Лхагва 2019-01-02 Дархан
Fact checking   2019-05-30

"ХАР ТАЛХ" ХАР ТАЛХ МӨН ҮҮ?

“Хар талх сайн гээд идээд байсан чинь цагаан гурилыг будагчаар хар болгодог гэнэ. Үнэн үү? Алтан тариагаас хариу алга”, “Энэ одоо хар талх уу? Алаг талх уу?” зэрэг хэрэглэгчдийн гомдол нийгмийн сүлжээгээр тасрахаа байгаад хэдэн жилийг үдэв. Дотроо хар болон цагаан толбо бүхий талхыг иргэд “Будагтай талх, будагч бодис оруулдаг гэнэ” зэргээр хардаж эхэлсэн юм. Тухайлбал нэгэн иргэн өөрийн фэйсбүүк хуудсанд “Нээрээ хар талханд хүртэл итгэх итгэл алга!!! #Будагтай талх” хэмээн бичсэн байна.

Хэрэглэгчдийн нэрлэж заншсан “Хар талх”-ыг хөх тарианы гурилаар хийдэг. Манай улс хөх тариаг тодорхой хэмжээгээр тариалдаг боловч боловсруулах үйлдвэр дутмагаас дийлэнхийг нь малын тэжээл хэлбэрээр ашигладаг аж. Тиймээс хөх тарианы гурилыг гаднаас импортолдог байна. 2015 оны байдлаар дотоодын гурилын зах зээлийн багтаамж 229 мянган тонн байгаагаас 0.4 хувийг нь хөх тарианы гурилын импорт эзэлжээ. Гэтэл зах зээлд худалдаалж буй 10 талх тутмын дөрөв нь хар талх байдаг. Гурилын зах зээлийн 0.4 хувийг эзэлдэг хөх тарианы гурилаар тэр олон хар талхыг үйлдвэрлэдэг гэдэгт эргэлзэх хүн цөөнгүй.  

Иргэдийг төөрөгдүүлэх тайлбар

Ихэнх хөх тарианы талхны шошгон дээр “Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна. Сахарын өвчтэй болон илүүдэл жинтэй хүмүүс идэхэд нэн тохиромжтой” гэсэн тайлбар бий. Гэр бүлээрээ чихрийн шижин өвчнөөр өвдөж буй иргэн Ц.Х. “Хар талхыг анх нэлээд хэрэглэдэг байсан. Гэвч энэ нь будагтай, цагаан талхнаас ялгаагүй илчлэгтэй гэх мэдээллийг нийгмийн сүлжээнээс олж уншсан. Надад бол цагаан талхнаас ялгаагүй л санагддаг, харин ч илүү цээж хорсгоод байдаг” гэсэн юм. Бас нэгэн иргэн цахим хуудсандаа “Нэг дор нэг зүсмээс илүү идэж болохгүй. Сахар ихэсдэг” гэж бичжээ.

Хар талх сахарын өвчин, мөн илүүдэл жинтэй хүмүүсийн эрүүл мэндэд тустай эсэх талаар СБД-ийн Диабетээс урьдчилан сэргийлэх тасаг, Дотоод шүүрлийн кабинетын хоол зүйч Д.Жамбалсанжаас тодруулав. “Хөх тарианы гурил болон гурилан бүтээгдэхүүнийг өвчтөнүүддээ хэрэглэхийг зөвлөдөг. Гэхдээ нэг дор ихээр идэж болохгүй. Учир нь ямар ч хүнсний бүтээгдэхүүн илчлэг өгнө. Илчлэг сахар болж хувирдаг” гэж тэрбээр тайлбарласан.

Тэгвэл Израйл улсын Вэйзманы Шинжлэх ухааны хүрээлэнгээс бүхэл үрийн талх ба цагаан талхны эрүүл мэндэд үзүүлэх нөлөө ялгаагүй болохыг нотлоод байна. Судалгаанд оролцогчид долоо долоо хоногоор ээлжлэн хар талх, цагаан талх идэж, эрүүл мэндийн шинжилгээнд оржээ. Хоёр төрлийн талхны нөлөө яг адилхан байсан бөгөөд оролцогчдын эрүүл мэндэд ямар нэг өөрчлөлт гараагүй аж.

Үүний зэрэгцээ, хар талх худалдан авахдаа Е тэмдэглэгээ буюу хүнсний нэмэлт орсон, эсэхийг сайтар нягтлахгүй бол хавдар үүсгэх бодистой байх магадлал бий. Манай улсад худалдаанд гарч буй хөх тарианы талхны шошгон дээр Е516с, Е500, E491, E330, Е300, Е263, E150c зэрэг хүнсний нэмэлтийн тэмдэглэгээ байдаг. Хүнсний нэмэлт гэдэг нь хүнсний бүтээгдэхүүнд амт, үнэр, өнгө оруулах, биежүүлэх, сийрэгжүүлэх, өвөрмөц чанартай болгох, хадгалах хугацааг уртасгах, үйлдвэрлэлийн технологи ажиллагааг хурдасгах зорилгоор хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад зориудаар нэмдэг байгалийн болон химийн гаралтай бодисууд юм. Эдгээрийг хүнсний үйлдвэрлэлд элбэг ашигладаг боловч зарим нь эрүү мэндэд хор нөлөөтэй. Тухайлбал, E330 нь үл исэлдүүлэгч бодис бөгөөд өвчин эмгэгт хүргэж, хавдар үүсгэж болох ангилалд багтдаг аж. Тэгвэл E150c нь “сэжигтэй” ангилалд багтдаг бөгөөд коланы найрлагад ордог карамель колор (рогенколор) хэмээх будагч бодис болохыг дэлхий даяар мөрдөж буй Хүнсний нэмэлтийн нийтлэг стандартад тусгаж өгчээ. Уг стандартыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын  хамтарсан Хүнсний нэмэлтийн хорооноос гаргадаг байна.

Юу идэж байгаагаа мэдэх эрх

Хар талхны орц найрлагын талаарх иргэдийн хардлага сүүлийн жилүүдэд тасрахгүй байгааг дээр дурдсан. Энэ асуудлаар таван жилийн өмнө иргэдээс ирсэн гомдлын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шалгалт хийжээ. ШӨХТГ-аас 2012 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр цахим хуудсандаа “Үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцахад өөрсдийн технологи, нормын дагуу хөх тарианы гурил болон улаан буудайн гурилыг бүтээгдэхүүний орц нормоос шалтгаалан 40-50 хувь нэмдэг байхад зарим жижиг үйлдвэрлэгчид 10-15 хувьд хөх тарианы гурил хийж улаан буудайн гурил болон амт оруулагч, тогтворжуулагч зэрэг хүнсний нэмэлт бодис хэрэглэдэг байна. Тиймээс ШӨХТГ-аас талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөх тарианы гурилаар хийж байгаа бүтээгдэхүүний орц найрлагадаа хөх тарианы гурил болон буудайн гурилын эзэлж байгаа хувь, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зэргийг шошгондоо тодорхой бичиж оруулахыг үүрэг болгон хугацаатай шаардлага хүргүүллээ” гэжээ.

Харин одоо худалдаанд гарч буй хөх тарианы гурилын талхны үндсэн орцонд буудайн гурил, хөх тарианы гурил, соёолж, элсэн чихэр, ус, давс, исгэгч, чанаржуулагч зэрэг багтаж байгааг ихэнх талхны шошгон дээр бичсэн байна. Үйлдвэрлэгчийн баримтлах бодлого, талхны онцлогоос шалтгаалж зарим найрлага нэмэгддэг. ШӨХТГ-аас хүргүүлсэн дээрх шаардлагын дагуу ганц л үйлдвэрлэгч хар талхны шошгон дээрээ хөх тарианы гурилын агууламжийн эзлэх хувийг бичжээ. Харин бусад үйлдвэрлэгч шошгон дээрээ хөх тарианы агууламжийн хувиа бичээгүй хэрнээ “Хөх тарианы гурилын талх”, “Экологийн цэвэр бүтээгдэхүүн”, “Эрүүл хүнс 100% ( хөх тарианы гурилын талх)”, “Хөх тарианы талх” гэх зэргээр бүтээгдэхүүнээ нэрлэж, иргэдэд 100 хувийн хөх тарианы гурилаар хийсэн талх худалдаж байгаа мэтээр ойлгуулж байна.

Энэ талаар ШУТИС-ийн  Үр тариа боловсруулах технологийн багш  Я.Алтанцэцэг хэлэхдээ “Заавал 100 хувийн хөх тарианы найрлагатай байх албагүй. Хэдий чинээ бараан өнгөтэй байна төдий чинээ буудайн хальс ороод эслэг, илчлэг нь нэмэгддэг гэж ойлгож болно. Харин манай улсын Хаяг шошгоны стандартад заавал хувь бичнэ гэж заагаагүй. Бүтээгдэхүүний стандартад юу гэж заасан тэрийгээ л баримтлах ёстой” гэлээ.

Хар талхан дахь хөх тарианы гурилын агууламжийн хувийг бичих нарийвчилсан заалт “Талх, талхан бүтээгдэхүүний чанарыг тодорхойлох арга” MNS 0420:1986 стандартад байхгүй. Мөн  “Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошгололтод тавих шаардлага” MNS 6648:2016 –д ч ороогүй байгаа юм. Тиймээс үйлдвэрлэгчид энэ дутуу дулимаг стандартыг мөрдөж байгаа хэрэг.

Иргэн Б хэлэхдээ “Би Америкт гурван жил амьдарч байгаад ирсэн. Тэндхийн талхны уутан дээр 51 хувийн хөх тарианы гурилын найрлагатай гэж бичсэн байдаг. Харин манайд хувийг бичсэн шошготой талх бараг алга. Тэгсэн хэрнээ талхны уутан дээр хөх тарианы талх гэж бичсэнийг хараад 100 хувийн агууламжтай гэж ойлгохоор байгаа нь хүмүүсийг төөрөгдүүлж буй хэрэг. Тийм болохоор Америкт мөрддөг стандартыг манай улс хэрэгжүүлж яагаад болохгүй гэж. Би бол тэгэх шаардлагатай гэж үзэж байна. Иргэд ямар найрлагатай талх идэж байгаагаа мэдэх эрхтэй шүү дээ” гэлээ.

Америкийн иргэд шошгоноос үүдэлтэй эргэлзээг цэгцлэхийн тулд 2005 оныг хүртэл нэлээд эрчимтэй хөдөлгөөн өрнүүлж байжээ.  Хүнсэндээ хэрэглэж буй талх нь хангалттай хэмжээний эрдэс минерал, эслэгтэй хөх тарианы гурил, бүхэл үрийн гурилыг агуулсан эсэхийг баталгаажуулж, хүнсний хуулиндаа өөрчлөлт оруулсан байна. Хуулинд “бүхэл үрийн”, “органик”  тэмдэглэгээтэй талхны орцны доод тал нь 51 хувь нь байгалийн гаралтай орц нэгдэлээс бүрдсэн байхыг тусгасан. Мөн олон талын ашиг сонирхлыг төлөөлсөн гишүүдээс бүрдсэн “Бүхэл үрийн зөвлөл”-ийг байгуулж, түүгээрээ дамжуулан шаардлага хангасан бүхэл үрийн талханд баталгаажуулалтын тамга олгож эхэлсэн байна. Тамга нь 100 хувийн, 51-99 хувийн, 51 хувийн бүхэл үр гэсэн гурван төрөлтэй. Одоогоор энэ тамгыг 11 мянган нэр төрлийн бүтээгдэхүүнд олгоод байгаа ажээ.

 

2018 он. Хэвлэлийн Хүрээлэнгийн Сэтгүүлзүйн КАС-1 Хөтөлбөрийн төгсөгчдийн эрэн сурвалжилсан бүтээл.

Удирдсан багш Ц.Чимэддондог
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1199   0
НИЙТЭЛСЭН: Ц.Чимэддондог

Санал болгох