо зохион байгуулалттай ургуулаад, цаг тухайд нь тайраад, услаад бордоод сайхан болгоод байна. Ингэж тордож байж л ургуулна. Түүнээс хэдэн мод суулгачихаад, бороо орвол орно биз гээд орхичихвол ургахгүй. Засахгүй орхивол арзайгаад, ургах нь ургаад, ургахгүй нь үхээд дуусна. Үүнтэй адил Дархан гэдэг нэг цэцэрлэгт хүрээлэн юм. Тэр цэцэрлэгийг усалж, тордохгүй, зохион байгуулалттай ургуулахгүй бол зүгээр л хог ургамлаар дүүрнэ. Тэгэхээр тэр цэцэрлэгт хүрээлэнгийн цэцэрлэгч л сайн байх хэрэгтэй.

Та бид хоёр хэдэн жилийн өмнө “Дархан сакура цэцгийн төгөлтэй болбол” гэж мөрөөдөж байсан. “Буудай”-гийн хашаан дахь сакура бас монос хачин сайхан ургажээ.  

- Тэр мөрөөдөл уг нь биелэх боломжтой юм шүү. 200-аад сая төгрөгөөр Гэрэлт гудамж гэж хийж байхаар сакурагийн мод тарьчихсан бол, 4-5 дугаар сард цэцэглэнэ. “Дарханы сакура уруу явъяа” гээд наашаа жуулчид тасрахгүй. За, нэг их эдийн засгийн ашиг, жуулчин энэ тэр ярихаа болъёо л доо. Зүгээр л хачин сайхан эко, тансаг үнэр бүхий гудамжтай болно. Хотын нэг сайхан брэнд, зөв менежмент болно доо. Амралтын өдрүүдэд замыг нь хаачих Дарханд асуудал биш. Янз бүрийн сонирхол бүхий залуус цуглаж, гитараа дардаг, үзүүлбэр үзүүлдэг байвал сайхан. Аз жаргалтай хот чинь жинхэнэ энэ шүү дээ. Энэ бол үнэхээр ойрхон, боломжтой  харагдаж байгаа биз. Тэгэхээр түрүүн хэлсэн сайн цэцэрлэгч л хэрэгтэй байна. Улаанбаатар бол ширэнгэн ой болчихсон. Маш хэцүү. Нэг талаас нь тайраад эхлэх юм бол аягүй бол бүгд нураад унах магадлалтай. Харин Дархан бол одоо бүх юм нь бүрдчихсэн, дөнгөж урган цэцэглэж байгаа залуухан ой. Янзын гоё мэдрэмжтэй сийлбэрч нар байдаг даа. Унасан мөчир, үндсийг харж байгаад л огт өөрийг нь эвдэхгүйгээр үндсэн төрх, мөн чанарыг нь товойлгоод янзын гоё урлачихсан байдаг. Дарханд ерөөсөө тийм сэтгэхүй л хэрэгтэй байна. Ингэвэл Дархан маш амархан сэргэх хот.

Та менежмент дутагдаж байна л гэж хэлэх гээд байнаа даа?

- Ямар нэгэн менежментийг загнаж /хүч хэрэглэж/ хийх үр дүнгүй. Зүгээр л үнэхээр хүсэл эрмэлзэл нь оргилсон, нүдэнд чинь харагдтал, итгүүлж үнэмшүүлж чадсан тэр хүмүүсийг дэмжиж, боломжийг нь олгох л юм. Ийм л чадвар захирал, удирдлагуудад дутагдаад байна. Нэг сайхан залуу “Би чадна, ийм учраас биелэх боломж байна” гээд байхад “Чи чадахгүй ээ...” гээд байвал хэцүү. Итгэж, үүрэг хариуцлага хүлээлгэж, дэмжих хэрэгтэй. Одоо ингээд хар даа. “Би Дарханых” гээд цээжээ дэлдэх атлаа юу ч хийхгүй, улс төр ярьж, нам дагасан хүмүүс ямар олон байна. Шивнэлдээд л... Юу ч яриад байдаг юм. Би тийм хүмүүст дургүй. Дарханд төрсөн, Дарханд өссөн юм бол энэ сайхан хотдоо нэг ч гэсэн сайхан зүйл хий л дээ. Одоо бүүр сонгууль ойртоод синдром нь эхэлчихсэн. Тийм хүмүүс юм бүтээхгүй ээ. Харин бүүр садаа болно. Ховоор ажил хийдэг, жижиг сажиг тулга тойрсон улс төр ярьсан хүмүүс өөрсдөө ч хөгжихгүй, бусдыг ч хөгжихөд садаа болж байна.

Долоо. БИ “БУУДАЙ”-ийн АНХНЫ МЕНЕЖЕР, ХОЁР ДАХЬ ЗАХИРАЛ НЬ.

Хааны алба халаатай. Нэг л өдөр буцах болох байх. Энэ талаар ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?

- Үнэнийг хэлэхэд энэ оныг дуустал ажиллах гэрээтэй байгаа. Цаашаа байх байхгүйг одоо хэлж мэдэхгүй байна. Өөр газраас сүүлийн хоёр жилийн турш ажлын санал уйгагүй ирж байгаа. Гэхдээ Монголд биш. Тэгэхээр ээлжтэй, халаатай. Ямар нэгэн байдлаар явж л таарах байх.

Магадгүй, таныг явахаас өмнө дахин ярилцах завшаан тохиохгүй байж мэднэ. Явах болоогүй хүнээс захиас гэж хэлэх нь хаашаа юм. Гэхдээ та “Буудай”-д бас Дарханд өөрийнхөө зүгээс юуг үлдээмээр байна?

- Түрүүнээс хойш ярьсан үйлчилгээний стандарт гээд байгаа тэр зүйлийг маань тэртэй тэргүй шинэ хүмүүс, шинэ залуус ирээд хийнэ. Залуус маань хөгжиж, өөр болж байна. Сайн боловсон хүчнүүд бэлтгэгдээд ирж байгаа. Тэгэхээр хүссэн хүссээгүй энэ шаардлага улам чанаржаад яваад л байна. Харин яг өөрийн зүгээс “Буудай”-гийн байгаа энэ түвшин, стандартыг битгий унагаасай. Дээшлүүлж байгаасай л гэж хүсэх байна. Нэмэлт үйлчилгээ, СПА төв маань удахгүй ашиглалтанд орно. Үүнийг бий болгоод үлдээж байгаадаа баяртай байгаа. Дараа дараагийн үйл ажиллагааг явуулах хүмүүст нэмэртэй. Дарханд ч шинэ үйлчилгээний төрөл, жуулчдыг татах таатай нөхцөл болно. Анхны юм гэдэг үнэхээр өөр юм. Хэрвээ би хэдэн жилийн дараа хилийн чанадаас Монголд ирэх юм бол хамгийн түрүүнд Дарханд, Буудайд ирнэ. Би “Буудай”-ийн анхны менежер нь, хоёр дахь захирал нь. Миний маш олон дурсамж, найз нөхөд, ах дүү мэт болсон олон сайхан хүмүүс маань энд байгаа. Саяхан таван жилийн өмнө манай бүх обойг наасан залуу ирсэн юм. Тэгээд “Би эд нарыг бүгдийг нь хийсэн” гэхэд нь “Гоё байгаа биз, хийсэн юмаа эргэж харахад” гэхэд “Хамгийн гоё нь юу гээч... Миний хийсэн юм таван жилийн дараа ч яг л хэвээрээ, шинээрээ байна. Таньд маш их баярлалаа” гэж байсан. Тэгэхээр хүсэх юм ердөө л энэ. Сайхан цэцэглэж, ургаж байгаа цэцгийг маань эргээд ирэхэд илүү сайхан ургуулаад байж байгаарай.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • zochin
    mundag ❤️
    2019 оны 06 сарын 29 | Хариулах
  • Ийм хүмүүс Улсын их хуралд гараасайдаа Ажилд нь улам их амжилт хүсье.
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • мбм гоё л до
    Мбм гоё л до
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • Nike
    Hi myndag ajiltai myndag naizdaa amjilt husie ydahgui yylzah eruul tavii
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • сумьяа
    сайхан өөдрөг залуу бна маш гоё санаа оноо хэлж бна аймгийн удирдах хүмүүст ч ярьсан бна ийм энэ бүтээлч санааг дарханчууд минь тусгаж авч ажил хэрэг болгомоор юм
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
4367   5
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг

Санал болгох