Лхагва 2019-01-02 Дархан
Fact checking   2019-05-20

ХҮҮХДҮҮДИЙГ ХАЙРЦГАНД ХИЙГЭЭД АВТОБУСАНД ДАЙСАН ГЭЖ “ӨДРИЙН СОНИН” МЭДЭЭЛЖЭЭ

Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос Улаанбаатар хот руу хөдлөх гэж байсан нийтийн тээврийн автобусанд гурван хүүхэд гарыг нь ард нь хүлээд хайрцганд хийсэн байсан нь баригдлаа гэх мэдээлэл өнөөдөр нийгмийн сүлжээ, телевиз, цахим сайтаас эхлээд Монголын нэр хүндтэй өдөр тутмын хэд хэдэн сонины сайтаар түгсэн билээ.

Эхний мэдээллийг TV4 телевиз 14:43 цагт эфирээрээ шууд мэдээлэв.

 

Үүнээс нэг цагийн дараа “Өдрийн сонин” цахим сайтдаа дараах байдлаар мэдээлэл бэлтгэж түгээсэн юм.

“Өдрийн сонин”: “Хөвсгөл-Улаанбаатар чиглэлийн автобусанд гурван хүүхдийг хайрцаганд хүлж тээвэрлэхийг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Дайвар дайж байна гэх нэрээр гурван хайрцаг жолоочид нь өгсөн байна. Хайрцаг нь хөдлөөд байхаар нь жолооч задалж үзтэл дотор нь гурван хүүхэд байжээ. Одоогийн байдлаар хайрцаганд хүлүүлсэн хүүхдийн Хөвсгөл аймгийн мөрөн хотод эмчлүүлж байгаа аж. Цагдаагийн байгууллагаас дээрх хэрэгт тухайн автобусны жолоочийг саатуулан шалгаж байгаа юм байна” гэж мэдээлсэн.

"Өдрийн сонин"-ы дараахан Zarig.mn сайт мэдээллийг дамжуулсныг иргэд сошиалд түгээж эхэлсэн

Гэвч Zarig.mn сайт удалгүй мэдээллээ устгасан байв

Zarig.mn сайт мэдээгээ устгахаас өмнө ямар агуулгатай мэдээлэл түгээсэн бэ?

Тэгвэл “Нийгмийн толь” сонин дараах байдлаар мэдээлэл түгээхдээ эх сурвалжаа Zarig.mn хэмээн нэрлэсэн байв.

Энэ мэдээлэл тарсны дараахан нэг иргэн МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” агентлагийн утсаар холбогдож “Танай орон нутаг дахь сэтгүүлч ийм мэдээлэл тараасан бололтой. Энэ талаар тодруулж байна” гэжээ. Гэвч тус агентлагийн сэтгүүлч энэ мэдээллийг тараагаагүй гэдгээ сошиалд мэдээлсэн байна.

Энэхүү мэдээлэл facebook-ийн зарим пэйж хуудсаар хэрхэн тархсныг та бүхэн харж байна.

Энэ хуудсанд: “Хө-уб чиглэлийн хот хоорондын автобусанд гурван хүүхэд хайрцаганд хүлж тээвэрлэхийг завджээ. Хайрцаг хөдлөөд байсан тул жолооч задалж шалгахад бага насны гурван хүүхэд дотор нь байжээ. Хайрцагт байсан хүүхдүүдийг мөрөн суманд хэвтэн эмчилүүлж байгаа бөгөөд уг хэргийг цагдаагаас шалгаж эхэлжээ” хэмээн бичсэн байна.

Дээрх бүх мэдээллийн мөрөөр манай сайт FACT CHECK хийлээ.

Мөрөн сумын эмнэлэгт одоогоор дээрх тохиолдлын улмаас гурван хүүхэдтэй холбоотой ямар нэг дуудлага ирээгүй, хүүхдүүд ч ирж хэвтсэн, эмчлүүлсэн зүйл байхгүй гэж жижүүр эмч Х.Ганзориг ярилаа. Мөн цагдаагийн газар ч ийм мэдээлэл ирээгүй байна. Өнөөдрийн жижүүрээр ажиллаж буй ахмад Б.Нямцэрэнгийн мэдээлснээр бол хүүхдүүдтэй холбоотой ямар нэгэн дуудлага хүлээн аваагүй байна. Харин яг одоо энэхүү худал мэдээллийг анхлан түгээсэн этгээдийг олж хариуцлага тооцохоор ажиллаж байгаагаа Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын дэд дарга, Г.Оргилболд хэлж байна. Мэдээллийн анхдагч эх сурвалжийг тогтоосны дараа ЦЕГ-ийн олон нийттэй харилцах төлөөлөгч мэдээлэл хийнэ гэж тэрбээр ярилаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ТУяасайхан
    Орон нутгийн сайт гэхэд төвийн том байгууллагуудыг будаа болгож байна дөө.... АМЖИЛТ....
    2019 оны 05 сарын 21 | Хариулах
2650   1
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох