Лхагва 2019-01-02 Дархан
Хүний түүх   2019-08-31

ЭРСДЭЛ ҮҮРЧ, БАРТААГ ТУУЛСАНЫ ДАРАА ХАМГИЙН САЙХАН БҮХЭНТЭЙ УЧИРДАГ

Хад асга, шавар намагтай уулын зэлүүд замд, тэнгэр нижигнэн цахилгаан цахилж, үүлс харанхуйлан аадар бууж байхад, замын энхэл донхол, бартаа саадыг үл ажран салхи татуулан давхих машиныг эмэгтэй хүн ганцаараа жолоодон явааг харвал та гайхах уу?
Баргийн эр барьц алдахаар саадыг, бяр тэнхээгээр биш ур чадвараараа даван, “эрчүүдийн” гэх өвөрмөц ертөнцөд, эмэгтэй хүн ч бас чаддаг хэмээн баталсан, авто-спортын OFF ROAD төрлийн Монголын цор ганц эмэгтэй тамирчин Г.Сарантуяатай ярилцлаа. Авто спортын тухай болов уу гэсэн бидний яриа эрсдэл, сорилт, тэмцлийн талаар өрнөсөн юм.

2017 онд авто спортын хамгийн хүнд OFF ROAD төрлөөр болдог “Мazaalai-CUP тэмцээнд эмэгтэй хүн анх удаа оролцлоо гээд тухайн үед нэлээн шуугиж байсан. Тэр тэмцээнд өөрөө зорьж орсон уу, аль эсвэл хэн нэгний ятгалга байв уу?

- Манай хүн байнгын хөдөө ажилтай. Машин тэрэг, техник нь эвдэрнэ, яаралтай сэлбэг хэрэгсэл, хоол хүнс зөөх шаардлага гарна. Хэнийгээ гуйж суухав. Тэгээд л ганцаараа гараад давхидаг л даа. Хээрийн зам, дандаа шавар намаг, мод, бартаа ихтэй уул хадаар явна. Тэгж яваад янз бүрийн хүмүүстай таарна. Зарим нь зам асууна, зарим нэг нь шаварт суугаад татуулна. Өөрсдийнх нь туулж чадахгүй, гацчихсан газраар торохгүй гараад ирсэн хүн нь эмэгтэй байхаар гайхдаг юм билээ. Ер нь ганцаараа явж байгаа үедээ барагтаа зогсдоггүй. Гэхдээ тусламж шаардлагатай хүмүүстэй таарвал зогсоно, чадахараа тусална. Тэгж таарсан танилуудын маань дотор энэ спортын хүн байсан юм билээ. OFF ROAD төрлийн энэхүү тэмцээн нь 2016 оноос эхлэн зохион байгуулагдаж, 2017 онд болох гэж байхад нь “Дарханд нэг ийм эмэгтэй байдаг, түүнийг орцуулъяа” хэмээх санал гарч, надтай холбогдсон байдаг. Манай хүн бас энэ тэмцээнд оролцдог юм. Гэхдээ мэргэжлийн төрөлд. Аминдаа л эмэгтэй гэдгээ мэдэгдэхгүй, битүү хувцастай, каскатай нууцхан суугаад байхад. Хүмүүс их сонирхож байсан. “Нэг эмэгтэй байгаа гэсэн, харъяа. Ямар хүн байгаа бол” гэцгээгээд л. Ерөөсөө дандаа эрчүүд шүү дээ. Тэр чигээрээ эрчүүдийн ертөнц. Оролцогчид нь ч, үзэгчид нь ч тэр.

Эмэгтэй гээд ямар нэгэн дэмжлэг, хөнгөлөлт байдаг уу?

- Ямар ч тийм юм байхгүй. Ганц эмэгтэйдээ дэмжлэг үзүүлбэл яасан юм гэх санал гарч байсан гэсэн. Гэхдээ зохион байгуулагчдын зүгээс, энэ нь биеийн хүч шаардахгүй, зөвхөн ур чадвар шаардах спортын төрөл учраас хөнгөлөлт үзүүлэх шаардлагагүй гэж шийдсэн юм билээ. 

Ер нь энэ спортод хичнээн эмэгтэй байдаг юм бол?

- “Батхүлэг”-т нэг эмэгтэй УАЗ-469 тэй уралддаг гэсэн. Гэхдээ OFF ROAD ангилал нь арай өөр, хүнд төрөл. Илүү бартаат замтай гэсэн үг. Шавар уруу орно, огцом эрэг рүү авирна гээд. Ер нь эмэгтэйчүүд барагтаа ордоггүй. Магадгүй манай эмэгтэйчүүд чадна л даа. Гэхдээ тэр бүр ийм замаар явж үзээгүй, явах боломж нь бага байдаг болохоор ордоггүй байх.

Өөрөөр хэлбэл тэр бүр бэлтгэл хийгээд байх боломжгүй гэж үү?

- Тийм. Тусгайлан бэлтгэл хийх өртөг ихтэй, хэцүү шүү дээ. Машин тэргээ эвдэнэ, бензин шатахуун, бартаа саадыг давах тоноглол гэх мэтэд зардал их шаардана. Миний хувьд амьдралын шаардлагаар гэхүү, ингэж явсаар байгаад сурч, дадлагажсан. Ер нь 2003 оноос жолоо барьсан. Гэхдээ яг бартаатай замаар бол 7-8 жил явж байна. Анх нөхрөө тэнд зогсч байгаарай гээд тосуулдаг, цуг явж байгаад шаварт суухаар нь бууж харж, хэлж өгдөг, гаргах гэхэд нь дэмнэдэг, хаазыг нь гишгэж өгдөг байв. Аажимдаа тосуулах зай багасч, өөрөө явдаг, шавраас өөрөө гардаг болсон. Түүнээс биш нэг машин бэлдүүлээд л тэмцээнд сойгоод, зөвхөн дадлага хийхийн тулд ийм газраар яваад байна гэж юу байхав.  

Ганцаараа тийм хүнд замаар явахаас айхгүй юу?

- Одоо бол айхгүй. Анх яахав, тосоод авчихна гэдэг болохоор тэгээд л гардаг байсан.

Хамгийн их айж, түгшиж байсан тохиолдол нь хэзээ, ямар үед байв?

- Нэг удаа хөдөө уурхайн машин эвдэрчихээд, сэлбэг хүргэж өгөхгүй бол болохгүй, явахаас өөр аргагүй болсон. Тэгэхэд хүү маань долоон сартай байсан юм. Хүүдээ арын суудал дээрээ ор засч, хэвтүүлчихээд, бараг шөнө болж байхад гарлаа. Дарханаас гарахад их сайхан дулаахан байсан чинь Зүүнхараа хүрч, яг уулын зам уруу орж байхад тэнгэр харанхуйлж, аадар орж эхлэв. Тэр хооронд ямар ч сүлжээ байхгүй. Өөрийгөө тайвшруулах гэж хөгжмөө чангалаад, уянгын ая тавьчихаад л давхиад байв. Зам их эвгүй. Давааны уруу гулгаатай. Ямар ч гэрэлгүй, битүү модон дунд, хав харанхуйд, ганцаараа. Машин шавар дээр хий эргээд л, арай гэж гараад, дахиж зоогдоод л... эрэг уруу гулгаж орчих гээд л... Яана даа л гэж бодож байсан. Ядаж байхад ямар ч машин таарахгүй. Ганцаараа байсан бол, машинаа орхичихоод алхана гэхсэн. Гэтэл хүүхэдтэй. Машинаа унагаачихгүй, өглөө болгох юмсан л гэж бодож байв. Зүтгэсээр байгаад бараг зургаан цаг явж, үүр цайж байхад шавраас дөнгөж гараад цааш эргэхэд, машинтай хоёр залуутай таараад, ганцаараа явааг маань мэдээд “Юу вэ? эмэгтэй хүн. Тэгээд бас хүүхэдтэй... гээд л, их гайхаж байсан. Дотроо нөхрийг маань муу хэлэх байх гээд, үнэнээ хэлэхгүй “хүний бие өвдөөд хэл дуулгахаар явж байна” гээд. Нөгөө хоёр “Чи энэ замаар ирлээ гэж үү?” гээд л гайхаад байсан. Тэгсэн нөхөр маань тэр цаанаас их холоос алхаад ирж байхыг хараад би бараг уйлсан. Тэр хүмүүс “Аймаар замаар арай гэж гараад л ирсэн чинь нэг хүүхэн урдаас ганцаараа явж байсан” гээд их ярьдаг гэсэн.

Тэмцээний талаарх яриандаа эргээд оръёо. 2017 оны “Mazaalai CUP”-д 30 машин уралдахад 8-д орсон гэдэг.

- Тийм ээ. Илүү ч амжилттай байх боломж уг нь байсан. Гэвч анх удаагаа орж байгаа болоод тэрүү, сандраад, гаргахааргүй алдаа гаргасандаа бага зэрэг харамсдаг. Ерөөсөө машинаа тэмцээнд орно гэж тусгайлан бэлдэж янзлаагүй, угаасаа л хөдөө бартаа саадан дундуур явдаг болохоор тэр чигээр нь л аваад явсан. Анх орж байгаа болохоор ямар ч байсан барианд л оръёо гэж бодож байв. Тамирчид 30 минутанд багтаж барианд орох ёстой. Энэ хугацаанд шавартаа сууна уу, унана уу, босно уу, татна уу хамаагүй. Тэр минутандаа л багтаж орж ирэх ёстой. Ороод ирвэл минутаар нь жагсаагаад байр эзлүүлчихдэг юм. Хэрэв шаварт суугаад гарч чадахгүй байсаар 30 минут өнгөрчихвөл тэгээд л өнгөрөө. Замаас гаргачихна. Миний сугалаа нэлээн хойгуур сүүлээсээ хоёр дахь гараа таарсан болохоор эхний машинууд яаж байгааг хаагуур нь явж, бартааг яаж гармаар байгааг дагаж гүйгээд хараад авчихав. Дотроо “явчих л юм байна” гэж бодож байлаа. Тэгсэн яг гараанаас гарсан чинь, араагаа ч хийж чаддаггүй. Бүх машин ямар ч торох юмгүй гардаг байхад би ганцаараа зогсоод үлдчихлээ. Хүмүүс орилолдоод л... Шоконд ордог юм билээ. Угаасаа манай машины мост дутуу ордог байсныг хэлэх үү. Мостоо хийж чадахгүй эхний шавар дээр л гурав ухрав. Үзэгчид “Чаднаа, дахиад...” гээд л орилно. Зарим нь “Ээ, эмэгтэй хүн юу гэж энд ингэж явдаг юм. Боль боль, харь харь” гэх ч сонстож байв. “Эхний энэ жижигхэн юман дээр ингэж байгаа юм чинь наадах чинь явахгүй ээ” гээд л... Тэгж бойтоглож гараанаас гарсан ч, цаашаа ихэнх машинуудын унаад гарч чадахгүй байсан шаврыг ямар ч асуудалгүй давж, нийт 4 мин 23 секд орж ирсэн. Яг энэ минутаараа бол би дөрөвдүгээрт орсон юм билээ. Гэхдээ тэгж сандарч байхдаа туг дайрч унагаасан учир торгуулийн минут нэмэгдэж, нийт дүнгээрээ наймд орсон.

29 эрэгтэй жолоочтой хүнд бартаат замд уралдаж, 12 нь туулж чадаагүй замыг туулаад торгуультай найм дугаар байранд орно гэдэг багагүй амжилт. Хүмүүс хэрхэн хүлээн авч байв?

- Хүмүүс их сайхан хүлээж авч байсан. “Тэр хэцүү шавруудыг ямарч асуудалгүй давсан. Яг л жолоочийн ур чадварыг гаргах газарт нь гаргасан” гээд л. Тэмцээний үеэр ч, тэмцээний дараа ч маш олон хүн баяр хүргэж холбогдож байсан. Гараанаас гарахдаа сандарч алдаа гаргаагүй бол 2мин 29 сек-д орох байсан юм билээ. Алдаанаасаа сургамж авч, дахин тийм алдаа гаргахгүй л гэж бодож байгаа. 2018 оны тэмцээнд биеийн байдлаас шалтгаалаад оролцож чадаагүй. Энэ жил орно доо.

Мэдээж уралдах нь сонирхолтой, гайхалтай мэдрэмжийг авдаг байх. Тэгвэл тэр уулаар дүүрэн суучихсан, та бүхнийг үзэх гээд ирсэн хүмүүс ямар мэдрэмж авдаг бол? Ер нь яах гэж тийшээ зүтгээд байна?

- Баргийн хүний давж чадахгүй бартааг хэрхэн давахыг харахыг л хүсдэг. Тэгж кайф авдаг байх. Тэнд чинь машин унана. Тийм юмыг өдөр бүр хараад байхгүй шүү дээ. Энгийн үед машин унах нь аймшигтай, аюултай. Гэтэл тэнд тийм юм байхгүй. Жолооч нь машинаасаа үсрээд л буугаад ирнэ. Шавартай зууралдаад л, машинтайгаа хэд хэд өнхөрсөн хэрнээ урагшилаад л байна. Зам дээр тусламж гуйдаг бол тэр хүмүүс бусдаас огт тусламж авахгүй. Угаасаа унана, унавал тэгнэ ингэнэ гээд бүх юмаа тооцоолчихсон. Машин яаж ч эргэсэн дотроос нь хүн нь гараад л ирдэг. Тэр хүн “ёоо, болъёо” гээд ухрахгүй. Бэртчихсэн байсан ч машинаа босгоод л үргэлжлүүлнэ. Машин нь аймаар болчихсон байсан ч явдаг. Өөрөөр хэлбэл, хүний тэсвэр тэвчээр, ур чадвараар байгалийн хүчийг хэрхэн давж байгааг харна. Тэр гоё юмнаас л кайф авч байгаа юм. Тэгээд барианд орох агшин нь дэндүү сайхан. Хүмүүс анх тэмцээнийг ойлгохгүй ирчихээд, сүүлдээ автаад бүр орчихсон байдаг. Жил бүр үзэгчид нэмэгдэнэ үү гэхээс нэг ирсэн хүн болино гэж байдаггүй юм билээ.

Авто спортыг эрчүүд илүү сонирхдог. Тэр чигээрээ эрчүүдийн ертөнц. Гэтэл эмэгтэй хүн дотор нь байгаад байхаар сонин байна...

- Ерөөсөө их өөр. Тэдний ярьдаг юм, сонирхдог зүйл, гаргаж буй ааш авир их өөр. Үнэндээ эмэгтэйчүүд биднээс тэс ондоо ертөнц. Гэхдээ сонирхол маань нэг зүйл дээр нэгдэж байгаа учир тэрийгээ л ярина. “Чи тэнд явж байсан гэсэн. Ийм шавар давсан гэсэн. Яаж давав?” гэх мэтээр ярина. Зарим нь “Дугуйгаа сольж чадахуу?” гэнэ. Сольчихно л доо. Гэхдээ эмэгтэйчүүд бид чинь яалт ч үгүй бяр чадал сул болохоор боолт чангалахдаа тааруу. Том дугуйг даахгүй. Эхэндээ хүн гуйдаг байсан бол сүүлдээ дийлдэг болсон. Чулуу мод ивээд, яаж ийгээд л аргална. Энэ нь эмэгтэй хүний давуу чанар юмуу гэж боддог. Эрчүүд бол шууд л өргөнө. Харин эмэгтэй хүн дийлэхгүй болохоор сэтгэнэ, ивээс хийнэ, тулна гэх мэтээр аргыг олно. Ер нь хүн хүчин мөхөсдөөд ирэхээрээ л аргаа олдог шүү дээ. Тэрэн шиг эмэгтэй хүн хүчин мөхөс учраас аргыг олохдоо илүү байх шигээ.   

Сүүлийн үед жендер гэж их ярих болж. Үүнийг та юу гэж боддог вэ?

- Нэг удаа найзаасаа юм авах гээд ажил дээр нь очиход тэр хавийн хүмүүс хэд хэдээрээ гарч ирээд л намайг хараад байв. Гайхаад, яагаад ингээд байгаа юм бол гээд асуухад “Аан, би тэдэнд чиний тухай ярьсан юм. Намайг чамд дайгдаж хөдөө явах гэж байгаа гэхэд “Чи арай хүүхэнд дайгдаж явах гэж байгаа юм биш биз” гээд. Тэгэхээр нь “Энэ зүгээр нэг хүүхэн биш шүү. 40 км газарт хоол ундгүй алхчихсан л хүн дээ. Хөл нь цэврүүтчихээд байхад ёо гэж хэлээгүй” гээд ярьсан” гэж байсан. Ер нь хаана ч ийм. Тэмцээний үеэр ч, зүгээр амьдрал дээр ч тэр. Угтаа эмэгтэй, эрэгтэй гэдэг ялгаа тийм их сүйдтэй юм биш баймаар. Адилхан л хүн. Эрчүүдийн чаддагийг чаддаг эмэгтэй байхад, эмэгтэй хүний чаддагийг маш сайн чаддаг эр хүн ч бас байдаг шүү дээ. Тиймээс тэгж их сүйд болгон дэвэргээд байх асуудал биш л дээ.

Дөчин км газарт явган алхсан гэдэг их сонирхолтой санагдчихлаа. Яг юу болсон юм бэ?

- Манайхан найзуудаараа аялах, тэр дундаа экстрим аялал хийх дуртай. Жил бүр Хэнтийн уулс, Минжийн Хангайд дүн өвлөөр очдог юм. Нэг удаа гол дээгүүр явж байтал цөмөрч, нэг машинаа оруулчихаад, татаж гаргах гэж байгаа нөгөөх нь ч бас орчихов. Хоёр машинтай 11-үүлээ байсан юм. Нэг хүүхэд, нэг эмэгтэй, есөн эр. Ингээд гаргах аргагүй болж, бүгдээрээ 45 км газарт алхсан даа. Хүүхдээ чарган дээр чирээд, хоол хүнсгүй, өдөржин шөнөжин алхаж хүрэх газартаа очсон. Үүнийг ярьвал их урт түүх болно. Ер нь хамгийн сайхан байгаль, хамгийн үзүүштэй бүхэн хамгийн хэцүү замын цаана л байдаг. Хүн байгаль дэлхийтэйгээ ойр байж, явж, үзэх тусмаа илүү их хайрлаж, сайхан хэвээр нь үлдээхсэн гэж боддог юм билээ. Хэцүү түүх, хүнд аялал бүхэн эргээд бодож байхад хамгийн сайхан дурсамжийг үлдээсэн байдаг. Тийм их бартааг туулж зорьж, даван туулж хүрэх газартаа очиход нэг л тийм сайхан мэдрэмжийг авдаг шүү.   

Эрсдлийг давах, өөрийгөө сорих дуртай юм байна. Амьдралдаа гаргаж байсан хамгийн том эрсдэл нь юу байв? Магадгүй тэр нь спорт биш гэвэл?

- Би одоо гоо сайханчаар ажилладаг. Гоо сайхны салон ажиллуулдаг. Энэ салбарт орох гэж, мэргэжлийг нь эзэмших гэж нэлээн том эрсдэл хийсэн дээ. Залуу ч байж. Хоёр жаахан хүүхэдтэй, нөхөр байнгын хөдөө ажилтай. Гоо сайханч болох гэж өөрөө ч их дурласан. Тэгээд нөхөртөө Хөх хотруу явж сурмаар байна гэсэн чинь зөвшөөрдөггүй. Бүр тас дургүйцээд, бараг салах юм болов. Миний явах гээд байгаа сургалт их өндөр босготой, тэр бүр хүн сураад байдаггүй. Явмаар байдаг. Хугацаа тулаад байдаг. Гэтэл хэн ч намайг дэмждэггүй. Тэгээд яг явах өдрөө нөхөртөө “Ямар ч байсан би ингээд явлаа. Ирэхэд яах эсэхээ өөрөө мэднэ биз дээ. Би энэ боломжийг алдаж болохгүй” гэсэн уртаас урт захиа бичиж үлдээгээд, хоёр хүүхдээ /бага нь гурав, том нь зургаатай байсан/ ахындаа хүргэж өгөөд “хэд хоног хотруу явчихаад ирье” гэж гараад явсан. Яг хил гарах үед “би ер зөв юм хийж байна уу” гэж гэнэт их эргэлэв. Гэвч тэгээд л явсан. Бараг мөнгөгүй. Очингуутаа хятад дугаар авч, нөхөрлүүгээ “намайг үзэн ядвал битгий залгаарай, харин дэмжинэ гэвэл залгаарай” гээд мессеж бичлээ. Тэнд өглөөний 9с оройн 9 хүртэл ажиллана. Ямар ч завгүй. Бараг амьдралаа ч бодохын сөхөөгүй ажиллаж байв. Яг 10 хоногийн дараа манай хүн залгасан даа. Тэгж гоо сайханч болж ирсэн маань миний амьдралдаа хийсэн хамгийн том эрсдэл. Тэгээд ирээд түрээсийн байранд салон ажиллуулж, эхний 2 жил унаж босч, өр ширэнд орж юм юмтай тулж, аажимдаа өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болж, одоо салоны маань үйл ажиллагаа тогтворжоод байгаа. Тэр цагаас хойш найман жил болжээ. Ер нь зорьсон зүйлдээ хүрэхэд эрсдэл хийхээс өөр аргагүй болох үе байдаг.  

Энэ нь амьдралд тань хэрхэн нөлөөлж байна?

- Эрсдэл гаргах нь бараг нэг их сургуульд сурснаас илүү их юм өгнө шүү. Алдаж, алдаанаасаа сурч, шантарч, боссоноор бараг дөрвөн жилд мэдэх ёстой мэдлэгийг олж авна. Ээж, аав болох болохгүйг бидэнд хэлэхэд заримдаа тоохгүй дээ. Тэгэхэд  өөрөө эрсдэл хийж олж мэдсэн зүйлээ хүн шууд хүлээж авдаг. Буруу болсон бол дахиад хэзээ ч хийхгүй. Дахиж алдахгүйн тулд толгойгоо ажиллуулдаг. Ер нь эрсдэл гаргах, тэрнийгээ даван туулах гоё. Алдаатай байсан ч гоё. Нэг хэсэг хямрана. сэтгэлээр унана. гэхдээ бүх зүйл өнгөрсний дараа тэр нь муухай дурсамж биш, гоё дурсамж болдог. Тухайн үед хэцүү санагдана л даа. Гэхдээ өөрөө хийсэн эрсдэл баяр баясгалан өгдөг юм байна гэж ойлгодог болсон.

Одоо гурван хүүгийн ээж. Магадгүй охинтой болоод, охин нь яг өөртэй чинь адилхан эрсдэлтэй бүхнийг хийгээд байвал яах вэ?

- Би бол хийгээсэй гэж бодож байна. Бүх юмыг л туршиж үзэх хэрэгтэй. Нэг удаа би “Залуу хүн хайр гамгүй алдаж үзэх хэрэгтэй” гэж бичсэнийг уншаад, ойлгохгүй, гайхаж байв. Харин одоо бол энэ их зөв үг гэж боддог. Хүн залуу байхдаа, хэрэв өөрөө л хүсч байвал юуг ч хамаагүй хийж, өөрийгөө сорьж үзэх хэрэгтэй. Ингэвэл ухаан сууж, амьдрал төлөвших үедээ хамгийн чадвартай хүн болно. Алдаа хийхгүй, нэг л хэвээрээ яваад байвал, яг л тэр чигээрээ өөрчлөгдөхгүй үлдэж, хэн ч биш болдог юм байна. Бүх юмыг хийж үзэж, өөрийгөө сорьж байж юуг илүү хийж чадахаа олж мэдэх хэрэгтэй. Өөрийгөө ойлгохгүй, бусдын “чи чадахгүй, чамд тохирохгүй” гэх үгэнд автаад нэг л янзаараа байгаад байвал огт хөгжихгүй, өөрчлөгдөхгүй. Тиймээс бусдын үгийг бүү анзаар. Яадаг юм, алдвал ядаж юу чадахгүйгээ мэдэж авна шүү дээ. Хийж үзмээр байгаа л бол, үзээд л алдах хэрэгтэй. Алдаанаас огт ичих хэрэггүй. Гол нь бусдыг хохирооргүй байх нь чухал. Энэ нь эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ялгаагүй. Бид чинь адилхан л хүмүүс.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1575   0
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг

Санал болгох